Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 2025/ШЦТ/250

 

 

 

 

 

   2025           05           14                                          2025/ШЦТ/250

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 307/2025/0104/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ,

Улсын яллагч Г.Уянга,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ган-Эрдэнэ,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******* холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2518000280050 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 02 сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 2003 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 22 настай, яс үндэс халх, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, нагац эгч, үеэл нарын хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын *******,******* тоотод оршин суух, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Боржигон овогт Наранцэцэгийн Мөнгөншагай /РД:ТА03321415/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 19 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Угалз” дэлгүүрийн хажууд хохирогч ******* “утсаар чинь яриад өгье” гэж хэлэн “Самсунг А53” загварын гар утсыг нь аваад утсаа буцааж авах гэхэд нь би аваагүй гэж хэлэн авч явсан болох нь:

Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2024 оны 11 дүгээр сарын 21-ний орой 19 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Угалз” дэлгүүрийн урд гудамжинд Эрдэнээ гэх зүс таних залуутай нэг шил архи хувааж уусан. Тэгээд байж байтал 20 орчим насны залуу бид хоёр дээр ирээд ойр зуур юм яриад ууж байсан архинаас бага зэрэг уусан. Тэгээд би өөртөө байсан бэлэн 12,000 төгрөгийг Эрдэнээ болон сүүлд ирсэн залууд өгөөд явуулсан. Тэгэхдээ тэр 20 орчим насны залуу миний “Самсунг А53” маркийн гар утсыг ярьчхаад өгье гээд аваад дэлгүүр рүү яваад орсон. Удалгүй тэр хоёр дэлгүүрээс цуг гарч ирсэн ба нөгөө миний гар утас авсан залуу шууд танихгүй юм шиг яваад өгсөн. Эрдэнээ наад залуу чинь чиний гар утсыг аваад явчихлаа гэж надад хэлэхээр нь би араас нь дагаад явсан чинь нэг айлын хашаа руу орсон. Тэнд нь орсон чинь 3 хүн байсан, би нөгөө залуугаас миний гар утсыг гаргаад өгчих гэсэн чинь би утас аваагүй гээд миний утсыг өгөөгүй. Тэгээд би дэлгүүр рүү ороод эхнэр рүү залгаад эхнэртэйгээ цуг буцаж очоод гар утас өг гэж хэлсэн. Тэгсэн чинь нөгөө залуу би утас аваагүй гээд байхаар нь манай эхнэр цагдаад дуудлага өгсөн. Миний утас Самсунг Галакси А53 маркийн цэнхэр өнгийн гар утас байсан. Гадна талдаа өнгөгүй кейстэй байсан’’ гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32/,

Гэрч ******* : “...Би 2024 оны 11 дүгээр сарын 20-ны хавьцаа өдрийг нь сайн санахгүй байна. Тухайн үед дүүгийн найз Энхбаярын хамт гэрийнхээ ойролцоо гудамжны үзүүрт 0.5 литрийн савлагаатай нэг шил архи хувааж уусан. Тэгээд байж байтал үл таних 20 орчим насны залуу архи уусан бололтой согтуу ирсэн. Ирээд та хоёр хаанаас явж байгаа хүмүүс вэ гэх зэргийн зүйлс ярьж байгаад Энхбаяраас утсаараа нэг яриулаач гэж хэлээд авсан. Тухайн үед би дэлгүүр орж дахин нэг шил архи авах гээд орсон чинь араас нөгөө танихгүй залуу хамт орж ирсэн бөгөөд гарч ирээд миний дэлгүүрээс авсан нэг шил архийг аваад явсан. Тэгэхээр нь би Энхбаярт “гар утсаа аваач ээ, наад залуу чинь аваад явчихлаа” гэж хэлсэн. Тэгээд би тухайн газартаа үлдээд Энхбаяр тэр гар утсыг нь авч явсан залуугийн араас явсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34-35/,

Капитал зууч” ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн эд хөрөнгийн үнэлгээгээр “Самсунг А53” загварын гар утсыг 350,000 төгрөгөөр үнэлсэн дүгнэлт /хавтаст хэргийн 21-22/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ хамт архи ууж байсан хохирогч ******* “утсаараа нэг яриулаач” гэж хуурч 350,000 төгрөгийн үнэ бүхий Самсунг А53” загварын гар утсыг авч яваад утсаа буцаан авахаар нэхэхэд нь би аваагүй гэж хэлэн утсыг нь буцааж өгөлгүй бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хохирлын хэмжээ, хэргийн зүйлчлэл гэм буруугийн талаар маргаагүй байна.

 

Шүүгдэгч *******н үйлдэл нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Хохирогч утасны үнэ 350,000 төгрөгийг шүүхийн шатанд төлж барагдуулсан байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

Ял, эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “учруулсан хохирлын нөхөн төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдал болон үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдал, цаашид архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй төлөв томоотой байж чадна гэж амлалт өгсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.5, 3.3 дахь хэсэгт заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож хорих ял оногдуулахыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт шүүгдэгч нь 2025 оны 04 сарын 24-ний өдрөөс 2025 оны 05 сарын 13-ны өдрийг хүртэл 20 хоног цагдан хоригдсон, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хорих заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5, 3.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, хорих ял оногдуулахыг сануулж, шийтгэх тогтоол биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4.  Шүүгдэгч энэ хэрэгт 20 хоног цагдан хоригдсон, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Г.ГЭРЭЛТ-ОД