| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганбаатарын Уртнасан |
| Хэргийн индекс | 138/2022/00404/И |
| Дугаар | 138/ШШ2022/00634 |
| Огноо | 2022-06-30 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 138/ШШ2022/00634
| 2022 оны 06 сарын 30 өдөр | Дугаар 138/ШШ2022/00634 | Дорнод аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Уртнасан даргалан, Ерөнхий шүүгч С.Ганчимэг, шүүгч Т.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “Б” танхимд явуулсан шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг, ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын д холбогдох,
Бусдын эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирол 3 364 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Иргэдийн төлөөлөгч Б.Саранбаяр
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбат,
Хариуцагч Б., түүний өмгөөлөгч М.Энхтуяа
Гэрч Ц.Хишигмөнх, Б.Сүрэнжав
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяамандах.
Нэхэмжлэгч Т.******* шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ирээгүй бөгөөд түүний шүүх хуралдаанаас чөлөөлүүлэх тухай бичгээр гаргасан хүсэлт, нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон хариуцагч, түүний өмгөөлөгч нарын хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.******* нь хариуцагч Б.д холбогдуулан Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгт 3 364 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.
Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч Ч.Эрдэнэбат нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие Хэрлэн сумын 9 дүгээр баг, 13 дугаар байрны 66 тоотод 2005 оноос эхлэн одоог хүртэл хувиараа бизнес эрхлэн үйл ажиллагаа явуулдаг. Манай дээд айл болох 13-68 тоотын оршин суугч Б. нь байраа бусдад түрээслүүлдэг. Олон ч удаа манай дээрээс ус алдаж байсан. Сая 2022.03.28, 2022.04.03-ны өдрүүдэд ус алдуулж надад эдийн засгийн хохирол учруулаад байна. Тухайн үед нийтийн аж ахуйд дуудлага өгч арга ядаад өөрийн мөнгөөр засвар үйлчилгээ хийлгэсэн. Б.д удаа дараа хэлсэн. Эдний бохирын босоо болон хэвтээ шугамнаас ус алддаг гэдгийг мэддэг мөртлөө ямар ч хариуцлаггүй, одоо хүртэл янзлуулаагүй. Ийм сантехниктэй байж байраа түрээслүүлнэ. Б.д хэлээд нэмэргүй, Нийтийн аж ахуйн засварчдаар засуулахгүй, өөрөө засварчин олж засуулна гэсээр хэдэн жил боллоо. Дээрээс ус орж ирсэний улмаас цахилгааны утаснууд бүгд эвдэрсэн, обой норж хууларсан, дээврийн дүүжин таазны гэрлээр ус орж бүгдийг нь сольсон. Би засвар үйлчилгээнд нийт 3 364 000 төгрөгийг өөрөө гаргасан.
...Ер нь ус алдсан, гоожсон, нэвчсэн эсэхээс үл хамаарч нэхэмжлэгчийн орон сууцанд чийг орсон эсэхэд хэн ч маргахгүй байна. Хариуцагчийн хариу тайлбарт ч энэ талаар байна. Чийг авсан обой ямар болдог гэдгийг бид бүгд мэднэ. Барилгын засал чимэглэл хэрэглэж байгаа бүх материал шохойн биетэд суурилдаг болсон. Энэ нь шохойн биетэд суурилдаг барилгын материал чийг авахаар ямар болохыг бид мэднэ. Гажилт, хэлбэрт нь өөрчлөлт ордог, дахин ашиглах боломжгүй болдог. Үүнийг дахин сэргээх боломжгүй учир дахин засвар хийсэн асуудал байгаа.
Мэдээж насжилт өндөртэй орон сууцны дундын шугам муудсан нь үнэн. Гэхдээ иргэд үүн дээрээ өөрсдөө ач холбогдол өгч, дор, дор нь солиулж байсан бол бусдын эд хөрөнгөд гэм хорын хохирол учруулахгүй байсан байна гэж харж байна. Энэ нь нийтийнх уу, СӨХ-ийнх үү гэдгээс үл хамаарч, тухайн тоотод байгаа инженерийн шугам сүлжээний аюулгүй байдал, түүнээс үүсэх эрсдэлийг тухайн оршин суугч өөрөө хариуцах үүрэгтэй. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.
