Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 138/ШШ2022/00398

 

Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Ганчимэг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг 31-18 тоотод  оршин суух, ЖЮ39030707 регистрийн дугаартай, Алтчин овогт Цэгмэдийн Жавзмаагийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг 43-17 тоотод оршин суух, ЖД55082560 регистрийн дугаартай, Бүргэд овогт Сүхбаатарын Бямбаа,

Хариуцагч: Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг 2-05 тоотод оршин суух, ЖД76052768 регистрийн дугаартай, Хатагин овогт Лхамжавын Анхцэцэг нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 3 900 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2022 оны 2 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нарантуяа

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч  Д.Урансувд

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхтуяа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюунтуяа нар оролцов.

                                                   ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Ц.Жавзмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 83 настай, өндөр насны тэтгэвэрт байдаг. Миний танил болох С.Бямбаа, Л.Анхцэцэг гэх ээж охин хоёр 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр надаас сарын 15 хувийн хүүтэй 3 000 000 төгрөг зээлж авсан. Тохиролцсон ёсоор хүүгээ эхний хэдэн сар төлсөн. Бичгээр гэрээ хийж баталгаажуулсан. Дээрх мөнгө нь миний охины надад хадгалуулсан мөнгө байсан ба мөнгө гуйхад нь итгээд зээлдүүлсэн. 2019 оны 11 дүгээр сард надад 1 000 000 төгрөг өгсөн. Ингээд үндсэн зээл 2 000 000 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл 8 сарын хүү 2 400 000 төгрөг болсон. Урьд нь дээрх нэхэмжлэлийг тус шүүхэд гаргахад Л.Анхцэцэгийн хаяг тогтоогдохгүй байсан бөгөөд шүүхийн журмаар хаягийг тогтоолгосон. Хаяг тогтоогдсоны дараа 500 000 төгрөг өгсөн. Гэрээний үнийн дүн, хүү зэргийг хариуцагч нар бүрэн хүлээн зөвшөөрдөг. Иймд С.Бямбаа, Л.Анхцэцэг нараас зээлийн гэрээний үүрэгт 3 900 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нарантуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би гадаадад амьдарч байх хугацаандаа олсон мөнгөө ээждээ явуулж хадгалуулдаг байсан. Тэр мөнгөнөөс 2019 оны 7 сард С.Бямбаа, Л.Анхцэцэг нар 3 сая төгрөгийг 15 хувийн хүүтэй удаахгүй өгнө гээд зээлсэн байсан. Эхний 3 сар хүүгээ өгч, үндсэн мөнгөнөөсөө 1 сая төгрөг төлсөн ба үлдсэн 2 сая төгрөгөөсөө хүүгээ тооцоод өгч байсан боловч сүүлдээ мөнгөө өгөхгүй, өөрсдөө ч олдохгүй болсон. Тиймээс 2021 оны 7 сард би энэ талаар нэхэмжлэл гаргаж шүүхэд хандсан боловч хаяг нь тодорхойгүй гэсэн үндэслэлээр буцаагдаж, дахин эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргаад 2021 оны 10 сард оршин суугаа хаяг нь тогтоогдож бидэнтэй эргэж холбогдсон. Тэр үед Анхцэцэг нь ээжтэй ярихдаа таны мөнгийг удаахгүй өгнө, санаа зоволтгүй гэж хэлсэн байсан. Үүний дараа 11 сард 500 000 төгрөгийг миний данс руу хийгээд дахин холбогдохгүй сураггүй болсон. Тухайн үед энэ хүмүүс зээлийн хүүгээ төлөхгүй, эсхүл дутуу төлсөн гэх мэт янз бүр байсан ч одоо тэр асуудлыг бол тооцохгүй байж болно. Харин одоо 2020 оны 11 сараас 2021 оны 7 сар хүртэлх хугацааны хүү 2 400 000 төгрөгөөс төлсөн 500 000 төгрөгийг хасаад 1 900 000 төгрөгийг үндсэн зээлийн үлдэгдэл болох 2 000 000 төгрөгийн хамт нийт 3 900 000 төгрөг нэхэмжилж байна. Ер нь манай ээжид та санаа зоволтгүй, тайван бай, таныг нэг төгрөгөөр ч хохироохгүй, бид хүүгээ тооцоод явж байгаа, танд бүрэн бүтэн төлж дуусгана гэж хэлдэг байсан юм билээ. Одоо бол манай ээжийн бие нь өвдсөн, энэ асуудал дээр их гомдолтой байгаа. Тиймээс одоо үндсэн зээлийн үлдэгдэл 2 000 000 төгрөг, хүү 1 900 000 төгрөг, нийт 3 900 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв. 