Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 101/ШШ2022/03354

 

 

 

 

 

 

 

 

2022 07 29

101/ШШ2022/03354

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Г.Бямбажаргал даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Т б к ХХК /рд:0/-ийн нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: Ш.Г-д холбогдох, 

 

Зээлийн гэрээний үүрэгт 4,814,750 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Ш.Г нь Т б к ХХК-тай 22900506 дүгээр Зээлийн гэрээ, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ-г тус тус байгуулж, 1,600,000 төгрөгийг сарын 4,0 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлсэн бөгөөд хугацаа хэтэрсэн хоног тутам 0.5 хувийи алданги тооцохоор тохиролцож, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Toyota Prius-10 маркийн 0 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлсэн. Ззэлийг эргэн төлөх хуваарийг талууд тохиролцож хавсралтаар баталсан боловч зээлдэгч уг хуваарийн дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлэлгүй өнөөдрийн байдлаар үндсэн ззэл 1,600,000 төгрөг, хүү 2,344,550 төгрөг, алданги 800,000 төгрөг, нийт 4,744,550 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Зээлдэгч Ш.Г-ээс үүрэг гүйцэтгэх хугацааг 1069 хоног хэтрүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөөр байна. Зээлдэгч зээл авсан өдрөөс хойш зээлийн эргэн төлөлтийг нэг ч удаа төлөөгүй бөгөөд зээлийн гэрээний хугацаа 2020 оны 06 дугаар сарын 14-ний өдөр дууссан. Талуудын үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнге өмчлөлд шилжүүлэх гэрээний 3.5-д Хөрөнгийг гэрээний хугацаанд үүрэг гүйцэтгэгчийн эзэмшил ашиглалтанд байлгах бөгөөд энэ гэрээнд заасан хязгаарлалтын хүрээнд эзэмшиж ашиглана гэж тохиролцсоны дагуу үүрэг гүйцэтгэгчийн эзэмшилд байх хугацаанд Ш.Г зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул манай байгууллагаас гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа мэдэгдэж, шаардаж байсан боловч ямарч үр дүнд хүрээгүй бөгөөд авто машиныг устгаж, одоогоор тус тээврийн хэрэгсэл олдохгүй, хаана байгаа нь тодорхойгүй байгаа тул зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй болоод байна. Өөрөөр хэлбэл, фидуцийн зүйлийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ хариуцагч биелүүлээгүйгээс нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлийг энэ гэрээний дагуу хангуулах боломжгүй болсон. Мөн Ш.Г зээлийг авах үедээ 0 тоот хаягт оршин суудаг байсан бөгөөд зээлдэгч тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, ноцтой зөрчсөн тул бидний зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Зээлдэгч Ш.Г хаягтаа оршин суудаггүй, хаана амьдарч байгаа нь мэдэгдэхгүй байсан тул хариуцагчийг эрэн сурвалжлуулах хүсэлтийг Баянгол дүүргийн шүүхэд гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг нь гэрээний үүрэг зөрчсөн хариуцагчийн буруутай үйлдэлтэй шууд холбоотой зайлшгүй зардал тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д заасан үүрэг зөрчсөнөөс учирсан хохиролд тооцож, хариуцагчаас 70,200 төгрөгийг нэмж гаргуулж өгнө үү. Иймд Ш.Г-ээс 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 22900506 дугаартай зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 1,600,000 төгрөг, хүү 2,344,550 төгрөг, алданги 800,000 төгрөг, эрэн сурвалжпуулах хүсэлт гаргахад төлсөн 70,200 төгрөг, нийт 4,814,750 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Да хүрээ захын иргэнээс 0 УНЧ дугаартай автомашиныг 4,500,000 төгрөгөөр авсан, гэхдээ өөрт байх 2 сая төгрөгийг бэлнээр өгч, үлдэх мөнгийг нэхэмжлэгчээс зээлсэн. Тухайн үед зээлийн гэрээнээс гадна фидуцийн гэрээ байгуулсан. Тухайн үедээ эмээлтэд барилгын ажил авч ажиллаж байсан, ажиллуулсан газар нь цалинг нь өгөөгүйгээс болж зээлийн гэрээний төлбөрөө төлөх боломжгүй болсон. 2019 оны дундуур машинтайгаа явж байхад хажуугаас нь гэнэт машин орж ирэхэд нь осол гаргахгүй гээд хашлага мөргөсөн. Тухайн үедээ яаралтай ажилтай байсан тул Модерн Номадсын зогсоол дээр машинаа байрлуулж орхисон. Дараа нь машинаа авах гээд очиход байхгүй байсан тул машин журамлах газар руу залгаж лавлахад аль ч түр саатуулах байранд бүртгэгдээгүй гэсэн тул цагдаагаар эрэн сурвалжлуулахад н.Ууганбаяр гэх дэслэгч машиныг саатуулсан гэсэн. Гэвч тэр хүн олдоогүй тул Т б-аас хариуцагч руу 5 дугаар сард утасдахад төлбөрөө төлөх боломжгүй болсон тул машинаа танайх ав гэж хэлсэн. Дахин компаниас холбогдоогүй тул машиныг очиж аваад зээлийн төлбөрт тооцооод гэрээний үүргээ бүрэн гүйцэтгэсэн гэж бодсон. 3 жил холбоогүй байж байгаад зээл, хүү алданги нэхэмжилж байгаа нь тухайн байгууллагын ажилчдын буруу. Хариуцагч хөлөндөө хагалгаа хийлгэж 2 жил гаруй хэвтэрт байсан, цалин орлогогүй, эмчилгээнд явдаг. Машины зөрүү мөнгийг хариуцагчид нэхэмжлэгч өгөх байсан боловч өгөөгүй. Тус компанийн нэхэмжлэлд зээлийн гэрээний үүргийг Л.Г төлүүлэх тухай сүүлд хуулийн зөвлөх А.Т, н.Б менежер нар хэд хэдэн удаа хариуцагчтай холбогдсон нь тэдний бичсэн мессэжээр нотлогдож байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:

