Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 52

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 Улсын яллагч Д.Нямдэлэг

 Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Даваасүрэн

 Нарийн бичгийн дарга Б.Урангоо  нар оролцов.

Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар Б.Гантөмөр, С.Анхбаяр нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201718000011  дугаартай  хэргийг хянан хэлэлцэв.

                 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт       

            Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг Алтанбулаг суманд 1992 оны 08 сарын 09-нд төрсөн, хүйс эрэгтэй, 24 настай, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр баг 5 дугаар хэсэг 140 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай  гэх Боржигон овогт Баярмаагийн Гантөмөр, /РД:МА-92080958/

            Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд 1998 оны 07 дугаар сарын 03-нд төрсөн, 18 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт, Сэлэнгэ аймаг Зүүнбүрэн сумын 1 дүгээр баг Жаргалантын 1 дүгээр хэсэг тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн Боржигон овогт Сэдэдийн Анхбаяр, /РД:МХ-98070313/

 

Холбогдсон хэргийн талаар

      Шүүгдэгч С.Анхбаяр нь Б.Гантөмөртэй бүлэглэн 2016 оны 12 сарын 10-ны орчим Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 1-р баг Оргих гэх газраас Ж.Торгуудын хүрэн зүсмийн 1 тооны морийг хулгайлан 620000 төгрөгийн хохирол учруулсан, давтан үйлдлээр Б.Гантөмөртэй бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 3-р багийн нутаг Далт гэх газраас С.Лхамаагийн хээр зүсмийн 1 тооны, хүрэн зүсмийн 1 тооны морийг тус тус хулгайлж 1240000 төгрөгийн хохирол учруулсан ба бусдад нийт 1860000 төгрөгийн хохирол учруулсан,

             Шүүгдэгч Б.Гантөмөр нь С.Анхбаяртай бүлэглэн 2016 оны 12 сарын 10-ны орчим Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 1-р баг Оргих гэх газраас Ж.Торгуудын хүрэн зүсмийн 1 тооны морийг хулгайлан 620000 төгрөгийн хохирол учруулсан, давтан үйлдлээр С.Анхбаяртай бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 3-р багийн нутаг Далт гэх газраас С.Лхамаагийн хээр зүсмийн 1 тооны, хүрэн зүсмийн 1 тооны морийг тус тус хулгайлж 1240000 төгрөгийн хохирол учруулсан ба бусдад нийт 1860000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тодорхойлох нь

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт доорх нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Гантөмөрийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “....Сэлэнгээс Зүүнбүрэн ороод Анхаатай уулзсан. Зүүнбүрэнгээс Цагааннуур руу очиж айлд 7 хоноод явахдаа хөл залгуулъя гэж бодоод замд байсан морийг авч унаад шөнөдөө  Баянхангай орж тэндээсээ дахиж 2 адуу бугуйлж аваад Сэлэнгэд ирсэн....” гэх мэдүүлэг

Шүүгдэгч С.Анхбаярын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “....Эхэлж Гантөмөр манайд ирсэн. Тэгээд намайг Цагааннуур явъя гээд байсан. Тэгээд хамт Цагааннуур ороод тэнд Кэжээгийнд 7 хоносон. Буцахдаа явган алхсан. Алхаж байхад замд адуу таарсан. Тэгээд хөл залгуулах гээд нэг морь барьж авсан. Тэгээд Баянхангай ороод 4 хоносон....” гэх мэдүүлэг

Хохирогч С.Лхамаагийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын нутаг Далт гэх газар өөрийн хувийн малыг маллаж амьдардаг юм. Би 2016 оны 12 дугаар сарын 16-ний өдөр адуугаа эргэж тойроход манай адуу гэрийн ойролцоох газарт бэлчиж явсан. 2 хоногийн дараа адуугаа дахин эргэж очтол адуунд байсан хүрэн зээрд зүсмийн хуучин дармал дэлтэй жинс буюу баяд тамгатай хоёр морь алга болсон байсан. Ингээд ойр орчмынхоо айлуудын адуугаар хайгаад, мөн чоно нохойд идүүлчихсэн юм болов уу гэж бодоод хайсан сэг зэм олдохгүй учир сумын хэсгийн төлөөлөгчид бүртгүүлсэн....” гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр тал/

