| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийшээгийн Ганбат |
| Хэргийн индекс | 195/2025/0979/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1256 |
| Огноо | 2025-05-08 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., 27.11.1., |
| Улсын яллагч | Г.Нандин-Эрдэнэ |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1256
2025 05 08 2025/ШЦТ/1256
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Бадамжаргал,
улсын яллагч Г.Нандин-Эрдэнэ,
хохирогч Ж.*****,
шүүгдэгч Г.***** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн Харчин овогт *****ийн *****д холбогдох эрүүгийн ***** дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн ***** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т тус тус зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэн харгалзах ялаар шийтгэгдэж байсан Харчин овогт *****ийн ***** /РД:***************/.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Г.***** нь Хан-Уул дүүргийн **** дүгээр хорооны нутаг дэвсгэр ****явах зам, Буянт-Ухаа спорт цогцолборын зүүн замд 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 11 цаг 27 минутын орчимд “Subaru impreza” маркийн ***** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14-т заасан “...жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааран сонгож явна...”, мөн дүрмийн 3.5-т заасан “...зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт, тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, в/ осолд холбогдсон тээврийн хэрэгсэл нь бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасны улмаас зорчих хэсгийг чөлөөлөх, мөн осолд өртсөн хүнийг эмнэлэгт уг тээврийн хэрэгслээр хүргэх зайлшгүй тохиолдолд хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан тухайн тээврийн хэрэгслийн ул мөрийн байрлалыг тодорхой тэмдэглэж, боломжтой бол гэрэл зураг дүрс бичлэгээр баримтжуулсны дараа байрнаас нь хөдөлгөх, г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллагад яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог, нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдох бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Тоёота Аурис маркийн ***** дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ж.*****ын эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулж, улмаар хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгч Г.***** нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд гаргасан тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.*****гийн өгсөн: “би группт байдаг бөгөөд осол гарсны дараа нүднийхээ протезыг хугалсан байсан тул яаралтай эмнэлэг явах шаардлага гараад дүүгээ дуудаад эмнэлэг явсан...” гэв.
2. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ж.*****ын өгсөн: “...нисэхийн тойрог руу явж байхад урд талд нэгдүгээр эгнээд автобус буудал дээрээ зогсож хүнээ ачаад хөдөлсөн. Би хоёрдугаар эгнээ рүү орох гээд толинд харахад нэлээд зайтай нэг машин явж байсан. Тэгээд би хурдаа хасаад дахин толиндоо харахад миний ард гэнэт машин хүрээд ирсэн байсан ба яах ийхийн зуургүй ирж мөргөөд замын хажуу руу шидэгдэж арын хүнээ чангаа бариарай гэж хэлээд замын хажуугийн гэрлийн шон мөргөж зогссон. Тэнд явж байсан хүн дуудлага дуудсан гэж хэлсэн. Эхлээд замын хоёр цагдаа ирээд араас нь түргэн тусламж ирээд өвчин намдаах тариа хийгээд толгойноос цус гоожсон байсан тул боолт хийж гэмтлийн эмнэлэг явсан.
..хохирол төлбөрт эм тарианы мөнгө төгрөг 1.200.000 төгрөг сэтгэл санааны хохиролд 5.000.000 төгрөгийг өгсөн. Одоо 5 сарын 15-ны өдөр 150.000 төгрөгөөр толгойн зураг авхуулах шаардлагатай байгаа өөр нэхэмжилж байгаа зүйл байхгүй...” гэв.
Гурав. Эрүүгийн ***** дугаартай хэргээс:
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 5-12 дах тал),
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ж.***** хохирогчоор өгсөн:
“...би ************ ХХК-д жолооч ажилтай бөгөөд тухайн өдрийн өглөө ажилдаа 08 цаг 30 минутын орчимд Баянзүрх дүүрэгт байх гэрээсээ өөрийн эзэмшлийн ******* дугаартай автомашинаа жолоодож гарсан. Хан-Уул дүүргийн И март худалдааны төвийн орчмоос байгууллагын төслийн удирдагч ***** гэх эмэгтэйг аваад ****** дүүрэг нисэхэд байх эмэгтэйчүүдийн эмнэлэг рүү явсан. Эмнэлэг дээр 10 цагийн орчимд очсон бөгөөд буцаад *****гийн хамт Улаанбаатар хотын төв рүү явахаар хөдөлсөн. ***** автомашины хойд зорчигчийн суудал дээр суугаад би машинаа жолоодоод Нисэхийн тойргийн урд замаар ертөнцийн зүгээр урдаас хойш чиглэлтэй, зорчих хэсгийн 1 дүгээр эгнээгээр 40 орчим км цагийн хурдтай явж байхад машины зүүн хойд хэсгээс ард явж байсан машин мөргөсөн, тэгэхэд машины хойд хэсэг шидэгдээд замын баруун тийш хашлага даваад гэрэлтүүлгийн шонг машины зүүн талаар мөргөөд зогссон. Ослын дараа харахад мөргөсөн машины хойш яваад зогссон байсан, жолооч нь бууж ирээд надтай юм ярилгүй яваад өгсөн. Замаар явж байсан хүн дуудлага өгсөн. Дараа нь цагдаа болон түргэн тусламжийн автомашин ирсэн. Би түргэний машинаар гэмтлийн эмнэлэг явсан.
...миний эрүүл мэндтэй холбоотой 400.000 төгрөгийн хохирол одоогоор гарсан байна. Автомашиндаа үнэлгээ хийлгэхгүй, нөгөө жолооч маань засварлаж өгөхөөр болсон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дах тал),
Ховд Бат Арвижих ХХК-ийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 25/09 дугаартай “...нийт 2.800.000 төгрөг...” гэсэн үнэлгээний хуудас (хавтаст хэргийн 28 дах тал),
Иргэний нэхэмжлэгч Ж.***** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би осол хэрхэн яаж болсныг хараагүй бөгөөд тухайн өдөр шон унасан байна гэх дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн нутаг, 21 дүгээр хорооны нутаг, архивчдын гудамж замд очсон. Тэгэхэд манай байгууллагын эзэмшлийн гэрэлтүүлгийн шон хугарч эвдэрсэн байсан. Энэ хэрэгт байгууллагыг төлөөлж намайг оролцуулахаар томилсон байгаа. Гэрэлтүүлгийн шон хугарсан, мөн шонгийн дээд хэсэгт байх гэрэлтүүлгийн толгой 2 ширхэг төмөр хугарсан, шонгийн суурь, тогны утас тасарч эвдэрсэн эдгээр эвдрэлүүд болон засвар, угсралт зэргийн төлбөр нийт 2.800.000 төгрөг болж байгаа...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 31 дэх тал),
Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээлэл (хавтаст хэргийн 34 дэх тал),
Иргэний нэхэмжлэгч Д.***** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг, Буянт-Ухаа спорт цогцолборын зүүн замд 2025 оны 01 дүгээр сарын 16-ны 11 цаг 27 минутын орчимд Субару имприза маркийн ***** дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Тоёота аурис маркийн ***** улсын дугаартай автомашины араас мөргөж жолоочийн эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Ж.***** нь эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 1.351.272 төгрөгийн зардал гарсан болох нь эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын лавлагааны баримт бичгээр тогтоогдож байна. Дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагчаар гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 38 дах тал),
Гэрч Г.***** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...би ослын талаар мэдэхгүй бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 15-аас 16-нд шилжих шөнө найз ***** манай Хан-Уул дүүрэг, ************** байх гэрт 02 цагийн орчимд ирсэн. Манайд ирэхдээ 6 лааз пиво авсан байсан. Бид хоёр гурав, гурван пиво ууж дуусгаад унтаж амарсан. 03 цаг өнгөрөөгөөд унтсан.
...манайхаас 01 дүгээр сарын 16-ны өглөө 10 цагийн орчимд явсан байх цагийг нь нарийн хэлж мэдэхгүй байна. Бид хоёр нэмж архи болон пиво уугаагүй амарсан болохоор эрүүл явсан гэж бодож байна. Унтаж байхад явсан байсан, өөрийнхөө эзэмшлийн субару маркийн цагаан өнгийн автомашинтайгаа явсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 49-50 дах тал),
Гэрч Н.***** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...тухайн өдрийн өглөө 11 цагийн орчимд би Хан-Уул дүүрэг, нисэхэд байх эмнэлгээс гараад Улаанбаатар хотын төв рүү орохоор танил *****ын автомашины хойд суудал дээр суугаад явсан. Ингээд Нисэхийн спортын цогцолборын ертөнцийн зүгээр зүүн талын замаар урдаас хойш чиглэлтэй явж байхад миний сууж явсан машины араас өөр нэг машин мөргөсөн, тэр үед миний сууж явсан машины жолоодлого алдаад зам дээр эргээд замаас гарч шон мөргөөд зогссон. Ослын дараа жолооч ***** жолоочийн эсрэг талын хаалганы цонхыг мөргөсөн байдалтай, цонх хагарсан, толгойноос нь цус гарч байсан, би зорчигчийн зүүн хойд талд нь сууж явсан болохоор автомашины зүүн хойд хаалгыг онгойлгох гэтэл онгойхгүй байсан. Тэгэхээр нь баруун хойд талын хаалгыг онгойлгоод машинаасаа буусан. Тэр үед жолооч ***** жолоочийн суудал дээрээ сууж байсан, хажуугаар явж байсан хүн цагдаад дуудлага өгсөн. Мөргөсөн машины жолооч гэж хүн огт харагдаагүй, би түргэн тусламж руу дуудлага өгөхөд очиж явна гэж хариу өгсөн. Дараа нь хоёр цагдаа ирээд ослын газрыг хамгаалалтад аваад зогсож байсан. Түргэний машин ирээд эмч нь *****ын толгойг боогоод намайг эмнэлэг рүү очоод үзүүлчих цуг явах уу гэхээр нь би явахгүй ***** жолоочийг аваад яв гэж хэлээд явуулсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 52 дахь тал),
Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн ЕГ0725/2353 дугаартай: “...Ж.*****ын биед хүзүүний 2-р нугалмын хугарал, тархи, доргилт, зулайн хуйханд шарх, баруун, зүүн зовхинд цус хуралт, духанд зулгаралт, зүүн шанаа, чамархайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.3 Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.6-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо...” гэсэн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 70-71 дэх тал),
Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ийн Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2025 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн шинжээчийн тодорхойлолт (хавтаст хэргийн 82-84 дэх тал),
“...Ашид Билгүүн” ХХК-ийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 025/11899 дугаартай үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 88-94 дэх тал),
шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой жолоодох эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 107 дахь тал), шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 104 дэх тал), урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 125 дахь тал), Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн *****дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 119-124 дэх тал) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Г.*****д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна
Дөрөв: Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
1.Шүүгдэгч Г.***** нь Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр Өлзийт явах зам, Буянт-Ухаа спорт цогцолборын зүүн замд 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 11 цаг 27 минутын орчимд “Subaru impreza” маркийн ****** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14-т заасан “...жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааран сонгож явна...”, мөн дүрмийн 3.5-т заасан “...зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт, тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, в/ осолд холбогдсон тээврийн хэрэгсэл нь бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасны улмаас зорчих хэсгийг чөлөөлөх, мөн осолд өртсөн хүнийг эмнэлэгт уг тээврийн хэрэгслээр хүргэх зайлшгүй тохиолдолд хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан тухайн тээврийн хэрэгслийн ул мөрийн байрлалыг тодорхой тэмдэглэж, боломжтой бол гэрэл зураг дүрс бичлэгээр баримтжуулсны дараа байрнаас нь хөдөлгөх, г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллагад яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог, нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдох бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Тоёота Аурис маркийн ****** дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ж.*****ын эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулж, улмаар хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, Ж.*****, иргэний нэхэмжлэгч Ж.*****, Д.*****, гэрч Н.***** нарын болон шүүгдэгч Г.***** нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ний өдрийн №2353 дугаартай дүгнэлт, мөрдөгчийн магадалгаа, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 4-12/, Баянгол техник хяналтын үзлэгийн төвийн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 69-71/, Ашид билгүүн ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 91-93/, ************ ХХК-ийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 25/09 дугаартай тайлан /хх-ийн 28/ болон хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдал, мөн Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр зөрчиж, хүний эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.
“Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцно” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааж хуульчилсан.
