| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганбаатарын Уртнасан |
| Хэргийн индекс | 138/2022/00282/И |
| Дугаар | 138/ШШ2022/00633 |
| Огноо | 2022-06-30 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 138/ШШ2022/00633
| 2022 оны 06 сарын 30 өдөр | Дугаар 138/ШШ2022/00633 | Дорнод аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Уртнасан даргалан, Ерөнхий шүүгч С.Ганчимэг, шүүгч Г.Жаргалтуяа нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “Б” танхимд явуулсан шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч Дорнод аймгийн Баянтүмэн сумын 3 дугаар багт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багт байрлах, ******* регистрийн дугаартай, Дорнод аймгийн Нийгмийн *******ын *******,
Хариуцагч Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг, ******* тоотод оршин суух, регистрийн дугаартай, овогт ийн нарт холбогдох,
Гэм хорын хохирол болохыг тогтоолгож, гэм хорын хохиролд 42 000 000 төгрөг
гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бадамцэцэг,
Хариуцагчийн төлөөлөгч Б.Ганхуяг,
Хариуцагчийн төлөөлөгч Э.Одонтунгалаг
Хариуцагч Б.ын өмгөөлөгч Ч.Эрдэнэбат,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяамандах.
Шүүх хуралдаанд оролцвол зохих иргэдийн төлөөлөгч Г.Мөнхжаргал хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ирээгүй бөгөөд нэхэмжлэгч хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч Дорнод аймгийн Нийгмийн *******ын ******* болон Б. нарт холбогдуулан Төрийн алба хаагчийн гэм буруутай үйлдлийн улмаас гэм хорын хохирол учирсан болохыг тогтоолгож, гэм хорын хохирол 42 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Би 1970 онд төрсөн, одоо 52 настай. Гурван хүүхэд төрүүлж өсгөсөн. Би малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн *******ын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т заасны дагуу 2021.12.31-ний өдрийн дотор холбогдох хуульд зааснаар нийгмийн *******ын шимтгэлээ нөхөн төлөх, малчин нөхцлөөр тэтгэврээ тогтоолгох зорилгоор 2021 оны 11 сард сумынхаа нийгмийн *******ын байцаагчид хандаж, надад бодож өгсөн тооцооллоор нь тэтгэврийн *******ын мөнгийг нөхөн төлөх болсон. Байцаагч бодохдоо намайг нийт 8 жил 6 сарын мөнгийг нөхөн төлөх юм байна гэсэн. 1-рт Матад сумын Энхтайван нэгдэлд болон Энхтайван ХК-д тус тус ажиллаж байсан болохоо тогтоосон шүүхийн шийдвэр авч ир. Шүүхийн шийдвэр хэрхэн гарахаас шалтгаалж нэмж жил саруудын мөнгө төлүүлэх үү, эсвэл энэ хугацаагаараа төлөх үү гэдгийг чинь шийдэх болно гэсэн.
Ингээд миний хувьд Дорнод аймгийн шүүхэд ажилласан жилээ тогтоолгохоор өргөдөл гаргаж, хөдөө мал дээрээ байдаг, хүн хүч дутмаг зэргээс шалтгаалж уг хэрэгтээ итгэмжлэлээр хүн оролцуулсан. Миний хувьд байцаагч Б.тай удаа дараа ярьж зөвлөлдсөний дагуу 8 жил 6 сарын буюу /102сар*42000/ нийт 4 284 000 төгрөгийг бүрдүүлэх зорилгоор хүнээс мөнгө зээлж, мал мах борлуулж байгаад уг мөнгөө өөрийн дансандаа байршуулж эхэлсэн. Үүнээс ч их мөнгө хэрэгтэй болж магадгүй гэж бодоод илүү мөнгө хүртэл нэмж байршуулсан. Учир нь байцаагч Б. бидэнд хэлэхдээ уг нөхөн төлбөрийг зөвхөн ганц удаа л төлөх боломжтой, илүү төлвөл буцааж авах гэж маш их явдал чирэгдэлтэй, мөн дутуу мөнгө хийвэл цаашид тэтгэврээ тогтоолгож чадахгүй нөхцөл байдал үүснэ гэдгийг хэлсэн. Ингээд би шүүхээр улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг яаралтай шийдвэрлүүлэхээр гаргаж, шүүхийн зүгээс ч гэсэн миний нөхцөл байдлыг хүндэтгэн үзэж ажилласан байдлыг минь шийдэж өгч би шийдвэрээ 2021 оны 12 сарын 20-ны өдөр гардаж аваад бэрийгээ дагуулаад сумын нийгмийн *******ын байцаагч Б.тай 2021 оны 12 сарын 21-ний өдөр очиж уулзсан. Ингээд материалаа шалгуулж, хэдэн төгрөг нөхөж тушаах аа асуухад намайг 54 сарын тэтгэврийн *******ын шимтгэлд 2 268 000 төгрөг тушаагаад баримтыг нь хүсэлттэйгээ хамт, мөн энэ материалуудтайгаа хамт өг гэж хэлсэн. Үүний дагуу би тухайн өдрөө Төрийн банкны холбогдох дансанд 2 268 000 төгрөгийг бэлнээр тушаасан.
Ингээд байцаагч Б. миний материалуудыг авч үлдсэн ба дээд байгууллага руу явуулна, эргээд таньтай холбогдоно гэсэн. 2022 он гарсан хойно би үе үе залгаж асуухад ирээгүй байнаа гэсэн хариу өгдөг. Гэтэл хэзээ хойно над руу та материалаа ирж аваарай, таны материал тэтгэвэр тогтооход шаардлага хангахгүй байнаа гэсэн хариу өгсөн бөгөөд баталгаажилтийн хуудсыг 2022 оны 01 сарын 26-ны өдөр хүлээж авсан.
...Байцаагч Б. өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч, ажлын алдаа гаргалаа. Энэ талаар би өөрөө эхлээд удирдлагадаа танилцуулая, үүний дараа та нар өргөдөл гомдлоо манай байгууллагад гаргаж болно гэснийх нь дагуу маргааш нь бид Дорнод аймгийн Нийгмийн *******ын *******т болон Нийгмийн *******ын ерөнхий газарт гомдол гаргасан. Миний гаргасан гомдолд Ерөнхий газраас нь албан бичгээр хариу өгсөн. Харин Дорнод аймгийн нийгмийн *******ын *******т хандаж гаргасан гомдолд маань албан ёсоор хариу өгөөгүй боловч хяналтын байцаагч Б.Ганхуяг биднийг хүлээн авч уулзаж, шүүхэд өргөдлөө гаргах талаар хэлсэн.
