Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 128/ШШ2022/0930

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Гангэрэл даргалж, шүүгч Б.Адъяасүрэн, шүүгч Ц.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: С*** О*** /РД:******/,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

Гуравдагч этгээд: “О*** у*** х*** Н*** т***” УТҮГ /РД:***/ нарын хооронд үүссэн газар эзэмших эрхийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ц***, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Х***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н***, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б***, иргэдийн төлөөлөгч Б.О***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Д*** нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: Нэхэмжлэгч С.О*** нь нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн “Хууль бус захирамжуудыг хүчингүй болгох тухай” А/902 дугаар захирамжийн 1.1 дэх хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

2. Хэргийн нөхцөл байдал: Нийслэлийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” 612 дугаар захирамжаар анх нэхэмжлэгч С.О*** Сонгинохайрхан дүүргийн 01 дүгээр хороонд байрлах 400 м.кв газрыг зуслангийн зориулалтаар 5 жилийн хугацаагаар эзэмшүүлж, улмаар нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/52 дугаар захирамжаар С.О***-ийн тус газрыг эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 10 жилээр сунгасан.

Харин нийслэлийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн “Хууль бус захирамжуудыг хүчингүй болгох тухай” А/902 дугаар захирамжаар Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Баянголын хөндийд байрлах О*** у*** х*** Н*** зуслангийн орчинд Газрын тухай хууль зөрчин бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газартай давхцуулан нэр бүхий 24 иргэн, аж ахуйн нэгжид газар эзэмших эрх олгосон нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгохоор шийдвэрлэж, тус захирамжийн 1.1 дэх хэсэгт “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/52 дугаар захирамжийн хавсралтын 42 дахь хэсэг буюу С.О***-д холбогдогдох хэсгийг хүчингүй болгосон байна.

3. Процессын түүх: Хариуцагчаас маргаан бүхий захирамжийг нэхэмжлэгчид гардуулж, мэдэгдээгүй байх ба нэхэмжлэгч С.О*** нь газар эзэмших эрх олгосон захирамжийг хүчингүй болгосныг Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 02-06/5933 дугаартай албан бичгээс мэдсэнээр 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан.

4. Нэхэмжлэгч С.О*** нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.

4.1 Миний бие тус газрыг 2007 оноос хойш Газрын тухай хууль, газар эзэмшүүлэх гэрээнд заасан эрх, үүргийг хүлээн зохих журмын дагуу эзэмшиж ирсэн. Ингээд тухайн газрынхаа төлбөрийг төлөхөөр төлбөрийн даалгавар үүсгэх гэтэл төлбөрийн даалгавар үүсгэж болохгүй байсан тул миний бие 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд өргөдөл гаргасан. Гэтэл Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 02-06/5933 дугаар албан бичгээр миний газар эзэмших эрхийг Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/902 дугаар захирамжаар цуцалсан талаар мэдэгдлээ. Миний бие энэ талаар огт мэдээгүй бөгөөд газар эзэмших эрхийг цуцлах талаар аливаа мэдэгдэл ирж байгаагүй.

4.2. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д "Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын тайлбар, санал гаргах боломж олгоно" гэж заасан. Түүнчлэн мөн хуулийн 27.2-т мэдэгдлийг хэрхэн хүргүүлэх талаар тодорхой хуульчилжээ. Гэтэл иргэн, надад мэдэгдэх, сонсгох ажиллагааг хуульд заасны дагуу явуулаагүй, мэдэгдээгүй. Үүнээс үүдэн миний бие газар эзэмших эрхээ цуцлагдсаныг даруй 2 жилийн дараа мэдлээ.

4.3. Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/902 дугаар захирамжид Захиргааны ерөнхий хуулийн 28.1.2-т заасан үндэслэлээр сонсох ажиллагаа явуулаагүй гэж тайлбарлаж байх боловч сонсох ажиллагаа хийхгүй байх ямар гарцаагүй байдал бий болсон, нийтийн ашиг сонирхлын үүднээс хойшлуулшгүй ажиллагаа явуулах шаардлага үүссэн эсэх нь тодорхойгүй, энэ үндэслэлээ ч захирамждаа тодорхой дурдаагүй байна.

