Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 221/MA2017/0137

 

 

 

 

 

 

2017 оны 02 сарын 15 өдөр

  Дугаар 221/МА2017/0137

         Улаанбаатар хот

 

 

Ч.Цогзолмаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч
 Н.Дэмбэрэлдагвын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгч Ч.Цогзолмаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Дэмбэрэлдагва, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Наранцэцэг, Д.Үржинсүрэн хариуцагчийн өмгөөлөгч Ж.Энхтуяа нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 01 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Ч.Цогзолмаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Дэмбэрэлдагвын нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 01 дүгээр шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.4.4, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч.Цогзолмаагийн “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/36 дугаар тушаалын Ч.Цогзолмаад холбогдох хэсгийг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны олговор олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүх нотлох баримтуудыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтын дагуу үнэлээгүйгээс гадна маргааны үйл баримтад бодит байдалд нийцүүлэн бүх талаас нь бүрэн дүүрэн дүгнэлт хийсэнгүй. Маргаан бүхий акт болох Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.Содхүүгийн 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/36 дугаар тушаалд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалтыг баримтлаж Ч.Цогзолмааг албан тушаалаас нь чөлөөлсөн байгаа. Гэтэл шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалттай холбон Улсын бүртгэл, статистикийн газарт бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийгдсэн гэж дүгнэсэн атлаа Б/36 дугаар тушаалыг зөвтгөн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь ойлгомжгүй байна. Хариуцагч тал ч бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийгдсэн гэж тайлбарлаж байгаа билээ. Ийнхүү зохион байгуулалтын бүтэц нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалтын дагуу өөрчлөгдсөн буюу газар нь хэлтэс болсон тул Ч.Цогзолмааг хэлтсийн даргын албан тушаалд үргэжлүүлэн ажиллуулах нь зөв байна. Учир нь газрын даргын нэрийг хэлтсийн дарга гэж өөрчилсөн байгаа ч хэрэгжүүлэх чиг үүрэг нь өөрчлөгдөөгүй учир Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 8 дугаар тогтоолын 15-ны 3 дахь хэсэгт зааснаар тийнхүү үргэлжлүүлэн ажиллуулах ёстой билээ. Газар нь байхад нь хэлтсийн даргаар ажиллаж байсан Ш.Туяагэрэлийг одоогийн хэлтсийн хяналтын улсын байцаагч болгосон байх тул энэ эрэмбээр Ч.Цогзолмааг мөн одоогийн хэлтсийн дарга болгох нь ч шударга билээ.

Ч.Цогзолмаа нь тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч тул түүнийг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д зааснаар мөн хуулийн 25 дугаар зүйл, 26 дугаар зүйлийн 26.1.3-д зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас хасах ёсгүй юм. Гэтэл ийм тохиолдолд бий болоогүй билээ. Үүнд анхан шатны шүүх огт анхаарсангүй.

Хариуцагч нь Ч.Цогзолмааг албан тушаалаас нь чөлөөлөх захиргааны шийдвэр гаргах ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн дагуу явуулаагүй байгаа. Гэтэл анхан шатны шүүх сонсох ажиллагааг энэхүү хуулийн дагуу явуулсан мэтээр буруу дүгнэсэн. Захиргааны байгууллага нь захиргааны шийдвэр гаргах ажиллагааны оролцогчид мэдэгдэл өгөх, үүний дараа бусад ажиллагааг хийх ёстой. Гэтэл хариуцагч энэ бүх ажиллагааг огт хийгээгүй атлаа Ч.Цогзолмаатай утсаар ярьснаа сонсох ажиллагаа хийсэн мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй билээ.

Хариуцагч нь нэхэмжлэгчийг Ардчилсан намын гишүүн байсныг үндэслэн албан тушаалаас нь чөлөөлж байгаа нь илэрхий байгаа. Ийнхүү хариуцагч нь Үндсэн хуулийн заалтыг бүдүүлгээр зөрчиж байгаад анхан шатны шүүх дүгнэлт хийх ёстой.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 01 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүрэн хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулах нь зөв гэж үзэв.

Нэхэмжлэгч Ч.Цогзолмаа нь “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/36 дугаар тушаалын Ч.Цогзолмаад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах” тухай нэхэмжлэлийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад холбогдуулан гаргажээ.

“Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/36 дугаар тушаалын Ч.Цогзолмаад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Монгол Улсын Их Хурлын 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” 100 дугаар тогтоолоор Монгол Улсын Их Хурлын 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 75 дугаар тогтоолын хавсралт буюу “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-ийн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг гэсэн хэсэгт Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээнд “7.Улсын бүртгэлийн ерөнхий газар” гэснийг “6.Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар” гэж өөрчилсөн байна.

Харин Монгол Улсын Их Хурлын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоолоор “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-ийг шинэчлэн баталж, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг гэсэн хэсэгт Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар хамаарахаар болжээ.

Уг тогтоол батлагдан гаргасантай холбоотойгоор “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтцийг батлах тухай” 2016 оны А/16 дугаар тушаалыг Хууль зүй, дотоод хэргийн сайд гаргажээ.

Улмаар дээрх тогтоол, тушаалыг тус тус үндэслэн аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн бүтэц орон тоо шинэчлэн батлагдсантай нийцүүлэн Аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын төрийн захиргааны албан хаагчдыг /Дорноговь аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын дарга Ч.Цогзолмаа/ 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/36 дугаар тушаал Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5-д “...хууль тогтоомжид заасны дагуу албан тушаалд томилох, чөлөөлөх...”, 8.4-д “Агентлагийн дарга энэ хууль болон холбогдох бусад хуулиар олгосон бүрэн эрхэд хамаарах асуудлаар тушаал гаргана” гэж заасныг зөрчөөгүй байна.

Тодруулбал, нэгэнт Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар болж, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөд орсноор “Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар”-ын бүх албан хаагчдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр шийдвэрлэсэн Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/36 дугаар тушаал нь Монгол Улсын Их Хурлын тогтоол, Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалд нийцсэн бөгөөд нэхэмжлэгч Ч.Цогзолмаагийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй.

Тиймээс “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/36 дугаар тушаалын Ч.Цогзолмаад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болжээ.

Харин анхан шатны шүүх, “Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах” тухай нэхэмжлэгч Ч.Цогзолмаагийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна.

Учир нь нэхэмжлэгч Ч.Цогзолмаа нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2009 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 111 дүгээр тушаалаар Улсын бүртгэлийн газрын дарга /ТЗ-9 зэрэглэлтэй/, Улсын бүртгэл, статистикийн газрын даргын 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Б/46 дугаар тушаалаар Дорноговь аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, мөн 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Б/90 дүгээр тушаалаар Дорноговь аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын даргаар /ТЗ-10 зэрэглэлтэй/ тус тус томилогдон ажиллаж байжээ.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр) -ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэжээ.

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын аймаг, нийслэл, сум, дүүрэг дэх салбар, нэгжийн үйл ажиллагааны үндсэн чиглэл, удирдлага зохион байгуулалтын бүтцийг батлах тухай” Б/37 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтаар аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн бүтцийн тогтолцоо нь аймгийн Улсын бүртгэлийн хэлтэстэй, дөрөвдүгээр хавсралтаар аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн албан тушаалын орон тоо, ангилал зэрэглэлийг баталж, Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нийт 29 тоотойгоор баталсан бөгөөд түүн дотроо хэлтсийн даргын орон тоо 1 байхаар тогтоосон болох нь энэхүү тушаалаар нотлогдож байна.

Дээрх Б/37 дугаар тушаалаар Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын орон тоог баталсан бөгөөд уг шинээр зохион байгуулагдсан бүтэц орон тооны ажлын байрны чиг үүрэг нь өмнө нэхэмжлэгч Ч.Цогзолмаагийн 2009 онд Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн газрын даргын, Дорноговь аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын даргын ажил, албан тушаалыг эрхэлж байсан ажлын байрны чиг үүргээс өөрчлөгдсөн зүйлгүй байхад, мөн тэрхүү шинээр батлагдсан ажлын байранд Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/66 дугаар тушаалаар өмнө тус байгууллагад ажил, алба эрхэлж байгаагүй Ц.Тэгшжаргалыг хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилж, улмаар тус хэлтсийн даргаар жинхэлнэ томилж, хариуцагч “зохин байгуулалтын бүтэц өөрчлөгдсөн, Ч.Цогзолмааг үүрэгт ажлаас нь чөлөөлөхдөө газрын даргын албан тушаалын орон тоо хасагдсан тухай урьдчилан мэдэгдэж хуулийн дагуу өөр ажлын байр санал болгосон” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч Ч.Цогзолмааг ажил, албан тушаалаас нь чөлөөлсөн нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасныг зөрчжээ.

Мөн нэхэмжлэгч Ч.Цогзолмаа нь Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргаар үргэлжлүүлэн ажиллах саналыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Бадамцэцэгт гаргаж байсан болох нь 2016 оны 09 дүгээр сарын 02-ний өдрийн “Бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлттэй холбогдуулан аймаг, нийслэл, дүүргийн Улсын бүртгэлийн газар, хэлтсийн дарга нарын саналыг сонссон тухай” утсаар ярьсан тэмдэглэлээр нотлогдож байна.
            Иймд нэхэмжлэгч Ч.Цогзолмаагийн “Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын албан тушаалд томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах” нэхэмжлэлийг дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхээс хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийг ажилд томилоогүй буюу 2016 оны 09 дугаар сарын 15-ны өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдөр буюу 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин болох 3.858.302 /гурван сая найман зуун тавин найман мянга гурван зуун хоёр/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж Ч.Цогзолмаад олгох нь зүйтэй гэж үзлээ.

Тиймээс шүүхийн шийдвэрийн “Тогтоох” хэсэгт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дүгээр сарын 21-ний өдрийн 01 дүгээр шийдвэрийн “Тогтоох” хэсгийг “1. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.4.4, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч.Цогзолмаагийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/36 дугаар тушаалын Ч.Цогзолмаад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Ч.Цогзолмааг Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын албан тушаалд томилохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад даалгасугай. 2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч.Цогзолмаагийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 3.858.302 /гурван сая найман зуун тавин найман мянга гурван зуун хоёр/ төгрөгийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргуулан нэхэмжлэгчид олгож, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад даалгасугай.” гэж, “Тогтоох” хэсгийн 2 дахь заалтын дугаарыг “3”, 3 дахь заалтын дугаарыг “4” болгон өөрчилсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН

 

                                    ШҮҮГЧ                                                               Э.ЗОРИГТБААТАР

 

                                    ШҮҮГЧ                                                              Г.БИЛГҮҮН

 

                                    ШҮҮГЧ                                                               Э.ХАЛИУНБАЯР