...Ингээд миний тэтгэврийн *******ын шимтгэлийг нэг удаа бүрэн гүйцэд нөхөн төлүүлээгүй нийгмийн *******ын байцаагч Б.ын буруутай үйлдлийн улмаас 2022 оны 01 сараас эхлэн малчин нөхцлөөр тэтгэвэртээ гарах байсан иргэн хохироод байна. Нэхэмжлэгч С.******* нь одоо 52 настай, 55 насанд хүрээд тэтгэвэрт гарах гэхээр 20 жил шимтгэл төлсөн байдал хангагдахгүй, мөн 20 жилд хүргэхийн тулд сар бүр төллөө гэхэд 2029 онд бүрэн тэтгэвэрт гарахаар байна.
Иймд ийм нөхцөл байдалд хүргэсэн Дорнод аймгийн Баянтүмэн сумын нийгмийн *******ын байцаагч Б., Дорнод аймгийн Нийгмийн *******ын ******* буюу төрийн байгууллага, төрийн албан хаагч нарын гэм буруутай үйлдлийн улмаас гэм хорын хохирол учирсан болохыг тогтоож, дээрх хариуцагч байгууллага болон байцаагчаас гэм хорын хохиролд 2022 оны 01 сараас эхлэн 2029 оны 01 сарыг дуусталх хугацааны тэтгэврийг сар бүрийн 500 000 /одоогийн тэтгэврийн доод хэмжээ/ төгрөгөөр тооцож 42 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэв.
Хариуцагч Дорнод аймгийн Нийгмийн *******ын ******* болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: 2017 онд “Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн *******ын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай” хууль батлагдаж, тус хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасны дагуу 2020 оны 01 сарын 01-ний өдрөөс 2022 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд уг хуулийн хэрэгжилтийг зохион байгуулж, 1995 оноос 2019 онд ажил хөдөлмөр эрхлээгүй малчин иргэдийг уг хуульд хамруулж ажилласан. Процессын хувьд нэгдүгээрт иргэнээс ажилласан жил нөхөн төлөхөөр ирсэн хүсэлтийн дагуу, материалыг нь хүлээн авч, программд шивж оруулж, хүсэлтийнх нь дагуу дээд газар руугаа явуулдаг, дээд газраас тухайн иргэний материал шаардлага хангаж байна гэж үзвэл баталгаажуулалтын хуудсыг явуулдаг. Баянтүмэн сумын иргэн С.*******ийн хувьд 4 жил 6 сарыг малчнаар тооцуулах хүсэлтийг манай байгууллагад ирүүлсэн байсан. Тухайн иргэний 2021 оны 12 сарын 21-ний өдөр гаргасан тэтгэврийн *******ын шимтгэл нөхөн төлөх хүсэлтийг үндэслэн холбогдох хууль, журмын дагуу 54 сарын тэтгэврийн *******ын шимтгэлд 2 268 000 төгрөг нөхөн төлснийг Нийгмийн *******ын ерөнхий газраас баталгаажуулан “Баталгаажилтын хуудас"-ыг хэвлэн хүргүүлсэн байдаг. Дараагийн асуудал буюу тэтгэвэр тогтоолгох процессын асуудлын тухайд тухайн иргэн маань 2022 оны 01 сарын 01-нээс тэтгэвэр тогтоолгох материалаа өгсөн байдаг. Уг материалыг хууль дүрмийн дагуу 30 хоногийн дотор хэд хэдэн хяналтын дор 4-5 байцаагч хянадаг. Ингэж хянах явцад тухайн иргэний ажилласан жил нь тэтгэвэр тогтоолгох хугацаагаа хангахгүй, 20 жил хүрэхгүй байсан учир материалыг нь буцаасан. Уг буцаасан материалыг 2022 оны 01 сарын 26-ны өдөр аваад үүнээс үүдэж тухайн иргэний энэхүү маргаан гарсан гэж манай байгууллагын зүгээс харж байна. 2022 оны 01 сарын 28-ны өдөр уг асуудлаар өргөдөл манай байгууллагад ирж, над дээр цохогдсон. Тэгээд өргөдөлтэй танилцахад, манай дээд байгууллагад яг адилхан өргөдлийг нэг өдөр илгээсэн байсан. Тиймээс бид дээд газраасаа хариу ирэхийг хүлээж, тухайн иргэнд хариу өгөөгүй байсан. Нэхэмжлэгчийн төлөөлөгч аймгийн Нийгмийн *******ын ******* хариу өгөөгүй гэж хэлсэн. Нэгэнт дээд газарт яг ижилхэн өргөдөл өгсөн байсан учир бид ерөнхий газрын хариуг хүлээж, хариу ирэхэд нь С.*******ийг дуудсан. Тэр үед нэхэмжлэгч охинтойгоо хамт ирсэн. Би С.*******т ерөнхий газрын хариутайгаа цуг хариугаа өгөх гээд хүлээж байсан гэдгээ тайлбарлаж хэлсэн. Хуулийн үйлчлэх хугацаа 2022 оны 01 сарын 01-ний өдрөөс дуусгавар болсон учир дутуу жилээ нөхөн төлөх боломж хаагдсан гэдгийг хэлсэн. Та үнэхээр гомдолтой бол хууль шүүхийн байгууллагаар явж уг асуудлаа шийдүүлж болно. Бидний зүгээс уг асуудлыг шийдэх боломжгүй гэдэг хариу өгсөн. Нийгмийн *******ын байгууллагаас ийм л процессын ажлыг явуулсан. Сайн дурын *******аа нэг жил, сар ч алдахгүйн тулд нөхөн төлөх нь зүйтэй гэж хэлсэн. Сүүлд 3 сард надтай ирж уулзахад нь одоо болтол шүүхэд хандаагүй хэрэг үү, таныг чимээгүй болохоор нь асуудлаа шийдүүлсэн гэж ойлгож байсан гэдэг тайлбар өгч байсан. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн зүгээс ажилласан жилийг ноороглосон, хүснэгтэлж тооцож өгсөн зэрэг асуудлыг ярьж байна. Тухайн байцаагч нь хэрхэн, яаж зөвлөгөө өгсөн эсэхийг нь бид мэдэхгүй. Миний харахад байцаагчийн тооцоолсон 10 жил 8 сар гэсэн тооцоолол буюу Энхтайван ХК тухайн үед нийгмийн *******ын шимтгэл төлөөгүй байсан тул шүүхийн шийдвэр гарсан ч тус компанид ажилласан 2 жилийн хугацаа хасагдаад энэ тооцоолол нь зөв л харагдаад байгаа юм. Шүүхэд ажилласан жилээ тогтоолгохоор нэхэмжлэл өгөхөөс өмнө байцаагч нөхөн тооцох нь 8 жил 6 сар гэж зөв тооцоолсон гэж хараад байгаа. Тухайн үед шүүхийн шийдвэр гараагүй байсан учир байцаагч яг зөв тооцоолол хийгээгүй байх магадлалтай. Тухайн үед иргэдийн аман мэдээллийн дагуу л тооцооллыг хийсэн байх. Иргэдийн хувьд төрийн албан хаагчийг буруутгаж байна. Гэтэл өөрсдөө ажилласан жилээ тооцох мэдэх боломжтой байсан уу гэвэл байсан. Энэ хүний хувьд төөрөөд байх энд тэнд ажилласан толгой эргүүлээд байх олон жил байхгүй байсан. Тиймээс нийт 20 жил шимтгэл төлсөн байх ёстой, үүнээс 12,6 жил нь малчнаар ажилласан бол цаана нь 8 жил гаруй хугацааг нөхөн төлөх ёстой гэдгийг хэн ч бодоод гаргах боломжтой атал энэ талаар өөрөө яагаад бодоогүй юм бол гэж харж байгаа. Энэ хуулийн хугацаа сунгагдаад 2 жил явсан. Нийгмийн *******ын байгууллагаас тус хуульд хамрагдах талаар иргэдэд байнга мэдээлэл өгч байсан. Дутуу тооцсон асуудал гарч байсан. Хуулийн хугацаанд шийдэх боломжтой асуудлыг шийдээд явж байсан. Гэтэл энэ иргэний хувьд материалаа хөөцөлдөж эхэлсэн хугацаа нь хэтэрхий хуулийн хугацааг тулгасан байсан. Намайг 2022 оны 01 сарын 15-ны дотор шийдэх боломжтой байсан гэж хэлсэн талаар дурдаж байна. Энэ хугацаа бол жилийн эцсийн тайлан баланс гараад дуусдаг хугацаа. Тэр хугацаанд илүү, дутуу төлсөн асуудлыг буцаах боломжтой байдаг. Тэр утгаараа энэ хугацааны дотор хандсан бол боломж байсан юм байна гэдэг л зөвлөгөөг иргэнд өгсөн. Гэтэл миний хэлсэн үгийг мушгиж, юм болгож ярина гэж бодоогүй. Хуулийн хэллэгээр иргэдэд зөвлөгөө өгөхөөр ойлгодоггүй учир, энгийн байдлаар ийм байвал ямар вэ гэдэг талаар л зөвлөгөө өгдөг. Дахиад хэлэхэд тухайн иргэний ажилласан жилийг тооцсон тооцоолол зөв л харагдаад байгаа юм. Байцаагчтайгаа яаж яриад ийм зүйлд хүрснийг мэдэхгүй. Манай байгууллагын зүгээс уг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж үзэж байна гэв.
Хариуцагч Б.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Болорцэцэг, түүний өмгөөлөгч нар хариу тайлбартаа: Иргэн С.*******ийн нэхэмжлэлд гэм хороос үүдсэн хохирлын мөнгийг хариуцагч нараас гаргуулна гэсэн утга байдаг. Энэ нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-д заасан гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэний ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно, мөн энэ хуулийн шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хэнийг ч гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцохгүй гэдэг зарчим уг нэхэмжлэлд үндсэндээ алдагдсан байна. 2021 оны 12 сарын 21-ний өдрийг хүртэл С. нөхөн ******* төлөх хугацааг 8 жил 6 сар байна гэж зөвлөж байсан. Энэ шүүх хурал дээр гаргаж ирсэн Баянтүмэн сумын байцаагч С.т гэсэн өргөдөл дээрээс харж болно. Уг өргөдлийн хугацаа нь 2021 оны 12 сарын 21-ний өдөр байгаа. 2021 оны 12 сарын 21-ний өдөр байцаагч т 8 жил 6 сарын мөнгөө төлөх хүсэлтэй байна гэж ирэхээр нь уг өргөдлийг нь хүлээж аваад, байгууллагын дансны дугаарыг өгөөд явуулсан байдаг. Гэтэл нэхэмжлэгч тал 12 сарын 21-ний өдөр банканд мөнгөө тушаагаад маргааш нь Дорнод аймгийн Нийгмийн *******ын *******т гэсэн өөр өргөдлийн загвартай буюу 4 жил 6 сараар төлнө гэсэн өргөдөл, банкны баримттай хүрч ирсэн байдаг. Байцаагч ын хувьд тухайн үед нь яагаад ингэж төлсөн, юу болсон талаар асуух, шаардах эрх байхгүй учир нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу материалыг нь авч, дараагийн шатны байгууллага буюу аймгийнхаа байцаагчид явуулсан байдаг. Хоёрдугаарт нэхэмжлэлд нөхөн тооцох хугацааг буруу зөвлөсөн гэдэг утга байдаг. Анх нэхэмжлэгч ******* нь байцаагчтай 2021 оны 11 дүгээр сард биечлэн уулзахдаа надад ямар ч ажилласан жил байхгүй хэрхэн малчнаар тэтгэвэр тогтоолгох талаар асуухад нь байцаагч ямар нэгэн баримт бичиггүй *******ийн өөрийнх нь аман мэдээлэлд үндэслэн жишээ гаргаж тайлбарлаж өгсөн байдаг. Тухайн үед нь байцаагч та 3 хүүхэдтэй юм байна хүүхэд тус бүрд 1.6 жилээр бодоод хөдөлшгүй хугацаа нь 4 жил 8 сар байна. Үүн дээрээ 1987 оноос 1995 оны малчнаар ажилласан гэхээр нь ойролцоогоор 7 жил гаран байгаа юм байна. Ингээд нийт ажилласан жил тань 12 жил орчим болох юм байна. Тэтгэвэр тогтоолгоход 20 жил байдаг учир та үлдэх 8 жил 6 сараар нөхөн төлбөрөө төлөх юм бол малчнаар тэтгэвэр тогтоолгох боломжтой юм байна гэдэг нэхэмжлэгч талын гаргаж өгсөн гараар бичсэн баримт дээр бодож өгсөн байдаг. Ингээд улсад ажилласан байдлыг тогтоосон шүүхийн шийдвэр нь 12 сарын 20-ны өдөр гарсан учир та 8 жил 6 сараар нөхөн төлөх хугацаагаа тооцож төлбөрөө төлөх ёстой юм байна гэдэг зөвлөгөөг өгч явуулсан байдаг. 4 жил 8 сар гэдэг нь 3 хүүхдийн жилийг тооцож хэлсэн жил. Гэтэл уг жилийг эдгээр хүмүүс маань буруу ойлгож, нөхөн тооцуулах жилээр мөнгөө тушаасан байх гэж харж байна. Өмнөх өдөр нь 8 жил 6 сараар төлөхөөр данс авч яваад, дараа өдөр нь 4 жил 6 сараар төлөөд баримтаа, түүндээ нийцүүлж өргөдлөө бичээд аваад ирэхэд нь хүссэн өргөдөл, тушаасан баримттай нь хамт материалыг нь дараагийн шатны байгууллагад явуулсан байдаг.
