| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
| Хэргийн индекс | 148/2017/0042/Э |
| Дугаар | 42 |
| Огноо | 2017-04-14 |
| Зүйл хэсэг | 153.1., |
| Улсын яллагч | А.Энхтуяа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 42
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Улсын яллагч А.Энхтуяа
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Даваасүрэн
Нарийн бичгийн дарга Б.Урангоо нар оролцов.
Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар М.Нарандалайд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201718000026 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Орхон аймгийн Баян-Өндөр суманд 1988 оны 12 дугаар сарын 21 нд төрсөн, 29 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, Ам бүл 8 ах эгч дүү нарын хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын 9 дүгээр баг 32 дугаар гудамж 17 тоотод оршин суух, Эрхэлсэн тодорхой ажилгүй, Улсаас авсан гавьяа шагналгүй, 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Сум дундын 14 дүгээр шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 02 жилийн хорих ялаар шийтгүүлж 01 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, Борлууд овогт Мөнхдалайн Нарандалай /ФД88122113/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.Нарандалай нь Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын 1-р багийн нутаг дэвсгэрт 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр иргэн Р.Лхагвадоржийн эзэмшлийн хар хөх өнгийн 7436 СЭҮ улсын дугаартай ДЕЛИКА маркийн тээврийн хэрэгслийн 4 дугуйг төмрөөр хатгаж санаатайгаар гэмтээн Р.Даваадоржид 600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт доорх нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч М.Нарандалайн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “…..2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг дэвсгэрт самарт явдаг залуугийн хашаанд машинаа тавиад самарт явсан. Эргээд ирэхэд машины арын шил хагарсан байхаар нь тэр залууд хэлэхэд тоохгүй, хэрэлдээд салаавч өгөөд байхаар нь явчихаад уур хүрээд буцаж хашаанд нь ороод машиных нь дугуйг хадаас шиг төмрөөр хатгаж хагалсан нь үнэн, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү ..... гэх мэдүүлэг
Хохирогч Р.Даваадоржийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд 1979 оноос хойш ажиллаж амьдарч байна. Хувийн болон улсын байгууллагад ажиллаж байгаагүй. 74-36 СЭҮ улсын дугаартай , хөх өнгөтэй Делика маркийн автомашиныг 2016 оны 07 сард худалдаж авсан. Миний өөрийн эзэмшлийн машин. Болсон явдлын талаар ярихад 2016 оны 11 сарын 10-ны өдөр Дархан-Уул аймаг руу хувийн ажлаар машинаараа явж ирчихээд Хүдэр сумын төвд Цогтжаргал /Цогоо гэж дууддаг/ эгчийнхээ гэрт 18 цагийн үед очиход эгч өөрөө байгааг, охин Саранчимэг байсан. Эгчийнхээ гэрт унтаж амрахаар машинаа хашаанд нь оруулж тавьсан. Миний машинаас гадна эгчийн хашаанд ногоон өнгөтэй, улсын дугаар, маркийг мэдэхгүй жижиг тэрэг байсан. Энэ өдрийн 22 цаг орчим эгчийн хүү Нямбаатар гэртээ унтаж байхад танихгүй 4 залуу ирээд гэрийн гадаа уулзсан. Би гэрээс гараагүй, эдгээр 4 залуутай уулзаагүй. Хэсэг хугацааны дараа Саранчимэг надад ...Нямбаатар гадаа хүнтэй маргалдаад байна...” гэж хэлэхээр нь юу болоод байгааг харахаар гэрээс гарахад Нямбаатар 4 залуугийн 1 залуутай нь “...машины хойд хаалганы жижиг шил хагарсан...” талаар ярьж маргаад байсан. Хэрэлдээд байсан залуу нь ийм тийм царай, төрх хувцастай байсныг анзаарч хараагүй мэдэхгүй. Энэ Нямбаатартай уулзаад маргалдах аястай яриад байхаар төрсөн ах Лхагвадорж руу утасдаж “... Жагаа эгчийн хашаанд хүмүүс маргалдаад байна...” гэж хэлэхэд Лхагвадорж /Оросоо гэж дууддаг/ ах ганцаараа хүрч ирээд нөгөө хүмүүстэй уулзаад явуулсан. Дахиж эдгээр хүмүүс ирээгүй Нямбаатар, Саранчимэг бид гурав гэртээ орсон....” гэх мэдүүлэг /хх-ийн 17-19 дүгээр тал/
