| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 138/2021/00376/И |
| Дугаар | 138/ШШ2022/00676 |
| Огноо | 2022-07-25 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 138/ШШ2022/00676
Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Ганчимэг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Бумбатын 48-18 тоотод оршин суух, ТЯ61020919 регистрийн дугаартай, Рааш овогт Пүрэвийн Цогбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхтуяагийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дорнод аймгийн Гурванзагал сумын 2 дугаар багт оршин суух, ЖД64081179 регистрийн дугаартай, Боржигон овогт Дугарсүрэнгийн Батбаатарт холбогдох
16 530 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
П.Цогбаярын гаргуулсан худгийг өөрийн эзэмшил газраас чөлөөлүүлэх, 3 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхтуяа
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Давааням
Гэрч З.Тунгалаг, Б.Энхжаргал
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюунтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхтуяа нь Д.Батбаатарт холбогдуулан 16 530 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхтуяа нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Нэхэмжлэгч П.Цогбаяр нь барилгын компанитай бөгөөд компанийн нярав нь З.Тунгалаг юм. Тэрээр байрны борлуулалтыг хариуцдаг. Цогбаяр нь Дорнодод байдаг малаа өсгөе гээд Тунгалагийн хамаатан болох Гурванзагал суманд амьдардаг Батбаатараар малаа харуулахаар болсон байна. Батбаатар нь Цогбаярын гэрт нь ирж уулзаад малыг нь 10 жилийн хугацаанд өсгөж өгөхөөр, мал харсан хөлсөндөө нэг өрөө байр авахаар тохиролцсон байдаг. Батбаатар нь манайх өөрсдөө малтай учраас мал харж ядах зүйл байхгүй, харин том хүү Хосбаяр маань хүнтэй сууж байгаа, аймагт орон байр хэрэгтэй учраас нэг өрөө байр авъя гэж тохирсон юм билээ. Цогбаярын малыг нярав Тунгалаг нь Батбаатарт хүлээлгэж өгсөн байдаг. Байраа 7 хоногийн дотор гаргаж өгөөд хүүхдүүд нь нэг өрөө байранд орсон. Нэг өрөө байрандаа хэсэг хугацаанд амьдарч байгаад бид олуулаа учраас 3 өрөө байртай болъё гээд 3 өрөө байранд ороод тэндээ мөн хэсэг амьдарч байгаад гарцгаасан байдаг. Батбаатар нь мал авсныхаа дараа мал усгүйдэж байна, манайх худаг ус муутай, танай мал чинь өсөөд худаг усгүй хэцүү байна гэж хэлүүлсээр байгаад 2017 оны зун буюу 1 жилийн дараа худаг гаргуулсан байдаг. Худаг гаргуулахдаа “Манай энд худаг ухдаг компанийн хүмүүс ирээд айлын худаг ухаж байна, энд байгаа дээр нь та ярьж байгаад худгаа ухуулчих...” гэсэн юм билээ. Ингээд Цогбаяр нь худаг ухаж байсан хүмүүстэй нь холбогдоод урьдчилгаанд 3 000 000 төгрөг төлөөд, дараа нь худгаа ухаад Батбаатарт хүлээлгэж өгсний дараа 3 500 000 төгрөгийг төлсөн байдаг. Батбаатар гэрээ хийж худгаа хүлээж авсан. Цогбаяр мөнгийг нь гаргасан болохоос Батбаатарын худаг болсон бөгөөд өнөөдрийг хүртэл тэр худгийг ашиглаж байгаа. Цогбаяр нь 2018 оны 6 сард ...мал дээрээ өөрсдөө байхгүй, хэнээр малаа харуулдаг нь тодорхой бус байдалтай байсан учир малаа татаж авсан юм. Хэдэн үхэр тугалсан, хэдэн тугалтай байгаагаа ч мэддэггүй малчин байсан учраас малаа татаж авсан. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл буюу 2022 оныг хүртэл худгийг Батбаатар ашиглаж байгаа. Миний бие 2022 оны 3 дугаар сарын 7-ны өдөр худаг дээр очиж үзсэн. Учир нь хариуцагч худаг ажиллахгүй байгаа, шаардлага хангахгүй байна гэсэн асуудал яриад байсан учир очиж үзсэн. Зүүн урд талд нь Батбаатарынх байдаг юм билээ. Тэднийхээс машины болон малын мөр гарсан байгаагаас харахад худгаас малаа усалдаг нь тодорхой байна. Шинэ мотор тавиад хуччихсан, хажуу талд нь бинзен тос тавьчихсан, мөн өглөө мал усалсан шинжтэй ус нь дусалсан байдалтай байсан. Би худгийн тухайн үеийн зургуудыг баталгаажуулж шүүхэд өгсөн. Мөн хариуцагч 3 сая төгрөгийг хасах юм бол худгаа авч үлдье гэж байгаагаас харахад худаг хэвийн ажиллагаатай болох нь нотлогдож байна. Бидний зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн бөгөөд эхний ээлжинд үхрээ нэхэмжилсэн ба одоогийн зах зээлийн ханшийг судлаад малын үнэлгээг гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагыг тодруулбал: 6 үхэр буюу үнээ 2, эр хязаалан үхэр 2, эр шүдлэн үхэр 2 дутсан гэсэн тооцоо гарч байгаа. Хариуцагч нь огт мал дутагдуулаагүй гэж ярьдаг. 2016 онд Батбаатарт 11 үнээ, 9 бяруу /эм 4, эр 5/, 11 тугал /эм 6, эр 5/, нийт 31 толгой үхэр хүлээлгэн өгсөн. 2017 онд нэг бухтай болсон. 2016 онд өгсөн үхрээсээ 1 үнээг Цогбаяр идшэнд хэрэглэсэн, түүнээс хойш идэш аваагүй. 2017 онд 4 эм бяруу нь 4 эм шүдлэн, 5 эр бяруу нь 5 эр шүдлэн, 6 эм тугал нь 6 эм бяруу, 5 эр тугал нь 5 эр бяруу болох ёстой. Тухайн жилийн малын тооллогоор үхрүүд сувайрсан төллөөгүй гэж хэлсэн байдаг. Гэтэл 2018 онд мал хүлээж авахад эм бяруу 4, эр бяруу 2 гэсэн. Тэгэхээр бяруу байх үндэсгүй юм чинь өмнөх жилийнхээ төлийг өгсөн байгаа юм. Тэгэхээр 2017 онд эм тугал 4, эр тугал 2 болсон байна. 2018 оны 6 дугаар сард малаа авахдаа 1 бух, 10 үнээ байх ёстой гэж тооцсон. 2018 онд 4 эм шүдлэн нас нь өсөөд 4 эм хязаалан, 6 эм тугал нь 6 эм шүдлэн, ингээд нийт байвал зохих нь 10 үнээ байх ёстой. Шүдлэнг нас гүйцсэнд тооцдог юм билээ. Нийт 20 үнээ байхаас 18 үнээ авч 2 үнээ дутсан. 2016 оны 5 эр бяруу нь 2018 онд хязаалан эр үхэр болох ёстой ба 3 хязаалан эр үхэр хүлээлгэж өгсөн учир 2 дутуу байна. 2016 оны 5 эр тугал нь 5 эр шүдлэн байх ёстойгоос 3-ийг өгсөн учир 2 дутуу байна. Ийм учраас байвал зохих 20 үнээнээс 2 үнээ, хязаалан эр үхэр 2, шүдлэн эр үхэр 2, нийт 6 тооны үхрийг нэхэмжилж байгаа. Тухайн үед мал тоолж байх үед үхсэн, үрэгдсэн гэдгээ сайн мэдэхгүй дутаасан гээд янз бүрээр хэлдэг юм билээ. Үхсэн гэж хэлж байгаа боловч тэр талаар малын акт байхгүй, тийм өвчнөөр үхсэн гэдгийг тухайн үедээ мэдэгдээгүй. Өөрөөр хэлбэл, үхсэн малын мэдээллийг огт өгч байгаагүй. Тиймээс байвал зохих бүх малаа нэхэмжилж байгаа. Батбаатарын 2015, 2016, 2017, 2018 оны малын А дансыг гаргуулах хүсэлт гаргаж авахуулсан. Цогбаярын мал Хэрлэн сумын мал дээр тоологддог байсан юм билээ. Яаж тоологдсон бэ гэхээр Батбаатарынх Тунгалаг руу тоог нь хэлээд түүний дагуу тоолуулж байсан гэсэн. Хэрлэн сумаас 2016, 2017, 2018 онд тоологдсон малын тоог нь гаргаж өгснийг хэргийн материалд хавсаргасан байгаа. Энэ хоёр айлын малын тоог харьцуулахад малын тоо толгойгоор хэнийх их малтай байна вэ, хэний мал ус их уусан байна вэ, хэний малд ус их шаардлагатай байсан бэ гэдэг нь харагдана. 