Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 231

 

 

 “Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 183/ШШ2018/02598 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.У-д холбогдох

 

Гэм хорын хохирол 2 066 900 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Отгонтамир нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах Хүннү 2222 хотхоны 103 дугаар байр 806 тоот айлаас тус байрны 706 тоотод байрлах иргэн Н.Сэлэнгийн өмчлөлийн орон сууцны үүд хэсэг болон гал тогооны хэсэгт их хэмжээгээр ус алдаж 2 066 900 төгрөгийн хохирол учруулжээ.

Иргэн Н.Сэлэнгэ нь 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр “Н” ХХК-тай үл хөдлөх хөрөнгийн даатгалын гэрээ байгуулсан бөгөөд хууль болон гэрээний дагуу даатгуулагчид учирсан хохирлыг “Н” ХХК нь бүрэн төлж барагдуулсан. “Хүннү хотхон” ХХК нь тус хотхоны сантехник ашиглалтыг хариуцдаг бөгөөд тус байгууллагаас ирүүлсэн тодорхойлолт болон Хүннү 2222 СӨХ-ноос ус алдсан бурууг 806 тоотод байрлах айлын гал тогооны өрөөний ус цэвэршүүлэгч хоолойноос нь ус алдсан байсныг нээж хааж, шалгаж тогтоосон байна.

Хохирлын хэмжээг даатгалын хохирол үнэлэх эрх бүхий байгууллага болох “Итгэлт Эстимэйт” ХХК-ийн 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 04/01 дугаар үнэлгээний тайланг үндэслэн даатгуулагчийн хүсэлтээр түүний харилцах дансанд 2 066 900 төгрөгийн нөхөн төлбөрийг хохирогчид бүрэн төлж барагдуулсан тул Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэгт заасныг үндэслэн даатгуулагчийн гэм буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх эрх нь “Н” ХХК-д бүрэн шилжсэн бөгөөд буруутай этгээд нь нөхөн төлбөрийг даатгуулагчид буцаан төлөх үүрэгтэй.

Иймд Хүннү хотхоны 806 тоотод оршин сууж байгаа Б.У-с бусдад учруулсан гэм хорын даатгалын нөхөн төлбөр олгосон 2 066 900 төгрөгийг гаргуулж өгнө үү. Гэм буруутай этгээдээр учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шаардаж байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.У миний бие С.Түмэнзаяагийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Хүннү 2222, Их Монгол улс гудамж, 103 дугаар байрны 806 тоот оршин сууцыг өмчлөгчтэй амаар харилцан тохиролцсоны дагуу 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тодорхой хугацаагүйгээр үнэ төлбөргүй ашиглаж байгаа бөгөөд 2018 оны 6 дугаар сарын 24-ний өдөр манай доод айл болох 706 тоот айлд ус алдсан тухай мэдэгдсэн бөгөөд манай гэр бүл зусланд байсан тул аавыгаа явуулсан. Ус алдаж гэм хор учруулагч этгээд нь Үнэ цэнэ ХХК ба тус компаний суурилуулсан ус цэвэршүүлэгч суларсны улмаас 806 тоот болон 706 тоот орон сууцад гэм хор учирсан нь эрх бүхий байгууллагын дүгнэлтүүдээр тогтоогдсон. Үнэ цэнэ ХХК-иас 706 тоот байрны даатгалын нөхөн төлбөрийн хохирол 2 066 900 төгрөг, манай 806 тоот байрны хохирол 1 707 500 төгрөг, хөрөнгийн үнэлгээний төлбөр 100 000 төгрөг, нийт 3 874 400 төгрөгийг нэхэмжилж шүүхэд хандсан.

Иймд Б.У нь гэм хорыг хариуцах үүрэг бүхий этгээд биш. Мөн гэм хорын даатгалын нөхөн төлбөрийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэгт заасан шаардлагад хамааралгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн уг орон сууц нь н.Түмэнзаяагийн өмчлөлийн орон сууц учраас уг эрх, үүргийг н.Түмэнзаяа хэрэгжүүлэх үүрэгтэй. Б.У түр оршин суугч гэдгээ тайлбарласан. Иргэний хуулийн 228 дугаар зүйлд гэм хор арилгах үүрэг бүхий этгээдийн тухай заасан ба Б.У нь нэгдүгээрт өмчлөгч биш хоёрдугаарт гэм хор учруулсан этгээд биш тул гэм хорыг хариуцах үүрэгтэй этгээд гэж үзэхгүй байх тул гэм хорын даатгалын нөхөн төлбөрийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэгт заасан шаардлагад хамааралгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Н ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.У-д холбогдох даатгалын нөхөн төлбөрт гаргуулсан гэм хорын хохирол 2 066 900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 48 021 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хэрэгт авагдсан баримтаар ус алдсаны улмаас “Н” ХХК 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн даатгалын гэрээний үүрэгт 2 066 900 төгрөгийг Н.Сэлэнгэд нөхөн төлж, гэм буруутай гуравдагч этгээдээс уг хохирлын шаардах эрхийг шилжүүлэн авсан шаардах эрхтэй гэж зөв дүгнэсэн боловч нэхэмжлэлийн шаардлагыг хангаагүй үндэслэлээ хариуцагч Б.У-г даатгалын гэрээний дагуу гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй /өмчлөгч биш/ гуравдагч этгээд гэж үзэхээргүй байна гэж дүгнэсэн нь шийдвэр бүхэлдээ хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзэж байна.

Хариуцагч Б.У нь шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон шүүх хуралдааны үед мэдүүлэхдээ Хан-Уул дүүрэг 15 дугаар хороо Хүннү 2222 Их Монгол улс гудамж 103 байрны 806 тоот сууцыг өмчлөгч С.Түмэнзаяатай тохиролцон 2017 оны 11 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тодорхой хугацаагүйгээр, үнэ төлбөргүйгээр эзэмшиж, ашиглаж байгаа бөгөөд уг байранд одоо хүртэл оршин сууж байгаа талаар мэдүүлэг. Ийнхүү эзэмшиж ашиглаж байхдаа буюу 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр иргэн С.Түмэнзаяагийн өмчлөлийн орон сууцны гал тогооны өрөөний цэвэр усны хоолойд блю филтер /В1ие РИ1ег5/ нэртэй ус цэвэршүүлэгч төхөөрөмж суурьлуулсан болох нь түүний гаргаж өгсөн худалдах-худалдан авах гэрээгээр нотлогддог.

Даатгалын тохиолдол нь 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хариуцагчийн худалдаж авсан гэх уг ус цэвэршүүлэгчний хоолойноос ус алдснаар үүссэн байдаг. Хариуцагч Б.У нь тухайн байранд оршин сууж байгаагынхаа хувьд Орон сууцны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасан "Орон сууцны инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжид эвдрэл, гэмтэл гарсан тухай бүр оршин суугч нь эрх бүхий мэргэжлийн байгууллагад нэн даруй мэдэгдэж.......засварлуулах үүрэгтэй" гэсэн үүргийг бусдын өмнө хүлээх ба оршин сууж байгаа сууцныхаа цэвэр усны шугамыг бүрэн бүтэн байлгах үүргээ биелүүлээгүйгээс уг шугамд байрлуулсан ус цэвэршүүлэгчний хоолойноос ус алдаж улмаар бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан байдаг.

Өмчлөгч С.Түмэнзаяа өөрийн байрыг Б.У-д итгэмжлэн хариуцуулан үлдээснээр уг үүрэг хариуцагч Б.У-д шилжсэн гэж үзнэ. Мөн дээр нь Б.У нь цэвэр усны шугам хоолойд бэхлэгдсэн ус цэвэрлүүлэгчийн өмчлөгч мөн. Ийнхүү үүргээ биелүүлээгүйгээс бусдад болгоомжгүй эс үйлдлээр хохирол учруулсан болох тогтоогдож байхад уг даатгалын тохиолдол бий болоход үйлдэл эс үйлдлээрээ гэм буруугүй өмчлөгч С.Түмэнзаяа уг хохирлыг хариуцан арилгах үүрэггүй гэж үзэж байна.

Нөгөө талаар ус цэвэршүүлэгчийг нийлүүлэгч компани болон Б.У нар шүүхэд маргаж байгаа нь түүнийг бусдын орон сууцыг хэвийн байлгах, уг үүргээ биелүүлээгүйгээс бусдад болгоомжгүй эс үйлдлээр бусдад учруулсан хохирлоос чөлөөлөхгүй. Анхан шатны шүүх хариуцагчийг өмчлөгч биш тул хохирлыг хариуцахгүй гэсэн дүгнэлтэндээ эрх зүйн дүгнэлт хийгээгүй. Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан нь этгээд нь ямар нэгэн байдлаар гэм буруутай этгээд байхаас биш ямар ч гэм буруугүй хэрнээ эд хөрөнгийг эзэмшиж, ашиглаж, өмчилж байгаа нь хохирлыг хариуцахаар үүрэг хүлээлгэх нь шударга ёсонд үл нийцнэ. Иймд анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасны буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэлэлцэн хүчингүй болгож, гомдлыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

            Нэхэмжлэгч “Н” ХХК нь хариуцагч Б.У-д холбогдуулан гэм хорын хохирол 2 066 900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Хүннү 2222 хотхоны 103 дугаар байрны 806 тоот хаягт байрлах орон сууцнаас 2018 оны 6 дугаар сарын 24-ний өдөр ус алдаж доод давхарт байрлах 706 тоот болон Н.Сэлэнгийн өмчлөлийн орон сууцанд 2 066 900 төгрөгийн хохирол учирсан үйл баримт хэргийн 8-14,17-18 дахь талд авагдсан “Итгэлт эстимэйт” ХХК-ийн 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн хөрөнгө үнэлгээний тайлан, Хүннү хотхоны 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 33 тоот тодорхойлолт, “Хүннү” сууц өмчлөгчдийн холбооны 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 18/27 тоот тодорхойлолт зэрэг бичгийн баримт болон талуудын тайлбараар тогтоогдсон байна.

 

            Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Хүннү-2222, Их монгол улс гудамж 103 дугаар байр, 706 тоот хаягт байршилтай 55.04 м.кв талбайтай, хоёр өрөө, орон сууц нь Н.Сэлэнгийн өмчлөлийн орон сууц болох нь хэргийн 21 дүгээр талд авагдсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогджээ.

 

            Мөн 2018 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Хүннү 2222 хотхоны 103 дугаар байрны 806 тоот хаягт байрлах орон сууцнаас ус алдсаны улмаас нэхэмжлэгч “Н” ХХК нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Хүннү-2222, Их монгол улс гудамж 103 дугаар байр, 706 тоот хаягт байршилтай 55.04 м.кв талбайтай, хоёр өрөө, орон сууцны өмчлөгч Н.Сэлэнгэд даатгалын гэрээний үүрэгт 2 066 900 төгрөг төлсөн үйл баримт хэргийн 7, 16,19, 21 дүгээр талд авагдсан үл хөдлөх хөрөнгийн даатгалын гэрээт баталгаа, Н.Сэлэнгийн 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдөр “Номин даатгал” ХХК-д хандаж гаргасан өргөдөл, “Н” ХХК-ийн 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн төлбөрийн даалгавар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг бичгийн баримтаар тогтоогдсон, энэ үйл баримтын талаар талууд маргаагүй байна.

 

            Нэхэмжлэгч “Н” ХХК нь гэм хорын хохирол шаардах эрхтэй этгээд мөн эсэх, хариуцагч Б.У нь хохирлыг хариуцан төлөх үүрэгтэй эсэх талаар талууд маргажээ.

 

            Хариуцагч Б.У нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Хүннү 2222 хотхоны 103 дугаар байрны 806 тоот хаягт байрлах орон сууцны хууль ёсны өмчлөгч нь биш тул түүнийг даатгалын гэрээний дагуу гэм хорын хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй гуравдагч этгээд гэж үзэхгүй талаар хийсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй, энэ талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

            Иймд анхан шатны шүүх хариуцагч Б.У гэм хор учруулсан буруутай этгээд болох нь нотлогдохгүй байгаагаас гадна ус алдсан гэх орон сууцны өмчлөгч биш тул гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй этгээд биш гэж үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. Энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 183/ШШ2018/02598 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 48 021 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Э.ЗОЛЗАЯА

 

                ШҮҮГЧИД                                      А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                        Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