| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нэргүй Баярбаатар |
| Хэргийн индекс | 315/2025/0112/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/137 |
| Огноо | 2025-05-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Цэгмэд |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 2024/ШЦТ/137
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхжин,
Улсын яллагч Б.Цэгмэд ,
Шүүгдэгч *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Цэгмэдээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******, ******* нарт холбогдох эрүүгийн 2530000010099 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1989 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******.
Монгол Улсын иргэн, 1991 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар баг “Дэнж”-ийн 927 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Сүхбаатар аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Яллагдагч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2024 оны 12 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг "+30" баарны гадна талд иргэн *******той хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, маргалдсаны улмаас түүний нүүрэн тус газарт нь гараараа цохиж биед нь 11 дүгээр шүдний булгаралт, 12 дугаар шүдний цөгцний хугарал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Яллагдагч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2024 оны 12 дугаар сарын 04-нөөс өдрөөс 05-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг "+30” баарны гадна талд иргэн *******тэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, маргалдсаны улмаас түүний толгойн тус газарт нь архины шилээр цохиж биед нь баруун гарын долоовор хурууны дээд хэсгийн шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй гэв.
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй гэв.
Хохирогч *******ын “... Би 2024 оны 12 дугаар сарын 04-ний шөнө 22 цагийн үед Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг "+30" бааранд , гэх хоёр найзтайгаа хамт орсон. Тэгээд бид гурав тухайн бааранд шил архи хувааж уугаад, бүжиглэж байгаад тухайн баарыг хаахаар нь гарч явсан. Тухайн үед би нэлээд согтсон байсан болохоор зарим асуудлын талаар санахгүй байна. Тэгээд нэг мэдэхэд танихгүй эрэгтэй хүн миний нүүр лүү гараараа цохиод миний шүднээс цус гарсныг санаж байна. Тэгээд би цагдаагийн байгууллагад гомдол гаргасан... ” гэх мэдүүлэг /хэргийн 16-17-р хуудас/,
Хохирогч *******ын дахин өгсөн “...Би тухайн үед нэлээд согтууралтай байсан. Тэгэхдээ ******* гэх хүн "+30" бааранд байх үедээ надтай муудалцах гээд байсан... баарнаас гараад ******* нь миний нүүр лүү гараараа цохиж амнаас цус гарсныг тодорхой санаж байна. Тэгээд тухайн үед нүүр лүүгээ цохиулснаас болоод миний дээд үүдэн нэг шүд унаж, нэг шүд хугарсныг санаж байна... ” гэх мэдүүлэг /хэргийн 20-21-р хуудас/,
Гэрч “... Би 2024 оны 12 дугаар сарын 04-ний шөнө 22 цагийн үед *******, , Баярхүү гэх гурван найзтайгаа хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7-р багт үйл ажиллагаа явуулдаг "+30" бааранд орсон. Тэгээд бид гурав бааранд ороод 2-3 шил архи хувааж уугаад, бүжиглэн нэлээд удсан. Тэгээд н.Баярхүү бид хоёр гаръя, явъя гэж ярилцаад байж байхад тухайн бааранд байсан танихгүй хүмүүс зодоон болоод байна гээд хоорондоо яриад байхаар нь хартал манай найз ******* хүнтэй муудалцаж байхаар нь би очоод салгах гэхэд ******* миний шүдийг нэг нь цөм цохичихлоо гэж хэлж байсан. Тэгэхэд удалгүй цагдаагийн алба хаагч орж ирээд бид нарыг салгаж цагдаагийн байгууллагад хүргэсэн... ” гэх мэдүүлэг /хэргийн 29-30-р хуудас/
Гэрч Н.Мөнх-Эрдэнийн “... Би 2024 оны 12 дугаар сарын 04-ний шөнө 22 цагийн үед *******, , Баярхүү гэх гурван найзтайгаа хамт Баруун-Урт сумын 7-р багт үйл ажиллагаа явуулдаг “Dj night” бааранд орсон. Тэгээд бид дөрөв тус бааранд хүний хоёр хоёр лааз пиво уучхаад 00 цагийн гарсан. Тэгээд н.Баярхүү, , ******* бид нар зүүн талд нь ойролцоо байдаг “+30” баар луу орсон. Бид нар тухайн бааранд хүн хүний 4-5 лаазтай пиво хувааж уусан... бид нар баарнаас гарахад нэг танихгүй залуу учраа олъё гэж хэлээд *******ыг дагуулаад явсан. Тэгээд манай найз бид хоёр баарнаас ертөнцийн зүгээр баруун зүгт алхаж байхад ******* араас гүйж ирээд намайг цохичихлоо гэж хэлж байсан... ” гэх мэдүүлэг /хэргийн 37-38-р хуудас/,
Сүхбаатар аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн хошууч А.Болор-Эрдэнийн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 21 дугаартай “... 1. *******ын биед 11 шүдний булгаралт, 12 шүдний цөгцний хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Дээрх гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 5.1-т заасан ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох хүснэгтийн 6.42.1-д зааснаар ерөнхий чадварыг 10 хувь тогтонги алдагдуулах тул хохирлын хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хэргийн 53-54-р хуудас/,