Гэрч Ц.Нямбаатарын 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Болсон явдлын талаар ярихад 2016 оны 10 дугаар сарын сүүлээр хүн зөөх үеэр 4 залуу хүрч ирээд хүргүүлэхээр болсон. Уг 4 залуу самарт хүргүүлэх зардал хүний 30.000 төгрөг байгаагүй учраас надад хэлэхдээ унаж ирсэн ногоон өнгөтэй, суудлын машинаа барьцаанд тавиад, надаас 40.000 төгрөг зээлсэн. Машинаа өөсрдөө манай хашааны буланд тавьсан. Ингээд би Хүдэр сумын төвөөс 70 км зайд байрлах “Моностой” гэх газар 12 цаг явж буулгаад, тэндээ үлдэцгээсэн. 10 гаруй хоногийн дараа 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөрт гэртээ 20 цаг орчмын үед харихад манай гэрт төрсөн дүү Саранчимэг, нагац Даваадорж 2 байсан. Даваадорж ах хөх өнгийн Делика маркийн 74-36 СЭҮ улсын дугаартай машин хашаанд байсан. Гэртээ ороод унтаж байтал 22 цаг орчим ногоон машины эзэн, цуг явсан залуучуудтайгаа ирээд “...машинаа авъя...” гэхээр нь би “...зардал, 40.000 төгрөгөө өг...” гэхэд зардал мөнгөө өгчихөөд машины эзэн надад хэлэхдээ “...би зээлсэн мөнгөө өгч чадахгүй. Миний машины арын хаалганы жижиг цонхыг хагалчихсан байна...” гэхээр нь би “...хэн хагалсаныг мэдэхгүй. Угаасаа хагархай байсан ч юм уу...” гэж маргалдсан. Бид 2 маргалдаж надад 40.000 төгрөг өгсөн. Бид нарын хооронд өглөг авлага, тооцоо байхгүй. Ингэж маргалдах үед гэрээс Саранчимэг, Даваадорж ах 2 гарч ирээд юу болсон талаар харсан. Удаачгүй манай ээжийн дүү Лхагвадорж ирээд нөгөө залуутай уулзаад явуулсан. Үүнээс хойш дахин уулзаагүй. Явсны дараа 20-30 минутын дараа Даваадорж ах бие засахаар гараад гэрт орж ирэхдээ “... машины 4 дугуй хагарсан байна...” гэж хэлсэн....” гэх мэдүүлэг /хх-ийн 23-26 дугаар тал/
Гэрч Ү.Саранчимэгийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр намайг гэртээ байхад манай ээжийн төрсөн дүү Даваадорж өөрийнхөө хөх өнгөтэй Делика маркийн 74-36СЭҮ дугаартай улсын дугаартай машинаараа 18 цаг өнгөрч байхад ганцаараа ирсэн. Ах манай гэрт унтаж амрахаар болж машинаа байшингийн зогсоол дээр тавьсан. Манай ах Нямбаатар 20 цагийн үед гэртээ ирээд 22 цагийн үед унтаж байхад гаднаас хүн ирээд ахыг дуудаж гэрийн гадаа уулзсан. Би хэсэг хугацааны дараа гэрээс бие засахаар гарахад Нямбаатар ахтай буржгар үстэй залуу согтуу бололтой Даваадорж ахын машины хажууд маргалдаж байхаар нь би гэрлүү орж Даваадорж ахад “...ах гадаа хүнтэй маргалдаад байна...”гэж хэлээд бид 2 гэрээс гараад маргалдаж байсан буржгар үстэй залуутай Даваадорж ах уулзаж утсаар Лхагвадорж ахыг дуудсан. Лхагвадорж ах ирээд нөгөө залуучуудтай уулзаад явуулсан. Бид 3 гэртээ орцгоосон. Ойролцоогоор 20-30 минутын дараа Даваадорж ах бие засахаар гараад орж ирэхдээ “...машины 4 дугуй шивэгдсэн, хий нь гарсан байна...” гэж хэлсэн. Өөр надад мэдэх зүйл байхгүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар т ал/
Гэрч Б.Энхжаргалын 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Алтанцоож нь миний төрсөн хүүхэд байгаа юм. Миний хүү зөөлөн сэтгэлтэй огцом хурц ааш байхгүй гэр бүл, найз нөхөд, төрөл садангийнхаа дунд нэр хүндтэй сайхан сэтгэлтэй юм. Манай хүүхэд 2012 онд хүнтэй сууж нэг хүүхэдтэй болсон юм. Тэгээд манай хүүгийн эхнэр нь 2016 оны 01 сард салаад гадаад яваад өгсөн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар тал/
Гэрч Р.Лхагвадоржийн 2017 оны 03 дугаар сарын 18-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 11 дүгээр сарын дундуур шиг санагдаж байна. Намайг гэртээ амарч байхад миний төрсөн дүү Р.Даваадорж надруу утасдаад “...Жагаа эгчийн хашаанд хүмүүс маргалдаж байна...” гэж хэлэхээр нь Жагаа эгчийн гэрт очиход хашаан дотор Саранчимэг, Даваадорж, Нямбаатар 3 байсан. Тухайн үед цаг хэд болж байсныг мэдэхгүй, гадаа харанхуй байсан.Нямбаатар нэг танихгүй залуутай маргалдаад хажууд нь танихгүй 3 залуу байсан. Юун талаар “...Самарт явахдаа машинаа Нямбаатарт үлдээгээд ирэхэд нь машины арын жижиг нь хагарсан, цуурсан..” талаар маргалдсан. Нямбаатартай маргалдаад байсан залуу уулзаж, учрыг нь олоод явуулсан. Надтай хэрүүл, маргаан үл ойлголцол болоогүй. Тэндээс гараад өөрийн хувийн үйл ажиллагаа явуулдаг зочид буудалд ирэхэд Хүдэр сумын иргэн Цунцага /хоч/ согтуу хөл дээрээ тогтож чадахгүй болохоор нь гэрт нь хүргэж өгөхөөр машинтайгаа явж байхад Жагаа эгчийн гудамжнаас юүдэнтэй малгайтай нэг залуу нилээн сандарсан байдалтай гараад явсан. Тухайн үед санаанд ч ороогүй, Цунцагыг гэрт нь оруулж өгөөд харьсан. Цунцага, Жагаа эгч 2-ын гэр ойрхон, 1 гудамжны зайтай байдаг. Маргааш нь Даваадорж надад “...машины 4 дугай хагарсан...” талаар хэлсэн. Тэгэхэд нь урьд шөнө нь Цунцагыг хүргэж өгөхөөр явж байхад гудамжнаас гарч гүйсэн юүдэнтэй залуу мөн болов уу гэж бодсон. Түүнээс би хэн дугуйг хагалсан хагалаагүй болохыг хараагүй, мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр тал/
Гэрч Р.Баасанцэрэнгийн /Цунцага хочтой/ 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 11 дүгээр сарын дунд үе шиг санагдаж байна. Лхагвадорж ахын зочид буудалд ганцаараа архи ууж байгаад нилээн согтсон. Намайг гэррүү Лхагвадорж ах хүргэж өгсөн. Хэдэн цагт гэртээ орсон болохыг мэдэхгүй. Өөр надад мэдэх зүйл байхгүй. Манай гэррүү явахад Цогтжаргал эгчийн ар талаар гардаг. Жагаа эгчийн гэртээ ойрхон 1 гудамжны зайтай....” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр тал/
Гэрч И.Эрдэнэцогтын 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд 14 жил амьдарч байна. Манай хөрш айлын хүнийг Цогтжаргал гэдэг. Цогтжаргалын төрсөн дүү Даваадорж гэж хөх өнгийн Делика маркийн автомашинтай. 2016 оны 11 дүгээр сарын дунд үе өглөө Даваадорж ах манай гэрт орж ирээд “...ахаа машины 4 дугуй хагалчихсан байна...” гэдгийг хэлсэн. Миний хувьд энэ талаар сонссон болохоос мэдэх зүйл байхгүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар тал/
Гэрч Х.Одонхүүгийн 2017 оны 03 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Мөнхдалай, Нарандалай нар багаасаа нэг нутаг усанд өссөн найз нөхдүүд. Одоо ч бид нар хамт Орхон аймгийн Баян-Өндөр суманд ажиллаж амьдарцгааж байна. Бие биенийхээ гэр орноор орж гардаг гэр бүлийн дотно найз нөхөд. М.Нарандалай нь эхнэр хүүхдийн хамт айлын хашаанд амьдардаг. Ээж, аав 2 олон жилийн өмнө нас барчихсан. Эцэг эхээс 6-уулаа. М.Нарандалай сургуульд суралцаж байгаагүй, цэргийн алба хаасан. Эрхэлсэн тодорхой ажил хөдөлмөргүй. Самар, мод чулуунд явах, барилгын ажил гээд хар бор ажил хөдөлмөр хийдэг....” гэх мэдүүлэг /хх-ийн 37 дугаар тал/