Хариуцагч Б., түүний өмгөөлөгч М.Энхтуяа нар хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, эднийх 10 гаран жил засвар хийгээгүй байсан. Олон түрээслэгч, олон үйлчилгээ дамжин ажиллаж байсан байр. Сая үсчин ажиллуулахаар байрандаа иж бүрэн засвар хийсэн. Тэр үед надад “манайх босоо шугамаа сольсон танайх ч гэсэн солиул, дээрээс ус алдвал хэцүү. Манай засварыг дуусахаас өмнө хамтад нь янзлуул” гэж хэлсэн. Түүнээс манай дээрээс ус алдуулсан, би ийм хэмжээний мөнгө төгрөгөөр засвар хийлгэж байна гэж надад огт яриагүй. Эдний засвар 4 сарын эхээр дууссан. 2022.03.28-ны өдөр ******* дуудлага өгч дээрээс ус алдаад байна гэж түрээслэгч охиныг загнасан байсан. Дуудлагын дагуу Нийтийн аж ахуйгаас хоёр хүн ирээд ус алдаагүй байна, ил гэмтлийн улмаас ус алдаагүй юм чинь шал, дээврийн завсрын босоо шугамын шүүрэлтээс болдог учраас босоо шугамаа сольвол зүгээр гэсэн. Тэгээд бид босоо шугамаа сольсон нь тэр юм. Бид хөдөө байсан нь үнэн. Би явахдаа түрээслэгч охиндоо босоо шугамаа янзлуулаарай гэдгийг хэлсэн. Түрээслэгч охин маань ******* эгчтэй хамт явж материалаа аваад босоо шугамаа солиулсан байсан. Босоо шугам солиулах, материал авах зардалд би 500 000 төгрөг гаргаж түрээслэгч охиндоо өгсөн. ...Гэтэл арваад жил засвар хийгээгүй байрандаа хийгдсэн засварын бүх зардлаа нэхсэн байгааг зөвшөөрөхгүй.
Нэхэмжлэгч засвар үйлчилгээнд 3 364 000 төгрөг зарцуулсан гэж хэлдэг. Тухайн үед ямар засвар хийсэн бэ гэж үзэхээр, үсчин нээхийн тул 10 аад жил засвар хийгээгүй байсан байрандаа засвар хийсэн гэж харагдаж байна. Уг байранд өмнө нь сүлжээний бизнес гэх мэт олон түрээслэгч үйл ажиллагаа явуулж байсан байдаг. Уг засварын ажлын хөлс нь 3 364 000 төгрөг болсон гэж харж байна. Энэ хоёр удаагийн ус алдуулсны улмаас тухайн байрны 3 өрөөний обой, тааз, гэрэлд эвдрэл гэмтэл гарсан гэдэг нь тогтоогдохгүй байна. Засвар хийлгүй 10-аад жил болж, он жилийн уртад чийгт авагдаж, хуучирсан зүйлээ сольсоноо ингэж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Хоёр удаагийн дуудлагаар ирэхэд ус алдаж, шоржигнож гоожсон зүйл байхгүй. Ер нь ус нэвчсэн, шүүрсэн байдалтай байна гэдгийг мэргэжлийн байгууллагын хүмүүс нь хэлсэн байдаг. Түүнээс биш ус алдсанаас хохирсон гэдгийг баталсан, нотолсон зүйл огт байхгүй байна. Таазны 40 гэрэл гэж ярьдаг, энэ нь хэзээ шатсан нь мэдэгдэхгүй. 3 жилийн дотор ус алдуулсан зүйл байхгүй гэдгийг гэрч хэлж байхад үүнийг төлүүлнэ гэж байгаа нь үндэслэлгүй юм. Засварын гэрээнүүд хэрэгт өгсөн байсан. Гэвч хичнээн метр квадрат талбайд засвар хийсэн, засварын ажлыг дүгнэсэн дүгнэлт байхгүй байна. Аль хэсгийг засахад ямар хэмжээний зардал, материал гаргасан гэдэг нь нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул ийн зүгээс энэ айлын засварын зардлыг төлөх үндэслэл байхгүй. Харин өөрийн хариуцах босоо шугамыг солих зардлыг бүрэн хариуцаж, шугамаа солиулсан гэв.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Б.Саранбаяр дүгнэлтдээ: Энэ асуудалд хариуцагч тал мөнгө төлөх шаардлагагүй гэж үзлээ. Яагаад гэвэл хариуцагч талаас ийм их хэмжээний хохирол гарахаар их хэмжээний ус алдуулаагүй байна гэв.