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Бямбаагийн хувьд уг мөнгийг зээлсэн хүн биш бөгөөд охин Анхцэцэгт нь мөнгө хэрэг болсон учир энэ талаар Жавзмаад хэлээд охинд маань мөнгө зээлэх боломж байна уу гэсэн юм билээ. Тухайн үед охин нь хилээр гарч наймаа хийдэг байсан бөгөөд хил гарч бараагаа татаж ирчихээд танд удаахгүй өгнө гээд 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 15 хувийн хүүтэй 3 сая төгрөг зээлсэн. Мөнгө авсны дараа Жавзмаа нь Бямбаатай яриад мөнгө авсан гэсэн бичиг дээр охин чинь гарын үсэг зураагүй байгаа, тийм учраас чи гарын үсэг зураарай гээд гарын үсгийг зуруулсан гэсэн. 2019 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл нийт 2 990 000 төгрөг төлсөн байдаг. Үүнд: 450 000 төгрөгөөр 2 удаа, 200 000 төгрөгөөр 1 удаа, 250 000 төгрөгөөр 1 удаа, 340 000 төгрөгөөр 1 удаа, 300 000 төгрөгөөр 1 удаа, 1 сая төгрөгөөр тус тус төлж нийт 2 990 000 төлсөн. Өчигдөр Бямбаа нь Жавзмаатай очиж уулзаад тооцоогоо тулгахад охин Нарантуяагийн дансны хуулга байхгүй учир охины дансанд орсон мөнгийг мэдэхгүй байна гээд зөвхөн дэвтрээр тооцоо нийлсэн байсан. Иймд миний өмнө гаргаж өгсөн тооцоо зөрүүтэй харагдаж байгаа. Бэлнээр төлсөн мөнгөнүүдийн хувьд 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр 150 000 төгрөг, 3 сард 150 000 төгрөг төлсөн. Үүний өмнө 1 дүгээр сарын 9-ний 100 000 төгрөгийг дансаар хийсэн байсныг би сая шүүх хурлын өмнө гаргаж өгсөн баримтаас харлаа. Охин Нарантуяагийн дансаар 4 дүгээр сарын 13-нд 140 000 төгрөг,  5 дугаар сарын 1-нд 100 000 төгрөг, 5 дугаар сарын 8-нд 50 000 төгрөг, 6 дугаар сарын 25-нд 100 000 төгрөг, 7 дугаар сарын 10-нд 110 000 төгрөг, 7 дугаар сарын 22-нд 100 000 төгрөг, 8 дугаар сарын 3-нд 100 000 төгрөг, 10 дугаар сарын 20-нд 100 000 төгрөг, 11 дүгээр сарын 04-д 100 000 төгрөг гээд 2020 онд нийт 1 450 000 төгрөгийг төлсөн байна. 11 сараас сураггүй болсон гэдэг нь тухайн үед корона гараад Бямбаа хөдөө, охин нь хотод байсан зэргээс шалтгаалаад холбоо тасарсан гэдэг нь үнэн гэсэн. Мөн  2021 оны 2 дугаар сарын 3-ны өдөр 400 000 төгрөг, 2 дугаар сарын 11-ний өдөр 500 000 төгрөг, 10 дугаар сарын 30-ны өдөр 500 000 төгрөг, нийт 1 400 000 төгрөгийг охин  Нарантуяагийн дансанд хийсэн. 3 жилийн хугацаанд нийт 5 840 000 төгрөг төлсөн гэсэн тооцоо гарч байна. Хүү, алданги тооцох тухай зээлийн гэрээг заавал бичгээр хийх ёстой, мөн Иргэний хуульд заасан стандарт шаардлагыг хангасан байх ёстой, хоёр тал гэрээний нөхцлөө тохиролцож бичиж тэмдэглээд гарын үсэг зурснаар гэрээ байгуулагдсанд тооцогдох ёстой байтал энэ шаардлага хангагдаагүй буюу амаар тохиролцсон байх ба хугацааг нэн даруй 2 сарын дотор гэж ярьсан байдаг. Тэгээд 10 сард 1 сая төгрөгийг төлчихөөд корона өвчин гарсантай холбоотой хилээр гарч чадахгүй, бараагаа татаж чадахгүй нөхцөл байдлууд үүссэн. Хууль, эрх зүйн мэдлэггүйн улмаас бичгээр хийсэн гэрээ байхгүй ч нөгөө талаа хохироохгүйн тулд өөрсдийн боломж бололцоогоор, илүү, дутуу мөнгө хийж явсаар нийт 5 840 000 төгрөгийг төлсөн байгаа учир нэхэмжлэгчээс зээлсэн 3 сая төгрөг, мөн дээр нь 2 840 000 төгрөг илүү төлсөн гэж үзээд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.  Өөрөөр хэлбэл төлөх ёстой мөнгөө төлсөн гэж үзэж байна. Иргэний хуулийн зээлийн гэрээний төлөлттэй холбоотой асуудлаар гаргасан Улсын Дээд шүүхийн зөвлөмжүүдэд хүү тооцох зээлийн гэрээг бичгээр байгуулах ёстой талаар бичсэн байдаг гэв.

