| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигжанцангийн Бямбажаргал |
| Хэргийн индекс | 101/2022/01428/И |
| Дугаар | 101/ШШ2022/03307 |
| Огноо | 2022-07-22 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 101/ШШ2022/03307
| 2022 07 22 | 101/ШШ2022/03307 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: 0 тоот хаягт оршин байрлах, Швед улсын H W H AB c/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д.О-д холбогдох,
Эвлэрлийн гэрээний үлдэгдэл төлбөр, алданги нийт 307,855,782 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2012 онд Швед улсын ХэппиВинд Холдинг компани нь Монгол Улсын иргэн Д.О үүсгэн байгуулсан Монгол Улсын К ХХК-д 400,000.0 ам.долларын хөрөнгө оруулсан байдаг. Гэвч 2018 онд талуудын хооронд маргаан гарсан бөгөөд уг асуудлаар 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэгч, К ХХК, хариуцагч болон Х С нарын хооронд 4 талт “Эвлэрлийн гэрээ” байгуулсан. Тус эвлэрлийн гэрээний дагуу хариуцагч нь нэхэмжлэгчид 215,281.0 ам долларыг 2020 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс өмнө төлөхөөр, хэрэв хугацаа хэтрүүлсэн бол хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр тохиролцсон юм. Хэдийгээр хариуцагч нь эвлэрлийн гэрээнд заасан төлбөрийг 2 хуваан төлсөн боловч гэрээгээр тохиролцсон хугацааг удаа дараа хэтрүүлсэн байдаг. Тодруулбал, Эвлэрлийн гэрээний төлбөрөөс нийт 50,000.0 ам.долларыг 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдөр буюу төлбөр төлөх ёстой хугацаанаас нийт 52 хоног хэтрүүлж, дараагийн удаад 165,250.0 ам.долларыг 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр буюу нийт 115 хоног хэтрүүлэн төлсөн байна. Ийнхүү хугацаа хэтэрсэн төлбөрт ногдох алдангийн хэмжээг гэрээнд заасны дагуу тооцоолон үзвэл эхний төлбөрийн хугацаа хэтрэлтийн алданги нийт 55,973.06 ам.доллар, дараагийн төлбөрийн хугацаа хэтрэлтийн нийт алданги 95,036.0 ам.доллар буюу нийт 151,009.0 ам.доллар болж байна. Цаашилбал, хариуцагч нь гэрээнд заасан үндсэн төлбөрөөс нийт 31.0 ам.долларыг төлөөгүй байгаа болно. Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдэл болон гэрээнд заасан алданги болох дараах төлбөрийг нэхэмжилж байна. Талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээний 2.2-т заасан үндсэн төлбөрийн үлдэгдэл болох 31.0 ам.доллар, Иргэний хуулийн 232.4-д заасанд үндэслэсэн тооцооллын дагуу бодсон нийт алданги болох 107,641.0 ам.доллар буюу нийт 107,672.0 ам.доллар буюу 2022 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн албан ёсны ханш (1 ам.доллар=2859.20 төгрөг)-аар бодвол нийт 307,855,782 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр К ХХК, Х С, H W H AB c болон хариуцагч Д.О нарын хооронд 4 талт эвлэрлийн гэрээ байгуулж хариуцагчийн зүгээс нийт 215,281 ам долларыг 2020 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн дотор төлөхөөр тохиролцсон. Гэвч 2020 онд дэлхий нийтээр ковид-19 тархаж, тус цар тахлаас урьдчилан сэргийлэх эрсдлийг бууруулахаар Монгол Улсын Засгийн газраас гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, улс орон даяар хөл хорио тогтоосон шийдвэрүүд гарч бизнесийн хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал бий болсон бөгөөд олон бизнесүүд тэг зогсолт хийж байсан. Гэсэн хэдий ч хариуцагч Д.Оын зүгээс ч өөрийн бүх нөхцөл боломжийг дайчлан гэрээний дагуу төлөх төлбөрийг 2 хувааж бүрэн төлж барагдуулсан. Үндсэн төлбөрийг бүрэн барагдуулсан ба 31 ам долларыг үндсэн төлбөрөөс дутуу төлөөгүй гэх нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Мөн алданги шаардаж байх ба энэ талаархи бичгийн гэрээ хэрэгт авагдаагүй ба анз төлөх үндэслэлгүй гэв.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:
- нэхэмжлэгчээс гаргасан улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, гэрээний бичиг, гүйлгээний баримтуудын орчуулгын хувиуд, Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа,
- хариуцагчаас гаргасан гадаад төлбөрийн даалгавар зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Швед улсын H W H AB c/ нь хариуцагч Д.Оад холбогдуулан эвлэрлийн гэрээний үлдэгдэл төлбөр, алданги нийт 307,855,782 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Зохигчид 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр гэрээний бичиг гэх нэртэй хэлцлийг байгуулж, уг хэлцлээр нэхэмжлэгч Швед улсын H W H AB c/ нь “К” ХХК-ийн 1,955,200 ширхэг хувьцааг болон Д.Оад 215,281 ам доллараар худалдах, хариуцагч Д.О нь 2020 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн дотор төлбөрийг төлөхөөр тохиролцсон байна. /хх-ийн 12 дугаар тал/
Уг хэлцлийг байгуулах болсон үндэслэлийг зохигчдын хэн аль нь Д.Оын үүсгэн байгуулсан “К” ХХК-д 2012 онд Швед улсын H W H AB c/ нь 400,000 ам.долларын хөрөнгө оруулсан. 2018 онд талуудын хооронд маргаан гарсан шалтгаанаар Швед улсын H W H AB c/ болон захирал Х С, К ХХК болон үүсгэн байгуулагч Д.О нарын хооронд 4 талт эвлэрлийн гэрээ байгуулж, Д.О нь 215,281 ам долларыг буцаан төлөхөөр тохиролцож хувьцааг буцаан шилжүүлсэн гэж тайлбарласан.
Талуудын дээрх тайлбар, гэрээний бичиг гэх баримтуудаас үзэхэд тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 260 дугаар зүйлийн 260.1 дэх хэсэгт заасан эрх худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүсчээ.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг “...эвлэрлийн гэрээний дагуу Д.О нь 215,281 ам долларыг 2020 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн дотор төлөх, хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлөх үүрэг хүлээсэн. Үндсэн төлбөрөөс 31 ам долларыг дутуу төлж, төлбөрийг 115 хоног хэтрүүлсэн” гэж,
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ “...215,281 ам долларыг бүрэн төлж барагдуулсан. Цар тахлын улмаас хугацаа хожимдуулж төлсөн нь үнэн. Гэхдээ алданги төлөх үүрэг хүлээгээгүй” гэж тус тус тайлбарлаж, маргасан.
Хариуцагчаас хэрэгт нотлох баримтаар цуглуулж өгсөн Голомт банкны гадаад төлбөрийн даалгаврын баримтаар 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 50,000.0 ам.доллар, 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 165,281 ам.доллар, нийт 215,281 ам долларыг H W H AB c Д.Оаас шилжүүлсэн болох нь тогтоогдож байна. /хх-ийн 39-40 дүгээр тал/
Нэхэмжлэгч нь төлвөл зохих үндсэн төлбөр 215,281 ам доллараас 31 ам долларыг дутуу төлсөн гэх тайлбараа хэргийн 13, 15 дугаар талд авагдсан мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдоно гэж тайлбарласан боловч уг баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Тухайн мөнгөн төлбөрийн баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй тул уг баримтын орчуулгын хувийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй.
Хариуцагч Д.О нь 215,281 ам долларыг бүрэн төлж барагдуулсан болох нь Голомт банкны гадаад төлбөрийн даалгаврын баримтаар тогтоогдсон тул нэхэмжлэгчээс гаргасан үндсэн төлбөрт 31 ам долларыг дутуу төлсөн гэх нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримтаа өөрөө цуглуулж хэрэгт гаргах үүрэгтэй.
Нэхэмжлэгч нь эвлэрлийн гэрээгээр 215,281 ам долларыг 2020 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн дотор төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон гэж 107,641 ам долларыг алдангид тооцон шаардсан боловч уг тайлбараа баримтаар нотлоогүй.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ” гэж заасан. Анзын гэрээг бичгээр байгуулсан баримт хэрэгт авагдаагүй ба хариуцагчаас анзтай холбоотой тохиролцоо байгаагүй гэж алдангийг үгүйсгэж маргасан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг талуудын мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлдэг.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд нотлох баримт шинжлэн судалсны дараа “...алданги тохиролцсон гэрээг хэрэгт гаргаж өгөөгүй байна, уг гэрээг хэрэгт гаргаж өгөх боломжоор хангах” тухай тайлбар гаргасан нь учир дутагдалтай. Тэрээр нэхэмжлэгчийг төлөөлөн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүссэн цагаас өнөөдрийн шүүх хуралдаан товлон зарлагдах хүртэл хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд холбогдох хүсэлт гаргаж, 2022 оны 06 дугаар сарын 27, 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрүүдэд тус тус хэргийн материалтай танилцах замаар идэвхитэй оролцож байсан. Шүүх хуралдааны хүсэлтийн шатанд тэрээр хэрэгт гаргаж өгөх баримт, хүсэлт байхгүй болохоо илэрхийлсэн. Үүнээс үзэхэд иргэний хэрэг үүссэн цагаас эхлээд шүүх хуралдааны хүсэлтийн шат хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нь холбогдох нотлох баримт, хүсэлт гаргах боломжтой байхад уг эрхээ хэрэгжүүлээгүйд хүндэтгэн үзэх шалтгаангүй байна.
Иймд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.7 дахь хэсэгт үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд анз төлөхөөр гэрээнд заагаагүй бол үүрэг гүйцэтгүүлэгч анз шаардах эрхгүй гэж заасан тул нэхэмжлэгчийн алдангид нэхэмжилсэн мөнгөн хөрөнгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгчид хариуцуулахаар заасан тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,697,229 төгрөгийг улсын орлогод үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Д.Оад холбогдох 307,855,782 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Швед улсын H W H AB c/-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,697,229 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