| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийшээгийн Ганбат |
| Хэргийн индекс | 195/2025/0977/Э/220/2025/0587 |
| Дугаар | 2025/ШЦТ/1213 |
| Огноо | 2025-05-02 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Н.Анхбаяр |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1213
2025 05 02 2025/ШЦТ/1213
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Бадамжаргал, улсын яллагч Н.Анхбаяр /томилолтоор/, хохирогч Л.************, шүүгдэгч А.************ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн Боржигон ургийн овогт ************гийн ************эд холбогдох эрүүгийн ************ дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1989 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт ******дүүргийн **** хороо, ***** тоотод оршин суух хаягтай,
Урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн **** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хорих ялаар,
- Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн *****угаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан. Боржигон овогт ************гийн ************ (РД:*****).
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.************ нь 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ***** дугаар хороо, ***** тоотод төрсөн эх Л.************г үл ялих зүйлээр шалтаглан зодож эрүүл мэндэд нь дагзны хуйханд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүгдэгч А.************ нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг:
Шүүгдэгч А.************: “...Хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч харамсаж байна. Мэдүүлэг гаргахгүй...” гэв.
Хохирогч Г.************: “...Үндсэн хуульд заасан эрхээ эдэлж хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг гаргахгүй...” гэв.
Гурав: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
Хохирогч Л.************ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн **** хороо ***** тоотод байрлах гэртээ 21 цагийн орчимд байж байхад манай төрсөн дүү А.************ архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай согтуу орж ирээд унтахгүй надад агсам тавиад хутга барьж дайраад хэрүүл хийж байгаад унтаад өгсөн. Тэгээд 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн өглөө 10 цагийн орчимд манай хүү сэрсэн байхаар нь би архи уугаад орж ирэх үедээ агсан согтуу битгий тавиад настай намайг дарамтлаад бай гэж хэлсэн чинь хутгаар миний толгойны ар дагз хэсэг рүү 1 удаа цохисон. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан....” гэсэн мэдүүлэг (хавтас хэргийн 6-7 дахь тал),
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн №1860 дугаартай: “...Л.************гийн биед дагзны хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хатгах механизмаар үүсэх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна...” гэсэн шинжээчийн дүгнэлт (хавтас хэргийн 15-16 дахь тал),
Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл (хавтаст хэргийн 40-41 дэх тал),
Гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ (хавтаст хэргийн 42-46 дах тал),
Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээлэл (хавтаст хэргийн 48-49 дэх тал)
Яллагдагчаар А.************ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр би гадуур архи согтууруулах ундаа хэрэглэж байгаад орой 21 цагийн орчимд дэлгүүрээс 1 шил 0.33 литрийн Хараа нэртэй архи аваад Сонгинохайрхан дүүргийн **** хороо ****тоот гэртээ ирсэн. Тэгээд авч ирсэн архинаасаа ууж байтал манай ээж Л.************ чи наад архиа болиоч гээд уурлаад загнаад байхаар нь би унтаж амарсан. Тэгээд маргааш нь буюу 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн өглөө 09 цагийн үед сэрээд би өмнөх өдөр авсан архи дуусаагүй үлдсэн байхаар нь ууж байтал ээж үглээд загнаад байхаар нь би уурандаа гал тогооны тавиур дээр байсан жижиг хутганы ар хэсгээр нь ээжийн толгой дагз руу 1 удаа цохисон. Тэгтэл толгойноос нь цус гараад манай ээж цагдаа дуудна гэхээр нь би гэрээс гараад явсан байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 67 дах тал),
Шүүгдэгч А.************ийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд (хавтаст хэргийн 22-23 дах тал),
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтас хэргийн 20 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, А.************эд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна
Дөрөв. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
1. Шүүгдэгч А.************ нь 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн **** хороо, *****тоотод төрсөн эх Л.************г үл ялих зүйлээр шалтаглан зодож эрүүл мэндэд нь дагзны хуйханд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэн нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн болох нь хохирогч Л.************, шүүгдэгч А.************ нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад болсон хэргийн талаар хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн №1860 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 15-16 дахь тал/ зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хохирогч Л.************гийн биед учирсан “...дагзны хуйханд шарх...” бүхий гэмтэл нь шүүгдэгч А.************ түүний толгой ар хэсэг рүү хутганы ар хэсгээр цохих үед үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн хүндрүүлэх шинж нь:
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8-д зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн бол хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжид тооцож “гэр бүлийн хүчирхийлэл” гэдгийг хэрхэн ойлгох талаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд нарийвчлан зохицуулжээ.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж, 3 дугаар зүйлийн 3.1.1-д “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд ...энэ хуулийн үйлчлэлд хамаарна” гэж, мөн зүйлийн 3.2-д “...энэ хуулийн зохицуулалтад гэрлэлтээ цуцлуулсан эхнэр нөхөр, хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан ...этгээд нэгэн адил хамаарна” гэж тус тус заасан.
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг, зөрчил үйлдэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсныг ойлгоно. Энэ тохиолдолд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг /Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйл/-ээр давхар зүйлчлэхгүй.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг /Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйл/-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг /Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйл/-ээс объектив талын үндсэн шинж болох хохирлын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүн, халдлагад өртөгчөөр нь ялгаж зүйлчилнэ.
Харин хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг /Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйл/ нь хүний биед халдах зөрчил /Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйл/-тэй объектив талын үндсэн шинж болох үйлдэл, субьектив талын үндсэн шинж болох гэм буруугийн хэлбэрээрээ төстэй боловч хохирол, хор уршгаар нь ялгаж зүйлчилнэ.
Өөрөөр хэлбэл хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн тухайд хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байдаг бол хүний биед халдах зөрчлийн тухайд хохирогчид халдаж зодсон боловч эрүүл мэндэд хохирол учруулаагүй байдаг.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч А.************, хохирогч Л.************гийн биед халдаж эрүүл мэндэд нь “...дагзны хуйханд шарх...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн зэргээр гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч А.************эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч А.************ нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
Улсын яллагч гэм буруугийн хуралдаанд: “...шүүгдэгч А.************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 цагийн нийтэд тустай ажил хийх ял оногдуулах саналыг гаргаж байна. Хохирол төлбөрийн хувьд хохирол төлбөрт нэхэмжилсэн зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй. Шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээгээр өөрчлүүлэх, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно” гэсэн саналыг гаргасан.
Шүүх, шүүгдэгч А.************эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал болон улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан санал, хохирогч гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэргийг тус тус харгалзан, шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд 700 /долоон зуу/ цагийн нийтэд тустай ажил хийх ял шийтгэж,
Энэ хэрэгт шүүгдэгч А.************ нь 2025 оны 04 дүгээр сарын 21-ны өдрөөс шүүхэд хэргийг хянан шийдвэрлэх энэ өдрийг хүртэл нийт цагдан хоригдсон 11 /арван нэг/ хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцох” журмын дагуу түүний эдлэх ялаас хасаж тооцох нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч А.************ нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Л.************гийн эрүүл мэндэд дагзанд бүхий хөнгөн хохирол учирсан, хохирогч нь гэмтэлтэй холбоотой эмчилгээний зардал төлбөр нэхэмжилсэн баримт хэрэгт авагдаагүй байх ба шүүх хуралдааны явцад нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэсэн болно.
Эрүүгийн ************ дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон ургийн овогт ************гийн ************ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.************эд 700 /долоон зуу/ цагийн нийтэд тустай ажил хийх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч А.************ нь нийтэд тустай ажил хийлгэх ялаас ноцтойгоор зайлсхийвэл найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан А.************ийн цагдан хоригдсон нийт 11 /арван нэг/ хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.
5. Шүүгдэгч А.************эд оногдуулсан 700 /долоон зуу/ цагийн нийтэд тустай ажил хийх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А.************эд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ И.ГАНБАТ