Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 101/ШШ2022/03273

 

 

 

 

 

 

 

 

 

2022 07 20

101/ШШ2022/03273

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ж,ДҮГ-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: С.Г,

 

Хариуцагч: Б.Д,

 

Хариуцагч: Ё.Б нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 28,213,951 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагч С.Г, Ё.Б шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны Агентлаг байгуулах тухай 49 дүгээр тогтоол, ХХААХҮ-ийн Сайдын 2020 оны Ажпын хэсэг байгуулах тухай А-273 дугаар тушаалаар Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн ажлын албыг татан буулгаж чиг үүргийг Жижиг, дунд үйлдвэрийн газарт шилжүүлсэн. Монгол улсын Иргэний хуулийн 24 дүгээр бүлгийн 281-285 дугаар зүйлүүд, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтууд, Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн холбогдох зүйл заалтууд, Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн холбогдох зүйл заалтууд, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам, Жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний тушаалаар баталсан зээл олгох салбар, чиглэл, хугацаа, хүү, эх үүсвэрийн хуваарилалт болон зээл олгоход шаардлагатай бусад нөхцөлийг тус тус үндэслэн зээлдэгч С.Г хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Д нар нь Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан(Цаашид Сан гэх)-аас 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 2016/3-21 тоот зээлийн болон 2016/Б-21 тоот барьцааны гэрээ байгуулан 29,000,000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй, талх нарийн боовүйлдвэрлэл төслийн зориулалтаар зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд Ё.Б-ын гэрчилгээний дугаар бүхий орон сууцны зориулалттай 2 өрөө 36.2 м.кв үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан. Зээлдэгч нь зээл авснаасаа хойш зээлийн төлбөрт 3,000,000.00 төгрөг төлсөн бөгөөд зээлийн төлбөрөө төлөх шаардлагыг удаа дараа тавьсан боловч зээлийн төлбөрийг төлөхөөс санаатайгаар зайлсхийж байгаа тул дараах нэхэмжпэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар тасалбар болгон үндсэн зээл 27,810,084.62 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүү 376,367.14 төгрөг, нотариатын зардал 27,500 төгрөг, нийт 28,213,951.76 төгрөгийг зээлдэгч С.Г, Б.Д нараас гаргуулж өгнө үү. Зээлийн төлбөрийг мөнгөн дүнгээр барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох Ё.Бын өмчлөлийн 0 гэрчилгээний дугаар бүхий орон сууцны зориулалттай 2 өрөө, 36.2 м.кв орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргаж байна гэв.

 

Хариуцагч С.Г, Б.Д нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагч С.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Бизнес эрхлэхээр зээл авсан боловч цар тахлаас болж бизнес эрхлэх боломжгүй болсон. Авсан тоног төхөөрөмжөө түрээсэндээ төлсөн. Энэ жил 3,000,000 төгрөг төлсөн. 2022 оны 8 дугаар сард эхний төлбөрийг төлөөд 9 дүгээр сарын 30-ны үлдэх төлбөрийг төлнө гэсэн бодолтой байна. Одоо өөр бизнес эрхлэхээр төлөвлөгөө гаргасан байгаа. Одоо зээлийн төлбөрийг төлөх бүрэн боломжтой болсон гэв.

 

Хариуцагч Ё.Б шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

0 гэрчилгээний дугаар бүхий орон сууцны зориулалттай 2 өрөө, 36.2 м.кв орон сууц нь миний өмчлөлийн хөрөнгө юм. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас С.Г, Б.Д нар зээл авсан тул уг зээлээ өөрсдөө төлж барагдуулах ёстой. Би зээл аваагүй тул миний орон сууцаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:

- нэхэмжлэгчээс гаргасан зээлийн гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ, төслийн зээлийн өргөдөл, Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн албан тоот, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, итгэмжлэл, зээл буцаан дуудах мэдэгдлүүд, улсын бүртгэлийн гэрчилгээ,

- хариуцагч нараас гаргасан иргэний үнэмлэхийн хуулбар зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Жижиг, дунд үйлдвэрийн газраас хариуцагч С.Г, Б.Д, Ё.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 28,213,951.76 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл хариуцагч нарт холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсчээ. Шүүх, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сан болон хариуцагч С.Г, Б.Д нар 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 29,000,000 төгрөгийг талх, нарийн боов төслийг санхүүжүүлэх зорилгоор жилийн 3 хувийн хүүтэй 60 сарын хугацаатай зээлэхээр тохирчээ.

 

Түүнчлэн зохигчид уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээ байгуулж, Ё.Бын өмчлөлийн 0 тоот хаягт байрлах, 36.2 м.кв талбай бүхий 2 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан.

 

Мөн Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцно гэж заасны дагуу тус хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлдэгчийн хувьд зээлийг буцаан төлөх болон зээлдүүлэгч зээлийг шаардах эрх, үүрэг үүсэх гол үндэслэл нь гэрээгээр тохиролцсон мөнгө болон бусад төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг шилжүүлсэн байх ёстой.

 

Зохигчид зээлийн гэрээний зүйл болох 29,000,000 төгрөгийг зээлдэгч нарт зээлдүүлэгчээс хүлээлгэн өгсөн эсэх талаар маргаагүй. Иймд, зохигчдын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдаж, гэрээний харилцаа үүссэн байна.

 

Тус гэрээгээр хариуцагч С.Г, Б.Д нар нь зээлийн гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгийг ашигласан хугацааны хүүгийн хамт 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн дотор төлж барагдуулах үүрэг хүлээсэн, уг хугацаа дууссан байна.