2015 онд Батбаатарынх 637 толгой малтай байсан бол 2016 онд 686 толгой малтай болсон. Цогбаярынх 324 толгой мал өгсөн. 2017 онд Батбаатарынх 897 толгой малтай, Цогбаярынх 385 толгой малтай болсон. 2018 онд Батбаатарынх 983 толгой малтай байсан бол Цогбаярынх 419 толгой малаа авсан. Эндээс харахад хэний малд худаг ус зайлшгүй шаардлагатай байж вэ гэдэг нь харагдах байх. 2015 онд 637 толгой малаа хаана яаж усалдаг байсан юм бэ. ...Би энэ шинэ худгийн дараа дарагдсан худгийг нь ч очиж харсан. Бүр дарагдчихсан, хог хийчихсэн, нурчихсан худаг байсан. Ер нь мал маллагааны асуудал дээр Батбаатар нь Цогбаярын малд ямар байдалтай хандсан бэ гэдэг нь А дансыг нь харахад мэдэгдэнэ. Батбаатарын мал бол гарсан төл нь тухайн жилдээ 100 хувь байдаг. Гэтэл Цогбаярын малыг үхсэн гэж хэлээд байдаг. Батбаатарын А дансыг орлого, зарлагатай нь нийлүүлээд үзэхэд нэг ч малын хорогдолгүй. Гэтэл айлын мал болохоор үхээд байдаг. Иймэрхүү байдлаар хүний малд хандсан байна. Эндээс харахад мал дутагдуулаагүй гэх үндэслэл байхгүй байна. Тухайн үед Батбаатарын эхнэр нь сумын Засаг даргын орлогчоор, Батбаатар өөрөө Петровист ажиллаж эхэлсэн байдаг. Малыг нь хүүхэд нь хардаг байсан юм билээ гэж Тунгалаг яриад байгаа. Цогбаярын хувьд утсаар яриад малаа асуухаар танай мал өсч байгаа гэдэг байсан. Түүнчлэн өвс тэжээл авна, малын араас мотоциклоор явж байгаа гээд сар болгон 200 000 төгрөгний бинзен авдаг байсан байна. Эцсийн эцэст хүний хөрөнгөнд иймэрхүү байдлаар хандсанд Цогбаярын хувьд гомдолтой байгаагаа хэлсэн. Иймд худгийн үнэ 6 500 000 төгрөг, дутагдуулсан малын үнэ 10 030 000 төгрөг буюу нийт 16 530 000 төгрөгийг нэхэмжилнэ гэв.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Давааням хариу тайлбартаа: “Худаг гаргуулсан үнэ болох 6 500 000 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг Батбаатар хүлээн зөвшөөрдөггүй. Хамгийн гол нь дээрх худаг бол Цогбаярын хүсэлтээр Батбаатарын өвөлжөө, хаваржааны зориулалтаар эзэмшдэг газар дээр баригдсан. Одоо тэр худгийг Батбаатар ганцаараа эзэмшдэггүй бөгөөд тэр хавийн малтай айлууд бүгд хэрэглэдэг. Энэ худаг нь бүрэн шаардлага хангадаггүй, цаашдаа шинэчлэх шаардлагатай учир Батбаатар нь газар дээрээ худаг ус гаргуулах зэргээр өөрсдөө газар эзэмших эрхээ хэрэгжүүлмээр байна гэсэн шаардлага тавьдаг. Тиймээс 6 500 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Мөн 10 030 000 төгрөгийн шаардлага буюу мал дутаасан гэх асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй. 3 сая төгрөгний асуудал яригдсанаас хойш энэ асуудлыг тавьж байгаа. Тухайн малыг 3 жилийн хугацаанд ямар ч гэрээ хэлцэл хийхгүйгээр Батбаатарын мал байгаа газарт тодорхой тооны мал хүлээлгэж өгөөд 2 жил гаруй хугацааны дараа буцаагаад авсан байдаг. Хэн, хэзээ, хэдэн мал хүлээлгэж өгөөд хэдэн мал буцаан авсан талаар ямар ч баримт болон гэрээ хэлцэл байдаггүй. Батбаатарын хувьд мал дутаасан, хорогдуулсан зүйл байхгүй. Тухайн үед төл муу авдаг гэсэн шалтгаанаар малаа буцааж авсан ба мал дутсан талаар ямар ч яриа гарч байгаагүй гэсэн тайлбарыг Батбаатар хэлдэг. Тиймээс нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.
