Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 101/ШШ2022/03514

 

 

 

 

 

 

 

 

2022 08 12 101/ШШ2022/03514

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Т б ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Г.Ц-А,

 

Хариуцагч: Л.Л нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 16,804,275 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, хариуцагч бөгөөд хариуцагч Г.Ц-Аийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Зээлдэгч Г.Ц, Л.Л нар нь Т бтай 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 109200225215 дугаартай Зээлийн гэрээ-г байгуулж, 15,800,000 төгрөгийг жилийн 14,4 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай, гэрээт цалингийн зээл авсан. Тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож 2018 оны 12 дүгээр сарын 06-ны өдөр 109200225215 дугаар Барьцаат зээлийн гэрээ-г байгуулж зурагт, цалин болох хөдлөх хөрөнгүүдийг барьцаалсан байдаг. Банк зээлийн гэрээний дагуу зээлдэгч Г.Ц-Аын Төрийн банк дахь /0/ тоот цалингийн дансанд 15,800,000 төгрөгийг бэлэн бусаар шилжүүлж зээлийг бодитойгоор бүрэн олгосон. Зээлдэгч Г.Ц-А, Л.Л нар 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан 109200225215 дугаар барьцаат зээлийн гэрээний салшгүй хэсэг болох хавсралт 1-ийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч зээлдэгч нь 2019 оны 9 дүгээр сараас эхлэн зээлийн гэрээний үүргээ үл биелүүлж, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж эхэлсэн. Банкнаас удаа дараа утсаар холбогдож, уулзалт хийж 2020 оны 06 дугаар сарын 23, 2020 оны 08 дугаар сарын 30, 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрүүдэд зээлийн төлбөрийг төлөхийг мэдэгдэж байсан боловч гэрээнд заасан үүргээ үл биелүүлж байна. Зээлдэгч нар нь зээлийн гэрээ байгуулснаас хойш үндсэн зээлээс 3,047,776 төгрөг, хүүнээс 3,908,830 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнээс 188,661 төгрөг, нийт 7,145,268 төгрөг төлсөн байна. Иймд Г.Ц, Л.Л нараас зээлийн төлбөрийн үлдэгдэл 12,984,101 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 3,871,173 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 27,000 төгрөг, нотариатын зардал 12,000 төгрөг, нийт 16,804,275 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Л шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Банкинд хохирол учирсан гэх үндэслэл харагдахгүй байна, яагаад гэвэл зээл авсанаас хойш 7,145,268 төгрөг төлсөн байхад дахиж хүү нэхэж байгаа нь шударга бус бөгөөд энэ нь намайг ажил хийж ар гэрээ тэжээж, амьдрах боломжгүй болгож байна. Банктай уулзаж ярилцаад зээлийн нөхцөлөө өөрчлөөд одоо үлдэж байгаа дүнгээр гэрээгээ шинэчилээд төлөөд явая гэхэд банк зөвшөөрөөгүй. Бид зээлээ төлөхгүй гээд байгаа асуудал байхгүй ээ, ажилгүй ар гэрээ зохицуулахад хэцүү, дээрээс нь нөхөртөө дус дэм болж чадахгүй байгаа учраас нөхцөлөө өөрчлөөд зээлээ төлөөд дуусгах хүсэлтэй байгаа. Дэлхий нийтийг хамарсан цар тахалын хүнд үед манай гэр бүл орлоготой ганц хүнтэй хүнд үеийг даван туулсан. Энэ үед нөхөр зээлээ төлөх боломжгүй болж цалингаараа бүх хэрэгцээгээ зохицуулж ирсэн. Одоогоор миний бие тогтсон ажил төрөлгүй байгаа бөгөөд энэ зээлийн үлдэгдлийг нөхрийн цалингаас л тодорхой хэмжээгээр төлж барагдуулах гарц байна. Амьдарлын нөхцөл боломж тааруу хэцүү байхад үндсэн зээлээ төлж чадахгүй байгаа үед нэмж хүү төлөх ямарч боломж алга. Иймд үндсэн төлбөрийг төлөхийг зөвшөөрч, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй. Нотариатын зардалыг төлнө гэв.

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:

- нэхэмжлэгчээс гаргасан улсын бүртгэлийн гэрчилгээ, Г.Ц-А Төрийн банкинд гаргасан хүсэлт, зээлдэгчийн анкет, мемориалын баримт, барьцаат зээлийн гэрээ, зээлийн дансны харилцагчийн хуулга, зээл, зээлийн хүүгийн тооцоолол, иргэний үнэмлэхийн хуулбар, зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдлүүд,

- хариуцагчаас гаргасан иргэний үнэмлэхийн хуулбар зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад, 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т б ХХК нь хариуцагч Г.Ц, Л.Л нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 16,804,275 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас хариуцагч нар зарим хэсгийг эс зөвшөөрч маргасан.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл хариуцагч нарт холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсчээ. Шүүх, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар Т б ХХК болон хариуцагч Г.Ц, Л.Л нар 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр Т б ХХК нь 15,800,000 төгрөгийг цалингийн зээлийн зориулалтаар жилийн 14.40 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлдүүлэх, Г.Ц, Л.Л нар нь тохирсон хугацаанд хуваарийн дагуу зээлийн төлбөрийг хүүгийн хамт төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх-ийн 9-12 дугаар тал/

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр эрх бүхий хуулийн этгээд нь зээлдүүлэгчийн хувьд мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан гэрээний харилцаа үүсчээ.