Шүүгдэгч Г.***** нь Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр Өлзийт явах зам, Буянт-Ухаа спорт цогцолборын зүүн замд 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 11 цаг 27 минутын орчимд “Subaru impreza” маркийн *********улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14-т заасан “...жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааран сонгож явна...”, мөн дүрмийн 3.5-т заасан “...зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт, тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, в/ осолд холбогдсон тээврийн хэрэгсэл нь бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасны улмаас зорчих хэсгийг чөлөөлөх, мөн осолд өртсөн хүнийг эмнэлэгт уг тээврийн хэрэгслээр хүргэх зайлшгүй тохиолдолд хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан тухайн тээврийн хэрэгслийн ул мөрийн байрлалыг тодорхой тэмдэглэж, боломжтой бол гэрэл зураг дүрс бичлэгээр баримтжуулсны дараа байрнаас нь хөдөлгөх, г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллагад яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог, нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдох бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Тоёота Аурис маркийн *********** дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасан, уг ослын улмаас жолооч Ж.*****ын
эрүүл мэндэд амь насанд аюултай хүнд хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Мөн шүүгдэгчийн зам тээврийн осол хэрэг гарсны дараа Замын хөдөлгөөний дүрмийн 3.5 дугаар зүйлийн а, б, г заалтад заасан зам тээврийн осолд холбогдсон жолоочийн үүргийг биелүүлэлгүй зөрчиж, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэм буруутай үйлдэл нь “энэ хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах” гэмт хэргийн шинжтэй байна.
Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Г.*****гийн дээрх үйлдэлд 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.***** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
Улсын яллагчаас гэм буруугийн хуралдаанд “...шүүгдэгч Г.*****г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 27.11 дүгээр зүйлд тус тус заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай. Уг ялыг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар тогтоолгох. Мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нь 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, түүний нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтэн биечлэн эдлэх ялыг 2 жил 6 сарын зорчих эрхийг хязгаарлах ял гэж тогтоолгох саналтай байна. Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол төлбөртэй баримыг гаргаж өгөөгүй боловч шүүгдэгч нь эмчилгээ үйлчилгээний төлбөрт 1.200.000 төгрөг, сэтгэл санааны хор уршгийн нөхөн төлбөрт 5.000.000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан байна. Иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 11.351.272 төгрөг хохирол болон Нийтийн эзэмшлийн ногоон байгууламжид учирсан 275.740 төгрөгийн тус тус төлсөн байна. Хохирогчид хүнд гэмтэл учирсан тул цаашид гарах эмчилгээ үйлчилгээний төлбөрийг нээлттэй үлдээх саналтай байна. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй. Ховд Бат Арвижих ХХК- учирсан хохирлыг жич нэхэмжлэх эрхийн нээлттэй үлдээлгэх саналтай байна...” гэсэн дүгнэлтийг гаргасан.
2.Шүүгдэгч Г.***** нь гэмт хэрийн улмаас учирсан хохирлыг төлсөн, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэл зүйлгүй гэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх, шүүгдэгч Г.*****д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал болон улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан санал зэргийг харгалзан шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 (гурван) жилийн хугацаагаар хасаж, 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын зорчих эрхийг хязгаарлах ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 03 /гурав/ сарын зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж,
Мөн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 (гурван) жилийн хугацаагаар хасаж, 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 03 /гурав/ сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 01 /нэг/ жил 09 /ес/ сарын зорчих эрхийг хязгаарлах ял гэж тогтоож шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ” гэж тодорхойлжээ.
Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож, мөн зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*****д оногдуулсан эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс тооцож ажиллах мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар Г.*****д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлт болон эрх хасах нэмэгдэл ялд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.
Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар энэ хэргийн хохирогч Ж.*****, иргэний нэхэмжлэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй.
Харин хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад эмчилгээ үйлчилгээ авсан талаарх баримтыг гаргаж өгөөгүй, шүүхийн хэлэлцүүлэгт гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул энэ тогтоолоор шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдаж шийдвэрлэлээ.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Харчин овогт *****ийн ***** авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн,
- Хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Г.*****д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 01 /нэг/ жил, 06 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 03 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*****д энэ тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэн 01 (нэг) жил 09 (ес) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 01 /нэг/ жил 09 /ес/ сарын зорчих эрх хязгаарлах ялыг түүний оршин суух Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах байдлаар хэрэгжүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*****д оногдуулсан эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс тооцож, шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял болон нэмэгдэл ялын биелэлтэд тус тус хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
7. Иргэний нэхэмжлэгч ******* нь Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.
8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.*****д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
10. Тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ И.ГАНБАТ