- нэхэмжлэгчээс гаргасан улсын бүртгэлийн гэрчилгээ, зээлийн гэрээ, фидуцийн гэрээ, барьцаат зээлийн тооцооны хуудас, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2021/01475 дугаар шийдвэр, Ш.Гээс гаргасан хүсэлт,

- хариуцагчаас гаргасан утсаар харилцсан захидал зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад, 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т б к ХХК нь хариуцагч Ш.Гд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,814,750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Т б к ХХК нь 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Ш.Гтэй зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 1,600,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдүүлэх, хариуцагч нь тохирсон хугацаанд зээлийн төлбөр төлөх, хугацаандаа төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролсон байна. /хх-ийн 6-7 дугаар тал/

 

Мөн өдөр талууд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ байгуулж, 0 УНЧ улсын дугаартай, приус-10 маркийн тээврийн хэрэгслийг зээлдэгч Ш.Г нь зээлдүүлэгч Т б к ХХК-ийн өмчлөлд шилжүүлж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон байна. /хх-ийн 8-9 дүгээр тал/

 

Уг тохиролцооны дагуу 0 УНЧ улсын дугаартай, приус-10 маркийн тээврийн хэрэгслийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулж, өмчлөгчөөр 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Т б к ХХК бүртгэгдсэн болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбараар тогтоогдсон, энэ талаар зохигч маргаагүй. /хх-ийн 10 дугаар тал/

Зээлдүүлэгч Т б к ХХК-иас зээлийн гэрээний дагуу 1,600,000 төгрөгийн мөнгөн хөрөнгийг зээлдэгч Ш.Гд шилжүүлсэн болох нь барьцаат зээлийн тооцооны хуудасны баримтаар тогтоогдсон.

 

Зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан ...зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө...шилжүүлэх, зээлдэгч нь тохирсон хугацаанд мөнгийг буцаан төлөх үүргийг тус тус хүлээсэн зээлийн гэрээ, мөн хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д заасан эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх буюу үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч нь үндсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээсэн фидуцийн гэрээ тус тус байгуулагдсан байна.

 

Нэхэмжлэгч Т б к ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд зээлийн үйл ажиллагааг тогтмол эрхэлдэг хуулийн этгээд буюу барьцаалан зээлдүүлэх газар чиглэлээр гэж бүртгэгдсэн, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрхтэй этгээд байна.

 

Зээлийн гэрээнд заасан мөнгөн хөрөнгийг шилжүүлэх үүргээ Т б к ХХК биелүүлсэн, зээлийн хүү болон үндсэн зээлийн төлбөрийг сар тутамд хэсэгчлэн төлөх үүргээ Ш.Г зээл авсанаас хойш огт биелүүлээгүй үүрэг зөрчигдсөн үйл баримтын талаар талуудын хэн аль нь тайлбарласан.

 

Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ нь үүрэг хүлээгч нь хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч нь үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг бөгөөд мөн хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т зааснаар үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж, шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авсан буюу ийнхүү үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно.

