2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 2025/ШЦТ/647

 

 

 

 

 

 

 

 

 

    2025          03           06                                          2025/ШЦТ/647

 

 

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Энхзул, хохирогч Б.Э /цахимаар/,

улсын яллагч Н.Цогням /томилолтоор/, шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2305 00000 0000 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1976 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд төрсөн, 48 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг /Солонгос хэлний багш, орчуулагч/, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамтаар Баянгол дүүргийн 00 дугаар хороо, 000 дугаар байрны 0000 тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

Боржигин овгийн Жын Ө (**00000000),

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Яллагдагч ******* нь 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Т" нэртэй хүнсний зах дотор хохирогч Б.Этай “Зөвшөөрөлгүй хөргөгчөөс пиво авч уулаа” гэх шалтгааны улмаас маргалдан улмаар түүний үснээс зулгаах, толгойн тус газар гараар цохих зэргээр зодож биеийн эрүүл мэндэд тархи доргилт, зүүн хацар, баруун бугалга, зүүн бугалга, шуу 2 гуянд цус хуралт, зүүн доод зовхи, хүзүүнд зулгаралт, 2 чамархай, дагзны хуйх, дух, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 595 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч *******.

            1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.

            2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар, мэдүүлэг, гэм буруугийн дүгнэлтээс дүгнэн үзэхэд шүүгдэгч ******* нь 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Т" нэртэй хүнсний зах дотор хохирогч С.Этай “Зөвшөөрөлгүй хөргөгчөөс пиво авч уулаа” гэх шалтгааны улмаас маргалдан улмаар түүний үснээс зулгаах, толгойн тус газар гараар цохих зэргээр зодож биеийн эрүүл мэндэд тархи доргилт, зүүн хацар, баруун бугалга, зүүн бугалга, шуу 2 гуянд цус хуралт, зүүн доод зовхи, хүзүүнд зулгаралт, 2 чамархай, дагзны хуйх, дух, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо.

            Энэ нь Хохирогч Б.Эын “...Манай нөхөр Ж нь гэрээсээ гараад 4 өдөр гэртэй ирээгүй бөгөөд Б гэдэг найзтайгаа нийлээд архи уугаад гэртэй ирэхгүй байсан. Би 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр архи уусан үедээ ганцаараа Бын ажил болох Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах зах дээр очоод Бтай маргалдсан. Б нь манай нөхрийн хамт өөр эмэгтэй хүмүүстэй орсон байхаар нь би очиж маргалдсан. Би дэлгүүрийнх нь хөргөгчөөс нь пиво аваад уусан чинь эхнэр нь болох Ө уурлаад намайг дэлгүүрийн бараа зөөдөг эрэгтэй хүний хамт болон эгч, нөхрийн хамт дэлгүүрээс гаргаад, гадаа Ө нь үсдэж чирсэн толгой руу цохиж, зодсон миний хамаг бие хөх няц болсон байсан. Би Өыг цохиж зодоогүй" гэсэн мэдүүлэг /хх32-35/,

хохирогчоор дахин мэдүүлсэн “...маш их гомдолтой байна. Эхнэр нь сүүлд Сандэй 2 дээр таарахаар нь танай нөхөр яагаад намайг зодчихвоо гэхэд хохь чинь гэж хэлээд явсан. Тэр хоёр нэг ч удаа надаас уучлалт гуйгаагүй, мөн би 14 хоног ажлаа хийж чадаагүй. Үүний улмаас өр зээлээ заримыг нь төлж чадаагүй. Би банкинд 400 орчим сая төгрөгийн зээлтэй, сард 14 сая төгрөг төлдөг. Энэ асуудлаас болж нэлээн ажлаа алдсан. Хохирлын баримтаа олохгүй байгаа тул олоод гаргаж өгнө. Одоогоор яг хэдэн төгрөгийн хохирол учирсанаа мэдэхгүй байна. Сэтгэл санааны болон бие махбодийн хохиролтой байна. Орбита гэх нарийн мэргэжлийн нүдний эмчид үзүүлэхэд ирээдүйд нүд ширгэх магадлалтай гэж хэлсэн. Тухайн үед үзүүлэхэд цус хуралт ихтэй байна гэж байсан. Би сэтгэцэд учирсан хор уршгийн 2 дугаар зэрэглэлийг хүлээн зөвшөөрч байна. Би сэтгэцэд учирсан хор уршгийн мөнгө нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хх20-21/,

            Гэрч Т.Бын "...Манай найз Жы эхнэр Э тухайн өдөр 11 цагийн үед намайг эхнэрийн хамт Таван-Эрдэнэ зах дээр лангуун дээрээ байхад согтуу орж ирээд шууд хөргөгчөөс лааз пиво авч задлаад манай эхнэрийг "Таксины мөнгө өг” гэж хэлсэн эхнэр "Юун таксины мөнгө, яагаад дураараа пиво авч ууж байгаа юм таксины мөнгийг чинь бид нар яаж төлдгийн" гэж хэлсэн. Тэгээд янз бүрээр эхнэр бид хоёрыг доромжлоод янз бүрээр хэлээд янхан луйварчин гэж доромжилсон. Тэгээд би нөхөр рүү залгаад "Эхнэр чинь энд бөөн юм болоод байна" гэж хэлэхэд нөхөр нь “ажилтай байна наадхаа эгч нь юм уу цагдаад өг” гэсэн. Эхнэр нөхөр чинь юу болоод ингээд байгаа юм гэхэд надтай маргасан надаас мөнгө нэхээд байсан надад мөнгө байхгүй гэсэн нөхөр нь эхнэрээсээ айдаг манайхаар үйлчлүүлж байсан өвгөнийг мангасдаад түлхээд байсан бөгөөд эхнэр чирээд гадаа үсдэлцээд гарсан бөгөөд гадаа юу болсон талаар мэдэхгүй байна би гадаа байгаагүй” гэх мэдүүлэг /хх39/,

Шинжээч эмч С.Эийн "... Тархи доргилт, зүүн бугалганы цус хуралт, баруун зүүн чамархай, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, Бусад нь тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Тархи доргилт гэмтэл нь үснээс татах, зулгаах, цохих, цохигдох үед үүсэж боломжтой. Тухайн гэмтлүүд нь хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байсан” гэсэн мэдүүлэг /хх42-43/, шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдож байна.

            3. Шүүхийн Шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 11132 дугаартай "Б.Эын биед тархи доргилт, зүүн хацар, баруун бугалга, зүүн бугалга, шуу 2 гуянд цус хуралт, зүүн доод зовхи, хүзүүнд зулгаралт, 2 чамархай, дагзны хуйх, дух, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. ...хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх53- 54/,

4. Хохирогчийн биед учирсан дээрх хөнгөн хохирол нь шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэрээр хохирогчийн үснээс зулгаах, толгойн тус газар гараар цохих зэргээр зодсон үйлдлээс шалтгаалан үүсгэгдсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

5. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар үйлийн 1, 2 дахь хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас  хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө... зэрэгт шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцох,  гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны  улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор  уршигт тооцохоор, шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно гэж заасан.

6.1. Мөрдөн байцаалтад хохирогч нь 500,000 төгрөгийн хохирлыг нэхэмжилнэ гэдгээ илэрхийлсэн хэдий ч хэрэгт баримтыг хавсаргаж өгөөгүй бөгөөд шүүгдэгч ******* нь хохирогчид 800,000 төгрөгийг хохиролд төлжээ.

7. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй”, 505.2 дахь хэсэгт “Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй”,

Мөн хуулийн 228 дугаар зүйлийн 228.3 дахь хэсэгт “Эрүүл мэндийг хохироосноос хохирогч хөдөлмөрийн чадвараа алдсан буюу хөдөлмөрийн чадвар нь буурсан, эсхүл хэрэглээ зардал нь нэмэгдсэн бол гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд хохирогчид сар тутам мөнгө /тэжээн тэтгэхтэй холбогдсон тэтгэлэг/ төлөх замаар гэм хорыг арилгах үүрэгтэй.”, 228.4 дэх хэсэгт “Хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй” гэж тус тус заасан.

Мөн Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ” гэж, 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана” гэж заасан.

8. Хохирогч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчтэй хохирлын талаар харилцан тохиролцож шүүгдэгчээс нийт 800,000 төгрөгийг хохиролд авсан болохыг дурдаж байна.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

9.1. Улсын яллагчаас шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжээр торгох ял оногдуулах дүгнэлт гаргасан бол хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ.

9.2. Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон болно.

10. Хэрэгт авагдсан нотлох баримтаас шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг барагдуулсан, гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн буюу дэлгүүр дотор дураар авирласан үйлдлээс шалтгаалсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтайд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

11. Шүүгдэгчийн үйлдэлд 450 нэгжээс 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240 цагаас 720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 1 сараас 3 сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр заасан хөнгөн гэмт хэрэг байна.

12. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан, хэргийн нөхцөл байдлын хувьд замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой, дүрэмд зааснаар оролцох үүргээ биелүүлээгүй, нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалтайг харгалзан үзлээ.

13. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх; тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасан.

Иймд шүүгдэгчийн хувийн байдлын хувьд хөдөлмөр эрхэлдэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг сайн дураараа нөхөн төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэв.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

13. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Жын Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас шүүгдэгч *******ыг чөлөөлсүгэй.

3. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

4. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

5. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МӨНХБААТАР