Гэрч М.Наранбаатарын 2017 оны 03 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би эцэг эхээс 6-уулаа. М.Нарандалай миний төрсөн ах. Бид 2 2016 оны 10 дугаар сарын сүүлээр Сэлэнгэ аймгийн Хүдэр сумруу ахтайгаа хамт 2-уулаа замын унаагаар самарт явсан. Миний хувьд болсон хэрэг асуудлын талаар мэдэхгүй. М.Нарандалай ахыг Хүдэр суманд очихдоо айлын машины 4 дугуй хагалсан талаар өнөөдөр сонсож мэдлээ. Энэ талаар надад мэдэх зүйл байхгүй. Миний хувьд байцаалт мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна.....” гэх мэдүүлэг /хх-ийн 38 дугаар тал/
Гэрч М.Шинэбаярын 2017 оны 03 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...М.Нарандалай нь 1988 онд Орхон аймагт төрсөн. Бид нар эцэг эхээс 6-уулаа. Нарандалай Ерөнхий боловролын сургуульд суралцаж байгаагүй, бичиг үсэг муу мэддэг. Эрхэлсэн тодорхой ажил хөдөлмөр байгаагүй. Эхнэр Гандирмаатай танилцаж гэр бүл болоод 3 жил гаруй болж байгаа. 3 настай охинтой, эхнэр нь давхар биетэй удахгүй төрнө. М.Нарандалай одоо эрхэлсэн тодорхой ажил байхгүй, хар бор ажил хөдөлмөр олдвол хийдэг. 2016 оны 10 дугаар сард Сэлэнгэ аймгийн Хүдэр сумруу самарт төрсөн Наранбаатарын хамт 2-уулаа явсан талаах сонссон. Өөр хар бор ажил хөдөлмөр эрхлээгүй. Амьдрал ахуйн хувьд өрхийн тогтсон орлого байхгүй. Миний дүү ажил хийж хэдэн төгрөг олдог. Өөрөөс нь өөр гэр бүлийг нь тэжээх тэтгэх хүн байхгүй. Эхнэр нь эрхэлсэн ажилгүй, гэртээ хүүхдээ хардаг.....” гэх мэдүүлэг /хх-ийн 38 дугаар тал/
2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн №31 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1.Шинжилгээнд ирүүлсэн Делика маркийн 74-36 СЭҮ дугаартай тээврийн хэрэгслийн 4 дугуй /хамер/ шинжилгээнд тэнцэнэ.
2.Шинжилгээнд тэнцэж байгаа 4 дугуйнд иртэй зүйлийн үйлчлэлээр баруун урд дугуйнд 7, баруун хойд дугуйнд 6, зүүн хойд дугуйнд 5, зүүн урд дугуйнд 4 удаа үүссэн нийт 22 ширхэг зүсэгдсэн гэмтэл байна.
3.Уг гэмтлүүдийн цаг хугацааг тогтоох боломжгүй...” гэх дүгнэлт гэрэл зургийн үзүүлэлтүүдийн хамт /хх-ийн 54-57 дугаар тал/
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-16 дугаар тал/
Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Засаг даргын дэргэдэх үнэлгээний комиссын дүгнэлт /хх-ийн 17 дугаар тал/
Гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 25-26, 30-32 дугаар тал/
Ашид билгүүн ххк-ний Автомашин техникийн үнэлгээ тогтоосон баримт /хх-ийн 50-51 дүгээр тал/
Хүдэр сумын 1-р багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 61-62 дугаар тал/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 63 дугаар тал/
Сум дундын 14 дүгээр шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 85 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 68-71 дүгээр тал/
Орхон аймгийн Баян-Өндөр сум шанд баг ам бүлийн тодорхойлолт /хх-ийн 75 дугаар зүйл/
Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 7-р шүүхийн 63 дугаар магадлал /хх-ийн 77-82 дугаар тал/
Шүүгдэгч М.Нарандалайн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 43-44 дүгээр тал/
Шүүгдэгч М.Нарандалайн 2017 оны 03 дугаар сарын 12-ны өдөр сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 39-41 дүгээр тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи нотлох баримтуудыг дүгнэхэд:
Шүүгдэгч М.Нарандалай нь Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын 1-р багийн нутаг дэвсгэрт 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр иргэн Р.Лхагвадоржийн эзэмшлийн хар хөх өнгийн 7436 СЭҮ улсын дугаартай ДЕЛИКА маркийн тээврийн хэрэгслийн 4 дугуйг төмрөөр хатгаж санаатайгаар гэмтээн Р.Даваадоржид 600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдлоо.
Үүнд: Хохирогч Р.Даваадоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд, гэрч Ц.Нямбаатарын /хх27/, Ү.Саранчимэгийн /хх28/, Р.Лхагвадоржийн /хх29/, Р.Баасанцэрэнгийн /хх33/, И.Эрдэнэцогтын /хх34/ нарын мэдүүлгүүд болон шинжээчийн 21 тоот дүгнэлт /хх54-55/ зэрэг болно.
Шүүх дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлгийг үнэн зөв гэж үзэв.
Учир нь уг хэрэгт хохирогчоор тогтоогдсон Р.Даваадоржийн мэдүүлэг нь тухайн үед байсан гэрчүүдийн мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байх ба энэ нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэгтэй тохирч байна.
Иймд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д заасан “...бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн..” гэмт хэрэгт гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч М.Нарандалайд холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг “бусдын эд хөрөнгийг санаатай гэмтээх” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирогч Р.Даваадоржоос шүүгдэгч М.Нарандалайгаас нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй гэж мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж тооцсон болно.
Шүүгдэгч М.Нарандалайд ял шийтгэл оногдуулахдаа урьд өмнө ял шийтгүүлж байсан боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-д зааснаар ялгүйд тооцох хугацаа нь Анхны ардилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойн Өршөөл үзүүлэх тухай хуулинд хамрагдаж хэрэгсэхгүй болсон байх тул мөн хуулийн ерөнхий ангийн 55-р зүйлийн 55.1.1-д зааснаар анх удаа хүндэвтэр төрлийн гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн 55-р зүйлийн 55.1.3, 55.1.9-т зааснаар шүүгдэгч нь учруулсан хохирол төлбөрөө сайн дураар нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг харгалзан хөнгөрүүлж үзэв.
Дээрх байдлууд болон шүүгдэгч М.Нарандалайн хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм хорыг арилгасан байдал зэргийг харгалзан үзэж түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзсэн болно.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290-р зүйлийн 290.3 294, 297-р зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4-р зүйлийн 4.1-д зааснаар Борлууд овогт Мөнхдалайн Нарандалайг мөн хуулийн тусгай ангийн 153-р зүйлийн 153.1-д заасан “бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээх“ гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153-р зүйлийн 153.1-д зааснаар шүүгдэгч Борлууд овогт Мөнхдалайн Нарандалайд 02 жилийн хорих ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52-р зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч М.Нарандалайд оногдуулсан 02 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4.Шүүгдэгч М.Нарандалай энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
5.Эрүүгийн Хуулийн ерөнхий ангийн 61-р зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч М.Нарандалайд оногдуулсан 02 жилийн хорих ялыг тэнсэж 02 жилийн хугацаагаар хянан харгалзсугай.
6.Эрүүгийн Хуулийн ерөнхий ангийн 61-р зүйлийн 61.4-д зааснаар шүүгдэгч М.Нарандалайн засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
7.Эрүүгийн Хуулийн ерөнхий ангийн 61-р зүйлийн 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол шүүгч Цагдаагийн байгууллагын саналыг үндсэлэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг анхааруулсугай.
8.Шүүгдэгч М.Нарандалайд урд авсан гадагш явахгүй байх баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299-р зүйлийн 299.3-д зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 302-р зүйлийн 302.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бүрэн эхээр бичгээр үйлдэж шүүх хуралдааны оролцогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
11.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303-р зүйлийн 303.1, 304-р зүйлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
12.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар анхан шатны шүүхийн тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн, гомдол, эсэргүүцлийг хэргийн материалын хамт гомдлыг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх ба тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд гадагш явахгүй байх баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