Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 101/ШШ2022/03306

 

 

 

 

 

 

 

 

 

2022 07 22

101/ШШ2022/03306

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Х б ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: В.Ө-д холбогдох

 

Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, гэрээний үүрэгт 17,733,942 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О, хариуцагч В.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн В.Ө нь Х б-тай 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр №317201743149117 тоот зээлийн гэрээ байгуулж 13,800,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар зээлж авсан. Мөн 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр №317201843471833 тоот зээлийн гэрээ байгуулж өмнөх зээлийн үлдэгдэл дээр нэмж 1,930,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 46 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар зээлж авсан байдаг. 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр №317201944968352 тоот зээлийн гэрээ байгуулж өмнөх зээлийн үлдэгдэл дээр нэмж 4,000,000 төгрөгийг жилийн 16,8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай нийт 19,730,000 төгрөгийг зээлж авсан байдаг.

Зээлдэгч нь 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлээс 7,142,141.07 төгрөг, хүүгийн төлбөрт 5,209,593.10 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,259.55 төгрөг нийт 12,352,993.72 төгрөгийг төлсөн байна. Гэвч зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралт дахь Зээлийн эргэн төлөлтийн хуваарь-г удаа дараа зөрчсөн тул банкны зүгээс зээлдэгчид зээлээ төлөх тухай мэдэгдэл хүргүүлэх, утсаар ярих, уулзах зэрэг арга хэмжээнүүдийг авч, зээлийн төлбөрөө төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилж мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн өр, төлбөр төлөгдөөгүй байна. Иймд банк Монгол улсын Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн зээлдэгч В.Ө-д холбогдуулан шүүхэд хандан дараахь нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлаж, 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар дараахь зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилж байна.

Үндсэн зээлийн үлдэгдэл 12,587,858.83 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 5,017,672.61 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 128,410.77 төгрөг, нийт 17,733,942.20 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би Х б-аас цалингийн зээл авсан нь үнэн. Үндсэн төлбөр болох 12,587,858.83 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхгүй. Намайг 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ажлаас гэнэт халсан. Ажлаас халагдсаны улмаас цалингүй болсон тул зээлийн төлбөрийг төлж чадахгүйд хүрээд байна, миний зээлийн асуудлыг шүүхэд яаралтай хандаж өгөөч, зээлийн хүүг зогсоолгох шаардлагатай байгаагаа би банкны эдийн засагч н.Д-д удаа дараа хэлж, хандаж байсан. Банкинд өөрийн асуудлаа тухайн үед нь хэлсээр байхад шүүхэд нэхэмжлэл гаргахгүй, надад ямар нэгэн хариу өгөхгүй явсаар зээлийн хүүг өсгөж байгаад 2 жилийн дараа нэхэмжлэл гаргасныг зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:

-нэхэмжлэгчээс гаргасан улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, зээлийн гэрээнүүд, мөнгөн шилжүүлгийн баримтууд, зээлийн бүртгэлийн карт, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, иргэний үнэмлэхийн хуулбар, зээл төлөх мэдэгдлүүд, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, баталгаат шуудангийн маягтууд,

-хариуцагчаас гаргасан Ч.С-ээс гаргасан тодорхойлолт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/1733 дугаар тушаал, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2020/ШЦТ/791 дүгээр тогтоол, банкинд гаргасан гэх хүсэлт,

-хариуцагчийн хүсэлтээр шүүх бүрдүүлсэн Х б ХХК-ийн албан бичиг, 2022 оны 01 сарын 26-ны өдөр В.Ө-аас Х б-д гаргасан бичгийн хүсэлт зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х б ХХК нь хариуцагч В.Ө-д холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, гэрээний үүрэгт 17,733,942 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас хариуцагч зээлийн үндсэн төлбөр төлөхийг хүлээн зөвшөөрч, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхгүй гэж маргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Х б ХХК нь хариуцагч В.Ө-тай 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр №317201743149117 тоот зээлийн гэрээ байгуулж 13,800,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар олгохоор тохиролцсон байна.

 

Гэрээний талууд 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр №317201843471833 тоот зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр №317201743149117 тоот зээлийн үлдэгдэл 12,070,000 төгрөг дээр 1,930,000 төгрөгийг нэмж зээлдүүлэхээр тохиролцож, нийт 14,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 46 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар олгохоор тохиролцжээ.