Хохирогч *******ийн “...Би 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр баг, Хайлаастын 1305 тоотод гэртээ байх үедээ , хоёртой хамт гурван шил архи хувааж уусан. Тэгээд тус шөнийн 01 цагийн үед эхнэр Б.Оргилмаа, найз , нарын хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг "+30" бааранд орсон. Би тухайн үед уусан архиндаа нэлээд согтсон байсан болохоор болсон асуудлын талаар санахгүй байна. Нэг мэдэхэд миний толгой норчихсон, баруун гарын ар хэсэгт зүсэгдсэн байдалтай цус ихээр гарч байсныг санаж байна. Мөн тухайн үед миний ар талд ******* гэх хүн нь нэг танихгүй залуутай хамт зогсож байсан. Тэгтэл эхнэр Б.Оргилмаа, найзууд болох , нар миний ар талд байсан машинаасаа бууж ирж байсан. Тэгээд цагдаагийн алба хаагч ирээд бид нартай уулзаад би эмнэлэгт хүргэгдэн баруун гарын ар хэсэгтээ 2 оёдол хийлгэсэн...” гэх мэдүүлэг /хэргийн 25-26-р хуудас/,
Гэрч “...Манай найзууд болох *******, , Б.Оргилмаа бид нар 2024 оны 12 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багт байх "+30" бааранд ороод нэг нэг лааз пиво уугаад ширээнд сууж байхад ******* гэх танихгүй залуу нь манай ширээнд ирээд *******ийн араар гарах үедээ сандлаас нь татаж, өдөж хоргоогоод байсан... Б.Оргилмаа, бид гурав тухайн баарны баруун хойд талд зогсоолд байсан машиндаа суух гэж байхад “*******ийг танихгүй эрэгтэй хүн цохичихлоо” гэж Б.Оргилмаа хэлэхээр нь бид нар очсон. Тэгэхэд *******ийн гараас нь цус гарчихсан. ******* гэх танихгүй залуутай маргалдаад зууралдаад зогсож байсан...” гэх мэдүүлэг, /хэргийн 41-43-р хуудас/,
Гэрч “... 2024 оны 12 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө 02 цагийн үед манай нөхөр *******, түүний найзууд болох , бид нар Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багт байх “+30” бааранд орсон. Тус бааранд ороод бид нар нэг нэг лааз пиво ууцгаасан. Тэгэхэд ******* гэх танихгүй залуу нь нэлээд согтуурсан байдалтай манай ширээнд манай нөхөр *******ийг өдөөд, мөрлөөд, сууж байсан сандал дээрээс нь угзарч татаад байсан... баар хаах болоод бид нар баарнаас гараад замаар машин руугаа явж байхад ******* гэх танихгүй залуу нь хоёр хүнтэй хамт ирээд манай нөхөр *******ийг машины гэрлээс хойш дагуулж яваад толгой руу нь архины шилээр нэг удаа хүчтэй цохихоор нь би очиж салгасан. Дараа нь манай нөхрийн толгойных нь зүүн хэсэгт хавдаж, баруун гарын ар хэсэгт нь зүсэгдсэн шархтай байсан болохоор эмнэлэг рүү очиж оёдол хийлгэсэн...” гэх мэдүүлэг /хэргийн 33-34-р хуудас/,
Гэрч ы “...Манай найзууд болох *******, Б.Оргилмаа бид нар 2024 оны 12 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багт байх "+30" бааранд ороод нэг нэг лааз пиво уугаад ширээнд сууж хоорондоо юм ярьж сууж байгаад баар хаах болоод бид нар гарсан. Бид нарыг бааранд байхад ******* нь тэнд байсан хүн болгонтой зууралдаад муудалцах гээд байсан. Тэгээд н.Борхүү бид хоёр арай түрүүлээд машин руугаа очоод сууж байхад Хүрэлсүхийн эхнэр Б.Оргилмаа нь "Хүрэлсүхийг хүн архины шилээр цохичихлоо" гэж хэлсэн. Тэгээд бид хоёр эргээд харахад ******* гэх залуу манай найз *******тэй зууралдаад зогсож байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 46-47-р хуудас/,
Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн хошууч А.Болор-Эрдэнийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 25 дугаартай “... 1. *******ийн биед баруун гарын долоовор хурууны дээд хэсгийн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо ирмэгтэй хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3.Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт /хэргийн 65-66-р хуудас/,
Шүүгдэгч *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 110-р хуудас /
Шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхийн хуулбар, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 127-р хуудас /
Шүүгдэгч *******ын гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 129-р хуудас/
Шүүгдэгч *******ын үл хөдлөх хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /хх-ийн 130-р хуудас/
Шүүгдэгч *******ын авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хх-ийн 131-р хуудас/
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 113-125-р хуудас /
Шүүгдэгч *******ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 110-р хуудас /
Шүүгдэгч *******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 102-р хуудас/
Шүүгдэгч *******ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 104-р хуудас/
Шүүгдэгч *******ийн авто тээврийн хэрэгсэл эзэмших өмчлөх эрхийн лавлагаа /хх-ийн 105-р хуудас/
Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар /хх-ийн 57, 69-р хуудас/ зэрэг болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2024 оны 12 дугаар сарын 04-нөөс өдрөөс 05-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг "+30” баарны гадна талд иргэн *******тэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, маргалдсаны улмаас түүний толгойн тус газарт нь архины шилээр цохиж биед нь баруун гарын долоовор хурууны дээд хэсгийн шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт.
******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2024 оны 12 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг "+30" баарны гадна талд иргэн *******той хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, маргалдсаны улмаас түүний нүүрэн тус газарт нь гараараа цохиж биед нь 11 дүгээр шүдний булгаралт, 12 дугаар шүдний цөгцний хугарал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримтууд тус тус тогтоогдлоо
Дээрх үйл баримт нь яллах болон талуудын шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцүүлсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч *******ын ““...Би тухайн үед нэлээд согтууралтай байсан. Тэгэхдээ ******* гэх хүн "+30" бааранд байх үедээ надтай муудалцах гээд байсан... баарнаас гараад ******* нь миний нүүр лүү гараараа цохиж амнаас цус гарсныг тодорхой санаж байна. Тэгээд тухайн үед нүүр лүүгээ цохиулснаас болоод миний дээд үүдэн нэг шүд унаж, нэг шүд хугарсныг санаж байна... ” гэх,
Гэрч “...Тухайн бааранд байсан танихгүй хүмүүс зодоон болоод байна гээд хоорондоо яриад байхаар нь хартал манай найз ******* хүнтэй муудалцаж байхаар нь би очоод салгах гэхэд ******* миний шүдийг нэг нь цөм цохичихлоо гэж хэлж байсан.... ” гэх,
Гэрч Н.Мөнх-Эрдэнийн “...Бид нар баарнаас гарахад нэг танихгүй залуу учраа олъё гэж хэлээд *******ыг дагуулаад явсан. Тэгээд манай найз бид хоёр баарнаас ертөнцийн зүгээр баруун зүгт алхаж байхад ******* араас гүйж ирээд намайг цохичихлоо гэж хэлж байсан... ” гэх,
Сүхбаатар аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн хошууч А.Болор-Эрдэнийн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 21 дугаартай “... 1. *******ын биед 11 шүдний булгаралт, 12 шүдний цөгцний хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Дээрх гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 5.1-т заасан ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох хүснэгтийн 6.42.1-д зааснаар ерөнхий чадварыг 10 хувь тогтонги алдагдуулах тул хохирлын хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хэргийн 53-54-р хуудас/,
Хохирогч *******ийн “...Би тухайн үед уусан архиндаа нэлээд согтсон байсан болохоор болсон асуудлын талаар санахгүй байна. Нэг мэдэхэд миний толгой норчихсон, баруун гарын ар хэсэгт зүсэгдсэн байдалтай цус ихээр гарч байсныг санаж байна. Мөн тухайн үед миний ар талд ******* гэх хүн нь нэг танихгүй залуутай хамт зогсож байсан. Тэгтэл эхнэр Б.Оргилмаа, найзууд болох , нар миний ар талд байсан машинаасаа бууж ирж байсан. Тэгээд цагдаагийн алба хаагч ирээд бид нартай уулзаад би эмнэлэгт хүргэгдэн баруун гарын ар хэсэгтээ 2 оёдол хийлгэсэн...” гэх,
Гэрч “...Б.Оргилмаа, бид гурав тухайн баарны баруун хойд талд зогсоолд байсан машиндаа суух гэж байхад “*******ийг танихгүй эрэгтэй хүн цохичихлоо” гэж Б.Оргилмаа хэлэхээр нь бид нар очсон. Тэгэхэд *******ийн гараас нь цус гарчихсан. ******* гэх танихгүй залуутай маргалдаад зууралдаад зогсож байсан...” гэх,
Гэрч “...Баар хаах болоод бид нар баарнаас гараад замаар машин руугаа явж байхад ******* гэх танихгүй залуу нь хоёр хүнтэй хамт ирээд манай нөхөр *******ийг машины гэрлээс хойш дагуулж яваад толгой руу нь архины шилээр нэг удаа хүчтэй цохихоор нь би очиж салгасан. Дараа нь манай нөхрийн толгойных нь зүүн хэсэгт хавдаж, баруун гарын ар хэсэгт нь зүсэгдсэн шархтай байсан болохоор эмнэлэг рүү очиж оёдол хийлгэсэн...” гэх,
Гэрч ы “...Хүрэлсүхийн эхнэр Б.Оргилмаа нь "Хүрэлсүхийг хүн архины шилээр цохичихлоо" гэж хэлсэн. Тэгээд бид хоёр эргээд харахад ******* гэх залуу манай найз *******тэй зууралдаад зогсож байсан...” гэх мэдүүлгүүд,
Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн хошууч А.Болор-Эрдэнийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 25 дугаартай “... 1. *******ийн биед баруун гарын долоовор хурууны дээд хэсгийн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо ирмэгтэй хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3.Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогтсон бөгөөд шүүгдэгч *******, ******* нар нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
1.2. Талуудын гаргасан дүгнэлт
Улсын яллагчаас: “... шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, шүүгдэгч ******* нь хохирогч *******ийн биед хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох нотлох баримт болон өнөөдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргав.
1.3. Хууль зүйн дүгнэлт
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.
Шүүгдэгч *******, ******* нар нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ. Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Шүүгдэгч ******* нь бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу бусдын биед халдаж, нүүрэн тус газар нь цохиж, хөлөөрөө өшиглөж зодоход гэмтэл учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа түүний нүүрэн тус газарт нь гараараа цохиж биед нь 11 дүгээр шүдний булгаралт, 12 дугаар шүдний цөгцний хугарал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулжээ.
Шүүгдэгч ******* нь бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу бусдын биед халдаж, түүний толгойн тус газарт нь архины шилээр цохиж биед нь баруун гарын долоовор хурууны дээд хэсгийн шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулжээ.
Хууль зүйн хувьд шүүгдэгч нарын үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч нар нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч *******, ******* нар нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын гаргасан санал,
Улсын яллагч: “.. шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна...” гэв.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ” гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.
Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.
Шүүгдэгч *******, ******* нарын хувийн байдлын талаар хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон байдал, үйлдсэн хэргээ мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд мэдүүлж байгаа байдал, бусад баримтаар тогтоогдсон эрхэлсэн ажилгүй зэрэг нь баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгч *******, ******* нарт ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгийн, шүүгдэгч *******ийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод бүрэн нийцнэ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******, ******* нарын хөрөнгө, цалин хөлс, орлого олох бусад боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэв.
2.3 Хохирол, хор уршгийн талаар
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилжээ.
Хохирогч ******* нь дээрх гэмтлийн улмаас аймгийн нэгдсэн эмнэлгээс анхны тусламж үйлчилгээ авч эмчилгээний зардалд эрүүл мэндийн даатгалын сангаас 40,000 төгрөг, хохирогч ******* нь дээрх гэмтлийн улмаас аймгийн нэгдсэн эмнэлгээс анхны тусламж үйлчилгээ авч эмчилгээний зардалд эрүүл мэндийн даатгалын сангаас 35,396 төгрөг тус тус зарцуулсан болох нь Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2023.07.31-ний өдрийн 26/221 дугаартай албан бичиг, ЭМДЕГ-ын цахим системийн баримт зэргээр нотлогдох тул шүүгдэгч *******оос 40,000, шүүгдэгч *******ээс 35396 төгрөгийг тус тус гаргуулж Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 100900020080 тоот дансанд төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заажээ.
хохирогч *******, ******* нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч нар нь гомдол санал байхгүй, сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй гэсэн тул шүүгдэгч *******, ******* нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
2.4. Бусад асуудлаар
Шүүгдэгч *******, ******* нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон хураагдсан эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй. Шүүгдэгч нарт таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдъя.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******, ******* овогт ******* нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 600 / зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,
шүүгдэгч *******ийг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******, ******* нарт оногдуулсан торгох ялыг 3 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч *******, ******* нарт таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч *******оос 40,000 төгрөг, шүүгдэгч *******ээс 35,396 төгрөгийг тус тус гаргуулж Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст олгосугай.
7. Шүүгдэгч *******, ******* нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, хохирогч нар нь гомдол санал байхгүй, сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй гэсэн тул шүүгдэгч *******, ******* нарыг бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР