Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сүхбаатарын Ганчимэг |
Хэргийн индекс | 138/2021/00049/И |
Дугаар | 138/ШШ2022/00262 |
Огноо | 2022-03-15 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 138/ШШ2022/00262
******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын 7 дугаар багт ******* байрлах, ******* регистрийн дугаартай, “******* Нийтийн Аж Ахуй” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* аймгийн ******* сумын 7 дугаар ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн д холбогдох
“Орон сууцны үйлчилгээний хөлс 799 596 төгрөг 19 мөнгө гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Даваасүрэн
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мягмар.
/Хариуцагч Г. нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв./
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “******* Нийтийн Аж Ахуй” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь хариуцагч Г.д холбогдуулан орон сууцны үйлчилгээний хөлс 799 596 төгрөг 19 мөнгө гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Даваасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* сумын 7 дугаар баг 32 байрны 42 тоотын оршин суугч Г. нь орон сууцны үйлчилгээний хөлс 2019 оны 02 дугаар сараас 2020 оны 11 дүгээр сарыг дуустал нийт 799 596 төгрөг 19 мөнгийг төлөөгүй байна. Энэ төлбөрт тогтмол гардаг суурь хураамжууд болох халаалтын төлбөр, хог тээвэрлэлтийн төлбөр, ус халаасны хөлс, хэрэглээний халуун усны суурь үнэ, усны суурь үнэ гэсэн төлбөрүүд багтсан. ...Тоолуургүй байсан учраас цэвэр, бохир усны төлбөр нэхэмжлээгүй байгаа. Иймд хариуцагч Г.гаас нийт 799 596 төгрөг 19 мөнгийг нэхэмжилнэ гэв.
2. Хариуцагч Г. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* сумын 7-р багийн 32-р байрны 42 тоотод оршин суугч *******ийн миний бие ******* аймгийн Нийтийн аж ахуйн газрын хооронд болсон маргаан олон жил үргэлжилж байна. Учир нь манай крантнаас байнгын зэвтэй ус гараад удаж байгаа. Халуун ус маш удаан гоождог. Нэг удаа ванндаа усанд орох гээд ус гоожуулахад 3-4 цаг гоожуулж байж дүүрдэг. Ийм байдлыг хэлээд засахгүй болохоор нь 2017 оны 01 сараас 02 сарын усны мөнгөө төлөхгүй байсан чинь байцаагч гээд маш хурц ааштай бүсгүй орж ирээд халуун, хүйтэн усны тоолуурыг бүрэн салгаад усыг хаагаад явсан. Үүнээс хойш өдийг хүртэл маргаан үргэлжилж байна. Нийтийн аж ахуйн газарт удаа дараа хандахад “Та босоо шугамаа солиул” гэсэн. Үүний дагуу босоо шугамаа солиулсан. Усны тоолуураа тавиулъя гэхэд шинээр 100 000 төгрөгөөр тавиул гэсэн. Манай өмнөх тоолуур зүгээр ажиллаж байсан учраас шинээр тоолуур тавих шаардлагагүй гэж маргаад өдийг хүргэсэн. Нийтийн аж ахуйн газар нь хэрэглэгчдийнхээ эрх ашгийг бодохгүй мөнгө авахыг боддог газар болсон. Тиймээс усны зэвийг арилгаж, хуучин усны тоолуураа тавиулахаас нааш энэхүү мөнгийг төлөхгүй. Манайх гал тогоондоо усны шүүлтүүр худалдаж авсан. Шүүлтүүрийг 14 хоног тутамд шинээр сольж зэвгүй ус хэрэглэж байна. Иймд та бүгдээс хүсэхэд мэргэжлийн хяналтын газраар шалгуулж өгнө үү. Мөн миний бие тэтгэвэрт гарсан учраас сар бүрийн төлбөрийг төлөхөд хүндрэлтэй байна гэжээ.
Нэхэмжлэгчээс улсын бүртгэлийн гэрчилгээ, 2019, 2020 оны төлбөр тооцооны тайлан, ******* тоотын 2019 оны 6 сар, 2020 оны 12 дугаар сарын тооцооны хуудас, хариуцагчаас ******* тоотын хүйтэн болон халуун усны гаралтыг харуулсан фото зураг, ******* сумын 7 дугаар багийн засаг даргын тодорхойлолт, амбулаториор эмчлүүлсэн карт, эмнэлэгт өвчтөн илгээх хуудас, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тухай тэмдэглэлийг тус тус шүүхэд гаргаж өгсөн.