...Талууд хэдийгээр бичгээр гэрээ байгуулаагүй, хэдэн мал хүлээж авсан нь тодорхой бус байгаа боловч Цогбаярын өмчлөлийн тодорхой тооны малыг Гурванзагал сумын нутагт өөрийнхөө бэлчээр дээр аваачиж 2 жил 10 сарын турш маллаад, Цогбаяр нь ажил хангалтгүй байна, мал өсөхгүй байна, төл муу авч байна гэсэн шалтгаанаар өөрийн санаачлагаар малаа очиж авсан үйл баримт талуудын тайлбараар тогтоогдож байна. Иймд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд заасан хөлсөөр ажиллах гэрээ талуудын хооронд байгуулагдсан байна. Хөлсөөр ажиллагч нь тохиролцсон ажил үйлчилгээ, үүргийг гүйцэтгэх, ажиллуулагч нь хөлс төлөх ийм тогтмол үүрэг гүйцэтгэж байгаа харилцаанд хөлсөөр ажиллах гэрээний үүргийн төрөл гэж үзэж байна. Мөн 359.2-д зааснаар энэ гэрээний зүйл нь бүх төрлийн ажил үйлчилгээ байж болно гэж тодорхой заасан. 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс батлагдсан Хөдөлмөрийн тухай хуулинд малчин болон туслах малчны гэрээ контракт, хэлбэрийн талаар заасан боловч түүнээс өмнө үйлчилж байгаа цаг хугацаанд бол Иргэний хуулийн 359 дүгээр зүйл буюу хөлсөөр ажиллах гэрээний үүрэгтэй холбоотой хуулийн зохицуулалтууд хамаарна гэж үзэж байна. Талуудын тайлбар, мэтгэлцээн, нотлох баримтуудаас үзэхэд хамаатан болох Тунгалаг гэх хүн байгаа учраас бүх тохиролцоо нь аман хэлбэрээр явагдаад ямар ч бичгээр хийсэн нотлох баримтгүй, хэн ямар үүрэг хүлээх нь тодорхойгүй, хөлс төлбөрөө ярьсан гэдэг боловч бас л тодорхойгүй байдаг. Өнөөдрийн маргаан дагуулаад байгаа худаг усны асуудлыг ч гэсэн хэний мөнгөөр ямар худаг гаргуулах, цаашдаа яаж ашиглах, 10 жил болсны дараа яах вэ, наана нь гэрээ цуцлагдвал яах вэ гэдэг талаар харилцан тохиролцсон зүйл байдаггүй. Цогбаяр би түүний газар дээр худаг гаргуулсан гээд байгаа боловч бодит байдал дээр гэрээ хийгээд худгийн эзэмшигчээр Батбаатар бүртгүүлсэн байдаг. Тэр худагны мөнгийг зээлсэн юмуу, хариу төлбөргүй өгсөн юмуу гэдэг нь тодорхойгүй. Тэгэхээр энэ мөнгийг юуг үндэслэж нэхээд байгаа нь ойлгомжгүй байна. Мал дутаасан асуудлын тухайд танайх сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа юм бол буцааж нэхнэ гэсэн асуудал ярьдаг. Гэвч мал дутаасан гэдгийг нотлох баримт бас байхгүй. Би өөрийн хувийн тэмдэглэлээс хараад ярьж байна гэсэн ганц гэрчийн мэдүүлгээр нотлогдохгүй. Малын нас ч гэсэн зөвхөн нэг талын тайлбараар яригдаад байдаг. Тайлбар ганцаараа нотлох баримт биш шүү дээ. Ямар тооны ямар зүстэй мал хүлээлцэж авсан болон өгсөн баримт алга. Тэгэхээр энэ ямар ч нотлох баримтгүй зүйл шаардаж байна гэж үзэж байна. Тийм учраас энэ үнэлгээн дээр маргаад байх шаардлагагүй. Үнэлгээ гээд өгөөд байгаа баримтууд нь хуульд заасан шаардлага хангахгүй байна. Хамгийн гол нь хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдаад Цогбаярын санаачлагаар 2018 оны 6 дугаар сарын 24-ний өдөр дуусгавар болсон байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил гэж заасан. 2018 оны 6 дугаар сарын 24-ний өдөр малаа авчихаад хэдэн мал дутсаныг мэдэх боломжтой байсан. Нэмэгдүүлсэн шаардлага гаргасан 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөр тооцоход бараг 4 жилийн дараа шаардлага гаргасан байна. Тэгэхээр хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаагаа хэтрүүлсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.
3. Хариуцагч Д.Батбаатараас нэхэмжлэгчид холбогдуулан “П.Цогбаярын гаргуулсан худгийг өөрийн эзэмшил газраас чөлөөлүүлэх, 3 000 000 төгрөг гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан.
Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ “...3 сая төгрөг буюу худаг чөлөөлүүлэх шаардлагын тухайд нэгэнт тэр худгийн байгууламжийг үл хөдлөх хөрөнгө гэж үзээд үнэлж байгаа юм бол миний газрыг чөлөөлөөд худгийн байгууламжаа ав гэсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Дээрээс нь 2 жил гаруй хугацаанд хөнгөлттэй нөхцлөөр орон сууц олгоно гэж аман тохиролцоонд хүрч нярав Тунгалагийн дансаар 3 сая төгрөгийг шилжүүлсэн байдаг. Байраа буцааж авсан атлаа 3 сая төгрөгийг буцааж өгөөгүй учир энэ мөнгөө нэхэмжилж байна. ...Байрны 3 сая төгрөгний тухайд нэхэмжлэгчийн төлөөлөгч зөвшөөрсөн байр суурьтай байгаа болохоор зөвшөөрсөн хэмжээгээр нь шийдвэрлэх байх гэж бодож байна...” гэж тайлбарладаг.
4. Нэхэмжлэгч тал хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд “...хэрвээ 3 сая төгрөгөө суутгаж авна гэвэл бид дараа нь хорогдуулсан хонь, ямаагаа нэхэмжилнэ гэсэн байр суурьтай байгаа. 10 жилийн хугацаанд малыг нь өсгөж өгөөд хөлсөнд нь нэг өрөө байр авахаар тохирсон. Хариуцагч өөрөө байраа томруулна гэж 3 өрөө байранд ороод мөнгөө бүрэн төлөөгүй, сүүлд 3 000 000 төгрөг төлсөн байдаг. ...Байранд үнэ хөлсгүй суусан, байрныхаа цахилгаан, дулааныхаа мөнгийг ч төлөөгүй юм билээ. 2018 оны 12 сарыг дуустал суугаад 12 сарынхаа мөнгийг ч төлөөгүй гарсан байдаг. Нэгэнт байраа буцаагаад хүлээлгээд өгсөн ба малыг нь хөлсгүй харсан болохоор 3 сая төгрөгөө буцааж өгөх нь зүйтэй гэж миний хувьд бодож байна. Харин энэ 3 сая төгрөгөө 16 сая төгрөгөөсөө суутгавал хонь ямаагаа эргүүлж нэхэхгүй гэсэн байр суурьтай байна...” гэсэн тайлбарыг гаргасан.
5. Нэхэмжлэгчээс итгэмжлэл, 2017 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээ, П.Цогбаярын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, өрөмдмөл худгийн техникийн паспорт, худгийн фото зургууд, нэхэмжлэгчийн 2016-2018 оны мал тооллогын А данс, 43-83 тоотын орон сууцны төлбөрийн баримт, Дорнод аймгийн Статистикийн хэлтсээс гаргуулсан малын зах зээлийн дундаж үнэ зэрэг баримтуудыг, хариуцагчаас итгэмжлэл, 2011 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 0098121 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
Нэхэмжлэгч талын хүсэлтээр З.Тунгалаг, Б.Энхжаргал нарыг гэрчээр асууж, Дорнод аймгийн Гурванзагал сумын Засаг даргын тамгын газраас хариуцагч Д.Батбаатарын 2015-2018 оны мал тооллогын А дансыг, тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас малын жишиг үнэлгээг, Дорнод аймаг дахь Нефть хангамжийн салбараас Д.Батбаатарын ажиллаж байгаа талаарх баримтуудыг шүүх бүрдүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Нэхэмжлэгч П.Цогбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхтуяа нь хариуцагч Д.Батбаатарт холбогдуулан 16 530 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргаж, шүүх хуралдаан дээр нэхэмжлэлээ дэмжиж оролцсон болно. Хариуцагч Д.Батбаатар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 6 500 000 төгрөгийг хангаж, 10 030 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: П.Цогбаяр нь хариуцагч Д.Батбаатараар малаа харуулдаг байхдаа түүний хүсэлтээр Дөлгөөн Хэрлэн ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан гүнийн худгийг ухуулсан бөгөөд худгийн үнэнд 6 500 000 төгрөг төлсөн байдаг, худгийн зохих зөвшөөрлийг авч усны мэдээллийн санд бүртгүүлэн техникийн паспорттой болгосон, ...П.Цогбаяр 2018 оны 6 дугаар сарын 24-ний өдөр малаа буцаан авсан бөгөөд Д.Батбаатар нь дээрх худгийг одоог хүртэл ашиглаж байгаа тул худгийн үнэ 6 500 000 төгрөгийг нэхэмжилсэн, ...Мөн Д.Батбаатар нь 2016 оны 8 дугаар сараас 2018 он 6 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд малыг харахдаа 6 тооны үхэр дутагдуулсан учир малын зах зээлийн үнэ болох 10 030 000 төгрөгийг тус тус нэхэмжилсэн.
