| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарсүрэнгийн Отгонбаатар |
| Хэргийн индекс | 194/2025/1130/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1270 |
| Огноо | 2025-05-14 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Г.Ганзориг |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1270
2025 05 14 2025/ШЦТ/1270
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Отгонбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ариунзаяа,
улсын яллагч Г.Ганзориг,
шүүгдэгч Э.Х нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, ******** овогт Э-ы Хд холбогдох эрүүгийн 2509 00000 0362 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2002 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ********* их сургуульд 4 дүгээр курсын оюутан, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт ***** аймгийн ******* сум *** дугаар баг, ********** тоотод оршин суух, урьд
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/66 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан,
****** овогт Э-ны Х /регистрийн дугаар: **********/,
Холбогдсон хэргийн талаар:
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.Хд залилах гэмт хэрэгт холбогдуулан Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2509 00000 0362 дугаартай хэргийг шүүхэд шилжүүлж ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч А.Оын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 10-11-р хуудас/,
“Онцгой Үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн ТХҮ-24/17 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 18-25-р хуудас/,
Хохирогч Т.Хүийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 49-р хуудас/,
“Ашидбилгүүн хөрөнгө үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 56-60-р хуудас/,
Мөрдөгчийн дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 16-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, жолоочийн лавлагаа, мэдээлэл, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 73, 82-86-р хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч Г.Ганзориг: “...Б.Х нь цахим мөрийтэй тоглоом тоглох зорилгоор 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ***********их сургуулийн 2 дугаар байранд хохирогч А.Оыг “зөөврийн компьютерыг нь түр ашиглачхаад буцаагаад өгье” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогч А.Оын эзэмшлийн “Делл” загварын зөөврийн компьютерыг барьцаалан зээлдүүлэх газар барьцаалж, 2,000,000 төгрөгийн хохирол учруулсан,
2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ***********их сургуулийн 2 дугаар байранд хохирогч Т.Хүийг “зөөврийн компьютерыг түр ашиглачхаад буцаагаад өгье” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогч Т.Хүийн эзэмшлийн “Асер” загварын зөөврийн компьютерыг барьцаалан зээлдүүлэх газар барьцаалж, 3,000,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна...” гэх дүгнэлтийг.
Шүүгдэгч Б.Х шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэж гэм буруугийн талаар маргаагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.
Шүүгдэгч Б.Х нь цахим мөрийтэй тоглоом тоглох зорилгоор 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ***********их сургуулийн 2 дугаар байранд хохирогч А.О, Т.Хү нарыг “зөөврийн компьютерыг нь түр ашиглачхаад буцаагаад өгье” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, зөөврийн компьютеруудыг барьцаалан зээлдүүлэх газар барьцаалж хохирогч А.Од 2,000,000 төгрөгийн, хохирогч Т.Хүэд 3,000,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч А.Оын “... 