Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 386

 

Л.Ц, Б.М нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын ахлах прокурор Г.Гэрэлтуяа, шүүгдэгчийн өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ, П.Батжаргал, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 56 дугаар шийтгэх тогтоол, Төв аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 42 дугаар магадлалтай, Л.Ц, Б.М нарт холбогдох 201619000245 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.М-ын өмгөөлөгч П.Батжаргалын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1983 онд төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш, дасгалжуулагч мэргэжилтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Долоон ноёд овогт Л-ийн Ц,

2.Монгол Улсын иргэн, 1984 онд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч, цагдаагийн ажилтан мэргэжилтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Гөрөөчин овогт Б-ын М нар нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулах” гэмт хэрэгт холбогджээ. 

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос Л.Ц, Б.М нарт холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэг болгон тус тус өөрчлөн зүйлчилж, Л.Ц, Б.М нарыг хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчиж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тус тус тэнсэж шийдвэрлэсэн байна.

Төв аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч П.Батжаргалын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.М-н өмгөөлөгч П.Батжаргал гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Шинжээч томилсон тогтоолыг танилцуулаагүй талаар анхан шатны шүүх дүгнэхдээ мөрдөн байцаагч 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр бүрэлдэхүүнтэй шинжээч томилох тогтоол үйлдэж түүнийг Б.М, түүний өмгөөлөгч нарт танилцуулахаар мэдэгдсэн боловч ажилтай гэх шалтгаанаар ирээгүй талаар мөрдөгч тэмдэглэл үйлдсэн байна. Гэрч Б.М гүйцэж түрүүлэхийг хориглосон тэмдгийг сольж тавьсан талаар гэрчлэн мэдүүлсэн, өмгөөлөгчид шинжээч томилсон тогтоол танилцуулаагүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн тул 2017 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар тооцохгүй байх тухай хүсэлтийг хүлээж авах боломжгүйн дээр нотлох баримтууд нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй дүгнэлт болсон.

Энэ хэрэгт Зам тээврийн ослын талаар 25, 39, 375, 11/03, 107 дугаартай шинжээчийн 5 дүгнэлт гарч, 375, 11/03 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд нь Б.М-ыг Замын хөдөлгөөний дүрмийг зөрчөөгүй болохыг тогтоосон байх ба 25, 39, 107 дугаартай шинжээчийн дүгнэлт нь 2 жолоочийн буруугаас зам тээврийн осол гарсан байна гэж тус тус дүгнэсэн нь шүүгдэгч Б.М-ын гэм буруугийн талаар эргэлзээтэй нөхцөл байдлыг үүсгэдэг. Гэтэл анхан шатны шүүх 25, 39 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд болон 107 дугаартай шинжээчийн дүгнэлтийн нотлох баримтын хэмжээнд үнэлж, “огцом өгсүүр”, “гүйцэж түрүүлэх хориотой” тэмдгүүдийн үйлчлэх хүрээнд осол гарсан байхад дээрх анхааруулах тэмдэг, тэмдэглэгээний талаар тусгаагүй нь 375, 11/03 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй эсэхэд эргэлзээтэй байх тул шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй болно” гэж дүгнэсэн нь шүүгдэгч Б.М-ын хувьд хэт нэг талыг буюу яллах талыг барьсан дүгнэлт гэж үзэхээр байна. Учир нь 25, 39, 375, 11/03 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдийн аль алин дээр нь “огцом өгсүүр”, “гүйцэж түрүүлэх хориотой” тэмдгүүдийн талаар огт тусгагдаагүй байхад ийнхүү шүүгдэгч Б.М-ыг буруутгасан дүгнэлтийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож, харин Б.М-ыг гэм буруугүй гэж дүгнэсэн шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтын хэмжээнд үнэлэхгүй байгаа нь түүний эрх зүйн байдлыг дордуулсан. Зам тээврийн осол гарсны дараа буюу 2016 оны 03 дугаар сарны 31-ний өдөр хийсэн хэрэг учралын газарт үзлэг хийж, осол гаргасан газар хийсэн хэмжилтийн зураг дээр “огцом өгсүүр”, “гүйцэж түрүүлэх хориотой” тэмдгийн аль аль нь тэмдэглэгдэж үлдээгүй байдаг ба 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хийсэн хэрэг учралын газрын үзлэг, хэмжилтийн бүдүүвч зураг болон гэрэл зургийн үзүүлэлтүүд дээр “огцом өгсүүр” тэмдэг анх удаагаа тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Хавтаст хэргийн 1 дүгээр хавтасны 22 дугаар талд авагдсан 1, 2, 3 дугаартай фото зургаас харахад “огцом өгсүүр” тэмдгийн харалдаа зам дээр тасархай шугамтай байгаа ба уг тасархай шугамын төгсгөл нь давааны орой дээр байршилтай самбар хүртэл үргэлжилсэн болох нь хэрэгт авагдсан 11, 12 дугаартай фото зураг болон хэмжилтийн бүдүүвч зургаар бэхжигдэж үлдсэн ба уг нотлох баримтаас харахад “огцом өгсүүр” тэмдэг нь гүйцэж түрүүлэхийг хориглох тэмдэг биш замын тухай мэдээлэл бүхий анхааруулах тэмдэг байх тул тасархай шугам дээр    гүйцэж түрүүлэх үйлдэл хийсэн Б.М-ын үйлдэл нь Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Шүүгдэгч Б.М нь давааны орой хүрэхээс өмнө буюу тасархай шугамын үйлчлэлийн хүрээнд “Ниссан Тида” маркийн 86-98 СЭА улсын дугаартай машиныг гүйцэж түрүүлсэн болох нь гэрч Л.Жамбал, хохирогч А.Ариунгоо нарын мэдүүлгээр тогтоогддог. 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хийсэн хэрэг учралын газарт үзлэг хийж, осол гаргасан газар хийсэн хэмжилтийн зураг, 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хийсэн хэрэг учралын газрын үзлэг, хэмжилтийн бүдүүвч зураг болон гэрэл зургийн үзүүлэлтүүдийг үндэслэн шинжээчийн 375, 11/03 дугаартай дүгнэлтүүдээр Б.М-ыг Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй гэж дүгнэж, Б.М-ын үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож, Л.Ц-т холбогдуулан прокурорын яллах дүгнэлт бичигдсэн байх үед гэнэт хэргийг харьяаллыг өөрчилж улмаар хэрэг учрал болсноос хойш бараг нэг жилийн дараа 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр ослын газарт нөхөн үзлэг хийж, уг үзлэгээр 78 км буюу осол болсон газраас 1,6 км зайд “гүйцэж түрүүлэхийг хориглох” тэмдэг анх удаагаа гарч ирснээр энэ хэргийн хохирогч Б.М яллагдагч болсон байдаг. Хавтаст хэргийн 2 дугаар хавтасны 126 хуудасны 12 дугаартай зураг дээр “гүйцэж түрүүлэхийг хориглосон” тэмдгийн төгсгөлийг харуулсан байдаг. Энэ талаар мэдүүлсэн гэрч Б.М, С.Б, С.Э нарын мэдүүлгээс үзэхэд хэрэг учрал гарсан өдөр эсхүл 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр ослын газрын нөхөн үзлэгийг хийхээс өмнө уг “гүйцэж түрүүлэхийг хориглох” тэмдэг байсан эсэх нь эргэлзээтэй байгаа юм.

Дээрх маргаан бүхий тэмдгийн талаар мэдүүлсэн гэрч Б.М-ын мэдүүлгийнхээ эх сурвалж болох “2016 онд тэмдэгний самбарын хуучирч муудсан хуулга солих ажил” гэсэн гарчигтай 3 хуудас гэрэл зургийн үзүүлэлт, тайлбар бүхий хүснэгтийг хавсаргасан боловч гэрчийн энэ мэдүүлэг нь эргэлзээтэй гэж үзэх дараах үндэслэлүүд байсан. Үүнд: хүснэгт 4 дээрх “гүйцэж түрүүлэх”-ийг хориглосон хуучин тэмдэг хуулга наагаагүй харин будгаар будсан тэмдэг байх ба хүрээний улаан зураас гандаж бараг цагаан өнгөтэй болсон нь фото зураг дээрээс тодорхой харагддаг. Гэтэл одоо байгаа тэмдгийг шүүх хуралдааны үед хийсэн үзлэгээр газар дээр нь очиж үзэхэд хуучин хуулга дээр шинэ хуулга наасан болох нь тодорхой харагдаж байсан. Өөрөөр хэлбэл одоо байгаа тэмдэг нь будагтай тэмдэг дээр хуулга наасан тэмдэг биш хуулга дээр хуулга наасан буюу 2 давхар хуулгатай тэмдэг байгаа нь гэрч Б.М-ын мэдүүлэг болон хэрэгт ирүүлсэн фото зургаас зөрүүтэй байдаг. Шүүх хуралдааны явцад хийгдсэн хэргийн газрын үзлэгээр 78 дахь километрт байршуулсан “гүйцэж түрүүлэхийг хориглосон” тэмдгийн төгсгөл нь 87 километрт солигдож, гүйцэж түрүүлэхийг хориглосон тэмдэг болж өөрчлөгдөж, харин 86 километрт “гүйцэж түрүүлэхийг хориглосон” тэмдгийн төгсгөлийг шинээр байршуулсан байсан нь тогтоогдсон. Иймээс 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр ослын газрын нөхөн үзлэгээр 78 километрт гэнэт бий болсон “гүйцэж түрүүлэхийг хориглох” тэмдэг нь хэрэг учрал гарсан өдөр байсан эсэх нь эргэлзээтэй байна. Гэтэл 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн ослын газрын нөхөн үзлэгийн тэмдэглэлийг үндэслэн 107 дугаартай шинжээчийн дүгнэлт гарч, уг дүгнэлтэд “гүйцэж түрүүлэхийг хориотой” гэсэн тэмдгийн үйлчлэх хүрээнд осол гарсан гэж үзэн Б.М-ыг Замын хөдөлгөөний дүрмийн 10.6е, 2.20, 7.1, 7.2, 25, 7.2 дахь заалтыг тус тус зөрчсөн гэж буруутгасан. 107 дугаартай шинжээчийн дүгнэлт гаргуулахаар шинжээч томилсон тогтоолыг хэргийн оролцогч нарын хэнд ч танилцуулаагүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 157 дугаар зүйлд заасан эрхийг үндэслэлгүйгээр хязгаарласан. Хэргийн материалаас үзэхэд шинжээч томилох тухай тогтоолыг 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр гаргаж, шинжээч нар уг тогтоол болон хэргийн материалыг 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авснаас хойш 7 хүний бүрэлдэхүүнтэй шинжээч 4 хоногийн дотор цугларч 380 хуудас хэргийн материалтай танилцаад шинжээчийн дүгнэлт гаргасан нь практикт байхгүй хурдан хугацаанд дүгнэлт гаргаж, мөрдөн байцаалтын ажиллагааг талыг барьж явуулсан гэх хардлагыг бататгаж байна. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар Л.Ц, Б.М нарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тус тус тэнсэж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих ялыг үндсэн, эрх хасах ялыг нэмэгдэл ялаар хэрэглэнэ”, мөн хуулийн 5.7 дугаар зүйлийн 2-т “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан үндсэн ял дээр нэмж эрх хасах       ялыг оногдуулж болно” гэж зааснаас үзэхэд эрх хасах нэмэгдэл ялыг зөвхөн үндсэн ял оногдуулсан тохиолдолд нэмэгдэл ялыг оногдуулахаар заасан байна. Гэтэл шүүгдэгчид Б.М-ад хорих ял оногдуулаагүй атлаа нэмэгдэл ялыг оногдуулсан нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна. Мөн шүүгдэгч Б.М нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлсөн байхад анхан шатны шүүх шүүгдэгч Б.М-д ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар ялаас чөлөөлөх тухай өмгөөлөгчийн саналыг хэрэглэх боломжгүй гэж үзсэн нь хуулийг буруу хэрэглэсэн үзэж байна.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.2-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг нэг жилээс дээш, дээд хэмжээг найман жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон... гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн бол” яллагдагчаар татаж болохгүй гэж заасан. Гэтэл шүүгдэгч Б.М-ыг гэм буруутай гэж үзсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр зааснаас үзэхэд энэ хэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.2-т заасан хөөн хэлэлцэх хугацаанд хамаарахгүй байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т заасан эрүүгийн хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-т заасан хөөн хэлэлцэх хугацаанд хамааруулж болохоор байхад түүнийг яллагдагчаар татаж, ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Дээр дурдсанаар Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдсөн тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалын Б.М-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Л.Ц-ын өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ хэлсэн саналдаа “Шүүгдэгч Л.Ц-ын хувьд шинжээчийн дүгнэлтээс харахад ганцхан үндэслэлээр л буруутгагдсан бөгөөд тэр нь 2 өөр дугуй тавьсан явдал юм. Гэтэл 2 өөр дугуй тавьснаар тухайн хэрэг гарахад ямар нөлөө үзүүлсэн бэ гэдгийг тогтоосон зүйл байхгүй. Иймд хяналтын шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаж байгаа учраас Л.Ц-ын үйлдлийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү” гэв.

