| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигжанцангийн Бямбажаргал |
| Хэргийн индекс | 101/2022/03962/И |
| Дугаар | 101/ШШ2022/03237 |
| Огноо | 2022-07-07 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 101/ШШ2022/03237
| 2022 07 07 | 101/ШШ2022/03237 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: 0 давхарт оршин байрлах, “А ч б” ТБАГУТҮГ-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 0, өөрийн байранд оршин байрлах, “Н б г” ХХК /рд:0/-д холбогдох,
Газрын төлбөрт 5,100,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Н б г” ХХК нь 2009 оны 10 дугаар сард “А” чөлөөт бүсэд газар эзэмшихийг хүссэн өргөдөл гаргасан. Тус өргөдлийн дагуу чөлөөт бүсийн нутаг дэвсгэрт газар эзэмших эрх олгож 44 дугаартай байршилд 1 га газрыг “агуулах, худалдаа”-ны зориулалтаар баталгаажуулан 2009 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 119 дугаартай захирамжаар “Газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай” захирамж гаргасан. Дээрхи захирамжийг үндэслэн 2009 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн 09/97 дугаартай “Газар эзэмшүүлэх гэрээ”-г байгуулсан. Гэвч “Н б г” ХХК нь “Газар эзэмшүүлэх гэрээ”-ний 3.5-т “Газрын төлбөрийг газрын ашигт чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь төлөх” гэх гэрээний үүргийг биелүүлээгүй тул 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/18 дугаартай “Н б г” ХХК-ний чөлөөт бүс дэх хуулийн этгээдийн бүртгэлээс хасч, газар эзэмших, ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” захирамжаар эрхийг нь цуцласан. Газар эзэмшүүлэх гэрээний 3.5-т Газрын төлбөрийг газрын ашигт чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь төлөх” үүргийг биелүүлж, газрын төлбөрийн хуваарийн дагуу цуцлагдах хүртэлх онуудын төлөгдөөгүй газрын төлбөр болох 2018 оны 1.200.000 төгрөг, 2019 оны 1.200.000 төгрөг, 2020 оны 1.200.000 төгрөг, 2021 оны 1.200.000 төгрөг, 2022 оны 3-р улирлын 300,000 төгрөг нийт 5.100.000 төгрөгийн газрын төлбөрийг гаргуулж гэрээний үүргийг хангуулж, манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү. “Н б г” ХХК нь Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага зохих хууль тогтоомж, гэрээний дагуу газрын төлбөр төлнө”, 35 дугаар зүйлийн 35.3.3-т “Газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх”, Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлд “Хууль тогтоомжийн дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулахаар шийдвэрлэсний үндсэн дээр газрыг эзэмшиж, ашиглаж байгаа Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, газар ашиглаж байгаа гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, олон улсын байгууллагын төлөөлөгчийн газар, гадаад улсын хуулийн этгээд, гадаадын иргэн, харьяалалгүй хүн газрын төлбөр төлөгч байна”, 10 дугаар зүйлийн 5-т “Газрын төлбөр төлөгч жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд ногдох төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно.”, “Татварын ерөнхий хууль”-ийн 7 дугаар зүйлийн 7.1. “Монгол Улсын татвар нь албан татвар, төлбөр, хураамж /цаашид “татвар” гэх/-аас бүрдэнэ.” 7.2.18. газрын төлбөр гэж тус тус заасны дагуу “Н б г” ХХК нь газрын төлбөр төлөх бүрэн үндэслэлтэй байна.