4.4. Маргаан бүхий захиргааны актад Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1, 48.2.2-т заасныг үндэслэн эерэг нөлөөлөл бүхий актыг хүчингүй болгох зохицуулалтыг хэрэглэсэн байх боловч энэ үндэслэлд миний газар эзэмших эрхийг цуцлах үндэслэл хэрхэн хамаарч байгаа нь ойлгомжгүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар дээрх 2 үндэслэлээр захиргааны актыг хүчингүй болгох тохиолдолд захиргааны актыг гаргасан өдрөөс хойш 5 жилийн дотор хүчингүй болгож болохоор зохицуулсан байна.

4.5. Дээрх үндэслэлээр газар эзэмших эрхийг цуцалсан нь Газрын тухай хууль, Захиргааны ерөнхий хуульд нийцэхгүй бөгөөд иргэн миний эрх, хууль ёсны ашиг сонирхолд ноцтой хохирол учруулж байна. Миний бие тухайн газрыг 2007 оноос хойш эзэмшиж ирсний хувьд газар эзэмших эрхийн төлбөр, газрыг арчлан хамгаалахтай холбоотой зардлуудыг гаргасаар өнөөдрийг хүрсэн байхад газар эзэмших эрхийг маань надад мэдэгдэлгүйгээр цуцлахдаа дээрх байдлаар холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн.

4.6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийслэлийн Засаг даргын 2019 оны 09 дугаар сарын 05-ний өдрийн А/902 дугаартай захирамжид Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.5 дахь хэсгүүдэд заасан зарчмыг үндэслэн шийдвэрлэсэн. Гэтэл С.О*** нь эдгээр зарчмуудыг хэрхэн зөрчсөн талаарх үндэслэлийг маргаан бүхий актад тогтоогоогүй.  Маргаан бүхий захирамжийн 1 дэх хэсэгт найрамдал зуслангийн хэсэг газар нь Газрын тухай хуульд зааснаар бусдын газартай давхцуулан олгосон газар тул  эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон талаар дурдсан. Гэхдээ Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дэх хэсэгт зааснаар “эзэмшиж, ашиглаж буй газар бусдын эзэмшиж, ашиглаж буй газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй бол” гэж заасныг үндэслэн газар эзэмших эрхийг цуцалсан. Мөн хуулийн 9 дүгээр зүйлд заасан тохиолдлоор цуцалж болох ч Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 3 дэх хэсгийг удирдлага болгосон нь хууль зүйн үндэслэл болохгүй. С.О*** хүүхдийн найрамдал зусланд дуу хөгжмийн багшаар ажиллаж байсан. Одоог хүртэл харилцан хамааралтай ажилладаг. Гэтэл 12 жилийн дараа уг газрыг бусдын газартай давхацсан гэдэг үндэслэлээр газар эзэмших эрхийг цуцалсан нь үндэслэлгүй байна. Анх газрын төлбөрийг цахим системээр төлөх гэхэд төлбөрийн хэсэг үүсэхгүй байсан тул холбогдох газар руу албан бичиг хүргүүлсэн. Гэтэл газар эзэмших эрхийг 2021 оны албан бичгээр 2019 оны 09 дугаар сарын 05-ны өдөр цуцалсан байна гэдэг хариу ирсний дагуу шүүхэд хандсан. Мөн М*** ш*** ХК-иар сонсох ажиллагааг нэг удаа хүргүүлсэн гэх боловч М*** ш*** ХК-иас уг албан бичгийг хүргүүлээгүй байна гэдэг хариу ирсэн. Мөн С.О*** нь ямар нийтийн ашиг сонирхлыг зөрчсөн талаарх тодорхой хариуг А/902 захирамжаар ирүүлээгүй. Иймд алдаатай захиргааны акт гаргасан гэж үзэж хүчингүй болгуулах хүсэлтэй байна.

