Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 183/ШШ2022/01899

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 06 сарын 13 өдөр Дугаар 183/ШШ2022/01899 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, 00 байр, 00 тоот хаягт оршин суух, Н овогт Б-ын Ц /РД:00000000/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, ажилчдын гудамж, ХААДС-ийн байр, өөрийн байранд байрлах, Х /РД:000000/-д холбогдох,

            

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Ц, түүний өмгөөлөгч Я.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н, гэрч Б.Б, нарийн бичгийн дарга Б.С нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ....Миний бие 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр тухайн үеийн нэршлээр Тариалан Эрхлэлтийг Дэмжих Санд Хүний нөөцийн мэргэжилтнээр анх ажилд орж байсан. 2020 оны 01 дүгээр сард Тариалан Эрхлэлтийг Дэмжих Санг Хөдөө аж ахуйг Дэмжих сан болгон өөрчлөхөд Сангийн Ажлын албанд хүний нөөцийн мэргэжилтнээр үргэлжлүүлэн ажилласан. 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Х-ны захирлын 000 тоот тушаалаар намайг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөө аж аж ахуйн дэмжих сангийн дүрмийн 2.3.1.12, Хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.16.3, 3.16.5, 3.16.16, 3.16.22, 12 дугаар зүйлийн 12.2, 12.3, 12.5, 13 дугаар зүйлийн 13.1, 13.2.1, 13.2.2, 13.7, 13.7.3, Ёс зүйн дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.6, Хөдөлмөрийн гэрээний 6.5, 7.2, 7.3, 8.1, 8.1.1, 8.1.8, Ёс зүйн хорооны 2021 оны 01 дүгээр хурлын шийдвэрийг тус тус үндэслэн Хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн дотоод журамд заасан ноцтой зөрчлийг удаа дараа гаргасан гэх үндэслэлээр 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан. Дээрх тушаалд дурдсан үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд өөрийн эрхэлсэн ажлыг Сангийн Хөдөлмөрийн дотоод журам, дүрэмд нийцүүлэн сахилгын ямар нэгэн зөрчилгүй, шилдэг ажилчнаар ажиллаж байсан. И нь 8 сарын сүүлээр Ковид тусаад үргэлжлүүлээд өвөө нь нас барсан гээд буяны ажилтай байж таарсан. Тухайн үед цалин бодох үед Ковидын эмчилгээний бичиг болон чөлөөний хуудсаа өгөөгүй тул санхүүд ажлын хоногоо бодож өгөхдөө тэр хоногуудыг тооцож өгөөгүй, 25-ны сүүлийн цалин бодох үед бичгүүдээ нөхөж өгвөл цалинг нөхөж олгоё гээд 10-ны цалин дээр бодоогүй. Гэтэл И тухайн үед банкны лизинг өгдөг юмаа, над дээр ажилласан хоног ороогүй байна гэхээр нь би бичгүүд ирээгүй болохоор хоногийг нь оруулаагүй юм гээд өөрөөсөө түр өгье гээд 600 000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд 25-ны цалин дээр баярлалаа гээд буцаагаад өгсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хөдөлмөрийн тухай хуулийн 38.1.2-т ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлаад 41.1.4-т заасан заалтуудыг үндэслэл болгохдоо 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хуралдсан Хөдөө аж ахуйн дэмжих сангийн ёс зүйн хорооны шийдвэрийг баримтлаад байдаг. Ёс зүйн зөрчил гаргасан буюу Хөдөө аж ахуйн дэмжих