2009 онд байгуулсан гэрээгээр 1 га нь 2,400,000 төгрөг байсан. 2018 оны Засгийн газрын 182 дугаар тогтоолын 5 дугаар хавсралтаар 1 га газрыг 1,200,000 төгрөг болгож бууруулсан. Бид 2018 оноос хойш шууд 1,200,000 төгрөг болгож төлбөрөө багасгасан. Газар эзэмшүүлж, улсын төсөвт төвлөрүүлдэг тул их өр манайд үүсдэг. Тиймээс үүнээс сэргийлж газар эзэмшиж буй этгээдүүдийн төлбөрт нь тааруулж газрыг багасгасан гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
А ч бэд 2015 он хүртэл ямар ч байгууллага үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан. Гэрээнд эхний 5 жил газрын төлбөрөөс 50 хувиар хөнгөлнө, чөлөөлнө гэсэн заалт байгаа гэж надад гэрээ байгуулах үед хэлж байсан. 2009-2015 онд А ч б нээгдээгүй хаалттай байсан. Газрын гэрчилгээ, кадастрыг албан ёсоор манай компанид өгөөгүй. Манай компани чөлөөт бүсэд газар эзэмшихээр гэрээ байгуулсан боловч яг хаана нь байрлах, аль газарт эзэмших эрх олгосон болохоо зааж өгөөгүй. Манайд газрын гэрчилгээ, кадастрын зураг өгөөгүй учраас бид аль газарт зөвшөөрөл авсан болохоо мэдээгүй тул манайх нэг ч удаа тус газарт үйл ажиллагаа явуулаагүй. Мөн манайд эзэмшүүлэхээр олгосон гэх газрын хэмжээг багасгаж 0.5 га болгосон талаар ч бидэнд мэдэгдээгүй. Иймд газрын төлбөр төлөх үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:
- нэхэмжлэгчээс гаргасан улсын бүртгэлийн гэрчилгээ, Н б г ХХК-иас гаргасан хүсэлт, газар эзэмшихийг хүссэн өргөдөл, А ч бийн захирагчийн 2009 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 119 дүгээр газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай захирамж, 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/18 дугаар газар эзэмших, ашиглах эрхийг хүчингүй болгох тухай захирамж, газар эзэмшүүлэх гэрээ, газар олголтын байдлыг харуулсан схем зураг, мэдэгдэл,
- хариуцагчаас гаргасан улсын бүртгэлийн гэрчилгээ зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “А ч б” ТБАГУТҮГ нь хариуцагч “Н б г” ХХК-д холбогдуулан газрын төлбөрт 5,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
“Н б г” ХХК нь 2009 оны 10 дугаар сарын 15-ны өдөр “А ч б” ТБАГУТҮГ-д агуулах болон худалдаа эрхлэх зорилгоор газар эзэмших хүсэлт гаргасны дагуу А ч бийн захирагчийн 2009 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 119 дүгээр газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай захирамжаар тус компанид 1 га газар эзэмших эрхийг баталгаажуулсан байна. /хх-ийн 5-7 дугаар тал/
Уг захирамжийг үндэслэн талууд 2009 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 09/97 тоот газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, “А ч б” ТБАГУТҮГ нь 1 га газрыг 15 жилийн хугацаатай, худалдаа, агуулахын зориулалттай олгох, “Н б г” ХХК нь жилийн 2,240,000 төгрөгийн төлбөр төлөх нөхцөлтэй байгуулжээ. /хх-ийн 8-10 дугаар тал/
Хариуцагч “Н б г” ХХК нь 2009-2015 оны хугацааны газрын төлбөрийг төлсөн үйл баримтыг талуудын хэн аль нь тайлбарлаж, маргаагүй. Нэхэмжлэгч нь 2018-2022 оны 03 дугаар улирал хүртэлх хугацааны газрын төлбөрийг жилийн 1,200,000 төгрөгөөр тооцон нэхэмжилсэн.
Уг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...эзэмшүүлэхээр олгосон газарт үйл ажиллагаа явуулсан эсэхээс үл хамаарч гэрээний дагуу төлбөр төлөх үүрэгтэй” гэж тайлбарласан. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ “...хэдийгээр газар эзэмших гэрээ байгуулсан боловч манай компанид хаана байрлах, ямар газар болохыг хүлээлгэж өгөөгүй” гэж тайлбарлаж маргасан.
Чөлөөт бүсийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7.7-д “Чөлөөт бүсийн захирагч нь чөлөөт бүсийн нутаг дэвсгэрт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглах зөвшөөрөл олгох эрхтэй” гэж, 19 дүгээр зүйлийн 19.1.3-т Чөлөөт бүсийн ажлын алба нь газрын төлбөрийг улсын төсөвт төвлөрүүлнэ” гэж тус тус заасан байна.
Талуудын байгуулсан гэрээний 1 дэх хэсэгт “Энэхүү гэрээнд гэрээний салшгүй хэсэг болох дараах зүйлийн заавал тусгах бөгөөд эдгээрийн бүрдэл дутуу бол гэрээг хүчингүйд тооцох үндэслэл болно. Үүнд: газрын байршил, хэмжээ, хил хязгаар, заагийг тодорхой харуулсан кадастрын зураг, газар эзэмшүүлэгчээс газар эзэмшигчид тус газрыг хүлээлгэн өгсөн тухай акт, газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг Монгол улсын Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолоор баталсан журмын дагуу хийлгүүлж баталгаажуулсан баримт” гэж заасан байна.
