| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 307/2025/0163/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/190 |
| Огноо | 2025-04-14 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Ч.Мядагбадам |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 2025/ШЦТ/190
2025 04 14 2025/ШЦТ/190
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 307/2025/0163/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн,
Улсын яллагчаар Ч.Мядагбадам,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* холбогдох эрүүгийн 2518000000163 дугаартай хэргийг 2025 оны 04 сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2002 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, вагон үзэгч мэргэжилтэй, ******* ресторанд тогооч ажилтай, ам бүл 6, ах, эгч нарын хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* /
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 1 жилийн хугацаатай хасуулсан боловч дахин согтуурсан үедээ 2025 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 21 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах аюулгүйн тойргийн асфальтан зам дээр цагаан өнгийн ******* улсын дугаартай Тоёота Приус-30 загварын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн болох нь:
Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2025 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 02-ны өдрийг хүртэлх хугацаанд томилгоот үүрэг гүйцэтгээд Дархан-Уул аймгийн Дархан сумын 08 дугаар багт байх аюулгүйн тойрог орчимд явж байсан бүх тээврийн хэрэгслийн жолооч нарыг тандагч багажаар үлээлгээд хяналт шалгалтын үүрэг гүйцэтгээд байж байхад ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл 2 эгнээтэй замын голд явж байхаар нь дохиод зогсооход эрэгтэй хүн ганцаараа жолоо барьсан байдалтай байсан. Тухайн хүн архи, согтууруулах ундааны зүйлийг хэрэглэсэн байдалтай, үнэртэж байсан тул тандагч багажаар шалгах гээд үлээлгэхэд тандагч багаж “архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна” гэх дохио өгсөн. Ингээд тухайн хүнийг тээврийн хэрэгслээс буулгахад хөл дээрээ тогтохгүй найгаад явж чадахгүй байдалтай байсан. Ингээд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгах багажаар шалгах гээд шаардлага тавихад тухайн хүн нь шалгуулахгүй, шалгуулахаас зайлсхийж байсан. Мөн өөрийн овог, нэр, регистрийн дугаарыг нь асуухад огт хэлээгүй. Тээврийн хэрэгслийн дугаараар нь шүүн үзэхэд Мөнгөнцоож гэх хүн нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 1 жилийн хугацаатай хасуулсан байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15/,
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2024/ЗШ/4517 дугаартай шийтгэвэр /хавтаст хэргийн 39-40/,
Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 06-10/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /хавтаст хэргийн 11-14/,
Яллагдагч *******ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2025 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 14 цагийн үед Хээтэй хорооллын 4.4 дүгээр байрны гадаа очоод дүү Тэргэлийг дуудаад хамт байж байхдаа 0.75 литрийн архийг ганцаараа ууж дуусгаад унтчихсан. ...21 цаг болж байхад сэрээд машинаа асаагаад гэр рүүгээ явж байхад Оргил худалдааны төвийн урд цагдаа зогсоосон.Тухайн цагдаа эхлээд тандагч багажаар намайг үлээлгэхэд тандагч багаж дуугарсан. Ингээд тэр цагдаа машинаа замаас чөлөөлөөд зогсчих гээд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон байна драгер багаж үлээлгэе гэхээр нь би үлээлгэж шалгуулахгүй гэж хэлсэн. Ингээд эрүүлжүүлэх рүү очсон. Эрүүлжүүлэх байранд очиж драгер багаж үлээхэд 1.41 хувийн согтолттой гарсан. Би тухайн үед өөрийн эзэмшлийн ******* улсын дугаартай цагаан өнгөтэй Т/Приус-30 загварын тээврийн хэрэгсэлтэй явж байсан ба ганцаараа явж байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-19, 26/
Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...угаасаа архи уусан учраас үлээлгэж шалгах шаардлагагүй гэж хэлсэн, ...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийнг 5 дахь хэсэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.
Нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Иймд шүүгдэгч *******ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч нь эрхэлсэн тодорхой ажилтай, өөрийн үйлдлийн улмаас учирч болох хор аюулыг ойлгож ухамсарласан байгаа байдал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан ялын хамгийн хөнгөн төрлийн ял болох торгох ял оногдуулахаар шийдвэрлэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 6,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, 20 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссаны дараа, эсхүл торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно” гэж заасан тул шүүгдэгч *******ид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй байна.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй болохыг тус тус дурдаж, хэрэгт хураагдан ирсэн 1 ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. *******ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч *******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурван/ жилийн хугацаагаар хасаж, 6,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******ид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 20 сарын хугацаанд, сар бүр 300,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар *******ид оногдуулсан тээврийн хэрэгслийн жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
5. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах төлбөр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, энэ хэрэгт хураагдаж ирсэн 1 ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД