| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 307/2025/0180/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/204 |
| Огноо | 2025-04-22 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | Э.Улаанаа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 2025/ШЦТ/204
2025 04 22 2025/ШЦТ/204
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 307/2025/0180/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат,
Улсын яллагч Э.Улаанаа,
Хохирогч *******,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатар,
Шүүгдэгч Ж.******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******* холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2518000040100 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1982 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Увс аймгийн Цагаанхайрхан суманд төрсөн, 43 настай, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын *******,******* тоотод оршин суудаг,
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил, 6 сарын хугацаагаар хорих ял шийгэж, 2 жилийн хугацаагаар тэнссэн,
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2006 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж, Монгол Улсын Өршөөл үзүүлэх комиссын 2006 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 3411 тогтоолоор эдлээгүй үлдсэн 3 жил, 11 сарын хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн,
Төв аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2007 оны 105 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил, 03 сарын хорих ялаар шийтгэгдэж,
Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 41 дугаартай шүүгчийн захирамжаар 05 жил, 03 сар хорих ял болгон хуульд нийцүүлэн багасгаж, 2011 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хугацаа дуусаж суллагдаж байсан, хэрэг хариуцах чадвартай, ******* ,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ж.******* нь мал, мах нийлүүлэх ажил эрхэлж байсан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон “мал, мах нийлүүлж өгнө” гэж хуурч, *******гээс 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд 169,700,000 төгрөг шилжүүлэн авч 64,355,250 төгрөгийн үнэ бүхий мал мах нийлүүлсэн боловч үлдэх 105,344,750 төгрөгийг мал мах бэлтэх зорилгоос гадуур ашиглаж 105,344,750 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан болох нь:
Хохирогч *******гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Анх би ******* гэх хүнтэй 2000 онд танилцсан, би өөрөө түүхий эдийн бизнес хийдэг ба одоог хүртэл хийж байгаа. ... ******* надад түүхий эд нийлүүлж тооцоогоо тэр дор нь авдаг байсан. Би 2018 онд “Дархан Эрдэнэ мах комбинат” ХХК-ийг үүсгэн байгуулаад ажиллаж эхэлсэн ба тэр үед ******* надад махаа хэвийн нийлүүлээд явдаг байсан. Би *******гаар хонь бэлдүүлэх гээд 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 1,000,000 төгрөг өгсөн, гэтэл ******* надтай утсаар холбогдоод Архангай аймгаас мал бэлдэхэд асуудалгүй юм байна, би энд суурин байж мал бэлдье гэхээр нь би түүнд итгээд түүний банкны ***** дугаартай данс руу мөнгө шилжүүлж эхэлсэн бөгөөд гүйлгээний утга дээр нь дандаа “мал бэлтгэл” гэсэн утгатай шилжүүлсэн. Ингэж шилжүүлсээр байгаад нийт 164,700,000 төгрөгийг шилжүүлсэн. ******* надад 2024 оны 08 дугаар сард 200 тооны бог мал нийлүүлсэн ба тухайн үед би дээрх зардлаас гадна тээврийн гэж 1,910,000 төгрөгийг шилжүүлж авч байсан. Үүнээс хойш үлдэгдэл малаа 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр гэхэд оруулж ирж тооцоо дуусгах ёстой байтал хамгийн сүүлд 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр над руу чатаар войс явуулсан байсан ба тэрэн дээрээ “би чамайг хулхидсан ч юм шиг, залилсан ч юм шиг найзыгаа уучлаарай” гэсэн байсан, тэгээд гар утсаа огт авахгүй байгаа, ... ******* надтай холбогдож байхдаа захиалсан мал чинь байгаа, санаа зоволтгүй гэж байнга ярьдаг, хэзээ ч болохгүй, бүтэхгүй гэсэн зүйл ярьдаггүй байсан. Тэгтэл хамгийн сүүлд над руу дээрх войсыг явуулсан юм. ...Би түүнийг хонио л авч байгаа байх гэж бодож байсан. Түүнээс өөр юунд зарцуулсан талаар мэдэх зүйл алга. Одоо утсаа ч авахгүй байгаа. ...Би өөрийн компанийн данс болон хувь данснаасаа Дархан-Уул аймагт байхдаа ******* руу мөнгөө шилжүүлсэн” гэх мэдүүлгүүд (хавтаст хэргийн 9, 134),
Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... ******* бол миний төрсөн хүү, ...хамгийн сүүлд эндээс Архангай руу гэх хүний худалдаж авсан малыг тууж ирнэ гээд явсан, ...6-7 хоногийн дараа өөрийнхөө 99949239 дугаараас залгаад Архангай аймагт мал дээрээ ирчихлээ одоо хэд хоногоос малаа туугаад Дархан-Уул аймаг руу гарна гэж ярьсан түүнээс хойш огт надтай огт холбогдоогүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15),
Хохирогч Мягмарын н банкин дахь ***** дугаартай дансны хуулга (хавтаст хэргийн 22-33),
банкин дахь***** дугаартай дансны хуулга (хавтаст хэргийн 34-56, 59-85, 88-93),
“Дархан Эрдэнэ мах комбинат” ХХК-ийн банкин дахь *****, ***** дугаартай данснуудын хуулга (хавтаст хэргийн 57, 58),
***** дугаар хуулийн этгээдийн бүртгэлтэй “Дархан Эрдэнэ мах комбинат” ХХК-ийн лавлагаа (хавтаст хэргийн 86),
Шүүгдэгч Ж.*******гийн банкин дахь ***** дугаартай дансны хуулга (хавтаст хэргийн 106-130), хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл, гүйлгээний жагсаалт (хавтаст хэргийн 146-160),
3836 дугаар Худалдан авалтын баримт, Нэмэгдсэн өртгийн албан татварын падаан (хавтаст хэргийн 162-164),
Яллагдагч Ж.*******гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17, 136-137, 143-144, 172, 210) болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
******* нь 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд Ж.*******д 169,700,000 төгрөг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан дансны хуулгуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Ж.******* нь хэлэлцэн тохирсон хугацааны эхэн үед 64,355,250 төгрөгийн үнэ бүхий мал мах нийлүүлсэн байх боловч цахимаар мөрийтэй тоглож их хэмжээний мөнгө алдсан атлаа энэ талаараа хохирогчид хэлэлгүйгээр мал, мах нийлүүлж өгнө гэж хуурч, хэлэлцэж тохиролцсон мал, мах нийлүүлэх зорилгоос өөр зориулалтаар буюу хувьдаа ашиглах шунахай сэдэл, зорилгоор 105,344,750 төгрөг шилжүүлэн авсан үйлдэл нь бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулж залилах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт “их хэмжээний хохирол” гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг ойлгоно гэж хуульчилсан бөгөөд 105,344,750 төгрөг нь их хэмжээний хохиролд хамаарч байна.
Шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл, гэм буруу, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээний талаар маргаагүй байна.
Шүүгдэгч Ж.*******гийн үйлдэл нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.
Өөрөөр хэлбэл цахимаар мөрийтэй тоглож их хэмжээний мөнгө алдсан талаараа хэлэлгүйгээр үргэлжлүүлэн мөрийтэй тоглох зорилгоор мал мах бэлдэж байна гэж худал хэлж мөнгө шилжүүлж авч эхэлснээр залилах гэмт хэрэг үйлдэгдэж эхэлжээ.
Иймд шүүгдэгч Ж.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй.
Шүүгдэгч Ж.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Ажил хөдөлмөр эрхэлж хохирлыг төлөхөөс өөр бодит боломж байхгүй, учруулсан хохирлыг бүрэн хариуцаж төлнө” гэж мэдүүлсэн ба хохирол төлөөгүй байна.
Иймд шүүгдэгч Ж.*******гаас 105,344,750 төгрөг гаргуулж, хохирогч Дархан-Уул аймгийн Дархан сумын , тоотод оршин суух Боржигон овогт Мягмарын -д олгохоор шийдвэрлэв.
Хохирогч 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс өмнөх харилцаанаас үүссэн 15 сая төгрөгийн талаар мэдүүлж байх боловч яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэрэгтэй хамааралгүй байх тул уг нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисон болохыг дурдах нь зүйтэй байна.
Ял, эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Ж.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.
Шүүгдэгч Ж.******* нь учруулсан хохирлыг нөхөн төлөөгүй, торгох ялыг биелүүлэх бодит боломжгүй байх тул торгох ял шийтгэх үндэслэлгүй байна.
Шүүгдэгч Ж.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, шударгаар мэдүүлж байгаа байдлыг харгалзан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар 02 жил, 01 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. *******г бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.*******д 02 /хоёр/ жил, 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ж.*******д оногдуулсан 02 /хоёр/ жил, 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.*******гаас 105,344,750 төгрөг гаргуулж, хохирогч Дархан-Уул аймгийн Дархан сумын , тоотод оршин суух Боржигон овогт Мягмарын /-д олгосугай.
5. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД