Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 101/ШШ2022/03095

 

 

 

 

 

 

 

                                              2022        06          29

                     101/ШШ2022/03095

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ш ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: С.Ц,

 

Хариуцагч: Ж.У,

 

Хариуцагч: Б.М нарт холбогдох

 

   Зээлийн гэрээний үүрэгт 518,953,984 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

  Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д, хариуцагч С.Ц, түүний өмгөөлөгч С.Ч, хариуцагч бөгөөд хариуцагч Ж.Угийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Ш” ХХК нь иргэн С.Цтой 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн №ЗГ0100170012 тоот зээлийн гэрээ болон барьцааны гэрээг тус тус байгуулан 205,000,000 төгрөгийн зээлийг 4 сарын хугацаатайгаар сарын 3 хувийн хүүтэй зээлсэн. Зээлийн барьцаанд зээлдэгч С.Ц нь улсын эрхийн бүртгэлийн Ү-0дугаартай 0 тоотод байрлах 177 мкв талбайтай, 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө барьцаалсан ба компанийн зүгээс зохих журмын дагуу Улсын эрхийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн байдаг. Мөн зээлдэгч С.Ц нь 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн №ЗГ0100180004 тоот зээлийн гэрээг тус тус байгуулан 45,000,000 төгрөгийн зээлийг 3 сарын хугацаатай 3 хувийн хүүтэй зээлсэн.

Зээлдэгч С.Ц нь дээрх зээлийн гэрээнүүдийн хугацаанд хүсэлт гарган 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр №ЗГ0100170012-1 тоот “зээлийн нөхцөл өөрчлөх гэрээ”-г байгуулан зээлийн гэрээний хугацааг 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл 3 сарын хугацаатайгаар, 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр №ЗГ0100170012-2 тоот “зээлийн нөхцөл өөрчлөх гэрээ”-г байгуулан зээлийн гэрээний хугацааг 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл 2 сарын хугацаатайгаар, 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр №ЗГ0100170012-3 тоот “зээлийн нөхцөл өөрчлөх гэрээ”-г байгуулан зээлийн гэрээний хугацааг 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл 18 сарын хугацаатайгаар, 2018 оын 04 дүгээр сарын 20-ны өдөр №ЗГ0100180004-2 тоот “зээлийн нөхцөл өөрчлөх гэрээ”-г байгуулан зээлийн гэрээний хугацааг 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 2 сарын хугацаатайгаар, 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр №ЗГ0100180004-3 тоот “зээлийн нөхцөл өөрчлөх гэрээ”-г байгуулан зээлийн гэрээний хугацааг 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл 12 сарын хугацаатайгаар тус тус сунгасан байдаг.Зээлдэгч С.Ц нь зээлийн гэрээний хугацаа дууссан боловч зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байсан тул компанийн зүгээс зээл, зээлийн хүүг төлөхийг шаарддаг боловч өнөөдрийг хүртэл төлөхгүй байгууллагыг хохироосоор байна.  С.Ц нь манайхаас авсан зээлийн мөнгийг барьцаа хөрөнгийн өмчлөх Б.М, Ж.У нартай хамт хэрэглэсэн гэдэг.

Иймд хариуцагч С.Ц, Б.М, Ж.У нараас зээлийн №ЗГ0100170012 тоот гэрээний үндсэн зээл 205,000,000 төгрөг, үндсэн зээлийн хүү 208,484,984 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 23,124,000 төгрөг нийт 436,608,984 төгрөг, зээлийн №ЗГ0100180004 тоот гэрээний үндсэн зээл 45,000,000 төгрөг, зээлийн хүү 33,137,500 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,207,500 төгрөг нийт 82,345,000 төгрөг, зээлүүдийн нийт төлбөрт 518,953,984 төгрөгийг гаргуулж өгнө үү. Дээрх зээлийн төлбөрийг сайн дураар төлөхгүй тохиодолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч С.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн №ЗГ0100170012 тоот зээлийн гэрээ болон барьцааны гэрээг тус тус байгуулан 205,000,000 төгрөгийн зээлийг 4 сарын хугацаатайгаар сарын 3 хувийн хүүтэй зээлсэн. Зээлийн барьцаанд зээлдэгч С.Ц нь улсын эрхийн бүртгэлийн Ү-0 дугаартай 0 тоотод байрлах 177 мкв талбайтай, 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө барьцаалсан. Мөн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн №ЗГ0100180004 тоот зээлийн гэрээг байгуулан 45,000,000 төгрөгийн зээлийг 3 сарын хугацаатай 3 хувийн хүүтэй зээлсэн. 45,000,000 төгрөгийн зээлийн гэрээний дагуу барьцааны гэрээ байгуулаагүй. Бизнесийн үйл ажиллагаа доголдсоны улмаас зээлийн төлбөрөө хугацаандаа төлж чадаагүй. Би зээлийн төлбөрт нийт 53,000,000 орчим төгрөг төлсөн гэж бодож байна. Би эвлэрэх хүсэлттэй байгаа ба 365,000,000 төгрөгт эвлэрье гэхэд эвлэрэхгүй байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй  гэв.

 

Хариуцагч Ж.У, Б.М нар шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн С.Ц нь “Ш ХХК-иас нийт 2 удаа буюу эхний удаад 2017.09.15-ны өдөр 205,000,000 төгрөгийн зээл, дараагийн удаад буюу 2018.01.19-ний өдөр 45,000,000 төгрөгийн зээлийг тус тус зээлж авчээ. Бидний зүгээс 2017.09.13-ны өдөр С.Цид өөрсдийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0дугаартай, 0тоотод байрлах 177 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг ББСБ-аас авах зээлийн барьцаанд тавихыг л зөвшөөрсөн итгэмжлэлийг 6 сарын хугацаагаар олгосон байсан. Энэхүү итгэмжлэлийн дагуу С.Ц нь бидний орон сууцыг барьцаанд тавьж 205,000,000 төгрөгийн зээлийг 2017.09.15-2018.01.15 хүртэл 4 сарын хугацаатайгаар зээлжээ. Анх байгуулсан зээлийн гэрээний хугацаа дууссаны дараа буюу С.Цийн зүгээс дахин зээл нэмж авах шаардлагатай байгаа тул дахин итгэмжлэл хийж өгөөч гэж хүсэлт тавьсны үндсэн дээр бидний зүгээс 2018.01.19-ний өдөр 6 сарын хугацаатайгаар дахин шинээр итгэмжлэл хийж өгсөн. Уг итгэмжлэлийн дагуу С.Ц нь бидний орон сууцыг дахин барьцаалж 45,000,000 төгрөгийн зээлийг 2018.01.19-2018.04.19 хүртэл 3 сарын хугацаатайгаар дахин зээлж авсан байсан. С.Ц уг хоёр зээлийг мэдээллийн технологийн тоног төхөөрөмж худалдан авах зориулалтаар зээлж авсан байдаг. “Ш” ХХК-ийн нэхэмжлэлээс харахад С.Ц нь зээлийн гэрээний үүрэгтээ огт мөнгө төлж байгаагүй гэж дурьдсан байх ба бидний байрыг барьцаалж зээл авчихаад эргэн төлөлт огт хийлгүйгээр шууд л зээлийн эргэн төлөлтийг үүргийн гүйцэтгэл болох барьцаагаар хангуулах хүсэл зоригтой байсан нь харагдаж байна. Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.3-т “Төлөөлөгч нь бүрэн эрхээ шударгаар, төлөөлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцүүлэн хэрэгжүүлэх үүрэгтэй”, 63.4-т “Энэ хуулийн 63.3-т заасан үүргээ биелүүлээгүйгээс төлөөлүүлэгчид учирсан гэм хорыг төлөөлөгч хариуцан арилгах үүрэгтэй" гэж заасан байна. Бидний хувьд бол С.Цийн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн төлөө өөрсдийн өмчлөлийн орон сууцаараа үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь бидний анх олгосон итгэмжлэлийн хугацаа дууссан байхад С.Ц нь “Ш” ХХК-д өргөдөл, хүсэлт гаргаж зээлийн нөхцөл өөрчлөх гэрээ байгуулаад яваад байсан нь хууль зөрчсөн үйлдэл байсан гэж үзэж байна. Олгосон 1 итгэмжлэлээр нэг л гэрээ байгуулах учиртай. Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах, нөхцөл өөрчлөхөөр бол итгэмжлэл олгосон этгээдүүд болох Б.М, Ж.У нарт мэдэгдэж зөвшөөрөл авах ёстой. Иргэний хуулийн 67 дугаар зүйлийн 67.2.5-д “бүрэн эрхийг хэрэгжүүлсэн” бол төлөөлөл дуусгавар болохоор заасан. Бидний хүсэл зориг бол анхнаасаа л итгэмжлэлийг олгохдоо “зөвхөн барьцаанд тавих” нөхцөлтэйгээр л гэж ойлгож байсан бөгөөд бидний байрыг үүргийн гүйцэтгэлийг хангуулахад биш зээлээ хугацаанд нь төлөөд л бидний байрыг буцаагаад чөлөөлөөд өгнө гэсэн итгэлээр л итгэмжлэлийг богинохон хугацаагаар хийж өгч байсан болно. Иймд “Ш” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвхөн барьцаа хөрөнгийн хувьд гуравдагч этгээд нарын итгэмжлэлээр зөвшөөрсөн хэмжээнд буюу 205,000,000 + 45,000,000= 250,000,000 төгрөгийн хэмжээнд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр  хангуулахыг хүлээн зөвшөөрч байгаа ба үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:

-нэхэмжлэгчээс гаргасан зээлийн өргөдөл, зээлийн анкет, оршин суугаа хаягийн тодорхойлолт, 2017 оны 09 сарын 15-ны өдрийн зээлийн гэрээ, барьцааны гэрээ, зээлийн нөхцөл өөрчлөх гэрээнүүд, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, 2017 оны 09 сарын 13-ны өдрийн итгэмжлэл, 2018 оны 01 сарын 19-ний өдрийн итгэмжлэл, 2019 оны 01 сарын 07-ны өдрийн итгэмжлэл, барьцаалбар, төлбөрийн баримт, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хүснэгт, 2018 оны 01 сарын 19-ний өдрийн зээлийн гэрээ, зээлийн нөхцөл өөрчлөх гэрээнүүд, төлбөрийн баримт, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хүснэгт, улсын бүртгэлийн гэрчилгээ,

-хариуцагчаас гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, иргэний үнэмлэхийн хуулбарууд зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад, 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Ш” ХХК нь хариуцагч С.Цид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 518,953,984 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгөөр хангуулах  тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар Б.М, Ж.У нарыг татан оролцуулж, зээлийн гэрээний үүргийг хариуцагч нараас гаргуулахаар шаардсан.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...хүчин төгөлдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан. Зээлдэгч нь хугацаандаа төлбөр төлөөгүй, зээл төлөх боломжийг хангалттай олгосон. Шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаагаар тасалбар болгож зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг бодсон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удаан явагдсан ба энэ хугацааны хүүг нэхэмжлэх эрхтэй боловч зээлдэгчийн эдийн байдлыг харгалзан нэмээгүй” гэж,

Хариуцагч С.Ц нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ “...Зээлийн гэрээ байгуулсан нь үнэн. Эдийн засгийн байдал доголдсонтой холбоотойгоор төлбөрөө төлж чадахгүйд хүрсэн. 365,000,000 төгрөгийн хэмжээгээр эвлэрэх хүсэлт гаргахад нэхэмжлэгч нь уг үнийн дүнг зөвшөөрөөгүй. Зээлийн гэрээний хугацаа дууссан байхад зээлийн хүүг нэхэмжлэл гаргах хугацаагаар бодсон нь үндэслэлгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй” гэж,

Хариуцагч Б.М, Ж.У нар нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ “...бид зээлийн гэрээ байгуулаагүй тул зээл төлөх үүрэг үүсэхгүй. Бид өөрсдийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг зөвхөн зээлийн барьцаанд тавих эрхтэй итгэмжлэл олгосноос бус үүргийн гүйцэтгэлийг хангуулах хүсэлгүй байсан. 6 сарын хугацаатай итгэмжлэл олгосон ба уг итгэмжлэлийн хугацаа дууссан тул уг итгэмжлэлийг үндэслэн байгуулсан барьцааны гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг хангах үндэслэлгүй” гэж тус тус тайлбарласан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч “Ш” ХХК нь хариуцагч С.Цтой  2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр №ЗГ0100170012 тоот зээлийн гэрээг байгуулж, 205,000,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 4 сарын хугацаатай,

Мөн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр №ЗГ0100180004 тоот зээлийн гэрээ байгуулж, 45,000,000 төгрөгийн зээлийг сарын 2.5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай тус тус зээлдүүлэх, зээлдэгч С.Ц нь тохирсон хугацаанд хуваарийн дагуу зээлийн мөнгөн хөрөнгийг хүүгийн хамт төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх-12-14, 34-36 дугаар/

 

Талууд 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр №ЗГ0100170012 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож, Б.М, Ж.У нарын өмчлөлийн 0 тоот 177 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг барьцаалсан байна. /хх-ийн 15-19, 29 дүгээр тал/

 

Гэрээний талууд 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн №ЗГ0100170012 тоот зээлийн гэрээний хугацааг 2018 оны 01 дүгээр сарын16, 2018 оны 04 дүгээр сарын 17, 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн нөхцөл өөрчлөх гэрээнүүдийн дагуу тухай бүр сунгаж, үүрэг гүйцэтгэгч С.Ц нь 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр гэрээний үүргийг төлж дуусгахаар,

2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр №ЗГ0100180004 тоот зээлийн гэрээний хугацааг 2018 оны 04 дүгээр сарын 20, 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн нөхцөл өөрчлөх гэрээнүүдийн дагуу тухай бүр сунгаж, гүйцэтгэгч С.Ц нь 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр гэрээний үүргийг төлж дуусгахаар тохиролцсон байна. /20-23, 37-38 дугаар тал/

 

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох гэрээний харилцаа, мөн Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан барьцааны гэрээний харилцаа тус тус үүсчээ.

 

Талууд гэрээний агуулгыг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд гэрээг байгуулсан, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар хийгдсэн, тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр байна.

 

Зээлдүүлэгч “Ш” ХХК-иас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж 205,000,000 төгрөг болон 45,000,000 төгрөгийн мөнгөн хөрөнгийг тус тус зээлдэгч С.Цид олгосон үйл баримтад талууд маргаагүй, энэ нь төлбөрийн баримтуудаар тогтоогдсон. /хх-ийн 30, 39 дүгээр тал/

 

Үүрэг гүйцэтгэгч С.Ц нь зээлийн төлбөр төлөх хуваарийг зөрчиж, тохирсон хугацаанд зээлийн мөнгөн хөрөнгийг төлөөгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх ба тэрээр шүүх хуралдаанд “...зээлийн төлбөрт нийт 53,000,000 төгрөг төлсөн” гэж тайлбарласан боловч уг тайлбараа баримтаар нотлоогүй. Иргэний хэрэг үүссэн цагаас эхлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчид төлбөр төлсөнтэй холбоотой баримтаа хэрэгт цуглуулж өгөх хангалттай хугацаа байсан. Мөн хариуцагч С.Ц нь зээлийн гэрээний хугацаа дууссан байхад зээлийн гэрээний хүү, нэмэгдүүлсэн хүүг шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаагаар тооцож нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй гэж маргасан нь үндэслэлгүй байна. Учир нь,

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, 453 дугаар зүйлийн 453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж тус тус зааснаар хариуцагч нь зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэж дуусах хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.

 

Нэхэмжлэгч “Ш” ХХК нь хариуцагч С.Цийг №ЗГ0100170012 тоот гэрээний үүрэгт 38,130,016 төгрөг, №ЗГ0100180004 тоот гэрээний үүрэгт 7,250,000 төгрөг, нийт 45,380,016 төгрөг төлсөн талаар тайлбарласан. Харин нэхэмжлэгч нь хариуцагчаас төлсөн дээрх мөнгөн хөрөнгийг зээлийн гэрээний үндсэн үүрэг, хүү, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүд тус бүрт нь хэд хэдэн төгрөгийг тооцсон болохоо тайлбарлаж чадаагүй.

 

Иймд шүүх Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасантай нийцүүлэн дүгнэх замаар №ЗГ0100170012 тоот гэрээний үүрэгт төлсөн 38,130,016 төгрөг, №ЗГ0100180004 тоот гэрээний үүрэгт  төлсөн 7,250,000 төгрөгийг тус тус зээлийн үндсэн төлбөрөөс хасч тооцох нь зүйтэй гэж үзэв. Ингээд хариуцагчийн гүйцэтгэвэл зохих үүргийг гэрээ тус бүрээр тооцвол:

- №ЗГ0100170012 тоот гэрээний үндсэн үүрэгт 205,000,000 - 38,130,016 төгрөг = 166,869,984 төгрөг байна. Үүнээс нэг сард төлвөл зохих хүү 166,869,984 х 3 хувь = 5,006,099 төгрөг. Гэрээний хугацааны болон хэтэрсэн хугацааны хүүг тооцох сар нэхэмжлэгчийн тодорхойлсноор шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаагаар бодоход 39 сар байна. Нэг сард төлвөл зохих 5,006,099 төгрөг х 39 сар = 195,237,861 төгрөгийн хүү, үүнд ногдох 18,233,750 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү, нийт үүрэг 380,341,595 /166,869,984+195,237,861+18,233,750/  төгрөг байна.

 

- №ЗГ0100180004 тоот гэрээний үндсэн үүрэгт  45,000,000 – 7,250,000 төгрөг = 32,750,000 төгрөг байна. Нэг сард төлвөл зохих хүү 32,750,000 х 2.5 хувь = 818,750 төгрөг, Гэрээний хугацааны болон хэтэрсэн хугацааны хүүг тооцох сар нэхэмжлэгчийн тодорхойлсноор шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаагаар бодоход 35 сар байна. Үүнийг нэг сард төлвөл зохих 818,750 төгрөг х 35 сар = 28,656,250 төгрөгийн хүү, үүнд ногдох 2,967,300 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү, нийт үүрэг 64,373,550 /32,750,000+28,656,250+2,967,300/ төгрөг байна.

 

Нийт хоёр зээлийн гэрээний үүрэгт 444,715,145 /380,341,595+64,373,550/ төгрөгийг хариуцагч С.Ц нь нэхэмжлэгч “Ш” ХХК-д төлөх үүрэгтэй байх тул уг мөнгөн хөрөнгийг С.Цоос гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасантай тус тус нийцнэ.