Мөн хуралдаанд ахлах прокурор Г.Гэрэлтуяа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Л.Ц, Б.М нарт холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа хангалттай явагдсан, хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг бүрэн нотолж тогтоосон. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж, шүүгдэгч нарт хуульд заасан төрөл хэмжээний ял шийтгэл оногдуулсан байна. Мөн анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Батжаргалын гаргасан гомдлыг үндэслэн Л.Ц, Б.М нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Л.Ц нь 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 20 цаг 37 минутын үед Төв аймгийн Баянчандмань сумын нутаг “Бяцхан сүүжийн овоотой хөтөл” гэх газарт “Toyota land cruiser-70” загварын 97-98 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралт “энэ хавсралтад заагдсан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй машин, ...-ыг” ашиглахыг хориглоно”, 3.5-д заасан “нэг тэнхлэгт өөр марк, хээтэй дугуй тавьсан” гэсэн заалтыг зөрчсөнөөс Б.М-ын жолоодож явсан “Nissan Wingroad” загварын 58-28 ДАР улсын дугаартай, Л.Жамбалын жолоодож явсан “Nissan Tiida” загварын 86-98 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг мөргөж зорчигч М.У, М.С, Б.Н, Э.А, жолооч Б.М нарын эрүүл мэндэд хөнгөн, зорчигч Я.М-ын эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан,

Шүүгдэгч Б.М нь 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 20 цаг 37 минутын үед Төв аймгийн Баянчандмань сумын нутаг, “Бяцхан сүүжийн овоотой хөтөл” гэх газарт “Nissan Wingroad” загварын 58-28 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.6-д заасан гүйцэж түрүүлэхийг хориглох тохиолдолд е/эсрэг урсгалыг сөрөхөөр бол замын өгсүүр хэсгийн төгсгөл буюу үзэгдэлт хязгаарлагдмал хэсэгт”, 2.20-д заасан “гүйцэж түрүүлэх хориотой” цагт 30 км-ээс бага хурдтай яваагаас бусад тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэхийг хориглоно”, мөн дүрмийн 1 дүгээр хавсралтын 7.1-т заасан “хоёр буюу гурван эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлах, мөн замын аюул бүхий хэсэгт эгнээний хилийг заах, түүнчлэн зорчих хэсгийн орохыг хориглосон хэсгийг хязгаарлах буюу тээврийн хэрэгслийн зогсоолын хилийг тэмдэглэнэ”, мөн хавсралтын 25-д заасан “7.2 тэмдэглэлийг жолооч зогсохын тулд давахаас бусад тохиолдолд 7.1-7.3, 7.14, 7.16.а,б,в тэмдэглэлүүдийг давахыг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөнөөс Л.Ц-ын жолоодож явсан “Toyota land cruiser-70” загварын 97-98 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зорчигч М.У, М.С, Б.Н, Э.А нарын эрүүл мэндэд хөнгөн, Я.М-ын эрүүл мэндэд хүнд хохирол гэмтэл тус тус учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Л.Ц, Б.М нарын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн тэднийг хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шүүгдэгч нарт хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулсан байна.

2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэхээр заасны дагуу Л.Ц, Б.М нарт холбогдох хэргийг тэдний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй болжээ.

Шүүгдэгч Б.М-ын өмгөөлөгч П.Батжаргал нь тухайн осол болох газарт “огцом өгсүүр”, “гүйцэж түрүүлэх хориотой” тэмдгүүд байхгүй байтал нөхөж хийж, улмаар тэмдгийг үндэслэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон шинжээчийн дүгнэлт гарснаар шүүгдэгч Б.М-ыг эрүүгийн хариуцлагад хилс татсан талаар маргаж байна. 2016 оны 03 дугаар сарын 31-ний орой 20 цаг 37 минут буюу байгалийн гэгээ тасарсан болон өгсүүр давааны төгсгөл ойртсоны улмаас үзэгдэх орчин хязгаарлагдсан байхад жолооч тээврийн хэрэгсэл гүйцэж түрүүлсэн нь давааны орой орчим нэг эгнээнд хоёр тээврийн хэрэгсэл зэрэгцэн гарч эсрэг урсгалаар зорчиж буй бусад тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөх эрсдэлийг бий болгосон нь зам тээврийн осол гарах анхны шалтгаан болсон байна.

Дээрх тохиолдолд гүйцэж түрүүлэх үйлдэл хийх нь хөдөлгөөнд оролцогчдын амь нас эрүүл мэндэд өндөр эрсдэл учруулдаг тул анхааруулах тэмдэг тавьсан эсэхээс үл хамааран Замын хөдөлгөөний дүрмээр хориглосныг шүүгдэгч Б.М зөрчсөн байх тул өмгөөлөгчийн гомдолд дурдагдсан нөхцөл байдлыг хэрэгт ач холбогдолгүй гэж үзнэ.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч П.Батжаргалын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 1. Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 56 дугаар шийтгэх тогтоол, Төв аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 42 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч П.Батжаргалын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                       

             ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

             ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН