Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 279

 

 

“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Б.Нармандах, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2018/03491 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “А” ХХК-д холбогдох

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 15 622 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр “А” ХХК-ийн захирал Г.Дамдинсүрэнтэй харилцан тохиролцож Хэнтий аймгийн Бор өндөр суманд байдаг эзэмшил газарт нь буюу жоншны уурхайн ашиглалтын талбайд нь 273 мм диаметр бүхий 130 метр гүний худгийн цоонгийн өрөмдлөгийн ажил гүйцэтгэж гэрээний дагуу хүлээлгэн өгсөн. Ажлын хөлсийг 20 000 000 төгрөг байхаар тохирч, нийт төлбөрийн 50 хувь 10 000 000 төгрөгийн урьдчилгааг авч ажлаа эхлүүлсэн болно. Уг ажлыг гүйцэтгэхэд тус уурхайн геологийн инженер н.Батнасан нь хяналт тавьж ажилласан ба ажлыг гэрээнд заасан ёсоор хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн. Уг гүйцэтгэсэн ажлыг маань хүлээн авч цооногт гүний насосоо өөрсдөө худалдан авч суурлиулахаар тохирч “Тас петролиум” ХХК-д Г.Дамдинсүрэн захирал өөрөө очиж 380 вт-ийн ХБНГУ-д үйлдвэрлэгдсэн хуучин насосыг сонгож тус компаниас худалдан авахаар тохирсон. Тухайн үед “А” ХХК-иас санхүүгийн боломжгүй байгааг мэдэгдэж зээлээр авахаар хоорондоо тохирсон байсан боловч манай компани “Тас петролиум” ХХК-иас 3 000 000 төгрөгийн авлагатай байсан учир түүнийгээ “А” ХХК-иас авах төлбөр дээр нэмж тооцуулан авахаар болж аль аль нь ажил үйлчилгээгээ саадгүй явуулах боломжтой болсон. Түүнийг холбох цахилгааны кабелийг манай компани “Содномпил” ХХК-иас, ус өргөх 63 мм хэмжээтэй ган хоолойг “Тэнүүн өлзий” ХХК-иас тус тус зээлээр авч “А” ХХК-ийн ажилд маш их туслалцаа үзүүлсэн. Гэтэл уг насос нь ажиллагаагүй байсан учир “Эрдэнэ эх” ХХК-иас дахин шинэ насос худалдан авч хөлсний бригадаар цооногт угсруулсан. Бүх ажлыг манай компани “А” ХХК-ийн уурхайд угсарч хүлээлгэн өгсөн байтал гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл, гүний насосны үнэ зэргийг одоо болтол төлж барагдуулаагүй байгаа болно. Бид гүйцэтгэсэн ажлын хөлсөө нэхэж удаа дараа уулзсан боловч “ажлын гүйцэтгэл дутуу хийгдсэн, хугацаа хэтэрсэн, албан ёсоор хүлээлгэн өгөөгүй учир мөнгө төлөхгүй” гэж худал шалтаг зааж бидний хийсэн ажлын хөлсийг маань төлж барагдуулахгүй байна. Манай гүйцэтгэсэн ажлыг хүлээн авсны үндсэн дээр тухайн уурхайн дотор байсан усан давхрага арилж уурхай бүрэн ажиллаж байгаа. Гэвч хариуцагчаас мөнгөө нэхэхээр “Та нар чаддаг юм бол шүүхдээд аваарай” гэж биднийг тавлаж өчнөөн ажлуудыг зах зээлийн бодит үнээс маш хямд өртөгөөр хийлгэчихээд биднийг удаан хугацаагаар хохироож байгаа болно. Иймд гэрээгээр харилцан тохирсон үүргээ санаатайгаар биелүүлэхгүй байгаа хариуцагч “А” ХХК-иас хийж гүйцэтгэсэн ажлын хөлс болон зарцуулсан материалын зардлуудыг гаргуулах хүсэлтэй байна. Гэрээний дагуу гүйцэтгэсэн өрөмдлөгийн ажлын хөлс болох 10 000 000 төгрөг, “Тас петролиум” ХХК-иас худалдан авсан гүний худгийн насосны үнэ болох 3 000 000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр гүний худгийн насос угсарч суурилуулсан ажлын хөлс 1 200 000 төгрөг, “А” ХХК-ийн Бор өндөр дахь жоншны уурхайд суурлиулсан 380 вт-ийн цахилгааны щить буюу самбарын үнэ 322 000 төгрөг, 63 мм хэмжээтэй ус өргөх ган хоолойн үнэ 1 100 000 төгрөг, нийт 15 622 000 төгрөгийг хариуцагч “А” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч “А” ХХК нь “Э” ХХК-тай 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр өрөмдлөгийн ажил гүйцэтгэх 20 000 000 төгрөгийн дүнтэй гэрээ байгүүлсан. Тус гэрээний үнэ, төлбөр тооцоо хийх журам гэсний 7-д нийт ажлыг 20 000 000 төгрөгөөр тооцох мөн гүний насос түүний тоног төхөөрөмж, тээврийн зардлын хамт нэг худгийн нийт үнийг багцлан тохирсон болно. “А” ХХК нь гэрээний үүргийн дагуу гэрээний 8-д заасан гэрээ байгуулсан үед 10 000 000 төгрөгийг шилжүүлсэн. “А” ХХК-д геологийн инженер н.Батнасан гэдэг хүн ажилладаггүй бөгөөд ажил дууссан тухай ямар нэг акт үйлдэж хүлээлцээгүй. Г.Дамдинсүрэн захирал нь “Э” ХХК-ийн инженер Г.Өлгийгийн хамт “Тас петролиум” ХХК-д очиж худгийн насос үзсэн боловч тус насос нь засвар хийж шалгах шаардлагатай байсан. “Тас петролиум” ХХК нь засварлаад, шалгуулаад явуулсан. Гэвч  уурхайн худгийн цооногт ашиглаж болохгүй, ажиллагаагүй байсан тул буцаасан. Үүний дараа Ш.Ганбат захиралтай уулзах гэсэн боловч холбогдож чадахгүй хугацаа их алдаж байсан тул Г.Өлгий инженертэй нь ярилцаж “Эрдэнэ эх” ХХК-иас шинэ насос зээлээр худалдан авч тавьсан. 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Г.Өлгий инженер ирж уулзан тухайн өдөр захирал Г.Дамдинсүрэн өөрийн данснаас “Э” ХХК-ийн инженер Г.Өлгийгийн 5112001183 дансанд 3 806 000 төгрөг шилжүүлсэн. Манай компанид гүйцэтгэсэн ажлаа хүлээлгэн өгөөгүй, ажлын гүйцэтгэлт дутуу, хугацаа хэтэрсэн, гэрээний үүргээ гүйцэт биелүүлээгүй, гэрээнд заагдаагүй ажлын хөлс, бусад материал хэрэгслийн төлбөрийг үндэслэлгүй нэхэж байгаа болно. Гэрээний 17-д заасны дагуу гүйцэтгэсэн өрөмдлөгийн ажил, насос ашиглалтад оруулж хүлээлгэн өгөөгүй, бид өөрсдийн зардлаар тус ажлыг гүйцээж ашиглаж байгаа тул гэрээний үлдэгдэл ажлын хөлс олгохоос татгалзаж байна. “Тас петролиум” ХХК-иас авсан насос ажиллаагүй учир бид насосыг буцаасан. Иймд “Тас петролиум” ХХК-иас авсан гэж нэхэмжилж буй худгийн насосны үнэ болох 3 000 000 төгрөгийг гаргаж өгөх үндэслэлгүй. Бор-Өндөрийн уурхайд 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр “Э” ХХК-ийн гэх ажилчид гүний худгийн насос угсарч суурилуулаагүй. 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр “Э” ХХК-ийн инженер Г.Өлгий кабель фускатель явуулж манай компанийн уурхайн дарга Д.Жаргалсайхан, менежер М.Цогтбаатар нар өөрсдийн ковшийг ашиглан насос суурилуулсан. Гэрээний 6 болон 7 дугаар зүйлд насос, 380-ын удирдлагын самбар, цахилгаан тоног төхөөрөмж дээврийн зардлын хамт багц үнэ гэж тохиролцон 20 000 000 төгрөгийн дүнтэй гэрээ байгуулсан тул бид цахилгааны шить буюу самбарын үнэ 322 000 төгрөгийг төлөх үндэслэлгүй.  63 мм-ийн ган хоолойн үнэ болох 1 100 000 төгрөг нь гүний худгийн цооног өрөмдөх, гүний худгийн хөрсний бохирдолтой сэвсгэр үеийг дуустал хийгдэх, гүний насосыг иж бүрэн тоноглон ус өргөх хоолой угсарах ажлын салшгүй хэсэг, гэрээний нийтлэг үндэслэл 2, 4, 7 дугаар заалтуудад орсон үнэ тул төлбөр төлөхгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч талаас шаардсан төлбөр болох үлдэгдэл 15 622 000 төгрөгийн нэхэмжлэлээс бид насосны төлбөрт 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 3 806 000 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 3 200 000 төгрөгийг тус тус төлсөн. Нэхэмжлэлийн шаардлагын 2-5 дахь хэсгүүдэд шаардсан төлбөр нь гэрээний үнэ болох 20 000 000 төгрөгт багтсан ажлын хөлсөнд орж байгаа. Манай компани нь урьдчилгаа 10 000 000 төгрөг болон дараа нь 2 удаагийн гүйлгээгээр 7 006 000 төгрөг, нийт 17 006 000 төгрөгийг “Э” ХХК-ийн гэрээний төлбөрт төлсөн байна.

Нэхэмжлэгч компани гэрээнд заасан үндсэн үүргээ биелүүлээгүй, хугацаандаа ажлаа дуусгаагүй, гүйцэтгэсэн ажлаа хүлээлгэн өгөөгүй, худгийн насосны тавьсан мотор 1 жилийн баталгаат хугацаандаа хүрч ажиллаж чадалгүй эвдэрсэн. 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр худаг ажиллагаагүй болсон тул шинээр худгийн насос 1 200 000 төгрөгөөр авсан. Авсан насосоо 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр “Э” ХХК-ийн инженер Г.Өлгийгөөр уурхай руу явуулж засуулах гэсэн боловч ажил гараад явах боломжгүй гээд яваагүй тул бид гаднаас кран, гагнуурчин хөлслөн худгийн засвар, эд ангийг солихтой холбоотойгоор 3 000 000 төгрөгийн зардал гаргаж байж 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хэвийн ажиллагаанд оруулсан. Энэ мэтээр манай компанийн үйл ажиллагаанд саад бэрхшээл үүсгэсэн, цаг хугацаа эдийн засгийн алдагдсан боломж зэрэг маш их хохирол учруулсан тул бид “Э” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн дагуу ямар нэгэн төлбөр төлөх боломжгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “А” ХХК-иас 2 944 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Э” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 12 678 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 236 060 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “А” ХХК-иас 62 054 төгрөгийг гаргуулан “Э” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Манай компани 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр “А” ХХК-ийн захирал Г.Дамдинсүрэнтэй харилцан тохиролцож Хэнтий аймгийн Бор өндөр суманд байдаг эзэмшил газарт нь буюу жоншны уурхайн ашиглалтын талбайд нь үйлдвэрлэлийн зориулалттай 273 мм-ийн диаметр бүхий /хамгийн өргөн/ 130 метр гүний худгийн цоонгийн өрөмдлөгийн ажил гүйцэтгэж гэрээний дагуу хүлээлгэн өгсөн. Ажлын хөлснийхөө 50 хувь болох 10 000 000 төгрөгөө авсан бөгөөд үлдэгдэл ажлын хөлсөө огт аваагүй байгаа учраас шүүхэд гол үндэслэл болгож нэхэмжилсэн болно. Гэвч шүүх ажлын хөлстэй холбогдолгүй гүний худгийн насос, цахилгааны кабель зэрэгт төлсөн үнийн баримтуудыг ажлын хөлсийг төлж барагдуулсан гэж үзэн ямар ч нотолгоогүй байдлаар щийдвэрлэсэнд гомдолтой байна. Хариуцагч Г.Дамдинсүрэн нь өмнө нь хийж байсан ажлын гэрээг санаатай засаж өөрчлөн "гүний худгийн насосыг манай компани хариуцах" зүйл заалтыг нэмж бичиж шүүхийг болон биднийг төөрөгдүүлж илтэд залилан мэхлэх үйлдэл гаргаж байна.

“А” ХХК-ийн захирлын шүүхэд гаргасан тайлбарт "гүний насос түүний дагалдах хэрэгслийг өөрсдөө авч нийлүүлэх талаар тодорхой дурдсан байгаа бөгөөд гэрч Г.Өлгийгийн мэдүүлэгт гүний насос худалдан авахаар Г.Дамдинсүрэнтэй хамт явж худалдан авсан гэсэн баримтууд тодорхой байгаа болно. Иргэн Г.Өлгийд хариуцагч талаас насосны үнэ гэж шилжүүлсэн 3 806 000 төгрөгийг манай гүйцэтгэсэн ажлын хөлс гэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй байгаа ба бид “Эрдэнэ-Эх” ХХК-иас 2017 оны 10 дугаар сарын 15-ны 380 в-ийн гүний насос өөрийн хөрөнгөөр худалдан авч “А” ХХК-д суурилуулж өгсөн байдлыг нотолсоор байтал шүүх үнэн бодит байдлаар түүнийг нь тогтоогоогүй байна. Энэ насосны зардлыг манай компани гаргасан байгааг онцгойлон анхаарч үзнэ үү.

2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Кореа кабель дэлгүүрээс 2017 оны 10 дугаар сард зээлээр авсан цахилгаан татах кабелийнхаа өр төлбөр /кабелийн үнэ/ гэж шилжүүлсэн байтлаа түүнийгээ ажлын хөлс шилжүүлсэн гэж шүүхэд тайлбарлаж шүүх түүнийг нь "кабелийн үнэ" гэсэн утгатай байсаар байтал ажлын хөлс гэж илтэд буруу дүгнэж шийдвэрлэсэн байна. Иймд илтэд эргэлзээтэй баримтаар хэрэг маргааныг шийдвэрлэсэн байдлыг харгалзан үзэж шүүхийг төөрөгдүүлсэнийг хянан үзэж шударгаар шийдвэрлэж өгнө үү. “А” ХХК-ийн уурхайд хийсэн ажил маань зах зээлийн төсөвт үнэлгээгээр 60 орчим сая төгрөг болох ба манай компани зөвхөн шатахууны зардалд 13 000 000 төгрөг зарцуулж, холбогдох бусад материалд 21 000 000 төгрөг зарцуулсан бусдын өмнөөс кабель, насос зэргийг зээлж авч өгч ажлыг нь саадгүй явуулж байсан байдлыг тогтоолгүйгээр шударга бус шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд шүүхийн шийдвэр нь болсон үйл баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь дүгнээгүй бусад этгээдэд шилжүүлсэн мөнгийг манай ажлын хөлсийг төлөгдсөн гэж тооцсон, цахилгааны кабелийн өр төлбөрөө манай компаниар дамжуулан барагдуулсан баримтыг ажлын хөлс гэж шүүхэд худал мэдүүлж шүүх түүнийг нь утга санаа нь тодорхой байсаар байтал ажлын хөлсөнд төлсөн гэж үзэж шийдвэрлэсэн байдлыг анхаарч үзэн ямарч нотолгоонд үндэслээгүй анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүйд тооцож дахин хэлэлцүүлэхээр буцаах буюу шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж 10 сая төгрөгийн ажлын хөлсийг “А” ХХК-иас гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Тус шүүхийн шийдвэрийн "...А ХХК-иас 2 994 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож..." шийдвэрлэсэн хэсэгт дараах гомдол гаргаж байна. Талуудын хооронд 20 000 000 төгрөгийн багц үнийн дүнтэй өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж захиалагч нь 17 006 000 төгрөгийг нэхэмжлэгч талд төлсөн. Талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэгч нь ажлын гүйцэтгэлээ бичгээр хүлээлгэн өгөх байсан ч гүйцэтгэгч компани болох “Э” ХХК нь гэрээт ажлаа бүрэн дуусгалгүй орхиж явсан, албан ёсоор бичгээр хүлээлгэн өгөөгүй, дутуу орхисон ажлыг бид өөрсдийн зардлаар хийж гүйцэтгэсэн. Худгийн насос нь 1 жилийн баталгаат хугацаа дуусаагүй байхад эвдэрсэний улмаас бид өөрсдийн зардлаар БНХАУ-аас насос авч суурилуулсан учир энэхүү зардлыг нэхэмжлэгчид төлөх үндэслэлгүй байхад шүүхээс дээрх үйл баримт хангалттай нотлогдохгүй байна гэж үзээд ажлын хөлснөөс хасч тооцолгүй хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Дээрх үйл баримт нь гэрчүүдийн мэдүүлэг, ажил гүйцэтгэх, гагнуур хийлгэх гэрээ, насос авсан төлбөрийн баримт, санхүүгийн бусад баримтуудаар нотлогдож байхад анхан шатны шүүхээс нотлох баримыг дутуу үнэлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн "...А ХХК-иас 2 994 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож.." шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

            Нэхэмжлэгч “Э” ХХК нь хариуцагч “А” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 15 622 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Талуудын хооронд 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээгээр нэхэмжлэгч “Э” ХХК нь Хэнтийн аймаг, Бор-Өндөр суманд байх “А” ХХК-ийн эзэмшлийн газарт гүний худгийн өрөмдлөгийн ажлыг 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд хийж гүйцэтгэх, талууд гүний худгийн цооногийн өрөмдлөгийн ажлыг гүний насос түүний тоног төхөөрөмж, тээврийн зардлын хамт нэг худгийн нийт үнийг 20 000 000 төгрөгөөр тооцож, хариуцагч “А” ХХК нь ажлын хөлс болох 20 000 000 төгрөгийг, гэрээ байгуулагдсан үед 10 000 000 төгрөг төлөх ба үлдэгдэл болох 10 000 000 төгрөгийг бололцоотой үедээ төлөхөөр тус тус тохиролцсон болох нь хэргийн 6-8 дахь талд авагдсан өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээ болон талуудын тайбараар тогтоогдсон байна.

 

Дээрх гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болж хэлцэлд талууд гарын үсэг зурсан тул Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар хэлцэл хийсэн нь хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэжээ.

 

            Нэхэмжлэгч нь гэрээнд заасны дагуу ажлыг хийж гүйцэтгэн хариуцагчид хүлээлгэн өгсөн гэж, хариуцагч нь гүйцэтгэсэн ажлаа хүлээлгэн өгөөгүй, ажлын гүйцэтгэл дутуу, хугацаа хэтэрсэн, гэрээний үүргээ гүйцэт биелүүлээгүй, гэрээнд заагдаагүй ажлын хөлс, бусад материал хэрэгсэлийн төлбөрийг үндэслэлгүй нэмэмжилсэн гэж тус тус тайлбар гарган маргасан байна.

 

            Нэхэмжлэгч нь гэрээний урьдчилгаанд 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 10 000 000 төгрөг төлж, гэрээний үлдэгдэл төлбөрт 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 3 806 000 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 3 200 000 төгрөгийг тус тус хариуцагчид дансаар шилжүүлсэн болох нь хэргийн 32-34 дэх талд авагдсан Г.Дамдинсүрэнгийн эзэмшлийн Хаан банкны 5070318605 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга бичгийн баримтаар тогтоогдсон байна.

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг тодорхойлох эрхтэй гэж заасан байх ба талууд гэрээгээр үүсэх үүргийн эрх зүйн харилцааг бий болгох эсэхээ өөрсдөө чөлөөтэй хүсэл зоригийн дагуу тохиролцохын зэрэгцээ гэрээнийхээ агуулгыг нөгөө талтай тохиролцсоны үндсэн дээр тодорхойлох боломжтой ба талуудын маргасан гэрээний утга, агуулгын талаарх маргааны талаар анхан шатны шүүх Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар дүгнэснийг буруутгах боломжгүй юм.

 

Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй байна.

 

Анхан шатны шүүх ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 10 000 000 төгрөгөөс 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 3 806 000 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 3 200 000 төгрөг, нийт 7 006 000 төгрөгийг хасч тооцон, үлдэх 2 994 000 төгрөгийг хариуцагч “А” ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч “Э” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12 678 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. Энэ талаар зохигчдын гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

            Түүнчлэн, шүүх гэрч М.Цогтбаатарын мэдүүлэг, хариуцагчийн талын тайлбарыг маргааны үйл баримттай харьцуулан дүгнэж хариуцагч нь ажлын үр дүнг 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авсан, ажил гүйцэтгэх гэрээний зүйлтэй холбоотой гомдлын шаардлага гаргах хугацаа дууссан, хариуцагчийн зүгээс доголдолтой ажлын талаар сөрөг нэхэмжлэл гаргаагүй зэрэг үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

 

Дээрх үндэслэлээр зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2018/03491 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 236 060 төгрөг, хариуцагчийн төлсөн 62 854 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ц.ИЧИНХОРЛОО

 

                ШҮҮГЧИД                                      Б.НАРМАНДАХ

 

                                                                        Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