 

Мөн гэрээний талууд 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр №317201944968352 тоот зээлийн гэрээ байгуулж, 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр №317201843471833 тоот зээлийн үлдэгдэл 8,611,842 төгрөг дээр 4,000,000 төгрөгийг нэмж зээлдүүлэхээр тохиролцож, нийт 12,611,842 төгрөгийг жилийн 16,8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар хариуцагч В.Ө нь хүүгийн хамт тохирсон хугацаанд хуваарийн дагуу төлж барагдуулах үүрэг хүлээсэн байна. /хх-ийн 9-17 дугаар тал/

 

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох гэрээний харилцаа үүсчээ.

 

Талууд гэрээний агуулгыг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд гэрээг байгуулсан, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар хийгдсэн, тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр байна.

 

Зээлдүүлэгч Х б ХХК-иас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж гэрээгээр олгох төгрөгийн мөнгөн хөрөнгийг тухай бүрт зээлдэгч В.Ө-д олгосон үйл баримтад талууд маргаагүй, энэ нь төлбөрийн баримтуудаар тогтоогдсон. /хх-ийн 18 дугаар тал/

 

Үүрэг гүйцэтгэгч В.Ө нь зээлийн төлбөр төлөх хуваарийг зөрчиж, тохирсон хугацаанд зээлийн мөнгөн хөрөнгийг төлөөгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх ба тэрээр зээлийн үндсэн төлбөр 12,587,858 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн. Харин хариуцагч нь зээлийн хүү 5,017,672 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 128,410 төгрөгийн хэмжээнд маргаагүй боловч ...ажлаас халагдсан тухайгаа мэдэгдэж, зээлийн хүүг зогсоох хүсэлтийг 2020 онд гаргаад байхад банк шүүхэд нэхэмжлэлээ гаргахгүй явсаар их хэмжээний хүү хуримтлагдсан гэх үндэслэлээр хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхөөс татгалзсан.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус зааснаар хариуцагч нь зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэж дуусах хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.

 

Хэрэгт авагдсан зээлийн бүртгэлийн карт, дансны хуулгаас тус тус үзэхэд зээлдэгч нь 2020 оны 06 дугаар сараас эхлэн зээл төлөх хуваарийг зөрчсөн байх ба энэ талаар зохигчид маргаагүй. /хх-ийн 19-25 дугаар тал/

 

Зээлдүүлэгч Х б ХХК нь зээлдэгчийг 2020 оны 06 дугаар сараас эхлэн зээл төлөх хуваарийг зөрчсөн байхад зээлийн гэрээний 5.1.1-т банк гэрээг хүлээсэн үүргээ биелүүлэх, зохих ёсоор биелүүлэхийг зээлдэгчээс шаардана гэж зааснаар зээлийг төлүүлэхийг үүрэг зөрчсөн үед шаардаагүй, энэ талаар арга хэмжээг аваагүй, зээлдэгчийг зээлийн төлбөрийг зохих ёсоор биелүүлэхийг тухайн цаг хугацаанд шаардаагүй явсаар 2022 оны 03 дугаар сард анх зээл төлөх мэдэгдлийг хариуцагчид хүргүүлж, 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ. /хх-ийн 27-32 дугаар тал/

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/1733 дугаар тушаалаар В.Өн-ыг 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгон 429 дүгээр хаалттай хорих анги-Төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн холбоочингийн үүрэгт ажлаас чөлөөлсөн байна. Зээлдэгч В.Ө нь зээлийн мөнгөн хөрөнгийг цалингийн зээлийн зориулалтаар авсан, 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн болохоо зээлдүүлэгч Х б  ХХК-ийн холбогдох ажилтанд мэдэгдэж, зээлийн хүүг зогсоох зорилгоор зээлийн гэрээг цуцлах хүсэлтийг амаар болон бичгээр мэдэгдэж байсан талаар тайлбарласныг нэхэмжлэгч тал баримтаар үгүйсгээгүй.

