| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигжанцангийн Бямбажаргал |
| Хэргийн индекс | 101/2022/04328/И |
| Дугаар | 101/ШШ2022/03513 |
| Огноо | 2022-08-12 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 101/ШШ2022/03513
2022 08 12 101/ШШ2022/03513
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Г б ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д.М-т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 75,582,670 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.
Хариуцагч Д.М нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Д.М нь 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр ЗГ/КР/11/411 тоот зээлийн эрхтэй кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ байгуулж, Платиниум картыг 10,000.00 ам.долларын зээлийн эрхтэй карт авсан, Картын гэрээний хугацаа дууссан тул 2018 оны 05 сарын 03-ны өдөр №2018002 тоот гэрээгээр 2020 оны 03 сарын 31-ний өдрийг дуустал сунгасан. Кредит картын үндсэн нөхцөлд бэлэн мөнгө авсаны хүү сарын 3.5 хувь, бэлэн бус гүйлгээний хүү сарын 2.0 хувь, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү сарын 2.0 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсэний нэмэгдүүлсэн хүү 1.0 хувь, 24 сарын хугацаатай ашиглах нөхцөлтэй гэрээ байгуулсан. Бусад нөхцөл шаардлагыг гэрээнд тусгасан болно. Хариуцагчтай 2020 оны 10 сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагч дээр эвлэрэх өргөдөл гаргасан боловч харилцан тохиролцоонд хүрч чадаагүй учир эвлэрүүлэн зуучлал хийхээс татгалзаж Г б ХХК нь өргөдлөө татан авах хүсэлт гаргасан. Зээлдэгч нь 421891******6831 дугаар Кредит карт ашиглан гүйлгээ хийсэн зарцуулалтын төлбөрөө гэрээний дагуу төлөхгүй, банкыг хохироож 2022 оны 06 сарын 15-ны өдрийн байдлаар иргэн Д.Мт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөр бэлэн гүйлгээ 6,991.08 ам.доллар, бэлэн бус гүйлгээ 3,801.99 ам.доллар, зээлийн үндсэн хүүний төлбөр бэлэн зарцуулалтын хүү 4,560.82 ам.доллар, бэлэн бус зарцуулалтын хүү 4,513.72 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүний төлбөр зээлийн эрх хэтрүүлсэний төлбөр 2,162.86 ам.доллар, зээлийн хугацаа хэтрүүлсэний төлбөр 2,190.32 ам.доллар, нийт 24,220.79 ам.доллар буюу 75,582,670 төгрөг байна. Ам долларын ханшийг 2022 оны 06 сарын 15-ны өдрийн Монгол банкны албан ханш 3,120.57 төгрөгөөр тооцсон.
Зээлдэгчийн нөхцөл байдал болоод валютын ханшийн өсөлтийг харгалзан үзэж нийт хуримтлагдсан нэмэгдүүлсэн хүүнээс 2,538.28 ам.доллар буюу 7,920,880 төгрөгийг хөнгөлж байна. Иймд үлдэгдэл төлбөр болох нийт 21,682.51 ам.доллар буюу Монгол банкны албан ханшаар төгрөгт хөрвүүлэн 67,661,790.23 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
2020 онд Д.М нь банкинд хандан ам долларын картыг төгрөгт хөрвүүлэх хүсэлт гаргасан. Ам долларын зээлийн картыг төгрөг рүү хөрвүүлж болдог боловч үүний тулд зээлдэгч нь банкинд барьцаа өгөх шаардлагатай байдаг. Энэ талаар зээлдэгчид мэдэгдэхэд автомашиныг барьцаална гэж байсан боловч барьцаалаагүй, барьцаа хөрөнгөгүй байсан тул уг хүсэлтийг банк шийдээгүй гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:
Голомт банкны зээлийн карт эзэмшигчийн хувиар үндсэн төлбөрөөс гадна эргэлзээтэй байгаа, болоод удаа дараа амаар болон бичгээр хүсэлт гаргаад шийдвэрлэж өгөхгүй байсаар улс орны хэмжээнд төдийгүй дэлхий дахины ковид цар тахлын үетэй таарч хүндрэл гарсан тул Г б нэхэмжлэлийн хэмжээгээр програмаар бодож тооцсон зээлийн хүүгийн тооцооллыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байна. Ам долларын зээлийн картыг төгрөг рүү хөрвүүлэх хүсэлт гаргасан боловч Голомт банкны зээлийн картын хүү боддог программ руугаа дандаа чихэж хууль зүйн үндэслэлгүйгээр хариу өгдөггүй байсан. Хүнгүй мэтээр хүсэлт шийдвэрлэж өгөхгүй байсан бизнесийн шудрага ёсны зарчмаа зөрчиж илтэд хууль бусаар харилцах хандлагатай байсан. Би үндсэн төлбөр болон зээлийн үндсэн хүүгийн ам долларын хэмжээнд маргахгүй. Харин төгрөг рүү хөрвүүлэх хүсэлт өгсөөр байтал шийдэж өгөхгүй байсаар өрийн хэмжээ хуримтлагдсан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:
- нэхэмжлэгчээс гаргасан улсын бүртгэлийн гэрчилгээ, захирлын тушаал, кредит картын гэрээ, тооцооллын хүснэгт, ханшийн лавлагаа, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамж, мэдэгдэл, актив шилжүүлсэн тухай баримт, Д.Мээс банкинд гаргасан хүсэлтүүд, уулзалтын тэмдэглэл, эвлэрлийн гэрээний төсөл, Эвлэрүүлэн зуучлалд гаргасан өргөдөл, Эвлэрүүлэн зуучлал хэрэглэхээс татгалзах тухай тэмдэглэл, тус шүүхийн шүүгчийн улсын тэмдэгтийн хураамж буцаан гаргуулах тухай захирамж, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын лавлагаа, зээлдэгчийн анкет, захидлаар харилцсан гэх баримт, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал гаргуулах гэрээ,
- хариуцагчийн хүсэлтээр шүүх бүрдүүлсэн кредит картын журам зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г б ХХК нь хариуцагч Д.Мт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 67,661,790.23 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч маргасан.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Г б ХХК нь хариуцагч Д.Мтэй 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр ЗГ/КР/11/411 тоот кредит карт эзэмших эзэмшигчтэй байгуулах гэрээ байгуулан, уг гэрээгээр Г б ХХК нь 10,000 ам долларын эрхийн хэмжээтэй, 2 жилийн хугацаатай, бэлэн бус гүйлгээний сарын 2 хувийн хүү, бэлэн мөнгө авсаны сарын 3.5 хувийн хүүтэй зээлдүүлэх, кредит карт эзэмшигч Д.М нь картанд үүссэн зээлийн зарцуулалт, түүний хүү, нэмэгдүүлсэн хүү болон картын ерөнхий нөхцөлд заасан шимтгэл хураамжийг гэрээнд заагдсан хугацаа, нөхцлийн дагуу төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх-ийн 12 дугаар тал/
Талууд дээрх гэрээний хугацааг 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 2 жилийн хугацаагаар сунгаж, гэрээний бусад нөхцөл хэвээр байхаар тохиролцжээ. /хх-ийн 13-14 дүгээр тал/
Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банк, зээлийн үйл ажиллагааны тухай /1995 оны/ хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт тус тус зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох гэрээний харилцаа үүсчээ.
Талууд гэрээний агуулгыг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд гэрээг байгуулсан, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар хийгдсэн, тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж,
Банк, эрхий бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны журмын тухай /1995 оны/ хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж тус тус заасан.
Зээлдэгч Д.М нь зээлийн гэрээний зээл төлөлтийн хуваарийг зөрчиж, төлөлт хийгээгүй, зээлийн гэрээний үндсэн үүрэгт бэлэн гүйлгээгээр 6,991.08 ам.доллар, бэлэн бус гүйлгээгээр 3,801.99 ам.доллар, зээлийн үндсэн хүүний төлбөр бэлэн зарцуулалтын хүү 4,560.82 ам.доллар, бэлэн бус зарцуулалтын хүү 4,513.72 ам.доллар, нийт түүний гүйцэтгэвэл зохих үүрэг 19,867.61 ам доллар үлдсэн үйл баримтад тэрээр маргаагүй. Энэ талаар 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанд тэрээр тайлбарласан.
Харин хариуцагч нь зээлийн гэрээний дагуу төлөх хугацаа хэтрүүлсэн хүү, эрх хэтрүүлсний хүүгийн хэмжээ болон ам долларын ханшийн хэмжээнд тус тус маргасан.
Хариуцагч Д.М нь 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Г б ХХК-д хандан ...ажил хэргийн байдал болон Ковид цар тахал гарч гадны хөрөнгө оруулагчдын хөл хорионд орсон зэрэг олон хүчин зүйлс нөлөөлж байна. Иймд кредит картын төлбөрийг монгол төгрөгөөр төлөх хүсэлттэй байна гэж,
Мөн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр дахин ...зээлийн картын ам долларыг монгол төгрөгт шилжүүлэх хүсэлт гаргасан боловч шийдвэрлэлгүй 2 жил болсон тул картыг монгол төгрөгт шилжүүлэн, эргэн төлөгдөх хүүний хувийг бодитойгоор гаргаж, 2021 оны 04 сарын 03-ны өдрөөр дуусгавар болгон эцсийн байдлаар төлж дуусгах хүсэлттэй байгаа тул хүүг миний өмнө өгсөн хүсэлтийн он, сар өдрөөр зогсоож хэвийн хэлбэрт оруулж өгнө үү гэх хүсэлтийг тус тус гаргасан байна. /хх-ийн 41, 53 дугаар тал/
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудад хариуцагчийн дээрх банкинд гаргаж байсан хүсэлтүүдийг шийдвэрлэсэн талаархи баримтад мэдээлэл авагдаагүй. Энэ талаар шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тодруулж асуухад ...ам долларын зээлийг төгрөгт хөрвүүлж болдог, гэхдээ үүний тулд зээлдэгч нь банкинд барьцаа өгөх шаардлагатай. Д.Мийн хувьд барьцаа өгөөгүй тул банк уг хүсэлтийг шийдээгүй. Төгрөгт шилжүүлэх тохиолдолд барьцаа гаргах талаар журамд байхгүй ч манай банк барьцаа авч шилжүүлдэг гэж тайлбарласан.
Үүнээс үзэхэд Г б ХХК нь хууль, журамд заагаагүй үндэслэлгүй шаардлага тавих замаар зээлдэгч Д.Мээс гаргасан ам долларын зээлийн үүрэг, төлөлтийг төгрөг рүү хөрвүүлэх тухай хүсэлтийг шийдвэрлээгүй, гэрээний 5.1.2, 5.1.3-т заасан зээлийн төлбөрийн хэмжээний мэдээлэл, карт эзэмшигчийн хүсэлтийг судалж, зохих хариу өгөх үүргээ хэрэгжүүлээгүй байна.
Иймд Г б ХХК нь зээлдэгчийн хүсэлтэд тухайн үед хариу өгч шийдвэрлээгүй атлаа гүйцэтгэвэл зохих ам долларын үүргийг шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тооцож шаардсан нь үндэслэлгүй байна. Зээлдэгч Д.М нь анх 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Г б ХХК-д хандан зээлийн картыг төгрөгт шилжүүлэх хүсэлтийг гаргасан байх тул түүний гүйцэтгэвэл зохих ам долларын үүргийг 2020 оны 10 дугаар сарын валютын ханшаар тооцох нь зүйтэй байна.
Хэргийн 46 дугаар талд авагдсан Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаагаар 2020 оны 10 дугаар сард ам долларын ханш 2,852.85 төгрөг байсан болох нь тогтоогдож байх тул хариуцагч Д.Мийн зээлийн гэрээгээр хүлээсэн үндсэн төлбөр, зээлийн үндсэн хүү нийт 19,867.61 ам долларыг 2,852.85 төгрөгт хөрвүүлэхэд 56,679,311 төгрөг байна. Иймд уг мөнгөн хөрөнгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Г б ХХК-ийн хариуцагч Д.Мээс гаргуулахаар шаардсан нэмэгдүүлсэн хүүний төлбөр буюу зээлийн эрх хэтрүүлсэний төлбөр 2,162.86 ам.доллар, зээлийн хугацаа хэтрүүлсэний төлбөр 2,190.32 ам.долларыг тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв. Учир нь,
Шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...эрх хэтрүүлсний хүү болон хугацаа хэтрүүлсний хүү гэдэг нь хоёулаа нэмэгдүүлсэн хүү юм. Гэрээнд нэмэгдүүлсэн хүүгийн нэршилийг дээрх нэрээр тодорхойлсон гэж тайлбарласан.
Талуудын байгуулсан зээлийн гэрээний 3.4-д зээлийн эрхийн хэмжээгээ хэтрүүлж зарцуулалт хийсэн тохиолдолд хэтэрсэн дүнд зээлийн эрх хэтрүүлсний хүү 1 хувиар тооцно, 3.5-д заасан хугацаанд зарцуулалтаа төлөөгүй бол төлөөгүй дүнгээс хугацаа хэтрүүлсний торгууль 2 хувиар тооцогдоно гэж тус тус заасан байна.
Дээрх гэрээний 3.4, 3.5-д тус тус заасан зохицуулалт нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэж заасантай нийцээгүй, хугацаа хэтрүүлсний хүү болон эрх хэтрүүлсний хүүгийн хэмжээ нь тус бүр зээлийн үндсэн хүүний 20 хувиас илүү хэтэрсэн байна.
Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт Гэрээний нэг тал нь нөгөөдөө санал болгож байгаа хуулиар тодорхойлоогүй буюу хуулийн заалтыг тодотгосон журам тогтоосон, байнга хэрэглэгдэх, урьдчилан тогтоосон нөхцөлийг стандарт нөхцөл гэнэ гэж заасан.
Тусгай зөвшөөрлийн үндсэн дээр зээлийн үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд нөгөө тал болох иргэнд санал болгож байгаа талуудын байгуулсан гэрээний 3.4, 3.5-д тус тус заасан хүүгийн талаархи зохицуулалт нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасантай нийцээгүй, уг хуулийн зохицуулалтыг зөрчсөн байх тул Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт зааснаар уг гэрээний нөхцөл хүчин төгөлдөр бус байна. Иймд нэхэмжлэгч Г б ХХК нь эрх хэтрүүлсний хүү болон хугацаа хэтрүүлсний хүүг хариуцагчаас шаардах эрхгүй байна.
Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Д.Мээс зээлийн гэрээний үүрэгт 56,679,311 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г б ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 10,982,479 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Д.Мээс 56,679,311 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г б ХХК-д олгож, нэхэмжлэлээс 10,982,479 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 496,259 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 441,347 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