Нэхэмжлэгч талаас шүүхэд Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг, 13-66 тоот орон сууцны улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар, 276 000 төгрөгийн сантехникийн материал авсан зарлагын баримт, “Түшигт Хан Оргил” ХХК-иас 766 000 төгрөгийн барилгын материал авсан тухай 2022.04.06-ны өдрийн зарлагын баримт, “Түшигт Хан Оргил” ХХК-ийн 766 000 төгрөгийн 2022.04.06-ны өдрийн НӨАТ-ын баримт, “Дорнын өглөг” ХХК-иас 218 000 төгрөгийн материал авсан тухай 2022.03.27-ны өдрийн зарлагын баримт, “Чойбалсан карго” ХХК-ийн 2022.04.05-ны өдрийн 28 400 төгрөгийн болон 25 500 төгрөгийн НӨАТ-ын баримтууд, 9 900 төгрөгийн НӨАТ-ын баримт /дэлгүүрийн нэр болон авсан барааны нэр тодорхойгүй/, 2022.03.27-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээнүүд, “Дорнод НАА” ОНӨААТҮГ-ын ерөнхий инженер Ц.Хишигмөнхийн гаргасан 2022.04.05-ны өдрийн тодорхойлолт, гэрэл зургийн үзүүлэлтүүд гэсэн баримтуудыг,
Хариуцагч талаас “Дорнод НАА” ОНӨААТҮГ-ын ерөнхий инженер Ц.Хишигмөнх, инженер Б.Сүрэнжав нарын гаргасан 2022.05.13-ны өдрийн тодорхойлолт, гэрэл зургийн үзүүлэлтүүд гэсэн баримтуудыг тус тус гаргаж өгсөн.
Шүүх нэхэмжлэгч талын хүсэлтээр Ц.Хишигмөнх, Б.Сүрэнжав нарыг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулж мэдүүлэг авсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талын хүсэлтээр Ц.Ганзориг, Ц.Үүрцайх, Г.Одонцэцэг нарыг гэрчээр асуух ажиллагааг тус тус явуулсан.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэгч Т.*******ийн хариуцагч Б.ээс бусдын эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохиролд 3 364 000 төгрөг гаргуулахаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нар нэхэмжлэлийн үндэслэлээ “...13 дугаар байрны 68 тоот байрны өмчлөгч Б. нь уг байраа бусдад түрээслэдэг бөгөөд манай дээд давхрын айл юм. Миний бие 13 дугаар байрны 66 тоот байрыг аж ахуйн зориулалтаар ажиллуулдаг. Дээд айлаас 2022 оны 3 сарын 28-ны өдөр болон 4 сарын 03-ны өдрүүдэд ус алдуулсны улмаас надад эдийн засгийн хохирол учирсан... Дээд айлын бохирын шугамнаас ус нэвчиж ус алдсан байсан. Үүний улмаас манай байрны цахилгааны утас бүгд гэмтсэн, обой норж хууларсан, дээврийн дүүжин таазны нүдэн гэрлээр ус гоожиж бүгдийг сольсон. Ус алдсаны улмаас би байрандаа 3 364 000 төгрөгийн засвар үйлчилгээ хийсэн тул уг зардлыг гаргуулна” гэж тодорхойлсон.