сангийн гүйцэтгэх захирлын 2021 оны 06 дугаар сарын 24-ний өрийн 0000 тоот тушаалын хавсралтаар Хөдөө аж ахуйн дэмжих сангийн ажилчдын ёс зүйн дүрмийн 2.1-2.2.7 хүртэл заасан 7 зөрчлийг зөрчсөн тохиолдолд Ёс зүйн хороо авч хэлэлцэх ёстой. Хөдөлмөрийн дотоод журмын 0000 тушаалын үндэслэх хэсэг дээр уг заалтуудыг зөрчсөн гэж үзээд ажлаас халсан байдаг. Ёс зүйн хорооны шийдвэрээр дээр 2, 3 ажилтны цалинг буруу бодсон гэж шийдсэн боловч яг ийм зөрчил байсан эсэх, ёс зүйн хорооны дүрэм дээрх зөрчлүүдийг хянаж тогтоогоогүй. Ажлаас халахдаа захиргааны ерөнхий хуулийг баримтлан ёстой байсан. Өөрөөр хэлбэл ажлаас халж байгаа тохиолдолд ямар үндэслэлээр халж байгаагаа тодорхой дурдах ёстой. Гэтэл үндэслэж байгаа зүйл заалтууд нь тодорхой бус. Цалингаа сар бүрийн 10, 25-ны өдөр олгодог. 10-ны цалин дээр цалингийн суутгал, шимтгэл авдаггүй, 25-ны цалин дээр суутгадаг учраас Ц цалинг зохих ёсоор бодож байсан. Ажлаас халсан тушаал дээр хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээний зохих заалтууд дээр заасан зөрчлийг гаргаагүй гэж үзэж байгаа... гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Хүний нөөцийн мэргэжилтэн Б.Цыг ёс зүйн ноцтой зөрчил гаргасны улмаас 2000 оны 00 дугаар сарын 00-ны өдрийн 0 дүгээр шийдвэрийг үндэслээд ажлаас халсан. Ёс зүйн хороо нь 4 гишүүнтэй, 1 нарийн бичигтэйгээр оролцдог. Захиргаа үйлчилгээний дарга Б болон Хууль эрсдэл, өрийн удирдлагын газрын мэргэжилтэн О нарын гомдлоор уг сахилгын хуралдааныг хуралдуулж дахин авч хэлэлцсэн байдаг. О нь тухайн үед шинэ ажилтан байсан. Оийн өргөдлийг 1 дүгээрт үндэслэсэн. Б.Цтай хувийн таарамжгүй харилцаатай, маргалдсаны улмаас 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн цалинтай чөлөөний хуудсыг устгаад цалингүй чөлөөгөөр сольж цагийн бүртгэлийн мэдээг санхүү бүртгэл, хөрөнгө оруулалтын газар оруулснаар От 1 өдрийн цалин олгогдоогүй зөрчил илэрсэн. Оийн өргөдөл болон тайлбар зэргээр нотлогддог. Хэрвээ чөлөөний хуудас өгөөгүй байхад чөлөө авсан талаар яаж мэдээд байгаа нь ойлгомжгүй. Хоёрдугаарт Мийн илүү цагийн цалинг бодоогүй зөрчил гаргасан. 6-8 дугаар сард хүртэл Онцгой байдлын газрын түргэний эмч нарын дайчилгаанд Төрийн болон төсвийн албан хаагч нарын жолооч нарыг 3 сарын хугацаанд явсан. 3 сарын хугацаанд Хүний нөөц нь байж жолооч нь байхгүй байсныг мэдээгүй байна гэдэг боломжгүй, Мөн Мэдээлэл технологийн хэлтсийн дарга Иогийн цалинг бүтэн олгоогүй, удаа дараа гомдол гаргасан. И нь Отэй адил шинэ ажилтан. 5 дугаар сарын цалинг нь 6 дугаар сард олгоогүй байсныг нөхөж олгосон. Мөн 9 сарын цалинг огт олгоогүй байсныг И яагаад цалин орохгүй байгаа талаар асуухад мартчихсан байна гээд өөрөөсөө бүтэн сарын цалинг өгсөн байдаг. Мөн Дг ажилдаа огт ирээгүй байхад ажилласан мэтээр цалинг бүтэн оруулсан байдаг. Сүүлд нь цалинг суутгаж аваад санг хохиролгүй болгосон. Ажилчдын цалинг нь 2 өөр олгоод байдаг, ажилдаа хариуцлагагүй хандаад байна уу, албаар хасч олгоод байдаг талаар авч хэлэлцээд шинэ ажилчдыг ялгаварлан гадуурхдаг, хуучин ажилчиндаа давуу байдал олгож, илүү цаг боддог гэж дүгнээд ёс зүйн ноцтой зөрчил гэж үзэж байгаа. С.