Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 138/ШШ2022/00607

 

 

 

 

 

2022 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 138/ШШ2022/00607

Дорнод аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

             

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Уртнасан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг, ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт Төмөрийн Доржоогийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг, Нарлаг 0-1 тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай ******* овогт Пүрэвийн Ганбатад холбогдох

Хамтран ажиллах гэрээний үүрэг 3 600 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Т.Доржоо,

Хариуцагч П.Ганбат /цахимаар/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяамандах.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Доржоо нь хариуцагч П.Ганбатад холбогдуулан 3 600 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэн дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: 2017 оны 10 сард Ганбаттай хамтран өвсний үндэс худалдан авч борлуулсан орлогоос оногдох 3 600 000 төгрөгийг өдийг хүртэл бидэнд өгөөгүй. Анх өвсний үндэс авъя, ашигтай гэдэг саналыг Ганбат бидэнд гаргасан. Үүнийг нь сонссон 3 хүний нэг нь би, нэг нь Баттулга, нөгөөх нь Бат-Эрдэнэ гэж хүн бий. Ингээд өвсний үндсээ  авсан. Тэгээд авсан үндсээ Баттулгын агуулахад хийдэг байсан. Ганбат ашиг нь 7 сая гаран төгрөг болсон, 3 600 000, 3 600 000 төгрөгөөр хуваагдаж таарч байна гэсэн. Тэгээд Ганбат өөрийн авах ёстой ашиг 3 600 000 төгрөгөө авсан. Үлдсэн 3 600 000 төгрөг нь Бат-Эрдэнэ, Баттулга, надад ирэх ёстой ашиг. Тэгээд хэсэг хугацааны дараа би Бат-Эрдэнэд  нөгөө  мөнгөө  Ганбатаас  ав  гэж  хэлэхэд  “Ганбат  надад  байж  байг гээд өгөхгүй байна” гэж хэлсэн. Одоо хүртэл Бат-Эрдэнэ энэ хүнээс энэ мөнгийг нэхээд явж байгаа. Ганбат өөрийгөө шударга хүн гэж хэлдэг. 3 600 000 төгрөгийг надад хамаагүй мөнгө гэж хэлж, яриад яваад байгаа. Миний хувьд хувиасаа үндэс авахад нь хөрөнгө оруулалт хийгээгүй боловч би машинд нь 200 000 төгрөгөөр шинэ аккумлятор авч өгч, бороонд үндэс нь нороод, агуулахад ус орох үед шөнө очоод хатаалцаж байсан л хүн. Ганбатыг санах болов уу гэдэг үүднээс энэ бүгдийг хэлж байгаа юм. Аккумлятор авч өгсөн мөнгийг надад буцааж өгсөн. Үүнийг би мэдэж байгаа. Энэ мэт найз, нөхдийнхөө хөдөлмөрийг үнэлэхгүй байж болохгүй.  Надтай өс санах яах вэ. Бусад найзынхаа мөнгийг өг. Энэ үндэс авсан хэрэг аль 2017 оны асуудал. Бүтэн 5 жил найз нөхдийнхөө мөнгийг өгөхгүй явж байна. Анхны хурал учир би энд гэрч авч ирээгүй. Дараа, дараагийн шатанд гэрчийг дуудаж, өөрсдөөр нь яриулна. Нэг нь ар гэрийн асуудалтай Улаанбаатар хотод байгаа. Тиймээс энэ хэрэгт оролцож чадаагүй. Цаашдаа мөнгөө авах ёстой хүмүүсийг нь оролцуулна. Ойр зуурын ганц нэг түлш хийсэн асуудал бас байгаа. Тэгэхэд улаан цайм гүрийж болохгүй. Хэдийгээр гарын үсэг зурж баталгаажуулаагүй ч гэсэн найз нөхөддөө өгөх ёстой мөнгийг нь өгөх ёстой. Ганбат 50 хувийн ашгаа авсан. 50 хувийн ашиг нь компанид орж ирээд компаниас бид гурав авах ёстой мөнгө. Тиймээс бид гурав авах ёстой ашгаа авах гэж л шүүхэд хандаж байна. Бат-Эрдэнэ, Баттулга бид 3 хамтарч ажилладаг хүмүүс. Манай компаний хамтрагчид юм. Тэр хоёр надад итгэмжлэл хийж өгөөгүй боловч намайг нэхэмжлэл гаргахыг зөвшөөрсөн. Ер нь бол  заавал тэр хоёр ч гэхгүй миний хувьд энэ мөнгийг нэхэмжлэх эрхтэй хүн гэж бодож байна гэв.

