| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарсүрэнгийн Отгонбаатар |
| Хэргийн индекс | 194/2025/1089/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1258 |
| Огноо | 2025-05-14 |
| Зүйл хэсэг | 17.4.1., 18.6.1., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1258
2025 05 14 2025/ШЦТ/1258
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Отгонбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Балдырган,
улсын яллагч Д.Ганчимэг,
шүүгдэгч Б.Л, Н.Б, тэдний өмгөөлөгч Б.Эрдэнэболор нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ******** овогт Б-ын Лт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ****** овогт Н-ын Бд тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2406039900297 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1956 оны 03 дугаар сарын 05-ны өдөр ****** аймагт төрсөн, 69 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, өндөр настны тэтгэвэрт байдаг, ам бүл 2, эхнэрийн хамт ****** аймгийн ********** сум ********* гудамжны задгай тоотод оршин суух албан ёсны хаягийн бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн *** дугаар хороо, *** дугаар ******* тоотод оршин суух, ял шийтгэлгүй,
******* овогт Б-ын Л /регистрийн дугаар: *********/,
Монгол Улсын иргэн, 1982 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлч мэргэжилтэй, “*********” ХХК-нд худалдааны зөвлөх ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн *** дугаар хороо, ******** тоотод оршин суух,
Баянзүрх дүүргийн шүүхийн 2000 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 32 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,
Баянзүрх дүүргийн шүүхийн 2003 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 152 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах ял,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 2023/ШЦТ/327 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэсэн,
******** овогт Н-хын Б /регистрийн дугаар: *********/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Л нь 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хохирогч Х.Сийн гээгдүүлсэн Redmi 12R загварын гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж, М.Бд 60,000 төгрөгөөр зарж борлуулан завшсаны улмаас бусдад 404,800 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч М.Б нь 2024 оны 06 дугаар сард Б.Л нь насанд хүрээгүй хохирогч Х.Сийн гээгдүүлсэн Redmi 12R загварын гар утсыг тоглоомын талбайгаас олсон гэдгийг мэдсээр байж тухайн гар утсыг нь худалдан авч, улмаар Тэди худалдааны төвд кодыг нь гаргуулж бусдад зарсан, бусдад зарахдаа буюу гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, ашигласан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Насанд хүрээгүй хохирогч Х.Сийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 14-р хуудас/,
Гэрч Б.У-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 18-р хуудас/,
Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний шинжээчийн БЗДЗ-25-78 дугаартай Redmi 12R загварын гар утсыг 404,800 төгрөгөөр үнэлсэн дүгнэлт /хх-ийн 41-44-р хуудас/,
******** ХХК-ийн 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 4/6548 дугаартай албан бичиг /хх-ийн 49-50-р хуудас/,
******** ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 12-01/6507 дугаартай албан бичиг /хх-ийн 54-р хуудас/,
Шүүгдэгч Б.Л, М.Б нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгүүд,
Шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 79-105-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч Д.Ганчимэг: “... шүүгдэгч Б.Л нь 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хохирогч Х.Сийн гээгдүүлсэн Redmi 12R загварын гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж, М.Бд 60,000 төгрөгөөр зарж борлуулан завшсаны улмаас бусдад 404,800 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч М.Б нь 2024 оны 06 дугаар сард Б.Л нь насанд хүрээгүй хохирогч Х.Сийн гээгдүүлсэн Redmi 12R загварын гар утсыг тоглоомын талбайгаас олсон гэдгийг мэдсээр байж тухайн гар утсыг нь худалдан авч, улмаар Тэди худалдааны төвд кодыг нь гаргуулж бусдад зарсан, бусдад зарахдаа буюу гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, ашигласан гэмт хэрэгт гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах тухай…” дүгнэлтийг,
Шүүгдэгч Б.Л, Н.Б, тэдгээрийн өмгөөлөгч Б.Эрдэнэболор нар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэж гэм буруугийн талаар маргаагүй талаар тайлбар, дүгнэлтийг тус тус гаргасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.
Шүүгдэгч Б.Л нь 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хохирогч Х.Сийн гээгдүүлсэн Redmi 12R загварын гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж, М.Бд 60,000 төгрөгөөр зарж борлуулан завшсаны улмаас 404,800 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч М.Б нь 2024 оны 06 дугаар сард Б.Л нь хохирогч Х.Сийн гээгдүүлсэн Redmi 12R загварын гар утсыг тоглоомын талбайгаас олсон гэдгийг мэдсээр байж тухайн гар утсыг нь худалдан авч, улмаар Тэди худалдааны төвд кодыг нь гаргуулж бусдад зарсан, бусдад зарахдаа буюу гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, ашигласан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь:
Насанд хүрээгүй хохирогч Х.Сийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “... 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 20:00 цагийн орчимд найз Ц, С, Ш, Е бид 5 манайхаас урагшаа 2 гудамж яваад байдаг гудамжинд хөл бөмбөг тоглосон. Тэгээд бид нар тоглож байгаад бөмбөг айлын хашаа руу даваад орчихоор нь Redmi 12R маркийн гар утсаа гаргаж ирээд тоглож байсан газрын хажууд байсан морины дүрстэй төмөр дээр тавьчихаад хашаа давж ороод бөмбөгөө олсон ч нохойны хажууд байхаар нь авч чадахгүй гараад ирсэн. Тэгтэл төмөр дээр тавьсан гар утас алга болчихсон байсан...” гэх мэдүүлэг,
Гэрч Б.У-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “... Тухайн гар утсыг манай нөхөр Б 2024 оны 06 дугаар сард авч ирж байсан. Би тухайн дугаарын сим картыг хийж үзэж л байсан. Манай нөхрийн хойд эцэг Л манай нөхөрт өгсөн гэж байсан. Яг хэдэн төгрөгөөр ямар учир шалтгааны улмаас авсан гэдгийг мэдэхгүй...” гэх мэдүүлэг,
Дамно үнэлгээ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний шинжээчийн БЗДЗ-25-78 дугаартай Redmi 12R загварын гар утсыг 404,800 төгрөгөөр үнэлсэн дүгнэлт,
********* ХХК-ийн 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 4/6548 дугаартай албан бичиг,
******** ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 12-01/6507 дугаартай албан бичиг зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...” болон мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт шинжийг тодорхойлсон.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд “Гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол” гэж уг гэмт хэргийн шинжийг заасан ба шүүгдэгч Б.Л нь хохирогч Х.Сийн сандал дээр орхиж үлдээсэн байсан 404,800 төгрөгийн үнэ бүхий гар утсыг бусдын өмч, эзэмшил болохыг мэдсээр байж, өөрийн өмчлөлд авсан үйлдэл нь Гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Тодруулбал, Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй...” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар аливаа этгээд бусдын эд хөрөнгийг шударгаар бусдын эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор эд хөрөнгийг олж авах учиртай.
Шүүгдэгч Б.Л нь хохирогчийн эд хөрөнгийг эзэмших, өмчлөх, ашиглах, захиран зарцуулах эрхгүй атал бусдад зарж ашигласан нь эд хөрөнгийг шударгаар, эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор олж авсан гэж үзэхгүй юм.
Харин шүүгдэгч Б.Лын “... Би тухайн гар утсыг хүний гээгдүүлсэн гар утас гэдгийг мэдсээр байж хүү Бд худалдан борлуулсан...” гэх мэдүүлэг, шүүгдэгч М.Бгийн “... ямар учиртай утас бэ гэж асуухад тоглоомын талбай дээрээс С олоод надад өгсөн гэж хойд аав тухайн үед хэлж байсан. Тэгээд би надаа өгчих би 60,000 төгрөгөөр худалдаад авая гэж хэлээд авсан... ажлын газрын хүнд худалдан борлуулж байсан...” гэх мэдүүлгүүдээр шүүгдэгч М.Б нь Б.Лын бусдын гээгдэл эд хөрөнгө олсон гэдгийг мэдсээр байж, уг эд хөрөнгийг авч, цааш худалдан борлуулж ашигласан нь мөнгө угаах гэмт хэргийн шинжийг хангаж, нотлогдсон байна.
Иймд шүүгдэгч Б.Лыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, шүүгдэгч Н.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, амар хялбар аргаар эд хөрөнгө олж авах гэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:
Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч Х.Сийн хохирлыг төлсөн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч Д.Ганчимэг: “...Шүүгдэгч Б.Лт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжээр торгох ял оногдуулах, шүүгдэгч Н.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсүүлэх саналтай байна. Шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй. Бусдад төлөх төлбөргүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй...” гэх дүгнэлтийг.
Шүүгдэгч Б.Л: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв,
Шүүгдэгч Н.Б: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Эрдэнэболор: “...шүүгдэгч Лын хувьд улсын яллагч торгох ялын хамгийн бага хэмжээгээр санал гаргасан байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу ялаас чөлөөлж өгнө үү гэсэн саналтай байна. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Н.Бгийн хувьд улсын яллагчийн саналыг бүрэн дэмжиж байна...” гэх тайлбар, дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт болох “... учруулсан хохирлыг төлсөн...”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүхээс шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, хохирлоо нөхөн төлсөн байдал, гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй хувийн байдал, эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагч, өмгөөлөгчийн дүгнэлт, шүүгдэгч нарын тайлбар зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас шүүгдэгч Б.Лыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас шүүгдэгч Н.Бг тус тус чөлөөлж шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Л, Н.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ****** овогт Б-н Лыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч ***** овогт Н-ын Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, ашигласан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас шүүгдэгч Б.Лыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас шүүгдэгч Н.Бг тус тус чөлөөлсүгэй.
3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Л, Н.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ОТГОНБААТАР