Нэхэмжлэгчээс: 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн төлбөр тооцооны зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэх гэрээ, зээлийн гэрээ байгуулсан тухай дэвтэр дээр бичигдсэн бичвэр, Ц.Нарантуяа, Ц.Жавзмаа нарын ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга,

Хариуцагчаас: С.Бямбаагийн ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

                                            ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Ц.Жавзмаа нь хариуцагч С.Бямбаа, Л.Анхцэцэг нарт  холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3 900 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргаж, шүүх хуралдаан дээр нэхэмжлэлээ дэмжиж оролцсон болно. Хариуцагч С.Бямбаа, Л.Анхцэцэг нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...С.Бямбаа, Л.Анхцэцэг нар нь надтай 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр зээлийн гэрээ бичгээр байгуулж 3 000 000 төгрөгийг 15 хувийн хүүтэй удаахгүй өгнө гэж зээлсэн,  хариуцагч нар үндсэн зээлээс 1 000 000 төгрөг, зээлийн хүүнд 3 590 000 төгрөг, нийт 4 590 000 төгрөг төлсөн, одоо үндсэн зээл 2 000 000 төгрөг, хүү 1 900 000 төгрөг, нийт 3 900 000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэж тайлбарладаг.

Харин хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “...хариуцагч С.Бямбаа нь энэ зээлийг өөрөө аваагүй, охиндоо зээлж авч өгсөн байдаг, ...хүү, алданги тооцох тухай зээлийн гэрээг заавал бичгээр хийх ёстой, хоёр тал гэрээний нөхцлөө тохиролцоод гарын үсэг зурснаар гэрээ байгуулагдсанд тооцогдох ёстой байтал энэ шаардлага хангагдаагүй буюу амаар тохиролцсон байх ба хугацааг нэн даруй 2 сарын дотор гэж ярьсан байдаг, ...хариуцагч нар нийт 5 840 000 төгрөгийг төлсөн байгаа учир нэхэмжлэгчээс зээлсэн 3 000 000 төгрөг, мөн дээр нь 2 840 000 төгрөг илүү төлсөн гэж үзээд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэдэг.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн: Талуудын тайлбар болон 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн төлбөр тооцооны зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэх гэрээ, зээлийн гэрээ байгуулсан тухай дэвтэр дээр бичигдсэн бичвэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нарантуяа, нэхэмжлэгч Ц.Жавзмаа нарын ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, хариуцагч С.Бямбаагийн ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна.

Хариуцагч С.Бямбаа, Л.Анхцэцэг нар нь 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэгч Ц.Жавзмаагаас 3 000 000 төгрөгийг 15 хувийн хүүтэй зээлж авсан, мөн хариуцагч нар нэхэмжлэгчид 2019 оны 8 дугаар сарын 31-ний өдөр зээлийн хүү 450 000 төгрөг, 9 дүгээр сарын 30-ны өдөр 450 000 төгрөг, 10 дугаар сарын 31-ний өдөр 200 000 төгрөг, 11 дүгээр сарын 4-ний өдөр 250 000 төгрөг, 12 дугаар сарын 4-ний өдөр 340 000 төгрөгийг бэлнээр,  2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 1 000 000 төгрөг, 12 дугаар сарын 31-ний өдөр 300 000 төгрөгийг тус тус Ц.Жавзмаагийн дансанд буюу 2019 онд нийт 2 990 000 төгрөг2020 оны 2 дугаар сарын 14-ний өдөр 150 000 төгрөг бэлнээр, 4 дүгээр сарын 13-ны өдөр 140 000 төгрөг, 5 дугаар сарын 1-ний өдөр 100 000 төгрөг, 5 дугаар сарын 8-ны өдөр 50 000 төгрөг, 6 дугаар сарын 25-ны өдөр 100 000 төгрөг, 7 дугаар сарын 10-ны өдөр 110 000 төгрөг, 7 дугаар сарын 22-ны өдөр 100 000 төгрөг, 8 дугаар сарын 03-ны өдөр 100 000 төгрөг, 9 дүгээр сарын 1-ний өдөр 100 000 төгрөг, 10 дугаар сарын 20-ны өдөр 100 000 төгрөг, 11 дүгээр сарын 4-ний өдөр 100 000 төгрөгийг тус тус нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Нарантуяагийн дансанд буюу 2020 онд нийт 1 150 000 төгрөг, 2021 оны 2 дугаар сарын 3-ны өдөр 400 000 төгрөг, 2 дугаар сарын 11-ний өдөр 500 000 төгрөг, 10 дугаар сарын 30-ны өдөр 500 000 төгрөгийг тус тус дансаар буюу 2021 онд нийт 1 400 000 төгрөг, бүгд 5 540 000 төгрөгийг төлсөн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч нарыг үндсэн зээлд 1 000 000 төгрөг, зээлийн хүүнд 3 590 000 төгрөг, нийт 4 590 000 төгрөг төлсөн гэж тайлбарлаж байгаа боловч хариуцагч нарын бэлнээр болон дансанд төлсөн мөнгийг хэрэгт авагдсан бичмэл баримтуудтай тулган үзэхэд нийт 5 540 000 төгрөг төлсөн болох нь тогтоогдож байна.