Хохирогч Ж.Торгуудийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын нутаг Оргих гэдэг газарт өөрөө хувиараа мал маллаж амьдардаг юм. Ингээд манай адуу гэрийнхээ ойр орчимд бэлчиж байдаг ба 2016 оны 12 дугаар сарын 10-ны үед шиг санаж байна одоо яг өдрийг нь санахгүй байна. адуугаа бүртгэхэд манай адуунд байсан хүрэн зүсмийн дэгрээ буюу S тамгатай морь алга болсон байсан. Тухайн үед манай адуу гэрийн ойролцоох газарт бэлчиж байсан. Ингээд ойр орчмынхоо айлуудын адуугаар хайгаад мөн чононд идүүлчихсэн юм болов уу гэж бодоод хайсан боловч сэг зэм нь олдоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар тал/

Гэрч Г.Мөнхтуяагийн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...С.Анхбаяр манай садангийн хүүхэд байгаа юм. С.Анхбаяр нь ээж Өнөрцэцэгийн хамт амьдардаг бөгөөд тодорхой оршин суух хаяг байхгүй, одоогоор манай ээж Мөнхцэцэгийн гэрт амьдарч байгаа. Ээж Мөнхцэцэг нь сэтгэцийн өөрчлөлттэй бөгөөд группт олон жил болж байна. С.Анхбаяр нь хүний үгэнд оромтгой аймхай хувь хүний хувьд их сайн хүүхэд илүү дутуу зан байхгүй, хүнтэй эвсэг найрсаг хүний үгнээс гарахгүй Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын 12 жилийн сургуулийг 9 дүгээр анги хүртэл сурч төгсөөд сургуулиас гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар тал/

Гэрч А.Мөнхбаатарын 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Намайг Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Оргих 1-р багийн нутаг салхит гэх газарт гэртээ байж байхад 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдөр манай хүү Тогтох, Хишигбадрахын охин Цолмон, Гантөмөр, Анхбаяр энэ дөрөв НИК ШТС-ын эрхлэгч Батцэцэгийн нөхрөөр хүргүүлж ирсэн. Тэр оройноо эхнэрийн хамт Батцэцэгийн нөхөр Улааны машинд дайгдан Цагааннуур сумын эмнэлэгт эхнэр Алтанчимэгийг үзүүлээд буцаж Улаантай хамт ирсэн. Манайд хүү Тогтох, Гантөмөр, Анхбаяр энэ гурав мал хараад үлдсэн. Тэр оройноо эхнэрийг сумын эмнэлэгт үзүүлж Эрдэнэгэрэлийг нэг зарах үхэр байна авах уу гэж хэлээд Эрдэнэгэрэл түүний эхнэр Бачка хоёроор эхнэр, охины хамт хүргүүлсэн. Бид хоёр охиноо сургуулийн дотуур байрнаас аваад явсан. Тэгээд гэртээ хариад Эрдэнэгэрэл, Бачка, хоёрт хүрэн эр шүдлэн үхрээ барьж өгч худалдсан. Тэгээд оройдоо Цагааннуур сумын төвд ирээд худагийн Цогоогийн машинаар гэртээ хүргүүлсэн. Намайг гэртээ харихад Гантөмөр, Анхбаяр хоёр манайхаас явсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар тал/

Гэрч А.Мөнхтогтохын 2017 оны 03 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би өөрийн таньдаг найз Б.Гантөмөрт утсаар манай аав эмнэлэгээр явах гээд мал харах хүнгүй завтай бол ирээд хамт мал харалцаад өгөөч гэсэн чинь Б.Гантөмөр Би Зүүнбүрэнгээс Анхбаярыг аваад яваад очъё гэсэн .Тэгээд би Цагааннуур суманд хүлээгээд байж байтал маргааш нь Гантөмөр Анхбаяр нар замын унаагаар ирсэн. Ингээд бид нар манай гэр рүү машинаар хүргүүлээд манай гэрт бид нар 2-3 хоног манай малыг харж байсан. Энэ хугацаанд Анхбаяр Гантөмөр нар манай хүрэн морийг унаж малд явж байсан болохоос биш хулгай хийсэн зүйл байхгүй. Тэр хоёр манай гэрээс буцаад явахдаа явган явсан ба учир нь манай гэр рүү явдаг машин зам цас ихтэй, машин тэрэг яваад байдаггүй болохоор машин хүлээсэн боловч ирэхгүй байсан тул явганаар явсан. Харин сүүлд сонсоход тэр хоёр манай гэрээс явган явж байгаад замдаа морь хулгай хийсэн гэж сонсож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30 дугаар тал/

Гэрч Г.Хубилайн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 13 цагийн үед Сэлэнгэ аймгийн төвд Олон улсын худалдааны төв дээр мах зараад байж байхад миний мах зардаг лангууны хажуугийн лангуунд мах зардаг Нэргүй эгч над дээр ирээд мал янзлаад өг гэхээр нь би ямар мал юм бэ гэж асуухад адуу байна гэхээр нь зөвшөөрч өөрийнхөө гэрийн хашаанд байдаг мал алах зориулалтын газар дээрээ хүрэн зүсмийн хуучин дармал дэлтэй морийг авчирч морь зарж байгаа нэг залуутай /С.Анхбаяр/ хамт алсан. Адуу алж махны ченж Пагам эгчийг адууны мах авах уу гэсэн чинь авья гэхээр нь махыг нь Пагам эгчид зараад эзэн нь гэх залуу мөнгийг аваад явсан. Би хулгайн адуу гэж мэдээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр тал/

Гэрч О.Цэрэнпагамын 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2016 оны 12 дугаар сарын 20-ны үед шиг санаж байна өдөр 15 цагийн үед би Сэлэнгэ аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг Олон улсын худалдааны төв дээр мах зараад байж байхад миний мах зардаг лангууны хажуугийн лангуунд мах зардаг Хубилай гэх залуу надруу утсаар яриад адууны мах байна авах уу гэхээр нь авъя гэж хэлэхээр нь юун мах юм бэ гэхэд би өөрөө янзалж байна миний мах байгаа юм гэхээр нь би 1 кг 3000 төгрөгөөр бодож 209 кг махыг 629.000 төгрөгөөр худалдаж авсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 32 дугаар тал/

Гэрч Т.Баттөгсийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Б.Гантөмөр дэлтэй хүрэн зүсмийн S дэгрээ тамгатай морь унаж ирсэн. Ингээд Б.Гантөмөр нь унаж ирсэн хүрэн морио Баянхайнгайгаас хүнээс өрөндөө авсан юм. Танай адуунд хэсэг байлгая гэж хэлсэн. Ингээд манай адуунд морио үлдээгээд миний хээр морийг гуйж унаад аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр тал/

Гэрч Х.Батбаярын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Намайг гэртээ байж байхад миний танил Цолмон над дээр ирээд манай хөдөө гэрт очоод ирье гэхээр нь би зөвшөөрч өөрийн 41-31 СЭҮ улсын дугаартай Приүс 11 маркийн машинтайгаа аваад явах гэхэд Цолмон, Хэжигийн эндээс 3 хүүхэд аваад ир гэсэн гэхээр нь би тэгвэл тэг гэж хэлсэн юм. Ингээд удалгүй миний машинд 3 танихгүй залуу суусан. Ингээд би тэд нарыг суулгаад Цагааннуур сумын нутаг Салхит гэх газар манай сумаас 30 орчим км газар байдаг Цолмонгийн хөдөө гэрт нь хүргэж өгөөд замдаа Хэжигийн гэрт тэр танихгүй 3 хүүхдийг буулгасан. Ингээд би сумын төв рүү буцахад Хэжи хамт миний машинд сууж ирээд сумын төвд буусан. Миний машинд юм хум тавиагүй тэгэхээр том оврын зүйл авч яваагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 42 дугаар тал/

 

Хэрэг уяралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэлгэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-8 дугаар тал/

Эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-17 дугаар тал/

Морь хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 66-67 дугаар тал/

Эд зүйлийн үнэлгээ тогтоосон баримт /хх-ийн 68-73 дугаар тал/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /хх-ийн 74-77 дугаар тал/

Хүн таньж олуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 78-79 дүгээр тал/

Шүүгдэгч С.Анхбаярын иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 81 дүгээр тал/

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Жаргалант 1 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 82-85 дугаар тал/

С.Анхбаярын ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 86 дугаар тал/

Шүүгдэгч Б.Гантөмөрийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 87 дугаар тал/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 88 дугаар тал/

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын 4-р багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 89-91 дүгээр тал/

Хаан, Хас, Капитал, Голомт, Төрийн банк зэрэг банкуудын лавлагаа /хх-ийн 98-104 дүгээр тал/

С.Анхбаярын 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх-ийн 54-55 дугаар тал

С.Анхбаярын 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх-ийн 57-58 дугаар тал/

Б.Гантөмөрийн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх-ийн 60-62 дугаар тал/

Б.Гантөмөрийн 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх-ийн 64-65 дугаар тал/ зэрэг болно.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи нотлох баримтуудыг дүгнэхэд

 

   Шүүгдэгч С.Анхбаяр нь Б.Гантөмөртэй бүлэглэн 2016 оны 12 сарын 10-ны орчим Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 1-р баг Оргих гэх газраас Ж.Торгуудын хүрэн зүсмийн 1 тооны морийг хулгайлан 620000 төгрөгийн хохирол учруулсан, давтан үйлдлээр Б.Гантөмөртэй бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 3-р багийн нутаг Далт гэх газраас С.Лхамаагийн хээр зүсмийн 1 тооны, хүрэн зүсмийн 1 тооны морийг тус тус хулгайлж 1240000 төгрөгийн хохирол учруулсан ба бусдад нийт 1860000 төгрөгийн хохирол учруулсан,

   Шүүгдэгч Б.Гантөмөр нь С.Анхбаяртай бүлэглэн 2016 оны 12 сарын 10-ны орчим Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 1-р баг Оргих гэх газраас Ж.Торгуудын хүрэн зүсмийн 1 тооны морийг хулгайлан 620000 төгрөгийн хохирол учруулсан, давтан үйлдлээр С.Анхбаяртай бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 3-р багийн нутаг Далт гэх газраас С.Лхамаагийн хээр зүсмийн 1 тооны, хүрэн зүсмийн 1 тооны морийг тус тус хулгайлж 1240000 төгрөгийн хохирол учруулсан ба бусдад нийт 1860000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны явцад хэлэлцэгдсэн доорхи нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдлоо

            Үүнд; хохирогч С.Лхамаа, Ж.Торгууд нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн /хх-ийн 20-21, 23-24/, гэрч А.Мөнхбаатарын /хх29/, А.Мөнхтогтохын /хх30/, Г.Хубилайн /хх31/, О.Цэрэнпагмын /хх32/, Т.Баттөгсийн /хх33/, С.Энхбаярын /хх35/, Д.Сүхбаатарын /хх38/, Ц.Баттулгын /хх39-40/, Х.Батбаярын /хх42/, П.Нэргүйн /хх48/ нарын мэдүүлгүүд, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 07-08 дугаар тал/, эд өмрийн баримтыг хэрэгт хавсаргах тогтоол, хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлд үзлэг хийж  хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 09-17 дугаар тал/, Эд зүйлийн үнэлгээ тогтоосон баримт /хх-ийн 68, 70 дугаар тал/, Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 76 дугаар тал/, Хүн таньж олуулсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 78-79/, шүүгдэгч С.Анхбаяр, Б.Гантөмөр нарын мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг болно.

            Хохирогч Ж.Торгууд, С.Лхамаа нарын мөрдөн байцаалтын шатанд хууль сануулж  өгсөн мэдүүлгийг шүүх үнэн зөв, үндэслэлтэй гэж үзэв.

            Учир нь; хохирогчийн мэдүүлэг нь гэрчүүдийн мэдүүлэг болон шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр давхар батлагдаж байгаа болно.

            Иймд шүүгдэгч Б.Гантөмөр, С.Анхбаяр гэм буруутай үйлдэлд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145-р зүйлийн 145.2-д зааснаар зүйлчлэн ирүүлсэн нь тохирсон, тэднийг дээрх зүйл ангид заасан “ ...бүлэглэн бусдын эд хөрөнгийг давтан үйлдлээр хулгайлах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож тэдний эд хөрөнгийн хураахгүйгээр хуулинд заасан хорих ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.  

           Шүүгдэгч Б.Гантөмөр, С.Анхбаяр нарт хохирогч С.Лхамаа, Ж.Торгууд нар нэхэмжлэх зүйлггүй, гомдол саналгүй гэсэн мэдүүлэг өгч байгаа ба Эрүүгийн Хуулийн ерөнхий ангийн 55-р зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-д зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирол төлбөрөө сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг харгалзан хөнгөрүүлж үзэв.

           Дээрх байдлууд болон шүүгдэгч Б.Гантөмөр, С.Анхбаяр нарын хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэгт оролцсон оролцоо, хэр хэмжээ, гэм хорыг арилгасан байдал зэргийг харгалзан үзэж тэдэнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзэж тэнсэж хянан харгалзахаар тогтов.

            Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдав.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-д зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан мяндасаар хийсэн бугуйл 1 ширхэг, 2 ширхэг хазаарыг хурааж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн морины толгой, арьс, шийр зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар тогтов.

          Хохирогч Ж.Торгууд, С.Лхамаа нар нь шүүгдэгч нараас нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол санал байхгүй гэсэн мөрдөн байцаалтын шатанд гаргасан мэдүүлэг, шүүгчийн туслахын утсаар ярьсан тэмдэглэл, хохирол нөхөн төлсөн банкны баримтын хуулга зэрэгт үндэслэн шүүгдэгч нарыг бусад төлөх төлбөргүй гэж тооцсон болно.

 

        Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290-р зүйлийн 290.3, 294,  295, 296, 297, 298-р зүйлүүдэд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1.Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4-р зүйлийн 4.1-д зааснаар Боржигон овогт Баярмаагийн Гантөмөр, Боржигон овогт Сэдэдийн Анхбаяр нарыг  мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д заасан “...бүлэглэн бусдын эд хөрөнгийг давтан үйлдлээр хулгайлах” гэмт хэрэгт  гэм буруутайд  тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145-р зүйлийн145.2-д зааснаар шүүгдэгч Боржигон овогт Баярмаагийн Гантөмөр, Боржигон овогт Сэдэдийн Анхбаяр нарын эд хөрөнгийг хураахгүйгээр шүүгдэгч Б.Гантөмөрт 02 жил 06 сарын хорих ял, шүүгдэгч С.Анхбаярт 02 жилийн хорих ял тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52-р зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.Гантөмөрт оногдуулсан 02 жил 06 сарын, шүүгдэгч С.Анхбаярт оногдуулсан 02 жилийн хорих ялыг тус тус жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4.Шүүгдэгч Б.Гантөмөр, С.Анхбаяр нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн морины толгой, арьс, шийр зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-д зааснаар мяндасаар хийсэн бугуйл 1 ширхэг, 2 ширхэг хазаарыг хурааж улсын орлогод оруулсугай.

7.Эрүүгийн Хуулийн ерөнхий ангийн 61-р зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч Б.Гантөмөрт оногдуулсан 02 жил 06 сарын хорих ялыг тэнсэж 02 жилийн хугацаагаар, шүүгдэгч С.Анхбаярт оногдуулсан 02 жилийн хорих ялыг тэнсэж 01 жилийн хугацаагаар тус тус хянан харгалзсугай.

8.Эрүүгийн Хуулийн ерөнхий ангийн 61-р зүйлийн 61.4-д зааснаар шүүгдэгч Б.Гантөмөр, С.Анхбаяр нарын засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

9.Эрүүгийн Хуулийн ерөнхий ангийн 61-р зүйлийн 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтангууд хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол шүүгч Цагдаагийн байгууллагын саналыг үндсэлэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг анхааруулсугай.

10.Шүүгдэгч Б.Гантөмөр, С.Анхбаяр нарт  урд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

11.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299-р зүйлийн 299.3-д зааснаар  шийтгэх тогтоол  танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг  дурьдсугай.

12.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 302-р зүйлийн 302.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бүрэн эхээр бичгээр үйлдэж шүүх хуралдааны оролцогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

13.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303-р зүйлийн 303.1, 304-р зүйлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрвөл  тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

14.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар анхан шатны шүүхийн тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн, гомдол, эсэргүүцлийг хэргийн материалын хамт гомдлыг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх ба тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд бусдын батлан даалтанд өгөхөөр авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

 

 ДАРГАЛАГЧ                                 Б.ЭРДЭНЭХИШИГ