Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 55

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 Улсын яллагч А.Энхтуяа

 Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Даваасүрэн

 Нарийн бичгийн дарга Б.Урангоо  нар оролцов.

Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар С.Отгонжаргалд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201718000079  дугаартай  хэргийг хянан хэлэлцэв.

                 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт       

   Монгол Улсын иргэн, 1963 оны 06 дугаар сарын 17-нд Сэлэнгэ  аймгийн Сүхбаатар суманд төрсөн, эрэгтэй, 54 настай, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэлч мэргэжилтэй, ам бүл 2, эгчийн хамт Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 5 дугаар баг, 3 дугаар хэсэг 057 тоотод оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Сэлэнгэ аймгийн шүүхээр 1993 онд Эрүүгийн хуулийн 112 дугаар зүйлийн 3, 106 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 8 жилийн хорих ял шийттгүүлж 2000 онд хугацаа дуусч суллагдаж байсан Хан сайт овогт Санжаагийн Отгонжаргал, /РД:МЭ-63061017/

 

Холбогдсон хэргийн талаар

      Шүүгдэгч С.Отгонжаргал нь 2017 оны 03 дугаар сарын 19-ний өглөө 10 цагийн орчим Сүхбаатар сумын 2-р баг 2-р хэсэг 049 тоотод оршин суух Б.Хүлэгүний гэрт онгорхой байхад нь орж 1 ширхэг чүнчигноров хөөргийг хулгайлан 2 сая төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тодорхойлох нь

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт доорх нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч С.Отгонжаргалын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “....Би Зүүнбүрэнд айлын байшин янзалж байсан. Тэгээд замын зардалгүй болчихоод айлаас хөөргийг нь авч шинэ зах дээр барьцаанд тавьсан. Ажлаа хийчихээд аваад өгнө гэж бодож байсан. Дулаан орохоор дотор заслыг нь хийж дуусгах ёстой байсан. Зүүнбүрэнд байж байгаад цагдаад баригдсан...” гэх мэдүүлэг

Иргэний нэхэмжлэгч Э.Итгэлийн хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “....Хугацааг тодорхой санахгүй байна. Алтан нуухтай их гарын чүнчигноров хөөрөг барьж 100.000 төгрөгөөр барьцаанд тавих тухай хүсэлтэй бичиг баримтгүй ирсэн. Тэгэхээр нь бичиг баримтгүй бол үйлчлэхгүй гэж хэлсэн чинь утсаар яриад гэрээсээ группын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтрээ авчирч 150.000 төгрөгөөр тухайн хөөргийг 1 сарын хугацаатай 7 хувийн хүүтэйгээр барьцаанд тавьсан. Гэтэл тэр орой цагдаагийн албан хаагч хөөрөг сураглаж ирсэн. Тэгээд тухайн хөөргийг харуулахад хулгайд алдагдсан хөөрөг байна гэж хэлсэн. Би одоо байгууллагад учирсан хохирол болох 150.000 төгрөгийг нэхэмжилж байна. Хүүг нь нэхэмжлэхгүй....” гэх мэдүүлэг

Хохирогч Б.Хүлэгүний 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 03 дугаар сарын 19-ний өглөө 09 цагийн үед хөдөө мал руугаа явсан. Гэрт охин 6 настай Хулан, охин 5 настай Ану нар нь унтаад үлдсэн. Өглөө 10 цагийн үед манай эхнэр Ө.Амаржаргал нь бие засах гээд гадаа нойлд байхад нь /Хар сарнай/ хочит С.Отгонжаргал нь манай хашааны хаалгаар орж шууд гэр рүү явж ороод гарсан гэсэн. Тэгээд хашааны хаалгаар гараад гудамжинд явж байхад нь эхнэр Ө.Амаржаргал С.Отгонжаргалыг таниад араас нь дуудаад уулзсан чинь “Өчигдөр 7-н давхарт хоносон. Хөлдөж үхлээ” гэж манай эхнэрт хэлсэн гэсэн. Тэгээд эхнэр Ө.Амараргал нь С.Отгонжаргалыг гэрт оруулаад цай уулгаад гаргасан гэсэн. Тэгээд би өдөр 13 цагийн үед гэртээ ирсэн чинь манай жижиг өрөөнд байсан хөөрөг алга болсон байхаар нь цагдаагийн газарт мэдэгдэж дуудлага өгсөн. Хүрэн бор өнгийн алтан нуухтай, чүнчигноров чулуутай, мөнгөн халбагатай хөөрөг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар тал/