 

Харин нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийг хариуцагч Б.М, Ж.У нараас гаргуулахаар шаардсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь, нэхэмжлэгч “Ш” ХХК нь хариуцагч Б.М, Ж.У нартай зээлийн гэрээ байгуулаагүй, тэдгээрийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй байх тул тэд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгчид хамаарахгүй байна. Иймд нэхэмжлэгчээс гаргасан хариуцагч Б.М, Ж.У нараас зээлийн гэрээний үүрэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй” гэж, мөн 165 дугаар зүйлийн 165.1-д “Бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд өөрийн шаардлагаа хангуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч тодорхой үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахыг ипотек гэнэ” гэж тус тус заажээ.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар зохигчдын хооронд байгуулсан барьцааны зүйл болох үл хөдлөх хөрөнгүүд нь зээлийн гэрээгээр үүрэг хүлээгээгүй буюу хариуцагч Б.М, Ж.У нарын өмчлөлийн эд хөрөнгө бөгөөд энэ нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д “Барьцаалуулагч нь үүрэг гүйцэтгэгч, эсхүл гуравдагч этгээд байж болно” гэж заасантай нийцэж байна.

 

Хариуцагч Б.М, Ж.У  нар нь 2017 оны 09 сарын 13-ны өдрийн итгэмжлэл, 2018 оны 01 сарын 19-ний өдрийн итгэмжлэл, 2019 оны 01 сарын 07-ны өдрийн итгэмжлэлээр тус тус хариуцагч С.Цид 0 тоотод оршин байрлах, 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг банк бус санхүүгийн байгууллага, банкны зээлийн барьцаанд бариулах, зээл, барьцааны гэрээ, барьцаалбарт төлөөлж гарын үсэг зурах, үүргийн гүйцэтгэлийг хангуулах, зээлийг захиран зарцуулах, ЭХЭУБГазарт барьцааны гэрээ бүртгүүлэх, авах, лавлагаа авах эрхтэй итгэмжлэлийг олгожээ. /хх-26-28 дугаар тал/

 

Уг 2017 оны 09 сарын 13-ны өдрийн итгэмжлэлийг үндэслэн зээлдэгч С.Ц нь №ЗГ0100170012 тоот гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хариуцагч Б.М, Ж.У  нарыг төлөөлөн нэхэмжлэгч “Ш” ХХК-тай 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр барьцааны гэрээ байгуулж, барьцаалбарыг улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

 

Хариуцагч Б.М, Ж.У нар нь итгэмжлэл олгохдоо зөвхөн зээлийн барьцаанд тавих эрхтэй гэж ойлгож байсан, бидний орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхийг олгосон болохоо мэдээгүй, итгэмжлэлийг уншиж үзээгүй гарын үсэг зурсан, бид зээл аваагүй тул бидний өмчлөлийн хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан нь үндэслэлгүй байна. Тухайн хариуцагч нар дээрх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүйгээс гадна өөрсдийн хүсэл зоригоо илэрхийлж бусдад итгэмжлэл олгосон, итгэмжлэлээр олгосон эрхийн талаар маргах боловч Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7 дахь хэсэгт “Хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж зааснаар хариуцагч Б.М, Ж.У нараас гаргасан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахгүй гэх тайлбар няцаагдана.

 

Мөн Б.М, Ж.У нараас гаргасан итгэмжлэлээр олгосон хугацаа 6 сар бөгөөд уг хугацаа дууссан тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах үндэслэлгүй гэх тайлбар учир дутагдалтай. Барьцааны гэрээ байгуулах үед Б.М, Ж.У нараас С.Цид олгосон итгэмжлэл хүчин төгөлдөр байсан тул хожим итгэмжлэлийн хугацаа дуусах нь барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй.

 

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 175 дугаар зүйлийн 175.1-д тус тус зааснаар үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй бөгөөд үл биелүүлсэн тохиолдолд шүүхийн шийдвэрээр барьцааны зүйлийг албадан худалдахаар тус тус зохицуулсан.

 

Нэгэнт үүрэг гүйцэтгэгч буюу зээлдэгч С.Ц нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор хугацаандаа биелүүлээгүй, зээл, зээлийн хүүг төлөөгүй бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгчийн зүгээс барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шаардсан тул барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй. 

