Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 101/ШШ2022/02760

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Т.Э нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ц.Н-д холбогдох

Хүүхдийн тэтгэлэг болон сургалтын төлбөр 4,650,000 төгрөг гаргуулах, цаашид гарах сургуулийн төлбөрийн 50 хувийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Т.Э, хариуцагч Ц.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2010 онд Ц.Н-тай танилцаж, 2013 оны 8 дугаар сарын 22-ны өдөр охин Н.Г төрсөн. 1 жилийн хугацаанд хамт амьдарч байгаад 2014 оны 9 дүгээр сараас эхлэн тусдаа амьдарсан. Охин түүнээс хойш миний асрамжид байсан, эцэгтэйгээ огт уулздаггүй. Охин маань Улаанбаатар бүрэн дунд сургуульд орсон. 1 жилийн сургалтын төлбөр нь 3,300,000 төгрөг байдаг бөгөөд нийт 9,300,000 төгрөг болсон бөгөөд үүний тал хувь 4,650,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Хүүхдийг 18 нас хүртэл нь эцгээс нь тэтгэлэг гаргуулж өгнө үү. Цаашдын сургалтын төлбөрийн тал хувийг нэхэмжилж байгаа боловч жил бүр сургалтын төлбөрт янз бүр болдог тул би тодорхой үнэ бичээгүй гэв.

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Бид 2010 онд танилцаж, бидний дундаас 2013 оны 8 дугаар сарын 22-ны өдөр охин Н.Г төрсөн. 2014 онд бид тусдаа амьдарсан. Түүнээс хойш Н.Г ээжийнхээ асрамжид байсан. 4,650,000 төгрөгийг өгөхөд татгалзахгүй. Би одоогоор ажилгүй байгаа. Хүүхдийн тэтгэлгийн талаар тохиролцож чадаагүй тул шүүхээр шийдүүлье. Цаашдын сургалтын төлбөрийн талаар тухайн үед нь болох байх гэв.

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:

-нэхэмжлэгч талаас гаргасан Засаг даргын тодорхойлолт, хүүхэд эрүүл бойжиж байгаа эмчийн бичиг, төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбар, Нийслэлийн Ерөнхий боловсролын Улаанбаатар сургуулийн тодорхойлолт,

- хариуцагч талаас гаргасан иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад, 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь заалтад заасныг баримтлан 2013 оны 08 дугаар сарын 22-ны өдөр төрсөн охин Н.Г-г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Ц.На-аар тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг гаргуулан эх Т.Э-д олгосугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Ц.На-аас 4,650,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Э-д олгож, нэхэмжлэлээс цаашид гарах сургуулийн төлбөрийн 50 хувийг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ц.Н нь зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүнээс гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад мэдэгдсүгэй.

 

4. Хариуцагч Ц.Н-ын зүгээс Гэр бүлийн тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхэд энэ шийдвэр саад болохгүй болохыг дурдсугай.

 

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 89,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Н-аас улсын тэмдэгтийн хураамжид 89,350 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Э-д олгосугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