Гэрч Ө.Амаржаргалын 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2017 оны 03 дугаар сарын 19-ний өглөө 09 цагийн үед манай нөхөр Б.Хүлэгүн нь хөдөө мал руугаа явсан. Би тэгээд сэрчихээд гэр орны ойр зуурын ажил хийгээд гэртээ үлдсэн. Гэрт бас 5 настай Ану, 6 настай Хулан нар унтаж байсан. Бие засах гээд гарч гадаа нойлд орсон байхад манай гэрийн хаалга дугарсан. Тэгэхээр нь би манайхны нэг нь гэрлүү орсон юм байх гэж бодоод Нойлоос гараагүй байхад гэрт орсон хүн эргээд гараад явахаар нь би хөөе гээд дуудсан чинь юу ч хэлээгүй гараад явсан. Тэгэхээр нь нойлоос гараад хашааны хаалгаар харсан чинь холдоогүй /Хар сарнай/ С.Отгонжаргал алхаад явж байсан. Тэгсэн чинь Хар сарнай иргээд хүрээд ирсэн. Хар сарнайг гэрт оруулсан чинь “Хөлдөж үхлээ хоол цай байна уу” гэж хэлэхээр нь би цай хийж өгсөн чинь цай уучихаад л бушуухан гараад яваад өгсөн. Би гараад явахад нь ямар нэгэн юм бодоогүй гэртээ үлдсэн. Манай нөхөр Б.Хүлэгүн өдөр 14 цагийн үед ирээд авдар дээр байсан хөөрөг алга байна гэж хэлэхэд нь би юу билээ өглөө Хар сарнай манайд орчихоод гарсан шдээ Хар сарнайг авчихсан байна гэж бодсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар тал/

Гэрч С.Амгалангийн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...С.Отгонжаргал нь миний төрсөн дүү байгаа юм. Миний дүү хулгай хийдэггүй, хүнд ямар нэгэн гэм хор учруулж байгаагүй. С.Отгонжаргал нь өөрийн гэсэн гэр орон байхгүй олон жил ганцаараа явж байгаа. Эхнэр хүүхэд, өмч хөрөнгө байхгүй. Гадуур л хоног төөрүүлж явдаг. Эрхэлсэн ажил төрөл байхгүй. Архи бол хэрэглэдэг. С.Отгонжаргал нь элэгний цироз гэсэн оноштой, эмнэлэгээс групп авдаг. Тэр мөнгөөрөө л өөрийгөө болгож амьдардаг. Сая тэр группээс хасагдсан гэж надад хэлж байсан. Гарын ур дүй сайтай барилгын мэргэжилтэй. Яагаад хулгай хийх болсон гэдгийг нь мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар тал/

Гэрч С.Гүндэгмаагийн 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...С.Отгонжаргал нь гэр орон байхгүй, эхнэр хүүхэд гээд байх зүйл байхгүй. Айлаар хоног төөрүүлж явдаг хүн, эрхэлсэн тодорхой ажилгүй,  барилгын ажил хийгээд л явдаг. Би хүүхдүүдийн хамт тусдаа амьдардаг хааяа манайхаар ирж хонож, хоол унд идэж уучихаад л явдаг. Хаагуур юу хийж явдаг нь мэдэхгүй байна. Арай ч хулгай хийчихнэ гэж бодож байгаагүй. Олон жил гэр оронгүй, гадуур тэнэмэл амьдралаар амьдарч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар тал/

Гэрч Э.Мөнхбуянгийн 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би С.Отгонжаргал гэх хүнийг таньж мэднэ. Зүүнбүрэн сумын нутаг дэвсгэрт орон гэргүй тэнэмэл иргэдийн судалгаа болон архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг хүмүүсийн судалгаанд байдаг. С.Отгонжаргал нь Зүүнбүрэн суманд дулааны улиралд айлын хашаа байшин ойр зуурын ажил хийж хонгийн хоол болон архи уух мөнгөө олдог. С.Отгонжаргал нь Зүүнбүрэн сумын нутаг дэвсгэрт бол гэмт хэрэг захиргааны зөрчилд холбогдон шалгагдаж байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр тал/

Эд зүйлд үзлэг хийж хурааж авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 07-08 дугаар тал/

Эд хөрөнгийн үнэлгээ тогтоосон баримт /хх-ийн 30 дугаар тал/

1993 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн №10 дугаар Таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн 35-37 дугаар тал/

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5-р багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 39 дүгээр тал/

Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа /хх-ийн 40 дүгээр тал/

Захиргааны шийтгэл хүлээсэн болон эрүүлжүүлэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41-45 дугаар тал/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46-47 дугаар тал/

Шүүгдэгчийн Эрүүл мэндийн даатгалын гэрчилгээний хуулбар /хх-ийн 55 дугаар тал/

Хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийн хуулбар /хх-ийн 56-57 дугаар тал/

Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актын хуулбар /хх-ийн 58 дугаар тал/

Шүүгдэгч С.Отгонжаргалыг 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх-ийн 25-26 дугаар тал/

Шүүгдэгч С.Отгонжаргалыг 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх-ийн 28 дугаар тал/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи нотлох баримтуудыг дүгнэхэд

 

        Шүүгдэгч С.Отгонжаргал нь 2017 оны 03 дугаар сарын 19-ний өглөө 10 цагийн орчим Сүхбаатар сумын 2-р баг 2-р хэсэг 049 тоотод оршин суух Б.Хүлэгүний гэрт онгорхой байхад нь орж 1 ширхэг чүнчигноров хөөргийг хулгайлан 2 сая төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны явцад хэлэлцэгдсэн доорхи нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдлоо

      Үүнд; хохирогч Б.Хүлэгүний мөрдөн байцаалтын шатанд өгсөн /хх-ийн 11-12/, иргэний нэхэмжлэгч Э.Итгэлийн шүүх хуралдааны хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн /хх-ийн 14-15/, гэрч Ө.Амаржаргалын /хх-ийн 16/ нарын мэдүүлгүүд, Эд зүйлд үзлэг хийж хурааж авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 07-08 дугаар тал/, Эд хөрөнгийн үнэлгээ тогтоосон баримт /хх-ийн 30 дугаар тал/, шүүгдэгч С.Отгонжаргалын мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг болно.

            Хохирогч Б.Хүлэгүн, иргэний нэхэмжлэгч Э.Итгэл нарын мөрдөн байцаалтын шатанд хууль сануулж  өгсөн мэдүүлгийг шүүх үнэн зөв, үндэслэлтэй гэж үзэв.

            Учир нь; хохирогчийн мэдүүлэг нь иргэний нэхэмжлэгчийн тайлбар, гэрч Ө.Амаржаргалын мэдүүлэг болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр давхар батлагдаж байгаа болно.

            Иймд шүүгдэгч С.Отгонжаргалын гэм буруутай үйлдэлд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145-р зүйлийн 145.2-д зааснаар зүйлчлэн ирүүлсэн нь тохирсон, түүнийг дээрх зүйл ангид заасан “ ...бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож түүний эд хөрөнгийг хураахгүйгээр хуулинд заасан баривчлах ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.  

          Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс “...хохирогч Б.Хүлэгүний гэр онгорхой байсан тэднийхтэй танил учраас шүүгдэгч С.Отгонжаргал гэрт нь хаалга цоожийг нь эвдээгүй орсон учраас зүйлчлэлийг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт гаргаж байгааг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

          Учир нь: Шүүгдэгч С.Отгонжаргал нь тэдний гэрт нэвтрэх эрхгүй этгээд бөгөөд айлд орж болох боловч эзэнгүй айлаас гэрт байсан эд зүйлийг сэм аргаар авч байгаа үйлдэл нь орон байранд нэвтэрсэн гэж үзнэ.

           Шүүгдэгч С.Отгонжаргалаас хохирогч Б.Хүлэгүн нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн мэдүүлэг өгсөн, иргэний нэхэмжлэгч Э.Итгэл 150.000 төгрөг нэхэмжилж байгаа ба Эрүүгийн Хуулийн ерөнхий ангийн 55-р зүйлийн 55.1.1,  55.1.9-д зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг харгалзан үзэв.

          Шүүгдэгч С.Отгонжаргал урд өмнө ял эдэлж байсан боловч ялгүйд тооцох хугацаа өнгөрсөн байгааг дурьдав.

          Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдав.

          Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.4-д зааснаар энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан их гарын чүнчигноров хөөргийг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар баг 2 дугаар хэсэг 49 тоотод оршин суугч Бадарчийн Хүлэгүнд олгохоор тогтов.

          Хохирогч Б.Хүлэгүн нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол санал байхгүй гэсэн мөрдөн байцаалтын шатанд гаргасан мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Э.Итгэлийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт 150.000 төгрөг нэхэмжилж байна гэсэн тайлбарт тус тус үндэслэн шүүгдэгч С.Отгонжаргалаас 150.000 төгрөг гаргуулан “Шинэ нөр их” ХХК-д /иргэний нэхэмжлэгч Э.Итгэлд/ олгохоор шийдвэрлэв.

 

        Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290-р зүйлийн 290.3, 292, 294,  295, 296, 297, 298-р зүйлүүдэд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1.Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4-р зүйлийн 4.1-д зааснаар Хан сайт овогт Санжаагийн Отгонжаргалыг мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д заасан “...бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэрэгт  гэм буруутайд  тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145-р зүйлийн145.2-д зааснаар шүүгдэгч Хан сайт овогт Санжаагийн Отгонжаргалын эд хөрөнгийг хураахгүйгээр шүүгдэгч С.Отгонжаргалд 03 сар 01 хоногийн баривчлах ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар шүүгдэгч С.Отгонжаргалд оногдуулсан 03 сар 01 хоногийн баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.

4.Шүүгдэгч С.Отгонжаргал нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй,  битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.4-д зааснаар энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн их гарын чүнчигноров хөөргийг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар баг 2 дугаар хэсэг 49 тоотод оршин суугч Бадарчийн Хүлэгүнд олгосугай.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч С.Отгонжаргалаас 150.000 төгрөг гаргуулан Шинэ нөр их ХХК-д /иргэний нэхэмжлэгч Э.Итгэлд МК87041615/ олгосугай.

7.Шүүгдэгч С.Отгонжаргалд урд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчилж цагдан хорьсугай.  

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299-р зүйлийн 299.3-д зааснаар  шийтгэх тогтоол  танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг  дурьдсугай.

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 302-р зүйлийн 302.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бүрэн эхээр бичгээр үйлдэж шүүх хуралдааны оролцогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303-р зүйлийн 303.1, 304-р зүйлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрвөл  тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

11.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар анхан шатны шүүхийн тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн, гомдол, эсэргүүцлийг хэргийн материалын хамт гомдлыг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх ба тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

 

 ДАРГАЛАГЧ                                 Б.ЭРДЭНЭХИШИГ