3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ...Дээрх худаг нь П.Цогбаярын хүсэлтээр Д.Батбаатарын өвөлжөө, хаваржааны зориулалтаар эзэмшдэг газар дээр баригдсан. Одоо тэр худгийг Батбаатар ганцаараа эзэмшдэггүй бөгөөд тэр хавийн малтай айлууд бүгд ашигладаг учир худгийн үнэ 6 500 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
...Д.Батбаатар нь П.Цогбаярын өмчлөлийн тодорхой тооны малыг ямар ч гэрээ хэлцэл бичгээр хийхгүйгээр Гурванзагал сумын нутагт өөрийнхөө бэлчээр дээр аваачиж 2 жил 10 сарын турш маллаад, Цогбаяр нь мал өсөхгүй байна, төл муу авч байна гэсэн шалтгаанаар өөрийн санаачлагаар малаа очиж авсан үйл баримт талуудын тайлбараар тогтоогдож байна. Иймд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд заасан хөлсөөр ажиллах гэрээ талуудын хооронд байгуулагдсан гэж үзэж байна. Хэн, хэзээ, хэдэн мал хүлээлгэж өгөөд хэдэн мал буцаан авсан талаар ямар ч баримт байдаггүй. Батбаатарын хувьд мал дутаасан, хорогдуулсан зүйл байхгүй. ...Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил гэж заасан. 2018 оны 6 дугаар сарын 24-ний өдөр малаа авчихаад хэдэн мал дутсаныг мэдэх боломжтой байсан. Нэмэгдүүлсэн шаардлага гаргасан 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөр тооцоход 4 жилийн дараа шаардлага гаргасан байна. Тэгэхээр хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаагаа хэтрүүлсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
4. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ “...П.Цогбаярын гаргуулсан худаг нь шаардлага бүрэн хангадаггүй, цаашдаа шинэчлэх шаардлагатай байх тул Д.Батбаатар нь өөрийн эзэмшлийн газар дээрээ худаг ус гаргуулах зэргээр өөрсдөө газар эзэмших эрхээ хэрэгжүүлэх шаардлага тавьдаг. Дээрх газар нь Дорнод аймгийн Гурванзагал сумын Засаг даргын 2011 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/58 тоот захирамжийг үндэслэн 15 жилийн хугацаатайгаар хаваржааны хашааны зориулалтаар эзэмшсэн 10 000 м2 газар юм. П.Цогбаярын гаргуулсан худгийг Д.Батбаатарын эзэмшил газраас чөлөөлүүлэх шаардлага гаргаж байна. Мөн П.Цогбаяр нь малаа маллуулсан хөлсөндөө байр өгнө гэж 3 000 000 төгрөг авсан бөгөөд одоо байраа буцаан авсан тул байрны зөрүү мөнгөнд өгсөн 3 000 000 төгрөгийг нэхэмжилнэ...” гэж тодорхойлсон.
5. Нэхэмжлэгч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг “...Д.Батбаатар дээрх худгийг 2018 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс одоог хүртэл ашиглаж байгаа нь нотлогдож байх тул эзэмшил газраас худгийг чөлөөлөх боломжгүй, ...харин байраа буцаагаад хүлээлгээд өгсөн ба малыг нь хөлсгүй харсан болохоор 3 сая төгрөгийг буцааж өгөх нь зүйтэй гэж бодож байна...” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн зарим шаардлагыг зөвшөөрч, зарим хэсгийг няцаасан.
6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн: 2017 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээ, П.Цогбаярын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, өрөмдмөл худгийн техникийн паспорт, худгийн фото зургууд, нэхэмжлэгчийн 2016-2018 оны мал тооллогын А данс, 43-83 тоотын орон сууцны төлбөрийн баримт, Дорнод аймгийн Статистикийн хэлтсээс гаргуулсан малын зах зээлийн дундаж үнэ, 2011 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 0098121 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, хариуцагч Д.Батбаатарын 2015-2018 оны мал тооллогын А данс, тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас ирүүлсэн малын жишиг үнэлгээ, Дорнод аймаг дахь Нефть хангамжийн салбараас ирүүлсэн Д.Батбаатарын ажиллаж байгаа талаарх баримт, гэрч З.Тунгалаг, Б.Энхжаргал нарын мэдүүлэг, талуудын тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдож байна.
Нэхэмжлэгч П.Цогбаяр, хариуцагч Д.Батбаатар нар нь харилцан ярилцан хариуцагч нь 10 жилийн хугацаанд нэхэмжлэгчийн малыг харж өсгөж өгөх, нэхэмжлэгч ажлын хөлсөнд 30 000 000 төгрөгийн үнэтэй нэг өрөө байр өгөхөөр тус тус амаар тохиролцжээ.
Хариуцагч Д.Батбаатар нь 2016 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл П.Цогбаярын малыг харсан байна. Дээрх хугацаанд буюу 2017 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Д.Батбаатар нь Дөлгөөн Хэрлэн ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан гүний худгийг өөрийн эзэмшлийн газар дээр гаргуулж өрөмдмөл худгийн техникийн паспорттой болсон байна.
Гүний худаг гаргуулахад гарсан ажлын хөлс болох 6 500 000 төгрөгийг нэхэмжлэгч П.Цогбаяр нь Дөлгөөн Хэрлэн ХХК-д төлсөн болох нь тогтоогдож байна. Дээрх үйл баримтын талаар талууд маргаагүй болно.
7. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн байна.
П.Цогбаяр нь хариуцагч Д.Батбаатарыг гэрээний үүргээ зөрчсөн гэсэн үндэслэлээр 2018 оны 6 дугаар сарын 24-ний өдөр талуудын хооронд байгуулсан гэрээгээ цуцалж малаа буцаан авсан болох нь тогтоогдож байна. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй. Мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-д “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл...-ийг хохиролд тооцох”-оор заажээ. Иймд нэхэмжлэгч гүний худаг гаргуулахад гарсан зардлыг нэхэмжлэх эрхтэй юм.
Хариуцагч Д.Батбаатар нь П.Цогбаярын малыг харах хугацаандаа түүнд санал тавин гүний худаг гаргуулсан байх бөгөөд уг худгийг одоог хүртэл ашиглаж байгаа болох нь нэхэмжлэгч талын тайлбар, гэрч З.Тунгалаг, Б.Энхжаргал нарын мэдүүлэг, худгийн одоогийн нөхцөл байдлыг харуулсан фото зураг зэргээр тогтоогдож байна.
Хариуцагч нь дээрх худаг шаардлага хангахгүй, засаж сайжруулах шаардлагатай, тэр хавийн айлууд бүгд ашигладаг гэж маргаж байгаа боловч энэ нөхцөл байдлаа шүүхэд нотлож чадаагүй болно.
Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар өөрийн татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд дээрх үүргээ хэрэгжүүлээгүй, мөн нэхэмжлэгчийн гаргасан нотлох баримтыг үгүйсгэх баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
Иймд П.Цогбаяр нь хөлсөөр ажиллах гэрээний хугацаанд гарсан зардал буюу гүний худаг ухуулахад гарсан зардал 6 500 000 төгрөгийг шаардах эрхтэй бөгөөд хариуцагч Д.Батбаатараас 6 500 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.Цогбаярт олгох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Мөн нэхэмжлэгч нь дутагдуулсан мал болох 2 үнээ, хязаалан эр үхэр 2, шүдлэн эр үхэр 2, нийт 6 үхрийн үнэ 10 030 000 төгрөгийг Д.Батбаатараас нэхэмжилсэн боловч хариуцагчийн татгалзал үндэслэлтэй байна.