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 12 цагийн үед Сүхбаатар дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ***********их сургуулийн 2 дугаар байрны 3 давхарт номын санд сууж хичээлээ хийж байх үед манай сургуулийн зүс таних ах над дээр ирээд “Зөөврийн компьютерыг чинь ашиглачхаад буцаагаад өгье, ворд дээр би тайлангаа хийчхээд өгье” гэхээр нь би “Заа” гэж хэлээд өөрийн зөөврийн компьютерыг өгсөн. Тухайн үл таних ах миний урд сууж хичээлээ хийж байгаад “Ах нь 2 дугаар байр луу яваад ирье, чи ахынхаа утасны дугаарыг аваад үлдчих” гээд ******** гэсэн дугаараа өгөөд явсан. Би 13 цагаас хичээлтэй учраас хичээлдээ орсон. Хичээл дээрээ сууж байх үед миний зөөврийн компьютерыг авсан ах мессежээр “Чиний хичээл орж байна уу? Би арай дуусах болоогүй байна, тарахаар аваад очиж болохуу? гэсэн байхаар нь би хичээлээ тараад залгаж яриад тухайн үл таних ахтай уулзтал “Ах нь арай болоогүй байна” гээд намайг дагуулаад 2 дугаар байр луу оронгуутаа өөрөө өөрөө хичээлээ хийх гээд нэг анги руу орсон. Би коридорт нь хүлээнгээ хичээлээ хийгээд сууж байтал 16 цагт гарч ирээд “Манай найз чиний зөөврийн компьютерыг андуураад аваад явсан байна. Ах нь яваад ирье” гээд гүйгээд гарсан. Хэсэг байж байгаад би залгатал утсаа авахгүй байж байснаа над руу өөрөө залгаад “Таксинд суугаад явж байна. Танайх хаана бэ? Би гэрт чинь зөөврийн компьютерыг нь хүргээд өгье” гэхээр нь би хаягаа хэлж өгөөд 16:20 минутын үед хичээлдээ суугаад гарч ирээд явж байтал миний зөөврийн компьютерыг авсан ах нэг үл таних ахтай зогсож байсан. Би очоод юу болсон талаар нь асуутал миний зөөврийн компьютерыг ломбарданд тавьсан” гэж хэлсэн... Би 2024 оны 8 сард 3,500,000 төгрөгөөр худалдаж авч байсан “Dell” брэндийн саарал өнгөтэй, i7 кортой зөөврийн компьютер байсан...” гэх мэдүүлэг,
Онцгой үнэлгээ ХХК-ийн 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн ТХҮ-24/17 дугаартай “...зах зээлийн үнийг 2025 оны 02 дугаар сарын 26-ны байдлаар 2,000,000 төгрөгийн үнэтэй байхыг тодорхойлов...” гэх шинжээчийн дүгнэлт,
Хохирогч Т.Хүийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “... 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр ***********их сургуулийн 2 дугаар байрны номын санд хичээлээ хийгээд сууж байсан. Тэгээд 16 цаг 30 минутын үед манай сургуулийн нэг зүс таних эрэгтэй ирээд “зөөврийн компьютероо өгч байгаач, ах нь тайлангаа хамгаалаад 30 минутын дараа буцаагаад өгье” гэж хэлээд миний зөөврийн компьютерыг авсан. Тэгээд би зөөврийн компьютероо өгөөд өөрөө тухайн хүнийг дагаад явсан. Нөгөө зөөврийн компьютер авсан эрэгтэй 2 дугаар байрны 3 давхарт гараад намайг “коридорт түр сууж бай, би орж үзүүлээд гараад ирье” гээд өөрөө цааш яваад булан эргэсэн. Би аль анги руу орсныг хараагүй. Тэгээд 10-20 минут хүлээгээд гарч ирэхгүй болохоор нь нөгөө хүнээ хайсан боловч олоогүй. Хэсэг тэр хавиар байж байсан чинь 4 давхраас буугаад ирсэн. Тэгээд бууж ирснээ надад “зөөврийн компьютерыг чинь цонхны тавцан дээр тавьсан байсныг манай найз аваад явчихсан байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би танай найзаас очоод авъя гээд сургуулиас гарсан. Сургуулиас гараад нөгөө залуу “би чамд маргааш аваад ирье” гээд байсан. Тэгэхээр нь би “чи надад үнэнээ хэлэхгүй бол цагдаа дуудлаа” гэхэд нөгөө залуу “ломбарданд тавьсан” гэж хэлсэн. Тэгээд сургуулийн гадна яах вэ гээд байж байсан чинь нэг хүүхэд нөгөө эрэгтэйгээс “хөөш ахаа зөөврийн компьютероо авъя” гээд хүрээд ирэхээр нь би энэ залилангийн нөхөр юм байна гэж бодоод шууд цагдаа дуудсан... Би тухайн хүнд “Acer Hellios Neo i5 13” үеийн хар өнгийн зөөврийн компьютероо өгч явуулсан. Би зөөврийн компьютероо 2024 оны 10 сард 3,400,000 төгрөгөөр худалдан авч байсан. Ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй..” гэх мэдүүлэг,
Ашидбилгүүн хөрөнгийн үнэлгээ ХХК-ийн 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн ТХҮ-925-11929 дугаартай “...зах зээлийн үнийг 2025 оны 03 дугаар сарын байдлаар 3,000,000 төгрөгөөр тогтоов...” гэх шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...” болон мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт шинжийг тодорхойлсон.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд “Залилах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан” гэж уг гэмт хэргийн үндсэн шинжийг заасан.
Шүүгдэгч Э.Х-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бичгийн болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тэрээр хохирогч А.О, Т.Хү нарын зөөврийн компьютерыг худал хэлж, хуурч аван барьцаалан зээлдүүлэх газарт тавьж хохирогч нарт нийт 5,000,000 төгрөгийн хохирол учруулсан нь Залилах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан гэж үзлээ.
Тодруулбал, залилан мэхлэх гэмт хэргийн өмчлөх эрхийн эсрэг бусад гэмт хэргээс ялгагдах онцлог нь зөвхөн эд зүйлс, өмч хөрөнгийг хуурч, мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах үйлдлээс гадна ирээдүйд эд зүйлс, өмч хөрөнгийг өөрийн мэдэлдээ оруулж, буцааж өгөхгүй ашиглах, захиран зарцуулах эрхийг олж авдгаараа ялгагдана.
Түүнчлэн залилах гэмт хэргийн арга болох хууран мэхлэлт нь идэвхтэй болон идэвхгүй хэлбэрээр явагддаг.
Идэвхтэй хууран мэхлэлт нь өмчлөгч болон бусад эзэмшигчийг хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх замаар эд зүйлс, өмч хөрөнгө өмчлөгчид гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдэл төрүүлэх аргаар үйлдэгддэг.
Шүүгдэгч Э.Х нь цахим мөрийтэй тоглоом тоглох, өөрийн амар хялбар аргаар эд хөрөнгө олж авах гэсэн хэрэгцээ шаардлагаа хангахын тулд хохирогч нарт худал хэлж “тайлангаа бичнэ” хэмээн хуурч зөөврийн компьютерыг нь авч, тухайн хөрөнгийг ломбарданд тавьж хохирогч нарт эд хөрөнгийн хохирол учруулжээ.
Иймд шүүгдэгч Э.Х-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч” залилах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, амар хялбар аргаар эд хөрөнгө олж авах гэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний... эрүүл мэндэд, шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж, мөн зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно” гэж тус тус заасан ба шүүгдэгч Э.Х нь бусдад 5,000,000 төгрөгийн хохирол учруулсан.
Шүүгдэгч Э.Х нь хохирогч нарт учирсан хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан тул шүүгдэгч Э.Х нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч Г.Ганзориг эрүүгийн хариуцлагын талаар: “....Шүүгдэгч Э.Х-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна.” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч Э.Х эрүүгийн хариуцлагын талаар “…Хэлэх зүйлгүй…” гэх тайлбар, дүгнэлтийг тус тус гаргасан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хариуцлагыг “дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж хуульчилсан.
Шүүгдэгч Э.Хд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Э.Хд эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт “... учруулсан хохирлыг төлсөн...”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Э.Х нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн болон түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, урьд энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж торгуулийн ял авч байсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас хорих ялыг сонгож, 6 сарын хугацаагаар хорих ял онож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэв.
Тодруулах нь, шүүгдэгч Э.Х урьд залилах гэмт хэрэг үйлдэхдээ цахим мөрийтэй тоглоом тоглох зорилгоор сургуулийн зорчинд, хохирогч нараас эд хөрөнгө шилжүүлэн авч торгох ялаар шийтгүүлсний дараа дахин энэ төрлийн гэмт хэргийг адил арга, сэдэлтэйгээр хохирогч нарт хохирол учруулсан байх тул шүүгдэгч Э.Хос-Эрдэнийг тодорхой хугацаанд эрх чөлөөг нь хязгаарлаж, олон нийтээс тусгаарлаж, тусгай хорих байгууллагад байлгах нь түүний хийсэн үйлдэл, хэрэг явдал, тэдгээрээс үүсэх үр дагаврыг өөрийн биеэр хариуцах, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх буюу шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзсэн болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Х нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Э.Хд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ****** овогт Э-ны Х-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Хос-Эрдэнийг зургаа /6/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Хд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Хд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг мөн өдрөөс эхлэн тоолсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ОТГОНБААТАР