Хэрэгт “А ч б” ТБАГУТҮГ-аас газар эзэмшүүлэх гэрээний дагуу “Н б г” ХХК-д газрын байршил, хэмжээ, хил хязгаар, заагийг тодорхой харуулсан кадастрын зураг, газар эзэмшүүлэгчээс газар эзэмшигчид тус газрыг хүлээлгэн өгсөн тухай акт, газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг Монгол улсын Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолоор баталсан журмын дагуу хийлгүүлж баталгаажуулсан баримт зэргийг хүлээлгэн өгсөн талаархи нотлох баримт авагдаагүй.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...Н б г” ХХК-д газрын байршил, хэмжээ, хил хязгаар, заагийг тодорхой харуулсан кадастрын зураг үйлдэж өгөөгүй, газрыг хүлээлгэн өгсөн тухай акт үйлдээгүй. Тухайн үед хариуцан ажиллаж байсан ажилтан яагаад эдгээр баримтыг үйлдэж газрын хүлээлгэн өгөөгүй болохыг мэдэхгүй байна” гэж тайлбарласан.
Хэргийн 11 дүгээр талд авагдсан газар олголтын байдал харуулсан гэх схем зургийг хариуцагч “Н б г” ХХК-д олгосон газрын байршлын зураг гэж нэхэмжлэгч тайлбарлах боловч уг зургийг хариуцагчид танилцуулж, хүлээлгэн өгөөгүй үйл баримтад талууд маргаагүй.
Мөн нэхэмжлэгч нь газар эзэмшүүлэх гэрээний дагуу газрын байршил, заагийг хариуцагчид хүлээлгэн өгөх үүргээ хэрэгжүүлээгүй атлаа төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр газрын хэмжээг багасгаж 0.5 га болгосон гэж тайлбарласан боловч үүнтэй холбоотой баримтгүй, газрын хэмжээг багасгасан болохыг “Н б г” ХХК-д танилцуулж, мэдэгдээгүй байна.
Чөлөөт бүсийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5-д “Чөлөөт бүсэд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг төсөл сонгон шалгаруулалтаар авсан хуулийн этгээдэд холбогдох хууль тогтоомжид заасан журмын дагуу итгэлцүүрээр тогтоосон дуудлага худалдааны анхны үнэтэй тэнцэх хэмжээний нэг удаагийн төлбөрөө төлсний дараа газар ашиглуулах эрхийн гэрчилгээ олгоно” гэж заажээ.
Зохигчдын хооронд байгуудсан газар эзэмшүүлэх гэрээний 7.1 дэх хэсэгт “гэрээ нь газар эзэмшигчид газрыг актаар хүлээлгэн өгч Чөлөөт бүсийн захирагч газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болж мөрдөгдөнө” гэж заасан байна.
Нэхэмжлэгч “А ч б” ТБАГУТҮГ-аас газар эзэмших эрхийн гэрчилгээг “Н б г” ХХК-д олгоогүй, тус компанид газрын эзэмших эрхийн гэрчилгээ огт гарч байгаагүй болох нь талуудын тайлбараар тогтоогдсон. Нэхэмжлэгч “А ч б” ТБАГУТҮГ нь хариуцагч “Н б г” ХХК-д газрын гэрчилгээ олгоогүй, газар эзэмших гэрээнд заасны дагуу газрын байршил, хэмжээ, хил хязгаар, заагийг тодорхой харуулсан кадастрын зураг үйлдэж өгөөгүй, газрыг хүлээлгэн өгсөн тухай акт үйлдээгүй байх тул газрын төлбөр шаардах эрхгүй байна.
Иймд нэхэмжлэгч “А ч б” ТБАГУТҮГ-ын хариуцагч “Н б г” ХХК-д холбогдуулан гаргасан газрын төлбөр 5,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн ба нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул хариуцагчид хуваарилах улсын тэмдэгтийн хураамжгүй болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Чөлөөт бүсийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3-т заасныг баримтлан хариуцагч “Н б г” ХХК-д холбогдох 5,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “А ч б” ТБАГУТҮГ-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