| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигжанцангийн Бямбажаргал |
| Хэргийн индекс | 101/2022/02778/И |
| Дугаар | 101/ШШ2022/03480 |
| Огноо | 2022-08-10 |
| Маргааны төрөл | Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 08 сарын 10 өдөр
Дугаар 101/ШШ2022/03480
2022 08 10 101/ШШ2022/03480
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.Ж-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: НШШГГ-т холбогдох,
Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШШ2018/02918 дугаартай шүүгчийн захирамжаар зохигчдын эвлэрлийн баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд уг захирамжаар хариуцагч Т ү ХХК, Г э ц ХХК, Д.Ч, Д.Ж нараас 555.000.000 төгрөгийг Хас банкинд төлөхөөр харилцан тохиролцсон. Д.Ж би Т ү ХХК-ийн захирлаар нь ажилладаг, манай зүгээс банктайгаа тохиролцоод явж байсан боловч коронавируст халварт /covid-19/- ын цар тахлын улмаас сүүлийн жилүүдэд тогтвортой үйл ажиллагаа явуулаагүй тул төлбөр төлж чадаагүй юм. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөрт хураагдсан эрхийн улсын 0 дугаар бүртгэлтэй 109 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 348.000 000 төгрөгийн 70 хувь буюу 244.160.000 төгрөгөөр, мөн эрхийн улсын 0 дугаар бүртгэлтэй 83 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 210.000.000 төгрөгийн 70 хувь буюу 147.000.000 төгрөгөөр, эрхийн улсын 0 дугаар бүртгэлтэй 64.34 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 160.000.000 төгрөгийн 70 хувь буюу 112.000.000 төгрөгөөр үнэлж байгаад гомдолтой байна. Энэ үнэлгээг миний бие зөвшөөрөхгүй байгаа, цар тахал нийгмийн хямралын үед бүх бараа тэр тусмаа барилгын материалын үнэ маш ихээр өссөн, барилгын гол материалын үнэ 80-100 хувь өссөнийг нийгмээрээ хүлээн зөвшөөрч байгаа. Энэ байранд надаас гадна манай гэр бүлийн нийт 4 хүн амьдардаг. Ийм байдлаар төлбөрт хураагдсан орон сууцнуудын үнийг миний үнэлсэн үнээс буюу зах зээлийн үнээс хэт доогуур үнэлж миний хөрөнгийг хэт үнэгүйдүүлж, зах зээлийн үнийн саналыг биднээс авсан атлаа үнийг огт харгалзан үзэлгүйгээр үнэлгээг гаргасанд гомдолтой байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу нэхэмжлэлийг гаргаж байна. Иймд Д.Жийн өмчлөлийн төлбөрт хураагдсан эрхийн улсын Ү-2204033906 дугаарт бүртгэлтэй 0 тоотод байрлах 109 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, эрхийн улсын Ү- дугаар бүртгэлтэй 0 тоотод байрлах 83 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, эрхийн улсын Ү-0 дугаарт бүртгэлтэй 0 тоотод байрлах 64.34 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШШ2018/02918 дугаар захирамжаар Г э ц ХХК, Т Ү ХХК, Д.Ч, Д.Ж нараас 555.000.000 төгрөгийг тус тус гаргуулж Х б ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар төлбөр төлөгч Г э ц ХХК, Т Ү ХХК ХХК, Д.Ч, Д.Ж нар нь шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдлийг хүлээлгэн өгсөн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй тул Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар төлбөр төлөгч нарын үүргийн гүйцэтгэлд оарьцаалсан Д.Жын өмчлөлийн 0 дугаартай 64.34 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 20380008/13, 10380008/15, 20380008/14 дугаар тогтоолоор тус тус хураасан. Төлбөр төлөгч Г э ц ХХК, Т Ү ХХК, Д.Ч, Д Ж нар нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар ситүүмжилж, хураасан үл хөдлөх хөрөнгийн үнийн саналыг авахад талууд харилцан тохиролцож 0дугаартай 109 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 348.800.000 төгрөгөөр, 0 дугаартай 83 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 210.000.000 төгрөгөөр, 0 дугаартай 64.34 мкв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 160.000.000 төгрөгөөр үнэлсэн тул 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 4-166/4497, 4-166/4495, 4-166/4496, 4-166/4498, 4-166/4499 албан бичгээр талуудад мэдэгдэл хүргүүлсэн. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1, 72 дугаар зүйлийн 72.1, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасныг тус тус анхны дуудлага худалдаанд талуудын харилцан тогтоосон үнийн 70 хувиар оруулах тухай 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 4/9, 4/10 4/11 дугаар анхны албадан дуулдага худалдаа явуулах тогтоол, 4-166/6862, 4-166/6864, 4-166/6863, 4/166/6861 тоот албан бичгээр талуудад мэдэгдсэн. 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн анхны дуудлага худалдаанд тогтоолын 4/9, 4/10-т заасан үл хөдлөх хөрөнгүүдэд үнийн санал ирээгүй, тогтоолын 4/11-т заасан 0 дугаартай 64.34 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө 124.000.000 төгрөгөөр худалдан борлогдсон тул талуудад 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 4-166/8262, 4-166/8260, 4-166/8264,4-166/8263, 4-166/8261 тоот албан бичгээр мэдэгдсэн ба Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 101/Ш32022/10376 захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түдгэлзүүлсэн байна. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжпэгч Д.Жийн гаргасан нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:
- нэхэмжлэгчээс гаргасан иргэний үнэмлэхийн хуулбар, компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, анхны албадан дуудлага худалдааны мэдэгдэл, анхны албадан дуудлага худалдааны тогтоол, тус шүүхийн шүүгчийн 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШШ2018/02918 дугаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа,
- хариуцагчаас гаргасан гүйцэтгэх хуудас, тус шүүхийн шүүгчийн 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШШ2018/02918 дугаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолууд, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлүүд, эд хөрөнгө хураах тухай тогтоолууд, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол хүчингүй болгох тухай тогтоолууд, үнийн санал, мэдэгдлүүд, анхны албадан дуудлага худалдааны мэдэгдэл, анхны албадан дуудлага худалдааны тогтоол, дуудлага худалдааны тэмдэглэл, зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Ж нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШШ2018/02918 дугаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар Г э ц ХХК, Т Ү ХХК, Д.Ч, Д.Ж нараас 555,000,000 төгрөгийг тус тус гаргуулж Хас банк ХХК-д олгож, үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгүүд буюу маргааны зүйл болох
- Д.Жийн өмчлөлийн эрхийн улсын 0 тоотод байрлах, 109 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
- Д.Жийн өмчлөлийн эрхийн улсын 0 тоотод байрлах, 83 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
- Д.Жийн өмчлөлийн эрхийн улсын 0 тоотод байрлах, 64.34 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна. /хх-ийн 34-37 дугаар тал/
Дээрх шүүхийн шийдвэрийг 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, 418 тоот гүйцэтгэх хуудас бичигдсэнээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр үүсгэж, ажиллагаа явагдаж байна. /хх-ийн 32, 38 дугаар тал/
Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад дээр дурдсан нэр бүхий хөрөнгүүдийг 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 167/3, 167/4, 167/5 тоот тогтоолуудаар битүүмжилж, 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 20380008/6, 20380008/7, 20380008/8 тоот тогтоолуудаар хураажээ. /хх-ийн 39-47 дугаар тал/
Шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 20380008/6, 20380008/7, 20380008/8 тоот тогтоолуудыг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 10/162 тоот тогтоолоор хөрөнгийн үнэлгээг тогтоогоогүй хугацаа хэтрүүлсэн үндэслэлээр хүчингүйд тооцсон байна. /хх-ийн 55 дугаар тал/
Үүний дагуу шийдвэр гүйцэтгэгчээс дахин 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 20380008/9, 20380008/10, 20380008/11 тоот тогтоолуудаар маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг хурааж, талуудаас үл хөдлөх эд хөрөнгийн дуудлага худалдаа явуулах үнийн санал авах ажиллагаа явуулсан байна. /хх-56-69 дүгээр тал/
Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 1/28 тоот тогтоолоор маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг хураасан боловч цар тахалтай холбоотойгоор хөрөнгийн үнэлгээг тогтоох ажиллагааг хугацаа хэтрүүлж явуулсан үндэслэлээр дахин эд хөрөнгө хураах тухай 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 20380008/9, 20380008/10, 20380008/11 тоот тогтоолуудыг хүчингүйд тооцсон байна. /хх-70 дугаар тал/
Ингээд шийдвэр гүйцэтгэгчээс дахин 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 20380008/12, 20380008/13, 20380008/14 тоот тогтоолуудаар маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг хурааж, төлбөр авагч, төлбөр төлөгч нараас дуудлага худалдаанд оруулах үнийн саналыг авах ажиллагаа явуулжээ. /77-89 дүгээр тал/
Битүүмжлэгдэж, хураагдсан, дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийн саналаа төлбөр төлөгч болон өмчлөгч нар нь 0 тоотод байрлах, 64.34 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 160,000,000 төгрөгөөр тус тус үнэлсэн үнийн саналаа 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр шийдвэр гүйцэтгэгчид ирүүлсэн байна. /хх-81-86 дугаар тал/
Төлбөр төлөгч, өмчлөгч нараас ирүүлсэн дээрх үнийн саналыг төлбөр авагч Х б ХХК-иас зөвшөөрч, уг үнэлгээгээр албадан дуудлага худалдаанд оруулах саналыг 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр шийдвэр гүйцэтгэх газарт ирүүлсэн байна. /хх-ийн 87 дугаар тал/
Төлбөр авагч, төлбөр төлөгч нар нь маргаан бүхий битүүмжлэгдэж, хураагдсан, дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэлгээг өөрсдөө харилцан тохиролцож тогтоосон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоож болно гэж заасантай нийцсэн байна.
Нэгэнт төлбөр авагч, төлбөр төлөгч нар Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг өөрсдөө харилцан тохиролцож тогтоосон байх тул шийдвэр гүйцэтгэгчээс талуудад тэдгээрийн тогтоосон үнэлгээгээр ажиллагаа явагдахыг 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр баталгаат шуудангаар дамжуулан, мөн уулзалт хийж тэмдэглэл хөтлөх замаар мэдэгдсэн байна. /хх-90-97 дугаар тал/
Нэхэмжлэгч Д.Ж нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад өөрөө үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний саналыг гаргаж, түүний санал болгосон үнэлгээгээр дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн үнийг тогтоосон байхад зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлгүй байна.
Мөн нэхэмжлэгч Д.Ж-д үнэлгээний мэдэгдлийг 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр баталгаат шуудангаар хүргүүлснийг тэрээр уг өдөр хүлээн авсан болохоо шүүх хуралдаанд тайлбарласан атлаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар үнэлгээний мэдэгдлийг авсанаас хойш 7 хоногийн дотор шүүхэд гомдлоо гаргах эрхээ хэрэгжүүлээгүй, 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд заасан хугацааг хэтрүүлсэн байна.
Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад талууд хөрөнгийн үнэлгээг харилцан тохиролцож тогтоосон байх тул уг үнэлгээг шүүх нэхэмжлэгчийн гаргасан гомдлоор хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь хуульд заасан журмын дагуу ажиллагаа явуулсан байх тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр анхны албадан дуудлага худалдааг зохион байгуулж, талуудын тохиролцсон үнэлгээгээр оруулах санал, мэдэгдлийг төлбөр авагч, төлбөр төлөгч нарт мэдэгдэж, дуудлага худалдааг тус өдөр явуулсан байна.
Анхны албадан дуудлага худалдаагаар 0 тоотод байрлах 64.34 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг санал болгосон үнэ 160,000,000 төгрөгийн 70 хувиар тооцон 124,000,000 төгрөгөөр худалдан борлогдож, бусад хөрөнгө болох 3 тоот, 12 тоотод байрлах хөрөнгө худалдан борлогдоогүй байна. /хх-ийн 98-117 дугаар тал/
Шүүхэд нэхэмжлэгч үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр нэхэмжлэл гаргасантай холбоотойгоор маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдэд хоёр дахь албадан дуудлага худалдаа явагдаагүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түдгэлзсэн байгааг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.2, 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг тус тус баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох 0 тоотод байрлах, 109 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 348,800,000 төгрөгөөр, 0 тоотод байрлах, 83 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 210,000,000 төгрөгөөр, 0 тоотод байрлах, 64.34 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 160,000,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Д.Жийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч Д.Жавзансүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