 

Зохигчид зээлийн гэрээний зүйл болох 15,800,000 төгрөгийг зээлдэгч нарт зээлдүүлэгчээс хүлээлгэн өгсөн эсэх талаар маргаагүй ба хэргийн 13 дугаар талд авагдсан мемориалын баримтаар зээлдэгч Г.Ц-Аийн эзэмшлийн 0тоот дансанд 15,800,000 төгрөгийг зээл олгов гэх гүйлгээний утгаар нэхэмжлэгч Т б ХХК-иас шилжүүлжээ.

 

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээгээр хариуцагч Г.Ц, Л.Л нар нь зээлийн гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгийг ашигласан хугацааны хүүгийн хамт 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн хооронд сар бүр 371,688 төгрөгөөр төлж барагдуулах үүрэг хүлээсэн байна. /хх-ийн 11 дүгээр тал/

 

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, мөн 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус заасан.

Хариуцагч буюу зээлдэгч Г.Ц, Л.Л нар нь зээлийн төлбөр төлөх хуваарийг удаа дараа зөрчиж, зээл, хүүгийн төлбөрт нийт 7,145,268 төгрөгийг төлж, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн үйл баримтад талуудын хэн аль нь маргаагүй. Уг үйл баримт нь зээлдэгчийн дансны хуулга, зээл, хүүгийн тооцооллын хүснэгтээр тогтоогдсон. /хх-ийн 15-17 дугаар тал/

 

Нэхэмжлэгч Төрийн банк ХХК-иас зээлдэгч нарыг зээлийн гэрээний үүрэг биелүүлэх мэдэгдлийг удаа дараа өгч, мэдэгдэж байсан болох нь зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдлүүдээр тогтоогдсон. Мөн зээлдэгч Г.Ц-Ааас Т б ХХК-д бичгээр ...эрүүл мэндийн шалтгаанаар ажлаас чөлөөлөгдсөн. Цаашид банкны журмын дагуу өөрийн нөөц бололцоог ашиглан зээлээ сар бүр барагдуулна гэх хүсэлтийг 2020 оны 06 дугаар сарын 28-ны өдөр гаргасан байна. /хх-30 дугаар тал/

 

Гэвч Төрийн банк ХХК-иас хугацаа олгосон байх боловч үр дүн гараагүй байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээний хугацаанаас өмнө гэрээг цуцалж, мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээгээр шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг буцаан шаардах эрх үүссэн байна.

 

Хариуцагч нар нь зээлийн гэрээний үндсэн үүрэг 12,984,101 төгрөг үлдсэн, төлвөл зохих үндсэн хүүгийн төлбөр 3,871,173 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 27,000 төгрөг, нотариатын зардал 12,000 төгрөг, нийт 16,804,275 төгрөгийн хэмжээнд маргаагүй. Харин хариуцагч нар нь зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үндэслэлгүй гэж маргаж байна.

 

Хариуцагч нар нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ ...ковидын улмаас хөл хорио тогтоож, эдийн засаг доголдож, ажлаасаа чөлөөлөгдсөн тул зээлийн төлбөрөө төлж чадахгүйд хүрсэн гэж тайлбарласан.

 

Түүнчлэн хариуцагч нар нь Ковид-19 өвчний цар тахал гарч хөл хорио тогтоосоны улмаас зээлийн төлбөр төлөх хуваарь зөрчсөн гэж тайлбарлаж байгаа боловч хариуцагч нарын авсан зээлийн гэрээний зориулалт нь цалингийн зээл байх тул Ковидын үеийн хугацааны хүү зогсоох зээлийн төрөлд хамаарахгүй байна. Үүнээс гадна хариуцагч нар нь ковидтой холбоотойгоор нөхцөл байдал хүндэрч, зээл төлөх хуваарийг шинэчлэх хүсэлт удаа дараа гаргаж байсан гэж тайлбарлах боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар баримтаар нотлоогүй.

 

Мөн хариуцагч нараас гаргасан ажлаас чөлөөлөгдсөн үндэслэлээр зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй гэж маргах боловч ажлаас чөлөөлөгдсөн байдал нь зээлийн гэрээний үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй юм.

Талуудын байгуулсан зээлийн гэрээний 2.1.4-д нэмэгдүүлсэн хүү нь зээлийн хүүгийн 20 хувь байна. Үндсэн зээл, зээлийн хүүг зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хугацаандаа төлөөгүй тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож эргэн төлөлтийн хуваарийн дагуу хугацаандаа төлөгдөөгүй үндсэн зээлийн дүнгээс нэмэгдүүлсэн хүүг тооцно гэж заасан байна.

 

Зээлдэгч нар нь 2020 оны 03 дугаар сараас эхлэн зээлийн төлөлтийн хуваарь зөрчсөн байх ба нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргасан 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөр зээлийн гэрээг тасалбар болгон цуцалж, уг өдөр хүртэлх хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардсан болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан. Нэхэмжлэгч нь шүүхэд хариуцагч нарыг зээлийн төлбөрийг хугацаандаа төлөөгүйтэй холбоотойгоор нэхэмжлэл гаргахын тулд нотариатын зардалд 12,000 төгрөг төлсөн гэж нэхэмжилж, нотариатын мөнгөний тасалбарыг хэрэгт нотлох баримтаар гаргасан. Хариуцагч нар нотариатын төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан.

 

Иймд хариуцагч Г.Ц, Л.Л нараас зээлийн үндсэн төлбөр 12,984,101 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 3,871,173 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 27,000 төгрөг, нотариатын зардал 12,000 төгрөг нийт 16,804,275 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Төрийн банк ХХК-д олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1,115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Г.Ц, Л.Л нараас 16,804,275 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т б ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 241,971 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 241,971 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