 

Нэхэмжлэгч Т б к ХХК нь хариуцагч Ш.Гийг гэрээ байгуулснаас хойш зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн, төлбөр огт төлөөгүй байхад талуудын байгуулсан зээлийн гэрээний 2.12.3-т болон фидуцийн гэрээний 3.3-т зээлдэгч зээлийн эргэн төлөлтийн хуваарийг 30 хоногоос дээш хугацаагаар хоцорсон тохиолдолд ноцтой зөрчилд тооцон зээлдүүлэгч зээлийн гэрээг цуцлан барьцаа автомашиныг түргэн зарагдах үнээр худалдаж хохирлоо барагдуулна гэж тус тус заасныг хэрэгжүүлээгүй байна.

 

Дээрх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй байсан гэх үндэслэлээ нэхэмжлэгч нэхэмжлэлдээ ...Ш.Г нь тээврийн хэрэгслийг устгаж, хаана байгаа нь мэдэгдэхгүй болсон гэж тодорхойлж, шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...Ш.Г нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас тээврийн хэрэгслийг Нарны гүүрний доор байрлах журмын хашаанд оруулж, очиж авахгүй 3 жилийн хугацаа өнгөрүүлсний улмаас журмын хашааны төлбөрийн үнэ их хэмжээтэй болсон. Журмын хашааны төлбөрийг манай компани төлөх боломжгүй гэж тайлбарлаж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаас татгалзаж, мөнгөн төлбөрийн үүргийг шаардсан.

 

Хариуцагч Ш.Г нь замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, тээврийн хэрэгслийг журмын хашаанд оруулсан үйл баримтын талаар маргаагүй. Харин энэ хугацаанд нэхэмжлэгч Т б к ХХК нь гэрээ болон өмчлөгчийн үүднээс очиж маргаан бүхий тээврийн хэрэгслийг авч, зээлийн гэрээний үүргийг хангуулсан гэж ойлгосон гэж тайлбарласан.

 

Хэдийгээр хариуцагч Ш.Г нь зээлийн гэрээний үүргийг зөрчсөн, барьцааны зүйл болох тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, тээврийн хэрэгслийг түр саатуулах хашаанд оруулсан буруутай болох нь тогтоогдож байх боловч нэхэмжлэгч Т б к ХХК нь тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр бүртгэгдсэн, тээврийн хэрэгсэл устаж үгүй болоогүй бодитоор түр саатуулах байранд байгаа тохиолдолд зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр шаардах эрх үүсээгүй байна.

 

Зүй нь, фидуцийн гэрээний зүйл болох тээврийн хэрэгсэл нь мөнгөн төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилготойтой тул уг гэрээний дагуу тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжит арга хэмжээ авсаны дараа барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй болох нь бодитоор тогтоогдсоны дараа мөнгөн төлбөрийн үүргийг шаардах журамтай.

 

Нэхэмжлэгч нь энэ хугацаанд тээврийн хэрэгслийг хаана байгааг мэдэх боломжгүй байсан тул зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр гаргуулах эрхтэй гэж маргах боловч Т б к ХХК нь талуудын байгуулсан зээлийн гэрээний 4.3-т Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, оршин суугаа газраасаа оргон зайлсан нөхцөлд зээлийн гэрээтэй холбоотой мэдээллийг, гэрэл зургийг телевиз, олон нийтийн цахим сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд зарлах замаар тээврийг хэрэгслийг өөрийн эзэмшилд бодитоор гаргуулан авах эрхтэй байна. Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...тээврийн хэрэгслийг олж тогтоох талаар дээрх гэрээнд заасан ажиллагааг хийгээгүй, цагдаагийн газраас утасдаж асууж байсан гэж тайлбарласан. Хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч нь тээврийн хэрэгслийг олж тогтоох ажиллагааг явуулсан талаархи баримтгүй байна.

 

Хариуцагч Ш.Г нь маргаан бүхий тээврийн хэрэгслийг өөрийн буруутай үйлдлийн улмаас түр саатуулах хашаанд байршуулсан тул түр саатуулах байрны төлбөртэй холбоотой асуудлыг тэрээр хариуцах нь зүйтэй ба тээврийн хэрэгслийг түр саатуулах байрнаас авч, фидуцийн гэрээний дагуу холбогдох ажиллагааг явуулах боломжтой байна.

 

Харин дээрх ажиллагааг зохих журмын дагуу явуулсан боловч тээврийн хэрэгслээр зээлийн гэрээний үүргийг хангуулах боломжгүй болох нь тогтоогдвол түүний дараа нэхэмжлэгч Т б к ХХК нь Ш.Г-ээс зээлийн гэрээний үүргийг мөнгөн хэлбэрээр болон гэрээнээс учирсан хохирлыг шаардах эрхийг уг шийдвэр хөндөхгүй болно.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 235 дугаар зүйлийн 235.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Ш.Гд холбогдох 4,814,750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Т б к ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 91,990 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Г.БЯМБАЖАРГАЛ