Харин хариуцагч нарын 2020 оны 3 дугаар сард 150 000 төгрөг, 7 дугаар сард 150 000 төгрөг, нийт 300 000 төгрөг бэлнээр төлсөн гэдэг нь баримтаар нотлогдохгүй байна.

Хариуцагч тал нь хүү тохиролцсон зээлийн гэрээг хуульд заасан шаардлагын дагуу бичгээр байгуулаагүй учир хүү нэхэмжлэх эрхгүй гэж маргадаг. Талуудын хооронд гэрээ байгуулагдсан эсэх талаар маргаж байна.

Хэрэгт авагдсан баримт болох талуудын тохиролцоог тэмдэглэсэн дэвтрээс  үзвэл “2019.07.31.  3 000 000 төгрөгийг 15 хувийн хүүтэй зээлж авлаа” гэж бичээд талууд гарын үсэг зурсан байна.

Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно” гэж, 196 дугаар зүйлийн 196.1.2-д “гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт үйлдэж, гарын үсэг зурснаар ... гэрээ байгуулсанд тооцно” гэж тус тус заажээ. Иймд талууд хүсэл зоригоо илэрхийлээд баримт үйлдэж гарын үсэг зурсан байх тул нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан байна гэж шүүх дүгнэлээ.

Өөрөөр хэлбэл, зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байх тул нэхэмжлэгч Ц.Жавзмаа нь гэрээний дагуу шилжүүлсэн мөнгийг хүүгийн хамт шаардах эрхтэй байна.

Гэвч талуудын байгуулсан гэрээнээс үзэхэд зээлийн гэрээний хугацааг нарийвчлан тохиролцоогүй, гэрээний хугацааг сунгаж байсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.    

Нэхэмжлэгч тал “...гэрээний хугацааг амаар ярилцаж сунгаад тухайн сарынхаа хүүг төлж байсан, үндсэн зээлээс 1 000 000 төлсөн, бусад нь хүү төлсөн...” гэж тайлбарладаг боловч хариуцагч тал “...зээлийн гэрээг 2 сарын хугацаатай байгуулсан, гэрээний хугацааг сунгаагүй, үндсэн зээлд 3 000 000 төгрөг, хүүнд 2 840 000 төгрөг төлсөн, тохиролцоод төлсөн хүүгээ буцаан нэхэмжлэхгүй” гэж маргадаг.  

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-д “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж заасан.

Нэхэмжлэгч тал хариуцагчийн төлсөн мөнгөнөөс 1 000 000 төгрөгөөс бусад мөнгийг хүүнд тооцно гэж тайлбарлаж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж байгаа боловч зээлийн гэрээг хугацаатай байгуулаагүй, гэрээний хугацааг сунгаагүй байх тул хариуцагч С.Бямбаа, Л.Анхцэцэг нарын 1 000 000 төгрөгөөс гадна төлсөн 4 540 000 төгрөгийг хүүнд тооцох үндэслэлгүй байна.

Шүүх хариуцагч нарыг үндсэн зээл 3 000 000 төгрөг, хүү 2 540 000 төгрөг, нийт 5 540 000 төгрөг төлсөн гэж үзэж нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

Иймд нэхэмжлэгч Ц.Жавзмаагийн хариуцагч С.Бямбаа, Л.Анхцэцэг нараас зээлийн гэрээний үүрэгт 3 900 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 77 350 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч С.Бямбаа, Л.Анхцэцэг нараас зээлийн гэрээний үүрэгт    3 900 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ц.Жавзмаагийн нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 77 350 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь 14 хоногийн хугацаанд шүүхэд ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         С.ГАНЧИМЭГ