Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 101/ШШ2022/03390

 

 

 

 

 

 

 

 

                                               2022        08         03

                     101/ШШ2022/03390

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Бямбажаргал даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Л.Д-гийн нэхэмжлэлтэй,

 

            Хариуцагч: 0 тоотод оршин байрлах, “И М” сууц өмчлөгчдийн холбоонд холбогдох

 

Дутуу олгосон цалин, амралтын олговор нийт 904,488 төгрөг гаргуулах тухай  иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Л.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, гэрч Н.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие И М СӨХ-д камер хянагчаар 2019 оноос хойш 2022 оны 02 дугаар сарыг дуустал ажилласан. И М СӨХ-ны удирдлагуудын дунд маргаан гарч хэн удирдах болох нь тодорхойгүй байдаг байсан. Би тус холбооны нягтлан бодогч Н.Мын зааварчилгаа, удирдамжийн дагуу тус холбоонд камер хянагчаар 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүртэл ажилласан. Миний ажлын цагийг Н.М бүртгэдэг байсан. И М СӨХ нь 2022 оны 02 дугаар сарын цалин 398,250 төгрөгийг өгөхгүй байна. Мөн миний 2022 оны ээлжийн амралтын олговор авах эрх үүссэн байгаа. Ээлжийн амралтын олговорт 506,238 төгрөг, 2 дугаар сарын цалин 398,250 төгрөг, нийт 904,488 төгрөгийг И М СӨХ-оос гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Л.Д нь тус холбооны гүйцэтгэх захирлаар Д.А болсоныг эсэргүүцэж, өмнөх захирал удирдлагууд болон нягтлан Н.Мтай тохиролцож 2022 онд ажилласан мэтээр санхүүгийн бичиг хийлгэж авсан байна. Л.Д нь 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс хойш ажилдаа ирээгүй, захирал А.Алтантуяаг эсэргүүцсэнтэй холбоотойгоор ажлаа хаяад явсан. Шинэ хөдөлмөрийн хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор хөдөлмөрийн гэрээг шинэчилж байгуулах талаар хэлэхэд эсэргүүцээд байгуулаагүй. Тэрээр 2022 оны 01, 02 дугаар саруудад ажлаагүй тул түүнд цалин болон ээлжийн амралтын олговор олгох үндэслэлгүй. 2022 оны 01 дүгээр сарын цалинг манай холбооноос өгөөгүй, Н.М нь өөрөө бэлнээр цалин гэж шилжүүлсэн байна. Ажлын цагийн бүртгэлд Л.Д нь ажилдаа ирээгүй, цагаа бүртгүүлээгүй болох нь тогтоогдоно. Н.М нь 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ажлаасаа чөлөөлөгдсөн ба хүчингүй болсон санхүүгийн тэмдгийг ашиглаж нэхэмжлэгчид бичиг бичиж өгсөн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:

- Нэхэмжлэгчээс гаргасан иргэний үнэмлэхийн хуулбар, цалин бодсон  хүснэгт, бичгээр гаргасан гэх хүсэлт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Төрийн банкны дансны хуулга, цалин ээлжийн амралтын тооцоо,

- хариуцагчаас гаргасан гэрчилгээ, удирдах зөвлөлийн тогтоол, ажлаас чөлөөлөх тухай тушаал, цагдаагийн байгууллагад гаргасан гэх өргөдөл, цагийн бүртгэл, мөрдөгчийн тогтоол, гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, дансны хуулга,

- шүүх бүрдүүлсэн цагийн бүртгэлд үзлэг хийсэн тэмдэглэл,  Төрийн банкны албан бичиг, орлогын мэдүүлгийн баримт, гэрч Ц.Э, Н.М нарын мэдүүлэг зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 Нэхэмжлэгч Л.Д нь хариуцагч “И М” сууц өмчлөгчдийн холбоонд холбогдуулан дутуу олгосон цалин, амралтын олговор нийт 904,488 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...2022 оны 02 дугаар сарыг дуустал камер хянагчаар ажилласан. Ээлжийн амралтын эрх үүссэн тул 2022 оны ээлжийн амралтын олговор гаргуулна” гэж,

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ “... Сууц өмчлөгчдийн холбооны удирдлагууд өөрчлөгдсөн, он гараад шинэ Хөдөлмөрийн хууль хэрэгжсэнтэй холбоотойгоор хөдөлмөрийн гэрээг шинэчилж байгуулахыг хэлэхэд удирдлагуудыг эсэргүүцэж хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс хойш ажил хийгээгүй тул цалин олгох үндэслэлгүй. 2022 оны 01 дүгээр сарын цалинг манайхаас олгоогүй ” гэж тус тус тайлбарлаж, маргасан. 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

“И М” сууц өмчлөгчдийн холбоонд Л.Д нь 2019 оноос эхлэн камер хянагчийн албан тушаалд ажиллаж байсан үйл баримтын талаар талууд маргаагүй. Харин 2022 оны 01, 02 дугаар саруудад ажилласан эсэх үйл баримтад маргаж байна.

 

“И М” сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн хурлын 2021 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн №032021/0227/01 тогтоолоор гүйцэтгэх захирал П.Аийг 2015-2016 оны хооронд И М СӨХ-той хамтран ажиллах гэрээ дуусгавар болсон мөн өвчний шалтгаанаар ажлаа хийхгүй байгаа зэргийг харгалзан  үүрэгт ажлаас нь чөлөөлж, гүйцэтгэх захирлаар Д.А-г томилсон байна. Тус тогтоолыг үндэслэн Баянзүрх дүүргийн Засаг дарга 2021 оны 06 дугаар 28-ны өдөр Д.А-г холбооны даргаар томилсныг бүртгэж, гэрчилгээ олгосон байна. /хх-ийн 19, 42 дугаар тал/

 

Дээр дурдсанаар Сууц өмчлөгчдийн холбооны дарга, удирдах зөвлөлийн гишүүд өөрчлөгдсөнтэй холбоотойгоор өмнө нь тус холбооны дарга, удирдах зөвлөлийн гишүүдээр ажиллаж байсан этгээдүүдийн хооронд зөрчил үүссэн, уг зөрчилтэй холбоотойгоор сууц өмчлөгчдийн холбоонд ажилладаг ажилтан, албан хаагч нар “өмнөх дарга, удирдлагуудын заавраар ажиллана, шинэ сонгогдсон даргын удирдлагад ажиллахгүй” гэх маргаан үүссэн талаар талуудын хэн аль нь шүүх хуралдаанд тайлбарласан. Энэ талаар шүүх хуралдаанд нэхэмжлэгч Л.Дгээс “...би шинэ удирдлагыг хүлээн зөвшөөрөхгүй, Н.М-ын заавраар ажлаа хийж, цалингаа авч байсан” гэж тайлбарласан.

 

Нэхэмжлэгч нь 2022 оны 02 дугаар сард ажиллаж байсан болохоо нотлохоор цагийн бүртгэлийн дэвтэрт үзлэг хийлгүүлсэн. Уг цагийн бүртгэлийн дэвтрээр “камер хянагч Д, 2022.02.01-нээс эхлэн 28-ны өдрийг дуустал хугацаанд ажлын цагийг бүртгүүлсэн” талаар тусгагдсан байна. Уг цагийн бүртгэлийн дэвтрийг нэхэмжлэгч Л.Д нь  өөрийнхөө цагийг бүртгэх замаар өөрөө хөтөлж, нягтлан Н.Мд утсаар танилцуулж байсан гэж тэрээр тайлбарласан. /хх-ийн 36-40 дүгээр тал/ 

 

Мөн нэхэмжлэгч Л.Д нь нягтлан бодогч Н.Мас гаргасан гэх цалин болон ээлжийн амралтын тооцооны баримтыг нэхэмжлэлийн үндэслэл болгон шаардсан. /хх-ийн 7-9, 16 дугаар тал/

 

Хариуцагч  “И М” сууц өмчлөгчдийн холбооноос нэхэмжлэгчээс гаргасан дээрх тайлбар, баримтуудыг үгүйсгэж, Н.М нь манайд ажилладаггүй, хүчингүй болсон санхүүгийн тэмдэг ашиглаж цалингийн тооцоо гаргаж өгсөн байна гэж маргаж, цагийн бүртгэлийн дэвтэр, Н.Мыг ажлаас чөлөөлсөн тушаал зэргийг хэрэгт нотлох баримтаар цуглуулж өгсөн. Хариуцагчаас гаргасан цагийн бүртгэлийн дэвтэрт “2022 оны 01 дүгээр сард камер хянагч Л.Д бүртгүүлэхгүй байгаа, эзэнгүй байна” гэж тусгагдаж, уг бүртгэлийг ажилтан Ш.Б хөтөлж санхүүгийн тэмдгээр баталгаажуулсан байна. /хх-ийн 47-52 дугаар тал/

 

Хариуцагчийн хүсэлтээр нэхэмжлэгчид 2022 оны 01 дүгээр сарын цалин 414,000 төгрөгийг олгосон баримтыг Төрийн банк ХХК-иас гаргуулахад “...Д цалин, Н.Мас” гэх баримт хэрэгт нотлох баримтаар ирсэн. /хх-ийн 73-74 дүгээр тал/

 

Иймд шүүх талуудын харилцан зөрүүтэй тайлбар, баримтуудыг тодруулах, үүднээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр Н.Мыг оролцуулсан. Гэрч Н.Мас шүүх хуралдаанд “...Л.Д нь миний заавраар ажиллаж байсан нь үнэн. Холбоог би гүйцэтгэх захирал П.Аийн хүсэлтээр удирддаг байсан. 2021 оны 06 дугаар сараас эхлээд шинэ удирлагууд сонгогдсон гэж маргаан үүссэн. Намайг 2021 оны 10 дугаар сараас хойш ажил хийх боломжгүй болгосон. Би ажлын байр руугаа нэвтэрч орж чадахгүй болсон. Бодитоор ажлаа хийх боломжгүй болгосон тул би зайнаас ажлаа хийж байсан. Миний тайлан гаргах эрхийг цахим татварын системд хаалгуулсан байсан. Л.Дгийн 2022 оны 01 дүгээр сарын цалин 414,000 төгрөгийг би олгосон нь үнэн. Энэ мөнгийг СӨХ-ны мөнгөнөөс өгөөгүй. Манай СӨХ-тэй хамтарч ажилладаг байгууллагаас надад мөнгө орж ирэхээр нь тэр мөнгөнөөс өгсөн. Л.Д нь 02 дугаар сард ажилласан. Би ажлын байр руу нэвтэрч орж ажлын цагийг нь өдөр бүр бүртгэдэггүй байсан ч гэсэн утсаар холбогдоод ажиллаж байгааг нь хянаад явж байсан. Л.Д нь 2021 оны 07 дугаар сард ээлжийн амралтаа авсан” гэж мэдүүлсэн.

 

“И М” сууц өмчлөгчдийн холбооны захирлын 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн ГЗ2021/1010/01 тоот тушаалаар нягтлан бодогч Н.Мыг тус өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлсөн байна. /хх-ийн 45 дугаар тал/

 

Шүүх хуралдаанд гэрч Н.Мас түүнийг нягтлан бодогчийн ажлаас чөлөөлсөн дээрх тушаалыг гардаж аваагүй, гэхдээ намайг 2021 оны 10 дугаар сараас эхлээд ажил үүрэг гүйцэтгэх боломжгүй болгосон, намайг ажлаас чөлөөлсөн болон ажил үүрэг гүйцэтгэх боломжгүй болгосон талаар шүүхэд гомдол гаргаагүй гэж мэдүүлсэн.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох нягтлан Н.Мас гаргасан гэх 2022 оны 02 дугаар сарын цалин, ээлжийн амралтын мөнгөний тооцоо гэх баримтууд нь 2022 оны 03 дугаар сарын 05, 2022 оны 04 сарын 08-ны өдрүүдийн огноотой байна. Шүүх хуралдаанд гэрч Н.М нь 2021 оны 10 дугаар сараас хойш холбооны баримт бичиг, тайлан, тооцоо гаргаагүй гэж мэдүүлсэн атлаа дээрх баримтуудыг үйлдсэн огноо 2022 оны 03 дугаар сарын 05, 2022 оны 04 сарын 08-ны өдрөөр байгааг тайлбарлаж чадаагүй. Мөн тус баримтууд дээр дарагдсан санхүүгийн 0044-9909451 дугаартай тэмдэг нь хүчингүй болсон талаар хариуцагч тайлбарлаж, одоогийн санхүүгийн тэмдэг нь 1952-9909451 дугаартай болох нь цагийн бүртгэлийн дэвтэрт дарагдсан санхүүгийн тэмдгээр тогтоогдсон.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Л.Дгээс “...Н.Мыг тус холбооны ажилтаны ажил үүрэгт хяналт тавих эрхгүй болсон талаар мэдэж байсан, гэхдээ би анхнаасаа л Н.Мас цалингаа авч байсан, ажлын цагаа Н.Мд бүртгүүлсэн тул цалингаа “И М” сууц өмчлөгчдийн холбооноос авна гэж тайлбарлаж байгаа нь учир дутагдалтай байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.2-т ажилтан нь “...хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг дагаж мөрдөх, ажлын цагийг баримтлах, ажлын цагийг гагцхүү ажил үүргээ гүйцэтгэхэд зарцуулах”, 42.2.7-д “ажил олгогчийн удирдах чиг үүргээ хэрэгжүүлэх эрхэд хүндэтгэлтэй хандах, ажил олгогч, ажил олгогчийн төлөөлөгчийн хууль ёсны үүрэг даалгаврыг цаг тухайд нь бүрэн биелүүлэх”, 42.2.9-т ажил олгогчийн шаардсанаар ажил үүрэгтэйгээ холбоотой мэдээллийг ажил олгогчид үнэн зөвөөр өгөх, хийсэн ажлаа тайлагнах” үүрэгтэй гэж тус тус заасан.

 

Хэрэгт авагдсан дээрх баримтууд, талуудын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч Л.Д нь хууль ёсны ажил олгогчид хийсэн ажлаа тайлагнах, ажлын цагийг баримтлах үүргээ хэрэгжүүлээгүй, Н.Мг тус холбоог төлөөлөх эрхгүй, тус холбооны ажил үүргийг явуулах боломжгүй болсон талаар мэдсээр атлаа түүнд ажлаа тайлагнаж байсан гэх үндэслэлээр И М” сууц өмчлөгчдийн холбооноос цалин нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй, тэрээр 2022 оны 01, 02 дугаар саруудад ажилласан болох нь  баримтаар тогтоогдохгүй байна.

 

Хэргийн үйл баримтаар хариуцагчаас Л.Д нь 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс хойш ажил үүргээ гүйцэтгээгүй, хөдөлмөрийн гэрээг шинэчилж байгуулах талаар мэдэгдэхэд удирдлагуудыг эсэргүүцсэн шалтгаанаар байгуулаагүй, 01 дүгээр сард ажиллаагүй тул энэ сарын цалинг манайхаас олгоогүй гэж тайлбарласан нь үндэслэлтэй, баримтаар тогтоогдож байна.

 

Иймд нэхэмжлэгч Л.Дгээс гаргасан 2022 оны 02 дугаар сарын ажилласан хугацааны цалин 398,250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Мөн нэхэмжлэгч нь 2021 оны 07 дугаар сард тэрээр ээлжийн амралтаа эдэлсэн болох нь гэрч Н.Мын мэдүүлэг, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн баримтаар тус тус тогтоогдож байх ба дараагийн ээлжийн амралт бодогдох 2021 оны 08 дугаар сараас  түүний ажилласан 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл тооцож үзэхэд 5 сар байх тул ээлжийн амралтын олговор авах эрх үүсээгүй, ажил олгогчоор амралтын хуваарь батлуулаагүй байна. Иймд нэхэмжлэгчийн ээлжийн амралтын олговор  506,238 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй.

 

Дээр дурдсан үндэслэлүүдээр Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.3-т ажилтан нь гүйцэтгэсэн ажил үүрэгтээ тохирсон цалин хөлс авах эрх үүсээгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

  

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөнө гэж заасан. Иймд нэхэмжлэгчээс 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр урьдчилан төлсөн 20,150 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 100200300941 тоот данснаас буцаан гаргуулж  олгох нь зүйтэй.

 

“И М” сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн 2022 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн №УЗ2022/0508/01 тоот тогтоолоор гүйцэтгэх захирлаар А.Уийг томилсон байна. /хх-ийн 44 дүгээр тал/ Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8.2-т удирдах зөвлөл нь холбооны гүйцэтгэх захирлыг сонгох, чөлөөлөх эрхтэй, 12.1-т Бүх гишүүдийн хурлын чөлөөт цагт холбооны өдөр тутмын үйл ажиллагааг холбооны дүрэмд заасан эрх хэмжээ, удирдах зөвлөлтэй байгуулсан гэрээний хүрээнд гүйцэтгэх захирал эрхэлнэ гэж тус тус заажээ. Тус холбооны гүйцэтгэх захирал А.Уээс олгосон итгэмжлэлийг үндэслэн шүүх хариуцагчид нэхэмжлэлийн хувь гардуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан болохыг дурдах нь зүйтэй.

 

Мөн “И М” сууц өмчлөгчдийн холбооны өмнөх дарга удирдлагууд холбооны бүх бичиг баримтыг авч явсантай холбоотойгоор зохигчдын хэн аль нь хэрэгт Л.Дтэй байгуулж байсан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт зэргийг аа

нотлох баримтаар гаргаж өгөх боломжгүй талаар тайлбарласан. Талууд Л.Дг 2019 оноос хойш камер хянагчаар ажилласан үйл баримтад маргаагүй тул шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйл, 160 дугаар зүйлийн 160.1, 160.1.2 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.3, 158 дугаар зүйлийн 158.1.5-д тус тус заасныг баримтлан хариуцагч “И М” сууц өмчлөгчдийн холбоонд холбогдох дутуу олгосон цалин, амралтын олговор нийт 904,488 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Л.Дгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн гомдол нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч Л.Дгээс улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр урьдчилан төлсөн 20,150 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 100200300941 тоот данснаас буцаан гаргуулж  олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Г.БЯМБАЖАРГАЛ