Төрийн өмчийн хорооны тогтоолын хавсралтад барааны үнийн дүн гэж байсан. Тэр үнийн дүнгээр газрыг худалдаж авсан гэж үзэж байна. Маргаан бүхий актын захирамжлах хэсгийн үндэслэл нотлох баримтаар нотлогдохгүй байна. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дэх хэсэгт зааснаар газар давхцалгүй байх ёстой гэсэн агуулга нь одоо яригдаж буй нь хууль зүйн үндэслэлгүй. Анх газар олгож байхад найрамдал зуслангийн газарт ойлгож байгаа гэдэг нь хэнд ч илэрхий байсан бөгөөд давхцалыг мэдэх боломжтой байсан.Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8 дэх хэсэгт хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим зөрчиж байна. Хоёрдугаарт, сонсох ажиллагааг хууль заасны дагуу хийсэн бол уг нөхцөл байдал үүсэхгүй байх боломжтой байсан. Мөн захиргааны ерөнхий хуулийн сонсох ажиллагаа хийхгүй байх гэсэн заалтыг баримталсан нь үндэслэлгүй. Сонсох ажиллагааг хүргүүлээгүй гэдэг нь М*** ш*** ирсэн албан бичгээр нотлогдсон. Захиргааны хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1, мөн хуулийн 48.2.2 дэх хэсгүүдийг баримталсан. 2007 оны захирамжаар захиргааны хуулийн уг заалтуудыг баримтлах боломжгүй. Учир нь захиргааны актыг 5 жил өнгөрсөн бол хүчингүй болгох зохицуулалттай. Хариуцагчаас нийтэд илэрхий гэж тайлбарласан. Гэхдээ найрамдал зусланд нийтэд илэрхий юу байна гэхээр С.О***эс бусад айлууд газрыг эзэмшиж болж байна гэдгийг харж болно. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй гэсэн нь захирамжийн үндэслэл болохгүй” гэв.

5. Хариуцагч Нийслэлийн Засаг даргаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

5.1 С.О***-д Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах газрыг анх нийслэлийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 612 захирамжаар зуслангийн зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/52 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 10 жилээр сунгасан.

5.2. Иргэн С.О***ийн газар эзэмших эрх 2007 онд үүссэн бөгөөд Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1-д "Газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх” 35.3.2 "Газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэх” гэж заасныг тус тус зөрчин газраа зориулалтын дагуу ашиглаагүй байх ба нийслэлийн Засаг даргын 2007 оны 612 дугаар захирамж, нийслэлийн Засаг даргын 2015 оны А/52 дугаар захирамж нь тус хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т "Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна" гэж заасныг зөрчсөн байх тул тус хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл (эс үйлдэхүй)-ээрээ Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага албан тушаалтан эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно" гэж заасныг үндэслэн нийслэлийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/902 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байна.

5.3. Тус захирамж гарахаас өмнө иргэн С.О***д Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу сонсох ажиллагаа явуулсан бөгөөд Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 01-0672783 дугаар албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн.

5.4. Маргаан бүхий газрыг нийслэлийн Засаг даргын захирамжаар 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүчингүй болгосон бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа хэтрүүлсэн байх тул тус хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү.

5.5. Нэхэмжлэгч талаас ямар нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн бэ гэж асуусан. Энэ нь нийтэд илэрхий буюу олон улсын найрамдал зусланд ирж амарч буй хүүхдүүдийн ашиг сонирхол зөрчигдсөн. Найрамдал зуслан уг газрыг зуслангийн зориулалтаар ашиглах ёстой байтал амины орон сууц барьж ажилчдадаа олгосон нь тухайн байгууллагын чиг үүрэгт хамааралгүй. Мөн хуулиар ийм эрх олгогдоогүй тул хууль зөрчсөн үйлдэл гаргасан.” гэв.

6. Гуравдагч этгээд “О*** у*** х*** Н*** Т***” УТҮГ-аас нэхэмжлэлийг үгүйсгэж, үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.

6.1 О*** у*** х*** Н*** т*** цогцолбор нь 1978 онд ашиглалтад орж Нийслэлийн Засаг даргын 2009 оны 527 дугаар захирамжаар талбайн хэмжээг 12235450 м.кв газрыг хүүхдийн зуслан, орон сууц, зуслангийн зориулалтаар эзэмшүүлж, 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас газрын кадастрын мэдээллийн санд нэгж талбарын 1801404625  дугаартай 15 жилийн хугацаатай сунган эзэмшүүлж 000014997 дугаартай гэрчилгээг олгосон.

6.2 Иргэн С.О***ийн эзэмшил газар нь тус Найрамдал цогцолборын эзэмшил газарт давхцуулан олгосон байгаа нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэсэн заалтыг зөрчсөн байх тул Нийслэлийн Засаг даргаас маргаан бүхий 2019 оны А/902 дугаар захирамж гаргасан байна.

6.3. Монгол Улсын Ерөнхий сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Нийслэлийн Засаг дарга, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга нар 2019 онд тус цогцолборын үйл ажиллагаатай, бодит нөхцөл байдалтай нь танилцаад, шаардлагатай арга хэмжээг авахаар болж, энэ мэт О*** у*** х*** Н*** т*** цогцолборын эзэмшил газар, газрын наймааны золиос болж хүүхдийн эрх зөрчигдөж цогцолборын хэвийн үйл ажиллагаа алдагдахад хүрээд байгаа байдалд бодит үнэлэлт, дүгнэлт өгч дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн. Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр “Засгийн газарт чиглэл өгөх тухай" 2019-2020 оныг "Хүүхэд хамгааллын жил” болгон зарлах тухай 60 дугаар зарлиг гарсан.

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 209 дүгээр "О*** у*** х*** Н*** т*** цогцолборын талаар авах арга хэмжээний тухай" тогтоол гарч тус цогцолборын газар эзэмшилтэй холбоотой зөрчлийг арилгах, цаашид шинээр бусдад газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргахгүй байхыг нийслэлийн Засаг дарга болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад үүрэг болгосон байна.

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр “2019-2020  оныг хүүхдийн хөгжил, хамгааллын жил болгон зарлах тухай” 210 дугаар тогтоол гарч холбогдох арга хэмжээнүүдийг авч эхэлсэн.

6.4. Улмаар нийслэлийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/902 дугаар "Хууль бус захирамжуудыг хүчингүй болгох тухай” захирамжаар тус цогцолборын нутаг дэвсгэрт Газрын тухай хуулийн 31.3 дахь заалтыг зөрчин хууль бусаар газар олгосон иргэн С.О***д холбогдох захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Газрын тухай, Тусгай хамгаалалтын газар нутгийн тухай,  Хүүхдийн эрхийн тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Зарлиг, Монгол Улсын Засгийн газрын тогтоолын хүрээнд гарсан хууль ёсны захирамж гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.” гэжээ.

7. Иргэдийн төлөөлөгч Б.О*** шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “С.О*** нь тухайн үед Найрамдал зусланд ажилладаг байсан бөгөөд одоо ч холбоотой байгаа Н*** зуслангийн захиргаанаас 24 айл, аж ахуй нэгж байгууллагад актад гаргасан үл хөдлөх хөрөнгө худалдсан, 2007 онд дуу хөгжмийн багш С.О***д 400 м.кв газрыг 5 жилийн хугацаатай эзэмшсэн 2015 онд уг газрын эрхийг 10 жилийн хугацаатай сунгасан буюу захиргааны байгууллага 2021 онд уг газрын эрхээ цуцлуулснаа мэдсэн. 2019 оны А-902  захирамжаар цуцлахдаа газар эзэмшигчид мэдэгдээгүй, хаягтаа байгаагүй шалтгаанаар сонсох ажиллагаа хийгээгүй, 2007-2019 хүртэл газрын төлбөрийг хийнэ гэх шалтгаанаар хариуцагч тал буюу захиргааны байгууллага алдаа дутагдалтай ажилласан гэсэн дүгнэлт гаргалаа” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2.  Нийслэлийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн “Хууль бус захирамжуудыг хүчингүй болгох тухай” А/902 дугаар захирамжаар Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Баянголын хөндийд байрлах О*** у*** х*** Н*** т*** зуслангийн орчинд Газрын тухай хууль зөрчин бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газартай давхцуулан нэр бүхий 24 иргэн, аж ахуйн нэгжид газар эзэмших эрх олгосон нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгохоор шийдвэрлэж, тус захирамжийн 1.1 дэх хэсэгт “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/52 дугаар захирамжийн хавсралтын 42 дахь хэсэг буюу нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгожээ.

3. Нэхэмжлэгчээс дээрх захирамжийг эс зөвшөөрч, гуравдагч этгээдээс маргаан бүхий газрыг өөрт нь 2007 онд шилжүүлэн өгсөн байхад давхцалтай гэдэг үндэслэлээр газар эзэмших эрх олгосон захирамжийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй, мөн Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлд зааснаар эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл зааж, нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх үйл ажиллагаа явуулсан болохыг нотлоогүй хэрнээ тус үндэслэлээр шийдвэр гаргасныг зөвшөөрөхгүй, мэдэгдэх сонсох ажиллагаа явуулаагүй гэж маргасан.

4. Хариуцагч нийслэлийн Засаг даргаас маргаан бүхий актыг гаргах болсон үндэслэлээ гуравдагч этгээдийн эзэмших эрх бүхий газарт давхцуулан нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн нь хууль бус болсон, ийнхүү хүүхдийн зуслангийн зориулалттай газрыг бусдад эзэмшүүлсэн нь нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх үйл ажиллагаанд хамаарна гэж тайлбарлажээ.