Хариуцагч болон түүний өмгөөлөгч нар нэхэмжлэлийн талаарх татгалзлаа “...Доод айл буюу Т.******* эгч манай түрээслэгч охиныг “дээрээс ус алдууллаа” гэж загнаж орж ирсэн байсан. Гэтэл манайхаас ус алдаагүй байсан. Нийтийн аж ахуйд дуудлага өгөөд шалгуулахад манайхаас ус алдуулсан зүйл байхгүй байна. Босоо шугамаа шалгуулаад үз гэсэн. Босоо шугамаа шалгуулахад нойлын өрөөний бохирын босоо шугамны шал таазны завсар хэсэгт босоо шугам элэгдэж муудсанаас болж цоорсны улмаас ус нэвчиж байсан болохыг мэдсэн. ...тэгээд Т.******* эгчийн тусламжтайгаар босоо шугамаа солиулсан. Босоо шугам солиулах материалыг Т.******* эгч манай түрээслэгч охинтой хамт явж аваад босоо шугамыг солиулсан байсан. Энэ зардалд би 500 000 төгрөг гаргаж түрээслэгч охинд өгсөн. ...Т.******* эгч байрандаа олон жил засвар хийгээгүй байсан. Хамгийн сүүлд үсчин ажиллуулах гэж байгаа, засвар хийж байгаа гэж надад хэлж байсан. Босоо шугамнаас ус нэвчсэнээс болж хичнээн талбай ямар хэмжээгээр норж гэмтсэн, норж гэмтсэн хэсэгт хэдэн төгрөгийн засвар үйлчилгээ хийсэн талаарх бичгийн баримт байхгүй байна. Т.******* нь байрандаа бүхэлд нь засвар хийсэн зардлаа нэхээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй... гэж тайлбарлан маргадаг.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтууд болох “Дорнод НАА” ОНӨААТҮГ-ын инженерүүдийн гаргаж өгсөн тодорхойлолтууд, босоо шугам солих ажлыг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, гэрч Ц.Ганзориг, Ц.Үүрцайх, Г.Одонцэцэг, Б.Сүрэнжав, Ц.Хишигмөнх нарын мэдүүлэг зэрэг бичгийн баримтуудаар 2022 оны 3 сарын 28-ны өдөр болон 4 сарын 03-ны өдрүүдэд хариуцагч Б.ийн өмчлөлийн Хэрлэн сумын 9 дүгээр баг, 13 дугаар байрны 68 тоот байрны нойлын өрөөний босоо шугамны далд хэсэгт цоорсны улмаас ус бага хэмжээгээр тогтмол шүүрч, нэхэмжлэгч Т.*******ийн өмчлөлийн 13 дугаар байрны 66 тоот байрны хана тааз норж шарласан үйл баримт тогтоогдож байх ба талууд энэ талаар маргаагүй.
Нэхэмжлэгч Т.******* нь дээрх ус алдалтын улмаас хана тааз норж шарласан, обой хууларсан, таазны нүдэн гэрэл шатаж, цахилгааны утас норж гэмтсэн тул байрандаа 3 364 000 төгрөгийн засвар хийж эдийн засгийн хохирол учирсан гэж 3 364 000 төгрөгийн хохирлыг хариуцагчаас нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргасан.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан бол уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөхөөр тус тус заасан.
Түүнчлэн хариуцагч Б. нь нийтийн зориулалттай орон сууцны өмчлөгчийн хувьд дангаар өмчлөх сууцны доторхи сантехникийн бүрэн бүтэн байдлыг хангах, сантехникийн эвдрэл гэмтэл байгаа эсэхийг мэргэжлийн байгууллагаар шалгуулах, засвар үйлчилгээг хийлгэх, улмаар ус алдах, үүнээс болж хэн нэгний эд хөрөнгөд хохирол учруулахаас сэргийлэх үүрэгтэй.
Хуульд зааснаар хариуцагч бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай болон болгоомжгүй үйлдэл/эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан байхаас гадна, хариуцагчийн гэм буруутай үйлдэл, учруулсан гэм хорын хохирлын хооронд шалтгаант холбоо байх ёстойг шаарддаг.
Хариуцагч Б. нь дангаар өмчлөх сууцны доторхи сантехник буюу бохирын босоо шугам элэгдэж муудсаны улмаас ил болон далд гэмтэл үүсч цоорох, үүний улмаас ус алдах эрсдэлтэй болохыг ухамсарлаж, улмаар бусдын эд хөрөнгөд хохирол учруулахаас сэргийлэх үүргээ биелүүлээгүй болох нь, мөн уг эс үйлдэхүйн улмаас босоо шугамнаас ус шүүрч нэвчин нэхэмжлэгчийн хана тааз норж шарласан болох нь тус тус тогтоогдож байна.
Гэвч нэхэмжлэгчээс дээрх ус алдалтын улмаас 3 364 000 төгрөгийн засвар үйлчилгээ хийсэн гэж тайлбарлан, нийт 2 497 800 төгрөгийн баримт /766 000 төгрөгийн баримт давхардсаныг хассан, 276 000 төгрөгийн сантехникийн материал авсан баримтыг нэхэмжлэлийн шаардлагад ороогүй гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбарласан/ буюу барилгын материалын дэлгүүрээс эд зүйлс худалдан авсан зарлагын баримтууд/нийт 1 047 800 төгрөгийн/, босоо шугам сольж буй гэрэл зураг, өрөөний хана шарласан талаарх гэрэл зургийн үзүүлэлт, засвар үйлчилгээ хийлгэх тухай ажил гүйцэтгэх гэрээ /нийт 1 450 000 төгрөгийн/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн боловч дээрх баримтуудаар нэхэмжлэгчийн эд хөрөнгөд 3 364 000 төгрөгийн хохирол бодитоор учирсан болох нь тогтоогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь дээд айлаас ус алдуулсны улмаас түүний байрны хана таазны хэдэн метр квадрат талбайн хэсэг норж гэмтсэн, аль өрөөний обой хэрхэн хууларсан, аль өрөөний аль хэсгийн цахилгааны утас, хэдэн нүдэн гэрэл шатсан, улмаар дээрх гэмтлүүдийг завсарлахад хичнээн төгрөгийн засвар үйлчилгээ шаардлагатай болохыг мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулаагүй байх ба энэ талаарх бичгийн баримт хэрэгт авагдаагүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т заасны дагуу нэхэмжлэгч Т.******* нь нотлох үүргийн хуваарилалтын дагуу хариуцагчид холбогдуулан гаргасан өөрийн нэхэмжлэлийн шаардлагын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж, цуглуулах үүрэгтэй.
Нэхэмжлэгч дээрх үүргээ биелүүлээгүйгээс шүүх хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн эд хөрөнгөд учирсан хохирлыг бодитоор тооцох боломжгүй, мөн ус алдсаны улмаас нэхэмжлэгчийн эд хөрөнгөд 3 364 000 төгрөгийн бодит хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Б.ээс 3 364 000 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй байна.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн “...хариуцагч талаас мөнгө төлүүлэх боломжгүй гэж үзлээ” гэсэн дүгнэлт үндэслэл бүхий байна гэж шүүх дүгнэв.
Иймд дээрх үндэслэлээр хариуцагч Б.ээс бусдын эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирол 3 364 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Т.*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 68 774 төгрөгийг Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч Б.д холбогдох бусдын эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирол 3 364 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Т.*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч Т.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68 774 төгрөгийг Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар нэхэмжлэгч хариуцагч нар нь 14 хоногийн дотор шүүхэд ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.УРТНАСАН
ШҮҮГЧИД С.ГАНЧИМЭГ
Т.БАЙГАЛМАА