Хариуцагч П.Ганбат хариу тайлбартаа: Миний хувьд 2017 оны үеэр үндэсний наймаа хийхийн хувьд хийж байсан. Багахан хэмжээний ашиг олох нь олсон. Гэхдээ би Доржоотой хамтарч үндэсний наймаа хийгээгүй. Бат-Эрдэнээс мөнгө авсан асуудал бол байгаа. Гэхдээ өвсний үндэстэй хамааралгүйгээр мөнгө авсан учраас энэ бол бидний хоорондох асуудал. Доржоо бид хоёрын хооронд ямар нэгэн асуудал байхгүй. Өвсний үндэс авсан асуудал дээр Доржоогийн мөнгө гэж байхгүй, компани нь хамааралгүй. Өвсний үндэс авсан асуудлаар би өөрөө зөвшөөрөлгүй бэлтгэсэн гэсэн зүйлээр 2 жилийн тэнсэн авсан асуудал ч бий. Олон зүйл ярьдаггүй болохоос яривал ярих зүйл бий. Гэхдээ би шүүх дээр ярихыг хүсэхгүй байна. Доржоод 3 600 000 төгрөг байтугай 3600 төгрөгийн өр ч  надад байхгүй. Тиймээс яриад тайлбарлаад байх зүйл алга гэв.

Нэхэмжлэгч болон хариуцагч нарын хэн алин нь шүүхэд бичгийн баримт гаргаж өгөөгүй болно.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Доржоогийн хариуцагч П.Ганбатад холбогдуулан гаргасан 3 600 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангах үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ “...Миний хувьд өөрийн компанитай хамтран ажилладаг Бат-Эрдэнэ, Баттулга нарын хамт П.Ганбатын өвсний үндэс худалдан авч ашиг олъё гэх саналыг хүлээн авч хамтран ажилласан. П.Ганбат нь Бат-Эрдэнээс мөнгө авч, Баттулгыг авч явдаг байсан. Миний хувьд мөнгөөр хөрөнгө оруулалт хийгээгүй боловч хамтарсан. Олсон ашгаа хуваана гэсэн. П.Ганбат нь өвсний үндэс худалдан авч зараад 7 сая төгрөгийн ашиг олж 3,6 сая төгрөгийг өөрөө авсан бөгөөд үлдсэн 3,6 сая төгрөгийг бидэнд өгөх ёстой боловч өгөөгүй.  ...Энэ мөнгө компанийн дансанд ороод компаниас бид гурав хувааж авах ёстой мөнгө учир би нэхэмжлэх эрхтэй. Иймд энэ мөнгийг П.Ганбатаас ямар ч байсан гаргуулна” гэж тайлбарладаг.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “ 2017 онд би өвсний үндэс худалдан авч борлуулах ажлыг хийсэн нь үнэн. Гэвч энэ ажилд Доржоогийн оруулсан хувь, хөрөнгө, оролцоо гэж байхгүй, Надад Доржоод төлөх ёстой төлбөр, өр гэж байхгүй. Бат-Эрдэнээс би мөнгө авсан нь үнэн боловч энэ нь өвсний үндэстэй хамааралгүй, Би түүнд өгөх ёстой мөнгөнөөсөө төлөөд үлдэгдэл байгаа боловч Доржоод хамааралгүй, бид хоёрын дундын асуудал. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж тайлбарлан маргадаг.

Нэхэмжлэгч хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудаар хариуцагч П.Ганбатын хувьд 2017 оны 10 сард өвсний үндэс нэртэй ургамал худалдан авч борлуулсан үйл баримт тогтоогдож байх боловч нэхэмжлэгч Т.Доржоо болон хариуцагч П.Ганбат нарын хооронд дээрх өвсний үндэс худалдан авч борлуулах, улмаар олсон ашгаа хувааж авах тухай харилцан тохиролцоо буюу Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-т заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн болох нь тогтоогдохгүй байна.

Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 476.2-т тус тус зааснаар Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээх бөгөөд хамтран ажиллах гэрээг хуульд өөрөөр заагаагүй бол бичгээр буюу амаар байгуулж болдог.

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан тайлбартаа “бид бичгээр гэрээ байгуулаагүй боловч өвсний үндэсийг худалдан авч борлуулан ашиг олж, ашгаа хувааж авахаар амаар тохирсон” гэж тайлбараладаг боловч нэхэмжлэгч өөрийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ шүүхэд нотолж чадаагүй гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т заасны дагуу нэхэмжлэгч Т.Дорж нь нотлох үүргийн хуваарилалтын дагуу хариуцагчид холбогдуулан гаргасан өөрийн нэхэмжлэлийн шаардлагын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж, цуглуулах үүрэгтэй.

Гэвч нэхэмжлэгч Т.Доржоо, хариуцагч П.Ганбат болон тэдэнтэй хамтран ажилласан гэх Бат-Эрдэнэ, Баттулга нарын дунд 2017 оны 10 сард өвсний үндэс нэртэй  ургамлыг  худалдан  авч  борлуулах, хамтын үйл ажиллагаанд хэн нь хэдэн төгрөгийг хөрөнгө оруулалт хийх, хэн нь хэрхэн оролцох, улмаар ашиг, алдагдлаа хэрхэн хуваарилах талаар харилцан тохиролцсон болохоо нэхэмжлэгч эхлээд нотлох, улмаар энэ талаарх бичгийн баримтаа шүүхэд гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна.

Иймд талуудын хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн эсэх, улмаар нэхэмжлэгч хамтын үйл ажиллагаанд оролцсон хувь хэмжээгээрээ ашгаа нэхэмжлэх эрхтэй эсэх нь тус тус нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбаруудаар тогтоогдохгүй байна.

Түүнчлэн шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлийн талаар тодруулахад тэрээр“...3 600 000 төгрөгийг ашиг компанируу орох ёстой, компаниас Бат-Эрдэнэ, Баттулга бид 3-т ирэх ёстой. ...Бат-Эрдэнэ, Баттулга хоёр намайг энэ мөнгийг нэхэмжлэхийг зөвшөөрсөн” гэж шүүх хуралдаанд тайлбарладаг.

Гэвч нэхэмжлэгчийн энэ тайлбараас Т.Доржоо нь хариуцагч П.Ганбатаас нэхэмжлээд байгаа 3 600 000 төгрөгийн Бат-Эрдэнэ, Баттулга нарт ногдох хувийг тэдний өмнөөс нэхэмжилж байгаа эсэх, мөн уг мөнгө компанид хэрхэн  хамааралтай эсэх нь тус тус тодорхойгүй байгааг дурдах нь зүйтэй.

Иймд зохигч талуудын дунд хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн эсэх нь бичгийн баримтаар нотлогдохгүй байх тул 3 600 000 төгрөгийг хариуцагч П.Ганбатаас гаргуулах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна гэх үндэслэлээр шүүх хариуцагчид холбогдох 3 600 000 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэгч Т.Доржоогийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72 550 төгрөгийг Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-т заасныг баримтлан хариуцагч П.Ганбатад холбогдох хамтран ажиллах гэрээний үүрэгт 3 600 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Т.Доржоогийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72 550 төгрөгийг Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогод үлдээсүгэй. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4тус тус зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар нэхэмжлэгч хариуцагч нар нь 14 хоногийн хугацаанд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Г.УРТНАСАН