Шүүх хариуцагчийн хүсэлтээр шинжээч томилж, шинжээчийн дүгнэлт гаргуулсан болно.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* Нийтийн Аж Ахуй” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь хариуцагч Г.д холбогдуулан орон сууцны үйлчилгээний хөлс 799 596 төгрөг 19 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хангах үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Г. нь орон сууцны үйлчилгээний хөлс 2019 оны 02 дугаар сараас 2020 оны 11 дүгээр сарыг дуустал нийт 799 596 төгрөг 19 мөнгийг төлөөгүй, энэ төлбөрт тогтмол гардаг суурь хураамжууд болох халаалтын төлбөр, хог тээвэрлэлтийн төлбөр, ус халаасны хөлс, хэрэглээний халуун усны суурь үнэ, усны суурь үнэ гэсэн төлбөрүүд багтсан, хариуцагч Г.гаас нийт 799 596 төгрөг 19 мөнгийг нэхэмжилнэ...” гэж тайлбарладаг.
Харин хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ “...манай крантнаас байнгын зэвтэй ус гараад удаж байгаа, халуун ус маш удаан гоождог, ...манай усны тоолуурыг хууль бусаар хураан авсан, ...усны зэвийг арилгаж, хуучин усны тоолуурыг тавьсны дараа энэ мөнгийг төлнө...” гэж маргадаг.
Талуудын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд хариуцагч Г. нь ******* сумын 7 дугаар баг 32 байрны 42 тоотод оршин суудаг бөгөөд 2019 оны 02 дугаар сараас 2020 оны 11 дүгээр сарыг дуустал хугацааны орон сууцны үйлчилгээний хөлс нийт 799 596 төгрөг 19 мөнгийг төлөөгүй үйл баримт тогтоогдож байна. Дээрх үйл баримтын талаар талууд маргаагүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д “хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй” гэж тус тус заажээ.
Хариуцагч Г.гийн шүүхэд гаргасан хүсэлтийн дагуу ******* аймгийн Мэргэжлийн хяналтын газрыг шинжээчээр томилсон бөгөөд 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 001 дугаартай шинжээчийн дүгнэлтээр:
Итгэмжлэгдсэн лабораторын сорилтын дүнг Монгол улсад мөрдөж буй Хүрээлэн буй орчин, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй байдал, ундны ус, эрүүл ахуйн шаардлага, чанар аюулгүй байдлын үнэлгээ MNS 0900:2018 стандартын үзүүлэлттэй харьцуулахад “******* Нийтийн Аж Ахуй” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын цэвэр усны ангийн эх үүсвэрээс ирж буй ус, насос станцын ус, ******* сумын 7 дугаар баг 32 дугаар байрны 42 тоотын усны цоргоны уснаас авсан дээжид хийсэн итгэмжлэгдсэн хими, нян судлалын шинжилгээний дүнгээр тухайн шинжилсэн үзүүлэлтийн хүрээнд стандартад заагдсан үзүүлэлтийн шаардлагыг зохих түвшинд хангаж байна гэжээ.
Дээрх шинжээчийн дүгнэлтээс үзэхэд хариуцагчийн хэрэглэж буй ус нь Монгол улсад мөрдөж буй стандартын шаардлагыг зохих түвшинд хангаж байна гэж үзсэн байх тул Г.гийн татгалзлын үндэслэл няцаагдаж байна.
Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан халаалттай болон халаалтгүй үед төлөх ёстой зарим тооцооны хуудаснаас үзэхэд Г.гаас нэхэмжилж буй төлбөрт тогтмол гардаг суурь хураамжууд болох халаалтын төлбөр, хог тээвэрлэлтийн төлбөр, ус халаасны хөлс, хэрэглээний халуун усны суурь үнэ, усны суурь үнэ багтсан байх бөгөөд хариуцагчийн хэрэглэсэн зэвтэй гэх усны төлбөрийг нэхэмжлээгүй байна.
Иймд хариуцагч Г.гаас орон сууцны үйлчилгээний хөлс 799 596 төгрөг 19 мөнгө гаргуулж нэхэмжлэгч “******* Нийтийн Аж Ахуй” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт олгох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23 740 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч Г.гаас улсын тэмдэгтийн хураамжид 23 740 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “******* Нийтийн Аж Ахуй” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2, Хог хаягдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.7, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3-д зааснаар хариуцагч Г.гаас 799 596 /долоон зуун ерэн есөн мянга таван зуун ерэн зургаан/ төгрөг 19 /арван ес/ мөнгийг гаргуулан нэхэмжлэгч “******* Нийтийн Аж Ахуй” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23 740 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч Г.гаас улсын тэмдэгтийн хураамжид 23 740 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “******* Нийтийн Аж Ахуй” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг гардан авах хугацаанд шүүхэд ирж гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