 

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, мөн 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус заасан. Зээлийн гэрээгээр үүрэг хүлээсэн хариуцагч нь үүргийг тогтоосон газар, хугацаандаа гүйцэтгэх ёстой бөгөөд тодорхой хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй тохиолдолд түүнийг үүргээ зөрчсөнд тооцох ба үүний улмаас зээлдүүлэгчид буюу нэхэмжлэгчид учирсан хохирлыг төлөх үүрэг хүлээнэ. 

 

Хариуцагч буюу зээлдэгч С.Г, Б.Д нар нь өнгөрсөн хугацаанд зээлийн хүүгийн төлбөрт 3,000,000 төгрөгийг төлсөн үйл баримтад талуудын хэн аль маргаагүй тайлбарласан

 

Зохигчид зээлийн гэрээний үндсэн үүрэг 27,810,084 төгрөг үлдсэн, зээлийн нэмэгдүүлсэн хүү 376,367 төгрөг, хохиролд тооцон 27,500 төгрөгийн нотариатын зардал гарсан үйл баримтад маргаагүй, зээлдэгч С.Г, Б.Д нар нь уг мөнгөн хөрөнгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн.

Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байхад нэхэмжлэгч нь нэмэгдүүлсэн хүү шаардсан нь учир дутагдалтай байна. Гэвч хариуцагч нар нэмэгдүүлсэн хүүгээр шаардсан 376,367 төгрөг, мөн нотариатын зардал 27,500 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхийн дагуу зээлийн гэрээний дагуу төлвөл зохих мөнгөн хөрөнгийн хэмжээнд маргахгүй байх тул үндсэн үүрэг 27,810,084 төгрөг үлдсэн, зээлийн нэмэгдүүлсэн хүү 376,367 төгрөг, 27,500 төгрөг, нийт 28,213,951.76 төгрөгийг С.Г, Б.Д нараас гаргуулж нэхэмжлэгч Жижиг, дунд үйлдвэрийн газарт олгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгчээс хариуцагч нарт холбогдуулан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлага гаргасан. 

 

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй гэж, мөн 165 дугаар зүйлийн 165.1-д Бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд өөрийн шаардлагаа хангуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч тодорхой үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахыг ипотек гэнэ гэж заасан.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар зохигчдын хооронд байгуулсан барьцааны зүйл болох 0 тоот хаягт байрлах, 36.2 м.кв талбай бүхий 2 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн эрх нь Ё.Бын өмчлөлийн хөрөнгө байна.

 

Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Ё.Боос 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн барьцаанд барьцаалах, барьцааны гэрээ, барьцаалбарт төлөөлж гарын үсэг зурах, гэрээг Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт бүртгүүлэх, хүлээн авах, лавлагаа авах, үүргийн гүйцэтгэлийг хангах эрхийг С.Гт олгожээ. Уг итгэмжлэлийг үндэслэн хариуцагч С.Г нь нэхэмжлэгч Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сантай барьцааны гэрээ байгуулсан байна.

 

Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1-д Хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, бусдын өмчлөлд шилжүүлж болох эд хөрөнгийн эрх барьцааны зүйл байна гэж, мөн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлнэ гэж тус тус зааснаар үл хөдлөх хөрөнгө дээр суурилсан салшгүй холбоотой эрх учраас хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлэх ёстой бөгөөд талууд дээрх журмын дагуу хүчин төгөлдөр барьцааны гэрээ байгуулжээ.

 

Хариуцагч буюу барьцаа хөрөнгийн өмчлөгч Ё.Б нь өөрийн хүсэл зоригийг илэрхийлж хүчин төгөлдөр итгэмжлэлийг С.Гт олгосон, уг итгэмжлэлийг үндэслэн талуудын хооронд хүчин төгөлдөр барьцааны гэрээ байгуулагдсан тул хариуцагч Ё.Боос гаргасан ...би зээлийн мөнгөнөөс аваагүй тул өөрийнхөө хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахгүй гэх тайлбар үндэслэлгүй.

 

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д Үүрэг гүйцэтгэгч болон барьцаалуулагч нь үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол барьцаалагч нь үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй гэж, түүнчлэн 41.2-т Энэ хуулийн 41.1-д заасан барьцаалагчийн шаардлагыг биелүүлээгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс хангуулахаар барьцааны зүйлийг худалдахыг шаардах эрхтэй гэж, мөн Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч энэ талаар шаардлага тавихад үл биелүүлсэн тохиолдолд түүний хүсэлтээр шүүхийн шийдвэрээр барьцааны зүйлийг албадан худалдахаар тус тус зохицуулсан. 

 

Нэгэнт үүрэг гүйцэтгэгч нар нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор хугацаандаа биелүүлээгүй, зээл, зээлийн хүүг төлөөгүй бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч болох нэхэмжлэгч тал барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүсч байх тул барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангах үндэслэлтэй.

 

Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж хариуцагч С.Г, Б.Д нараас зээлийн гэрээний үүрэгт 28,213,951.76 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Засгийн Газрын 2020 оны 08 дүгээр сарын 12-ны өдрийн 49 тоот тогтоолоор Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санг татан буулгаж, Жижиг, дунд үйлдвэрийн газрыг байгуулж, тус албанд Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд бүртгэлтэй өглөг, авлагыг шилжүүлсэн нь нийтэд илэрхий баримт байгааг дурдах нь зүйтэй. /www.Legalinfo.mn/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1,115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Г, Б.Д нараас 28,213,951.76 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Жижиг, дунд үйлдвэрийн газарт олгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх заалтыг баримтлан хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Ё.Бын өмчлөлийн 0 тоот хаягт байрлах, 36.2 м.кв талбай бүхий 2 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч С.Г, Б.Д нараас улсын тэмдэгтийн хураамжид 369,220 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