 

Талуудын байгуулсан 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн №ЗГ/201944968352 тоот зээлийн гэрээний 6.1, 6.1.3-т зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийг удаа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй, зээлдэгчийн ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн болон түүнтэй адилтгах гэрээ цуцлагдсан, дуусгавар болсон тохиолдолд тус тус банкны санаачилгаар гэрээ цуцалж, зээлийн төлбөрийг хугацаанаас өмнө бүрэн төлөхийг шаардана гэж заасан байна. Гэтэл Х б ХХК нь 2020 оны 6 дугаар сараас эхлэн зээлдэгч эргэн төлөлт хийгээгүй болохыг мэдсэн атлаа гэрээний 6.1, 6.1.3-т заасан арга хэмжээг аваагүй хугацаа хэтрүүлсэн гэж үзэхээр байна.

 

Тус гэрээний 3.2.2-т цалингийн зээлийн хувьд зээл олголт эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацааг үл харгалзан зээлдэгчийн дансанд цалин орсон тухай бүр зээлийн төлбөрийг банк суутган авна гэж заасан байх ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан ...В.Ө-ыг ажлаас чөлөөлөгдсөн болохыг банк мэдээгүй гэх тайлбар үндэслэлгүй юм. Ажилтан ажлаас чөлөөлөгдсөнөөр тухайн ажилтаны цалингийн дансанд мөнгөн хөрөнгө орохгүй байгааг банк мэдэх бүрэн боломжтой.

 

Хариуцагч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ 2020 оны 6 дугаар сараас зөрчиж, 2 жилийн хугацаанд төлбөр төлөөгүй явсаар байхад нэхэмжлэгч нь зээлийг төлүүлэх арга хэмжээг аваагүйгээс улбаалан нэгэнт төлөгдөх эсэх нь эргэлзээтэй болсон зээлийн хүүгийн хэмжээ нэмэгдэж, үргэлжлүүлэн тооцож явсаар 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөр тасалбар болгон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцон нэхэмжлэл гаргасан нь зээлдэгчийн төлөх хүүгийн хэмжээг нэмэгдэхэд хүргэсэн байна.

 

Үүнээс үзэхэд зээлдэгчийн гэрээний үүргийн зөрчил болох хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ нэмэгдэхэд нэхэмжлэгчийн хугацаа хэтрүүлсэн үйлдэл нөлөөлсөн байх тул Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгүүлэгч гэм буруутай эсэхээс үл хамааран мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алдана гэж заасныг үндэслэн хариуцагчийн төлвөл зохих хүү 5,017,672 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 128,410 төгрөг, нийт 5,146,082 төгрөгийн 50 хувь болох 2,573,043 төгрөгийг банкинд хариуцуулах нь зүйтэй байна.

 

Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч В.Ө-аас зээлийн үндсэн төлбөрт 12,587,858 төгрөг, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 2,573,041 төгрөг, нийт 15,160,899 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х б  ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх хэсэг 2,573,043 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч талуудын байгуулсан зээлийн гэрээний хугацаа уг шүүхийн шийдвэр гарахаас өмнө буюу 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр дуусгавар болсон байна. Иймд шүүх нэхэмжлэгчийн зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах тухай нэхэмжлэлийн шаардлагыг уг шүүхийн шийдвэрээр эцэслэн шийдвэрлэх шаардлагагүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт нэхэмжлэлийн шаардлагын хангасан хэмжээгээр хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж гаргуулахаар заасны дагуу 15,160,899 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 233,754 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгов.

 

Хариуцагч нь хэрэгт нотлох баримтаар Ч.С-ээс гаргасан гэх тайлбарыг өгсөн боловч уг иргэнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулах хүсэлт гаргаагүй, шүүхээс тодруулж асуухад тэрээр уг иргэнийг гэрчээр оролцуулахгүй, шүүхэд ирэх боломжгүй гэж тайлбарласан. Иймд Ч.Сэ-ээс хууль сануулж мэдүүлэг, тайлбар аваагүй тул уг иргэний тайлбарыг шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

Мөн хариуцагчаас гаргасан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2020/ШЦТ/791 дүгээр тогтоол нь талуудын маргааны зүйлд хамааралгүй байх ба 2020 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр В.Ө-аас Х б-д гаргасан гэх хүсэлтийг хэзээ хүргүүлсэн эсэх, хэнд хүлээлгэн өгсөн эсэх нь тодорхойгүй байх тул эдгээр баримтыг шүүх үнэлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч В.Ө-аас 15,160,899 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х б  ХХК-д олгож, нэхэмжлэлээс 2,573,043 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 246,619 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч В.Ө-аас улсын тэмдэгтийн хураамжид 233,754 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х б  ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Г.БЯМБАЖАРГАЛ