П.Цогбаяр нь хуульд заасны дагуу өөрт учирсан хохирлыг шаардах эрхтэй боловч Иргэний хуулийн 74, 75 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор шаардах эрхээ хэрэгжүүлэх үүрэгтэй.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байхаар, мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-д ...шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан...үеэс үүснэ гэж тус тус заасан.
Нэхэмжлэгч 2018 оны 6 дугаар сарын 24-ний өдөр талуудын хооронд байгуулсан гэрээгээ цуцалж малаа буцаан авсан байх тул энэ үеэс эрх нь зөрчигдсөн гэдгээ мэдэх боломжтой байсан. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байх тул шаардах эрхээ хэрэгжүүлэх хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлэн нэхэмжлэл гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна.
Мөн Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй байх тул хариуцагч Д.Батбаатараас дутагдуулсан мал болох 2 үнээ, хязаалан эр үхэр 2, шүдлэн эр үхэр 2, нийт 6 үхрийн үнэ 10 030 000 төгрөгийг гаргуулах эрх зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд хариуцагч Д.Батбаатараас гүний худаг гаргахад гарсан зардал болох 6 500 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.Цогбаярт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10 030 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хариуцагч Д.Батбаатар нь нэхэмжлэгчид холбогдуулан “П.Цогбаярын гаргуулсан худгийг өөрийн эзэмшил газраас чөлөөлүүлэх, 3 000 000 төгрөг гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан.
Д.Батбаатар нь Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д заасны дагуу шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй байдаг.
Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-д “Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна”, 85 дугаар зүйлийн 85.2-д “Түр зуурын хэрэгцээ хангах зорилгоор бус байнгын зориулалттай, газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга, байгууламж болон бусад зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг байна” гэж тус тус заасан байна.
Хуульд заасны дагуу дээрх худаг нь үл хөдлөх эд хөрөнгөд хамаарах тул түүнийг газраас салгаж болохгүй хөрөнгөд хамаарч байна. Түүнчлэн үндсэн нэхэмжлэлийн шаардлага хангагдсантай холбогдуулан худгийг өөрийн эзэмшил газраас чөлөөлүүлэх тухай Д.Батбаатарын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Мөн хариуцагч Д.Батбаатар нь байрны зөрүү мөнгөнд төлсөн 3 000 000 төгрөгийг нэхэмжилжээ.
Д.Батбаатарын мал харсан ажлын хөлсөнд авах ёстой 1 өрөө байрыг хариуцагчийн хүүхдүүд 3 өрөө байр болгон, зөрүү төлбөрийг төлөхөөр тохиролцон 3 000 000 төгрөгийг гэрч З.Тунгалагийн дансаар шилжүүлэн П.Цогбаярт төлсөн болох нь талуудын тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ...П.Цогбаяр байраа буцаан авсан, мал харсан хөлс төлөөгүй учир 3 000 000 төгрөгийг буцаан төлөх нь зүйтэй... гэсэн тайлбарыг гаргадаг. П.Цогбаяр нь байраа буцаан авсан байх тул зөрүү үнэнд төлсөн гэх 3 000 000 төгрөгийг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар нэхэмжлэгчээс гаргуулах нь зүйтэй.
Иймд нэхэмжлэгч П.Цогбаяраас байрны зөрүү үнэнд төлсөн 3 000 000 төгрөгийг гаргуулан хариуцагч Д.Батбаатарт олгож, худгийг өөрийн эзэмшил газраас чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 294 380 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Батбаатараас улсын тэмдэгтийн хураамжид 118 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.Цогбаярт, мөн хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 133 150 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч П.Цогбаяраас улсын тэмдэгтийн хураамжид 62 950 төгрөгийг гаргуулан Д.Батбаатарт тус тус олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Батбаатараас гарсан зардал болох 6 500 000 /зургаан сая таван зуун мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.Цогбаярт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10 030 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч П.Цогбаяраас гэрээний дагуу шилжүүлсэн 3 000 000 /гурван сая/ төгрөгийг гаргуулан хариуцагч Д.Батбаатарт олгож, нэхэмжлэлээс эзэмшил газраас худаг чөлөөлүүлэх тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 294 380 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Батбаатараас улсын тэмдэгтийн хураамжид 118 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.Цогбаярт, мөн хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 133 150 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч П.Цогбаяраас улсын тэмдэгтийн хураамжид 62 950 төгрөгийг гаргуулан Д.Батбаатарт тус тус олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь 14 хоногийн хугацаанд шүүхэд ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