Гэтэл ажил үүргийнхээ дагуу жишээ болгож тайлбарлаж өгсөн зүйлийг мушгин гуйвуулж 42 000 000 төгрөг нэхэмжилж байгаа нь ямар ч ёс зүйгүй, үндэслэлгүй байна.
Түүнчлэн нэхэмжлэгч нэхэмжлэлдээ Б.ын гэм бурууг тогтоож өгнө үү гэсэн байна. Гэтэл гэм бурууг тогтоох асуудлыг иргэний шүүх биш эрүүгийн шүүх шийдвэрлэдэг. Эрүүгийн шүүх гэм буруутай эсэхийг тогтоосны эцэст иргэний шүүхээр гэм хорын хохирлын асуудлыг шийдвэрлэдэг... Иймд шүүхийн харъяалал зөрчсөн байна. Мөн гэм хорын хохирол болохыг тогтоолгоно, гэм хорын хохирлыг гаргуулна гээд байгаа нь нэхэмжлэлийн шаардлага өөрөө тодорхойгүй байгааг харуулж байна...
Мөн гэм хорын хувьд Иргэний хуулийн 497 дугаар зүйлд гэм хор учруулснаас гэж байгаа нь аль хэдийн гэм хор учирсан байхыг шаардана. Мөн хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй гэж байгаа. Тэгэхээр гэм хор өнгөрсөн цаг дээр яригдах ёстой. Нэхэмжлэгчийн хувьд ирээдүйд 42 000 000 төгрөгийн тэтгэвэр авах байсан. Энэ гэм хор надад учирсан гэж ярьж байгаа. Ирээдүйд гэм хор үүснэ гэсэн асуудал байхгүй. Хэрэв гэм хор үүссэн гэж үзэж байгаа тохиолдолд ын төлүүлсэн 2 268 000 төгрөгийн асуудал дээр бид мэтгэлцэж маргалдах ёстой. Гэтэл 42 сая төгрөгийг гэм хор гэж үзэж нэхэж байгаа нь Иргэний хуулийн 228, 497-513-д заасан гэм хорын хохирлын шинжийг агуулахгүй байна...
Б.ыг мэргэжлийн ур чадвар алдсан гэдэг. Гэтэл үүнийг нь ямар ч мэргэжлийн байгууллага тогтоосон зүйл байхгүй. Нэхэмжлэгчийн төлөөлөгч л ингэж яриад байна. Шүүх ч уг асуудлыг шийдэхгүй, тогтоохгүй. Нийгмийн *******ын байцаагчийн өдөр тутмын үйл ажиллагаа, хөдөлмөрийн харилцаатай холбоотой асуудлыг шүүхээр дүгнүүлэх гээд байж болохгүй. Энэ нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ биелүүлээгүй байх ба дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлд хавсарган Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, С.*******өөс Д.Бадамцэцэгт төлөөлөл олгосон 2022.03.09-ний өдрийн итгэмжлэл, Нийгмийн *******ын ерөнхий газрын 2022.02.22-ны өдрийн 01/31 дугаартай Өргөдлийн хариу, тус шүүхийн 2021.12.13-ны өдрийн 138/ШШ2021/00853 дугаартай шийдвэр, Дорнод аймгийн Баянтүмэн сумын нийгмийн *******ын байцаагчид 2021.12.21-ний өдөр гаргасан хүсэлт, С.*******ийн ХААН банкны дансны дэлгэрэнгүй хуулга /2021.11.20-2022.01.20/, гараар ноороглосон бичмэл зэрэг баримтуудыг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Дорнод аймгийн Баянтүмэн сумын Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний 2002.06.07-ны өдрийн тодорхойлолт, тус сумын 3 дугаар багийн Засаг даргын ам бүлийн тодорхойлолт, С.*******ийн 2007-2021 онуудын малын А дансны лавлагаа, С.*******ийн 3 хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбарууд, шүүх хуралдааны явцад Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, Дорнод аймгийн Нийгмийн *******ын хэлтсийн 2022.06.28-ны өдрийн 22/420 дугаартай албан бичиг, 86870992 дугаартай гар утаснаас ирсэн мессэжийг харуулсан хуудас, тус шүүхийн 2021.12.13-ны өдрийн 853 дугаартай шийдвэр, Төрийн мэдээллийн сангаас гарах Нийгмийн *******ын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтын нэгдсэн маягт, Хууль, дүрэм, зааврууд зэрэг баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн.
Хариуцагч Б.аас 2022.04.06-ны өдрийн Б.аас Э.Болорцэцэгт төлөөлөл олгосон итгэмжлэлийг гаргаж өгсөн.