 

Харин зээлийн гэрээний талууд №ЗГ0100180004 тоот гэрээний дагуу барьцааны гэрээг бичгээр байгуулаагүй, улсын бүртгэлд уг гэрээний үүргийг хангуулахтай холбоотой барьцаалбарыг бүртгүүлээгүй байх тул №ЗГ0100170012 тоот гэрээний гүйцэтгэх зохих үүрэг 380,341,595  төгрөгийн хэмжээгээр барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй байна.

 

Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэвэл хариуцагч С.Цоос 444,715,145 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Ш” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 74,238,839 төгрөг болон зээлийн гэрээний үүргийг хариуцагч Б.М, Ж.У нараас гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, 380,341,595 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Ү-0улсын дугаартай, 0 тоотод оршин байрлах, 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээгээр хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөх үүрэгтэй тул хариуцагч С.Цоос /2,381,526+70,200/ 2,451,726 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Ш” ХХК-д олгов.

 

Нэхэмжлэгч нь анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2,822,920 төгрөг төлсөн. Тус шүүхийн шүүгчийн 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2021/00599 дүгээр зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийн дагуу татварын хэлтсээс нэхэмжлэгч нь 1,411,460 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан гаргуулж авсан. Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийг хүчингүй болгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ердийн журмаар хянагдах үед нэхэмжлэгч нь татварын хэлтсээс буцаан гаргуулж авсан 1,411,460 төгрөгийг 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр дахин төлсөн болно. /хх-ийн 96-97 дугаар тал/

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийн дагуу хариуцагч нь нэхэмжлэгчид улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй байгаа болохыг талуудын хэн аль нь тайлбарласан. Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид нийт төлсөн үнийн дүн 2,822,920 төгрөгийг улсын орлогод үлдээж, нэхэмжлэл хангагдсан хэмжээнд ногдох 2,451,726 төгрөгийг хариуцагч нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй.

 

Бусад:

Хариуцагч Б.М, Ж.У  нар нь шүүхэд 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр тус хэрэгт Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийг хүчингүй болгуулах тухай хүсэлт гаргаж, уг хүсэлтийг шүүх 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн захирамжаар хангаж, энэ өдрөөс хойш тэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон. /хх-61-75 дугаар тал/

 

2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн шүүх хуралдааныг хариуцагч Б.М, Ж.У нараас гаргасан өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авах хүсэлтийн дагуу хойшлуулсан. 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдааныг хариуцагч Б.М, Ж.У нарын өмгөөлөгч Т.Баясгалангаас гаргасан хэргийн материалтай танилцах тухай хүсэлтийн хангаж хойшлуулсан. 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдааныг Б.М, Ж.У  нарын өмгөөлөгч Т.Б-аас гаргасан шүүх хуралдаан давхацсан шалтгаанаар хойшлуулах хүсэлтийг хангаж хойшлуулсан. Өнөөдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч Т.Б-аас шүүх хуралдаан давхацсан үндэслэлээр шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг ирүүлсэн. Уг хүсэлтдээ хавсаргасан баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй, уг баримтаас үзэхэд хэдэн оны хэдэн сарын хэдний хэдэн цагт болох шүүх хуралдааны тов эсэх нь тодорхойгүй байна.

 

Иймд хариуцагч Б.М, Ж.У  нарын өмгөөлөгч Т.Б-аас гаргасан шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг хангахгүй орхин хэргийг хэлэлцүүлсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч С.Цоос 444,715,145 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Ш” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 74,238,839 төгрөг болон зээлийн гэрээний үүргийг хариуцагч Б.М, Ж.У нараас гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Ц нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох хариуцагч Б.М, Ж.У  нарын өмчлөлийн Ү-0улсын дугаартай, 0 тоотод оршин байрлах, 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу хуульд нийцүүлэн худалдаж, 380,341,595 төгрөгийн хэмжээгээр үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,822,920 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Цоос улсын тэмдэгтийн хураамжид 2,451,726 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Г.БЯМБАЖАРГАЛ