5. Талуудын шүүхэд гаргасан тайлбараас үзэхэд, маргаан бүхий газрыг эзэмших эрх нэхэмжлэгчид хэрхэн үүссэнээс хамаарч Нийслэлийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/902 дугаар захирамж үндэслэлтэй эсэх, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болохыг дүгнэхээр байна.

6. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, нийслэлийн Засаг даргын 1996 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/140 дүгээр захирамжаар гуравдагч этгээдэд Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороонд 2152 га газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэж, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2006 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 152 дугаар тогтоолоор Баянголын байгалийн цогцолборт газрын хилийн заагт өөрчлөлт оруулжээ.

7. Ийнхүү тус тогтоолын дагуу нийслэлийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 482 дугаар захирамжаар 970,5 га газрыг гуравдагч этгээдэд эзэмшүүлсэнд гуравдагч этгээдээс 2008 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр “...иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 152 дугаар тогтоолыг үндэслэн кадастрын зураг хийлгэхэд нийт талбайн хэмжээ 1225 га болсон байхад 2007 оны захирамжаар 970.5 га газар эзэмшүүлснийг залруулах” гэсэн хүсэлт гаргаснаар нийслэлийн Засаг даргын 2008 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 298 дугаар захирамжаар 2007 оны 482 дугаар захирамжийн тус газарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, гуравдагч этгээдэд 1225 га газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн байх бөгөөд эцсийн байдлаар нийслэлийн Засаг даргын 2009 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 527 дугаар захирамжаар гуравдагч этгээд нь 1225 га газрыг эзэмших эрхтэй байна.

8. Харин Төрийн өмчийн хорооны 2006 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн “Зуслангийн байр актлаж, данснаас хасах тухай” 569 дүгээр гуравдагч этгээдийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 7 ширхэг зуслангийн байрыг акталж, данснаас нь хассан байх бөгөөд нэхэмжлэгч актлагдсан тус зуслангийн байраас худалдан авсан үйл баримтад талууд маргаангүй, улмаар гуравдагч этгээдээс 2007 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1/153 дугаар албан бичгээр нийслэлийн Засаг даргад хандан зуслангийн байр худалдан авсан хүмүүст хуучин байрны суурин дээр шинэ байр барих зөвшөөрөл олгохыг хүсжээ.

9. Ийнхүү Төрийн өмчийн хорооны 2006 оны 59 дүгээр тогтоолыг үндэслэн нийслэлийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 12-ны “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” 612 дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 01 дүгээр хороонд байрлах 400 м.кв нэхэмжлэгчид 5 жилийн хугацаагаар эзэмшүүлэх”-ээр шийдвэрлэсэн, гэхдээ гуравдагч этгээдийн эзэмших эрх бүхий 1225 га газраас талбайн хэмжээ хасагдаагүй, гуравдагч этгээд болон нэхэмжлэгч нарын хооронд газар эзэмших эрхийг шилжүүлэх гэрээ байгуулагдаагүй, хэн аль нь тус газрын эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг гаргаагүй байна.

10. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.-т “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана:”, 38.2.1.-д “нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ”, 38.2.2.-т “эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо;”, 38.2.3.-т “хураамж төлсөн тухай баримт.” гэж заасан.

11. Нэхэмжлэгчээс газар эзэмших эрхийн гэрчилгээг гуравдагч этгээдээс шилжүүлэн авсан гэх боловч хуульд заасан холбогдох баримт бичгүүдийг газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийн хамт гаргаагүй болох нь тогтоогдсон энэ тохиолдолд нийслэлийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 12-ны “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” 612 дугаар захирамжаар нэхэмжлэгчид газар эзэмших эрх шинээр олгосон гэж үзэхээр байна.

12. Түүнчлэн тус захирамжид Төрийн өмчийн хорооны 2006 оны 59 дүгээр тогтоолыг үндэслэсэн байх боловч Төрийн өмчийн хороо нь гуравдагч этгээдийн үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй зуслангийн байрыг акталсан болохоос зуслангийн байрны доорх газрын эзэмших эрхийг дуусгавар болгох шийдвэрийг гаргах эрхгүй, үүнээс гадна гуравдагч этгээдээс гаргасан байр барихад дэмжлэг үзүүлэх хүсэлтийг газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэхээр гаргасан хүсэлт гэж үзэх боломжгүй.

13. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.-д зааснаар хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байх ёстой.

14. Гэтэл Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас гаргуулсан газрын давхцалын зургаар нэхэмжлэгчийн эзэмшлийн 400 м.кв газар нь гуравдагч этгээдийн эзэмших эрх бүхий 1225 га газартай бүхэлдээ давхцалтай болох тогтоогдсон тул нийслэлийн Засаг даргаас Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно.” гэж заасан бүрэн эрхийн хүрээнд нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгосон захирамжаа хүчингүй болгосон нь үндэслэлтэй байна.

15. Нэхэмжлэгчийн “...газрыг давхцалтай гэж үзсэн бол анх газар эзэмшүүлсэн захирамжаа хүчингүй болгох ёстой байсан, газар эзэмших эрхийн хугацааг сунгасан 2015 оны захирамжийг хүчингүй болгосон... ” гэх боловч нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/52 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 10 жилээр сунгаж шийдвэрлэхдээ 2007 оны 612 дугаар захирамжаа хүчингүй болгосон тул маргаан бүхий актаар 2015 оны захирамжийг хүчингүй болгосныг буруутгах боломжгүй.

16. Маргаан бүхий актад Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1, 48.2.2, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.5-д заасныг үндэслэсэн тухайд, хариуцагчаас “...хүүхдийн зуслангийн зориулалттай газрыг бусдад эзэмшүүлсэн нь хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлнө” хэмээн үзсэн гэж тайлбарласныг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.

17. Гэхдээ маргаан бүхий актыг гаргах болсон гол зорилго нь захирамжийн үндэслэлд дурдсанаар гуравдагч этгээдийн газартай давхцалтай буюу Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг зөрчсөн захирамжуудыг хүчингүй болгоход чиглэсэн, үүгээрээ “О*** у*** х*** Н Т***” УТҮГ хүүхдийн зуслангийн зориулалтаар газрыг эзэмшиж байгааг харгалзан хүүхдийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлнө гэсэн үндэслэл заасан гэж үзэхээр байна.

18. Нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/52 дугаар захирамжаар С.О***-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 10 жилээр сунгахдаа байгаль орчны газраар дүгнэлт гаргуулах шаардлагыг тавьсан байх боловч энэ нь маргаан бүхий актыг гаргах болсон үндэслэл болоогүй, тус үндэслэлээр газар эзэмших эрх олгосон захирамжийг хүчингүй болгоогүй байх тул дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

19. Иргэдийн төлөөлөгч Б.От***гээс шүүх хуралдаанд “...2019 оны А-902 дугаар захирамжаар цуцлахдаа газар эзэмшигчид мэдэгдээгүй, хаягтаа байгаагүй шалтгаанаар сонсох ажиллагаа хийгээгүй, 2007-2019 хүртэл газрын төлбөрийг хийнэ гэх шалтгаанаар хариуцагч тал буюу захиргааны байгууллага алдаа дутагдалтай ажилласан...” хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлээр дүгнэлт гаргаж байна.

20. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт “захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заасан, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 01-06/2783 дугаартай албан бичгээр хүргүүлсэн мэдэгдлийг нэхэмжлэгч хүлээн аваагүй, хариуцагчаас маргаан бүхий актыг нэхэмжлэгчид мэдэгдээгүй, тайлбар гаргах боломж олгоогүй буруутай, энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн болон иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт үндэслэлтэй.

21. Гэвч захиргааны байгууллагын шийдвэр гаргах ажиллагааны энэхүү алдаа нь нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн газрын давхцалтай нөхцөл байдлыг өөрчлөхгүй тул энэ үндэслэлээр захирамжийг хүчингүй болгох үндэслэлгүй тул иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна.

22. Дээрх үндэслэлээр Нийслэлийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн “Хууль бус захирамжуудыг хүчингүй болгох тухай” А/902 дугаар захирамж нь үндэслэлтэй, нэхэмжлэгчийн хууль ёсоор газрыг эзэмших эрх зөрчигдөөгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

23. Нийслэлийн Засаг даргаас Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгосон хууль бус захирамжийг хүчингүй болгосонтой холбогдуулан нэхэмжлэгч нь өөрт хохирол учирсан гэж үзвэл холбогдох баримтуудаа бүрдүүлэн нийслэлийн Засаг даргаас шаардах эрхтэй, энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.О***ийн нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн “Хууль бус захирамжуудыг хүчингүй болгох тухай” А/902 дугаар захирамжийн 1.1 дэх хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.О***ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.ГАНГЭРЭЛ

                                           ШҮҮГЧ                                    Б.АДЪЯАСҮРЭН

                                                ШҮҮГЧ                                    Ц.МӨНХЗУЛ