Хариуцагч Дорнод аймгийн Нийгмийн *******ын хэлтсээс шүүх хуралдааны явцад С.*******ийн 2007-2020 онуудын малын А дансанд бүртгэдсэн малын тоог харуулсан Баянтүмэн сумын Архивын лавлагаа, С.*******ийн тэтгэврийн даатаглын шимтгэл нөхөн төлөх тухай 2021.12.21-ний өдөр гаргасан хүсэлт, С.*******ийн 2021.12.21-ний өдөр тэтгэврийн дансанд 2 268 000 төгрөг тушаасан тухай Төрийн банкны орлогын мэдүүлэг, 2021.12.22-ны өдрийн Дорнод аймгийн Нийгмийн *******ын *******т гаргасан С.*******ийн хүсэлт, Баянтүмэн сумын 3 дугаар багийн Засаг даргын 2021.11.17-ны өдрийн тодорхойлолт, С.*******ийн иргэний үнэмлэх гэсэн баримтуудын хуулбаруудыг гаргаж өгсөн.
Шүүхийн зүгээс нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтээр гэрч Ц.Сайханцэцэгээс мэдүүлэг авах ажиллагааг, хариуцагч Дорнод аймгийн Нийгмийн *******ын хэлтсээс ажлын байрны тодорхойлолт, тус хэлтсийн хөдөлмөрийн дотоод журам, тус *******т хандаж С.*******ийн гаргаж байсан гомдол зэрэг нотлох баримтуудыг гаргуулах ажиллагааг, шүүх хуралдааны явцад хариуцагч Б.ын өмгөөлөгчийн хүсэлтээр И.Төгсбаярыг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулж, мэдүүлэг авах ажиллагааг тус тус явуулсан.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хариуцагч Дорнод аймгийн Нийгмийн *******ын ******* болон хариуцагч Б. нарт тус тус холбогдох Төрийн албан хаагчийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас гэм хорын хохирол учирсан болохыг тогтоолгож, гэм хорын хохиролд 42 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч С.*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах үндэслэлээр тодорхойлсон. Үүнд: “Нэхэмжлэгч С.******* нь Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн *******ын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасны дагуу 2021.12.31-ний өдрийн дотор нийгмийн *******ын шимтгэлээ нөхөн төлөх, малчин нөхцлөөр тэтгэврээ тогтоолгох зорилгоор 2021 оны 11 сард сумынхаа нийгмийн *******ын байцаагч Б.т хандаж, надад бодож өгсөн тооцооллоор нь тэтгэврийн *******ын мөнгийг нөхөн төлөх болсон. Байцаагч бодохдоо дутуу байгаа 8 жил 6 сарын буюу /102сар*42000/ нийт 4 284 000 төгрөгийг төлөх байх гэсний дагуу уг мөнгөө өөрийн дансандаа байршуулж эхэлсэн.. Шүүхээс ажилласан жилээ тогтоолгосон шийдвэрээ аваад байцаагч Б.тай 2021 оны 12 сарын 21-ний өдөр очиж уулзаад материалаа шалгуулахад 4 жил 6 сар буюу 54 сарын тэтгэврийн *******ын шимтгэлд 2 268 000 төгрөг тушаагаад баримтыг нь хүсэлттэйгээ хамт, мөн энэ материалуудтайгаа хамт өг гэж хэлсэн. Үүний дагуу би тухайн өдрөө Төрийн банкны холбогдох дансанд 2 268 000 төгрөгийг бэлнээр тушаасан. ...Гэтэл 2022.01.26-ны өдөр таны тэтгэвэрт гарах асуудал шаардлага хангахгүй гэсэн байна. Таны жил хүрэхгүй байна гээд 4.6 жилийг нөхөн төлснийг баталгаажуулсан нийгмийн *******ын дэвтрийг өгсөн. Энэ үед хууль хэрэгжих хугацаа дууссан байсан. ...гэтэл байцаагч Б. надад өөрөө 8 жил 6 сарыг төлөх юм байна гэж хэлчихээд нөхөн төлөх жилийг дутуу төлүүлсний улмаас иргэн хүн өнөөдөр бүрэн тэтгэврээ тогтоолгож чадахгүйд хүрсэн.... Энэ талаар Нийгмийн *******ын ******* болон Нийгмийн *******ын ерөнхий газарт нь гомдол гаргасан боловч хууль хэрэгжих хугацаа дууссан, дахин нөхөн төлөх шимтгэл төлөх боломжгүй гэсэн хариу өгсөн. ...Нийгмийн *******ын тухай хууль дүрэм журамд зааснаар нийгмийн *******ын байгууллага, байцаагч нь иргэнд зөвлөгөө мэдээлэл өгч, нөхөн төлөх жилийг тооцоолж бодож өгөх үүрэгтэй атал энэ үүргээ биелүүлээгүй..., төрийн байгууллага болон төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагаанаас болж иргэн хохирч, С.******* нь 20 жилдээ хүрэхийн тулд сар бүр шимтгэл төлбөл 2029 онд тэтгэвэртээ гарах болж байна. Иймд 2022.01.01-2029.01.01-ний өдрийг хүртэл сар бүр тэтгэврийн доод хэмжээ болох 500 000 төгрөгөөр тооцон нийт 42 000 000 төгрөгийг гэм хорын хохиролд нэхэмжилнэ” гэжээ.
Хариуцагч Дорнод аймгийн Нийгмийн *******ын *******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: “..Манай байгууллагын хувьд хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж иргэний эрхийг хохироох үйлдэл хийгээгүй. Дээрх хуулийн хэрэгжилтийн хугацаа 2022.01.01-ний өдрийг хүртэл сунгагдсан. Иргэн С.*******ийн хувьд нийгмийн *******ын шимтгэл нөхөн төлөх хүсэлтээ тус байгууллагын Баянтүмэн сумын нийгмийн *******ын байцаагч Б.т хугацаа алдуулж буюу 2021.12.21-ний өдөр гаргасан байсан. Манай байцаагч нэхэмжлэгчийг шүүхийн шийдвэр нь гараагүй байхад 8 жил 6 сар орчмын хугацааны нийгмийн *******ын шимтгэлийг та нөхөж төлөх юм байна гэсэн тооцоог гаргаж зөвлөгөө өгсөн байсан. Гэтэл нэхэмжлэгч өөрөө 4 жил 6 сарын нийгмийн *******ын шимтгэл төлөх хүсэлтээ гаргаж энэ хугацааны шимтгэлд 2 268 000 төгрөгийг нөхөн төлж хүсэлтээ хүргүүлсэн байсан. Иргэний хүссэн энэ хугацааг нь баталгаажуулсан. Шимтгэл нөхөн төлөх асуудал дуусаж, тэтгэвэр тогтоолгох асуудлыг манай 4-5 байцаагч дамжуулан хянадаг. Ингээд энэ хүний 20 жил нийгмийн *******ын шимтгэл төлсөн байх ёстой шаардлага хангагдахгүй байсан тул өндөр насны тэтгэврийг тогтоох боломжгүй байсан. Нийгмийн *******ын байцаагч тухайн иргэний тэтгэвэрт гарахад шаардлагатай ажилласан жил, бусад тооцоог бодож зөвлөх боловч иргэн өөрийнхөө улсад ажилласан жил, хэдэн жил нийгмийн *******ын шимтгэл төлсөн болохоо, одоо хэдэн жилийг нөхөн төлөхөө өөрөө сайн мэдэж байх учиртай. ...Нэхэмжлэгчийн хувьд хэтэрхий оройтож хүсэлтээ гаргасан, мөн өөрөө нөхөн төлөх шимтгэлээ дутуу төлснөөс болж ийм нөхцөл байдалд хүрсэн нь манай байгууллагын хууль зөрчсөн ажиллагаанаас болоогүй” гэж тайлбарлан маргасан.
Хариуцагч Б., түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: “...Нэхэмжлэгч С.******* нь дээрх хуулийн хэрэгжих хугацаа ойртсон үед буюу хэтэрхий оройтож, нийгмийн *******ын шимтгэл нөхөн төлөх хүсэлтээ гаргасан бөгөөд түүний хэлснээр улсад ажилласан жил нь ойролцоогоор 7 жил 6 сар, 3 хүүхэд төрүүлж өсгөсний 4 жил 8 сар /нэг хүүхдэд 1,6 жил/ буюу 12 жил гарангийн хугацаа болж байна. 20 жил хүрэхэд ойролцоогоор 8 жил 6 сар орчмын хугацаа дутах учраас энэ хугацааны нийгмийн *******ын шимтгэлд ойролцоогоор 4 284 000 төгрөг төлөх болох байх гэсэн зөвлөгөөг өгсөн нь үнэн. Энэ үед шүүхээр ажилласан хугацаагаа тогтоолгоогүй байсан. Шүүхээр ажилласан жил тогтоолгосны дараа өөрчлөгдөж магадгүй гэдгийг хэлсэн. 2021.12.21-ний өдөр надаас ирээд 8 жил 6 сарын нөхөн төлөх шимтгэлд 4 сая төгрөгөө төлнө гээд дансны дугаар аваад явсан боловч маргааш нь ирэхдээ 4 жил 6 сарын 2 сая гаруй төгрөг төлөөд төлсөн баримтаа хүсэлттэйгээ аваад ирснийг нь байцаагч баталгаажуулахаар материалыг нь илгээсэн. 2022.01.26-ны өдөр С.*******ийн тэтгэвэр тогтоолгох жил хүрэхгүй, шаардлага хангахгүй байна гэсэн хариу ирснийг нь түүнд хэлж нийгмийн *******ын дэвтрийг нь өгсөн. Байцаагч Б.ын хувьд түүнд 4 жил 6 сарын шимтгэл нөхөн төл гэж хэлээгүй. Нэхэмжлэгч 3 хүүхэд төрүүлсэн, нэг хүүхдийн 1,6 жил буюу 4 жил 8 сар нэмэгдэнэ гэдгийг хэлж байсныг андуурч төлсөн байх гэж үзэж байна. ...Энэ хүн нийгмийн *******ын шимтгэл дутуу төлж, өндөр насны тэтгэврээ тогтоолгож чадаагүй нь байцаагчийн буруу биш. Тухайн иргэн өөрөө хүсч төлсөн шимтгэлийг байцаагчийн зүгээс яагаад тэгэв, буруу байна гэж хэлэх эрх байхгүй...” гэж тайлбарлан маргадаг.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна.
1. Нэхэмжлэгч С.******* нь Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн *******ын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд заасны дагуу 2022.01.01-ний өдрийн дотор тэтгэврийн *******ын шимтгэлээ нөхөн төлөх, малчин нөхцлөөр тэтгэврээ тогтоолгох зорилгоор Дорнод аймгийн Баянтүмэн сумын нийгмийн *******ын байцаагч Б.т 2021 оны 11 сард дээрх хуульд хэрхэн хамрагдах талаар хандан зөвлөгөө мэдээлэл авчээ.
2. Хариуцагч Дорнод аймгийн Баянтүмэн сумын нийгмийн *******ын байцаагч Б. нь нэхэмжлэгч С.*******ийн гаргасан дээрх хүсэлтийн дагуу нэхэмжлэгчийн улсад ажилласан байдал, 3 хүүхэд төрүүлж өсгөсөн байдлуудыг түүний өгсөн мэдээллийн үндсэн дээр тооцоолон ойролцоогоор 8 жил 6 сарын хугацааны тэтгэврийн *******ын шимтгэлийг нөхөн төлөх боломжтой, улмаар улсад ажилласан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлагатай ба шүүхийн шийдвэрээс шалтгаалан нөхөн төлөх шимтгэлийн хэмжээ тодорхой болох талаар тус тус зөвлөсөн байна.
3. Нэхэмжлэгч С.******* нь Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд Улсад ажилласан байдлаа тогтоолгох тухай хүсэлт гаргаж, улмаар тус шүүхийн 2021 оны 12 сарын 13-ны өдрийн 853 дугаартай шийдвэрээр С.*******ийг 1987 оны 6 сарын 16-ны өдрөөс 1992 оны 3 сарын 02-ны өдрийг хүртэл Дорнод аймгийн Матад сумын Энхтайван нэгдлийн 4 дүгээр бригадад малчнаар, 1992 оны 3 сарын 02-ны өдрөөс 1995 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл тус сумын “Энхтайван” ХК-д малчнаар /ойролцоогоор 7 жил 6 сар/ тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэсэн байна.
4. Нэхэмжлэгч нь 2021 оны 12 сарын 21-ний өдөр нийгмийн *******ын байцаагч Б.т хандан шүүхийн шийдвэр болон бусад бичиг баримтаа бүрдүүлэн тэтгэврийн *******ын шимтгэл нөхөн төлөх хүсэлтээ гаргаж, 2021 оны 12 сарын 22-ны өдөр 4 жил 6 сарын хугацааны тэтгэврийн *******ын шимтгэлд 2 268 000 төгрөгийг нөхөн төлсөн, улмаар нийгмийн *******ын байгууллагаас түүний нөхөн төлсөн тэтгэврийн шимтгэл/4 жил 6 сар/, 3 хүүхэд төрүүлж өсгөсний тоогоор нэмэгдсэн жил/ 4 жил 8 сар/, шүүхээс тогтоосон улсад ажилласан жил /7 жил 6 сар/ бүгд нийлээд өндөр насны тэтгэвэрт гарах 20 жилд хүрэхгүй байна гэсэн шалтгаанаар өндөр насны тэтгэврийг тогтоох боломжгүй байгааг 2022 оны 01 сарын 26-ны өдөр нэхэмжлэгч С.*******д мэдэгдэн нөхөн төлсөн жилийг баталгаажуулсан нийгмийн *******ын дэвтэр болон бусад холбогдох баримтуудыг түүнд мөн өдөр өгчээ.
5. Нэхэмжлэгч нь байцаагч Б.ын үйл ажиллагаа буюу нөхөн төлөх шимтгэлийг дутуу тооцож өгсний улмаас тэтгэврээ тогтоолгох боломжгүй болсон талаар болон тэтгэврийн *******ын дутуу тооцсон шимтгэлийг нөхөн төлүүлж өгөх тухай гомдлыг Дорнод аймгийн Нийгмийн *******ын ******* болон Нийгмийн *******ын ерөнхий газарт хандан гаргасан боловч тус байгууллагуудаас “...Хуулийн хэрэгжих хугацаа дууссан тул дутуу тооцсон жилийг дахин нөхөн төлөх боломжгүй” талаарх хариуг ирүүлсэн гэх үйл баримтууд хэрэгт авагдсан баримтууд болон зохигч талуудын тайлбаруудаар тус тус тогтоогдож байх ба зохигч талууд дээрх үйл баримтуудын талаар маргаагүй.
Нэхэмжлэгч С.******* нь өндөр насны тэтгэврээ тогтоолгож чадаагүй шалтгаанаа хариуцагч Б.ын буруутай үйл ажиллагаа буюу тэтгэврийн *******ын шимтгэлийг нөхөн төлөх хугацааг түүнд дутуу тооцоолж өгсний улмаас болсон, уг үйл ажиллагаанд Дорнод аймгийн Нийгмийн *******ын ******* хяналт тавиагүй гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж, Төрийн байгууллага болон төрийн албан хаагчийн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчид гэм хорын хохирол учирсан болохыг тогтоолгож, улмаар өндөр насны тэтгэвэрт гарсан бол ирээдүйд сар бүр авах байсан тэтгэврийн хэмжээгээр гэм хорын хохирлыг тооцон 42 000 000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч нар нь эс зөвшөөрч маргасан.
2017 оны 02 сарын 02-ны өдөр батлагдсан Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн *******ын шимтгэлийн нөхөн төлүүлэх тухай хууль нь нийгмийн шилжилтийн явцад хөдөлмөр эрхлэлтийн статус нь өөрчлөгдөж, эрхэлж байгаа ажил үйлчилгээний онцлогоос хамааран тэтгэврийн *******ын шимтгэлээ тухайн хугацаанд нь төлж чадаагүй малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн *******ын шимтгэлийг нэг удаа нөхөн төлүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах зорилготой бөгөөд уг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 7 дугаар зүйлүүдэд 1995 оноос эхлэн энэ хууль хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд малчнаар ажилласан ...хуульд заасан өндөр насны тэтгэвэр тогтоолгоогүй иргэн малчин байсан хугацааны тэтгэврийн *******ын шимтгэлээ нөхөн төлөх хүсэлтээ хуульд заасан баримтаа бүрдүүлэн өөрийн харъяалах сум, дүүргийн нийгмийн *******ын байгууллагад гаргахаар заажээ.
Түүнчлэн уг хуулийг хэрэгжүүлэхээр Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 12 сарын 30-ны өдрийн 483 дугаар тогтоолоор батлагдсан “Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэний тэтгэврийн *******ын шимтгэлийг нөхөн төлүүлэх журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.1-т “Иргэн нь шимтгэл нөхөн төлөх хүсэлтээ өөрийн харьяалагдах үндсэн болон түр оршин суугаа газрын харьяа нийгмийн *******ын байгууллагад 2020 оны 01 сарын 01-нээс 2021 оны 12 сарын 31-ний өдрийн дотор энэ журамд заасны дагуу холбогдох баримт бичгийн хамт гаргана”,(Энэ заалтад Засгийн газрын 2021 оны 287 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон), 4.2-т “Нийгмийн *******ын төв, орон нутгийн байгууллага малчнаар ажилласан жилийг тодорхойлохдоо Засгийн газраас баталсан малчинд тэтгэвэр тогтооход баримтлах журмын холбогдох заалтыг мөрдөж шимтгэл нөхөн төлүүлж ажиллана”, 4.4-т “Иргэн шимтгэл нөхөн төлөх хугацааг өөрийн санхүүгийн боломжид ...нийцүүлэн энэ журмын 2.1-д заасан бүх хугацааны доторх шимтгэл төлөөгүй бүх жилүүд, эсхүл өөрийн хүсэлтээр сонгосон жилүүдийг сонгож болно”, мөн 4.5-д “Нийгмийн *******ын байгууллага энэ журмын 4.4-т заасан нөхөн төлөх хугацааг сонгоход иргэнд зөвлөгөө, мэдээлэл өгч хамтран ажиллана” гэж тус тус заасан байна.
Нийгмийн *******ын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7-ийн 2-т нийт 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн *******ын шимтгэл төлсөн эмэгтэй 50 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй байхаар заажээ.
Дээрх хуулиуд болон холбогдох журамд зааснаар малчин иргэний тэтгэврийн *******ын шимтгэлээ нөхөн төлөх хугацаагаа тооцуулах тухай гаргасан хүсэлтийг нийгмийн *******ын байгууллага /байцаагч/ нь хүлээн авч, иргэний бүрдүүлж өгсөн баримт бичигт үндэслэн тэтгэврийн *******ын шимтгэл төлсөн хугацааг шалгаж, нөхөн төлөх боломжтой жил, сарыг гарган, төлбөл зохих нийт шимтгэлийн дүнг тооцон, тухайн иргэнд төлөх шимтгэл, хугацаа, тэтгэвэр тогтоолгох эрх хэрэгжих зэрэг асуудлаар тодорхой зөвлөгөө өгч ажиллахын зэрэгцээ малчин иргэний хувьд ч нийгмийн *******ын байгууллагын өгсөн мэдээлэл, зөвлөгөөг үндэслэн шимтгэл нөхөн төлөх хугацааг өөрийн хүсэлтээр өөрөө сонгох эрхтэй болохыг тус тус зохицуулсан байна.
Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2, 510 дугаар зүйлийн 510.1-т ...төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгах, уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй тухай тус тус заажээ.
Хуулийн дээрх зүйлүүдэд зааснаас үзвэл төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл/эс үйлдэхүй/ байх, уг үйлдэл/эсүйлдэхүй/-ийн улмаас
иргэн, хуулийн этгээдэд гэм хорын хохирол учирсан байх, дээрх хууль бус үйлдэл/эс үйлдэхүй/ болон учирсан гэм хорын хохирлын хооронд шалтгаант холбоотой байхыг ойлгох бөгөөд дээрх нөхцөл хангагдсан тохиолдолд иргэн, хуулийн этгээд өөрт учирсан хохирлоо гэм буруутай этгээдээс шаардах эрхтэй.
Гэвч зохигч талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд шинжлэн судалсан бичгийн баримтуудаар хариуцагч Дорнод аймгийн Нийгмийн *******ын ******* болон нийгмийн *******ын байцаагч Б. нарын хууль бус үйлдэл буюу гэм буруутай үйлдэл тогтоогдохгүй байхаас гадна нэхэмжлэгч С.*******д 42 000 000 төгрөгийн хохирол бодитоор учирсан эсэх нь тус тус тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэв.
Өөрөөр хэлбэл холбогдох хууль болон журамд заасны дагуу нийгмийн *******ын байгууллага буюу байцаагчаас нэхэмжлэгчийн улсад ажилласан жил, төрүүлсэн хүүхдийн тоогоор нэмэгдэх жил болон бусад нөхцөл байдлыг тооцон нөхөн төлбөл зохих хугацаа буюу ойролцоогоор 8 жил 6 сарын хугацааны тэтгэврийн *******ын шимтгэлийг нөхөн тооцож төлөх тухай зөвлөгөөг нэхэмжлэгч С.*******д холбогдох дүрэм, журамд заасны дагуу өгсөн гэж үзэх үндэслэлтэй байх ба байцаагч Б. нь нэхэмжлэгчид 4 жил 6 сарын хугацааны шимтгэлд 2 268 000 төгрөгийг төлөх ёстой гэсэн заавар, зөвлөгөөг өгсөн буюу нөхөн төлөх шимтгэлийг буруу тооцоолж, дутуу төлүүлсэн гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч С.*******ийн хувьд хуульд зааснаар улсад 20-иос доошгүй жил ажилласан байх, үүнээс 12 жил 06 сард нь малчнаар ажилласан байх гэсэн шаардлагыг, мөн нийгмийн *******ын байцаагчийн зөвлөснөөр нөхөн төлбөл зохих жил нь 8 жил 6 сар орчим гэдгийг тус тус мэдэж байснаас гадна 4 жил 6 сарын хугацааны шимтгэлийг нөхөн төлсөн ч хуульд заасан “нийт 20 жил ажилласан байх” гэсэн шаардлагад хүрэхгүй болохыг тэрээр мэдэх боломжтой байсан гэж үзнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т заасны дагуу нэхэмжлэгч нь нотлох үүргийн хуваарилалтын дагуу хариуцагчид холбогдуулан гаргасан өөрийн нэхэмжлэлийн шаардлагын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж, цуглуулах үүрэгтэй.
Гэвч нэхэмжлэгч тал нь хариуцагч Б.ын гэм буруутай үйл ажиллагаа буюу тэтгэврийн *******ын шимтгэлийг нөхөн төлөх хугацааг нэхэмжлэгч С.*******д дутуу тооцоолж өгснөөс болж нөхөн төлөх шимтгэлийг дутуу төлсөн, уг үйл ажиллагаанд Дорнод аймгийн Нийгмийн *******ын ******* хяналт тавиагүйгээс нэхэмжлэгч өндөр насны тэтгэврээ тогтоолгож чадахгүй нөхцөлд байдалд хүрсэн, улмаар өндөр насны тэтгэвэрт гарсан бол ирээдүйд сар бүр авах байсан тэтгэврийн хэмжээгээр буюу 42 000 000 төгрөгийн гэм хорын хохирол бодитоор учирсан гэж үзсэн нэхэмжлэлийн шаардлагаа шүүхэд нотолж чадаагүй гэж үзнэ.
Түүнчлэн нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүх хуралдааны явцад гаргасан “гар утасны мессэж” гэх баримт, мөн нэхэмжлэлд хавсаргасан гараар ноороглосон гар бичмэл/хэргийн 15, 16 дугаар тал/ гэх баримтууд нь хуульд заасан арга хэргэслээр олж аваагүйн улмаас нотлох баримтыг гаргаж өгөх, цуглуулах, бүрдүүлэх шаардлагыг хангаагүй баримтууд байх тул уг баримтуудыг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т тус тус зааснаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.
Иймд дээрх үндэслэлүүдээр Төрийн байгууллага болон төрийн албан хаагчийн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчид 42 000 000 төгрөгийн гэм хорын бодит хохирол учирсан болох нь тогтоогдохгүй байх тул шүүх хариуцагч Дорнод аймгийн Нийгмийн *******ын ******* болон Б. нарт холбогдох гэм хор учирсан болохыг тогтоолгож, гэм хорын хохиролд 42 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 367 950 төгрөгийг төсвийн орлогод үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 , 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2, 510 дугаар зүйлийн 510.1-т тус тус зааснаар хариуцагч Дорнод аймгийн Нийгмийн *******ын ******* болон Б. нарт тус тус холбогдох Гэм хорын хохирол болохыг тогтоож, гэм хорын хохиролд 42 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч С.*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 367 950 төгрөгийг Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т тус тус зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар нэхэмжлэгч хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь 14 хоногийн хугацаанд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.УРТНАСАН
ШҮҮГЧИД С.ГАНЧИМЭГ
Г.ЖАРГАЛТУЯА