Б нь ээлжийн амралтаа эдэлж дуусаад үргэлжлүүлээд чөлөө авах хүсэлт цахимаар илгээсэн. Тэр хүсэлтийг хэлэлцсэн хуралдаан дээр Захиргаа үйлчилгээний газрыг Ц төлөөлөхдөө халах санал оруулаад Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн газрын дарга нь 3 сарын цалингүй чөлөө олгуулаад, орлох ажилтныг авъя гэсэн шийдвэр гаргасан байдаг. Захиргаа үйлчилгээний газрын дарга нь тэр асуудлыг мэдээгүй, бухимдаад газрын даргын өмнөөс ажилтныг халах санал гаргаж байгаа талаар хэлж байсан. Уг гаргасан зөрчлүүд нь хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчил гаргасан учраас Сахилгын хорооны хөдөлмөрийн гэрээг цуцлах шийдвэрийн дагуу ажлаас халсан байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн лавлагаа, 2020.10.01-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ, 2000.00.00-ны өдрийн 000 дугаар Хны захирлын Б.Цтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах тухай тушаал, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаах тодорхойлолт, эмнэлгийн магадалгаа, шинжилгээний хариуг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

Хариуцагчаас 2021.12.16-ны өдрийн Хны ёс зүйн хорооны 1 дугаар шийдвэр, хүний нөөцийн мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт, 2000.00.0-ны өдрийн Б.Цтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, нууцын баталгаа, байгууллагын дотоод журам, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2000.00.00-ний өдрийн Монгол улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 0000 тоот тушаал, Монгол улсын Засгийн газрын 2000.00.00-ны өдрийн 16 дугаар Х байгуулах, орон тоог хязгаарыг батлах тухай тогтоол, Х санхүү бүртгэл хөрөнгө оруулалтын газрын 2000.00.00-ны өдрийн цалин суутгасан талаарх тодорхойлолт, 2000.00.00өдрийн 0009 дугаар захирлын тушаал, Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 0000.00.00-ны өдрийн 00 дугаар дүрэм батлах тухай тушаал болон уг тушаалын хавсралт болох Хөдөө аж ахуйг дэмжих сангийн дүрэм, Ажилтын ёс зүйн дүрэм батлах тухай 0000.00.00-ны өдрийн 0000 дугаар захирлын тушаал болон ажилтын ёс зүйн дүрэм, ажилтан М, Ио Б.Б, Д.Д нараас авсан гэх тайлбар, Н.Оийн ажлын албанд гаргасан гомдол, 2021.09.21-ны өдрийн захирлын зөвлөлийн хурлын шийдвэрийн хуудас, захирлын зөвлөлийн гишүүний саналын хуудас, төсөлд санал авах хуудас, сахилгын шийтгэл ногдуулах саналын хуудас, нэр бүхий ажилтнуудыг ажилд томилсон тухай тушаал, Хны зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай 2000.00.00-ны өдрийн 00 тоот салбарын сайдын тушаал, хавсралтын хамт эдгээр баримтуудын шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчаас ажилчдын цагийн бүртгэл ажлын цагийн тооцоо, ажлын албаны захирлын зөвлөлийн 2021.09.21-ний өдрийн 18 дугаартай хурлын тэмдэглэлийг нотлох баримтаар гаргуулсан. Харин Б.Цд урьд сахилгын шийтгэл ногдуулж байсан эсэх талаарх баримт, Төрийн бодлого зохицуулалтын газрын 2021.07.02-ны өдрийн 0000 дугаартай Автомашиныг дайчлан ажиллуулах, хугацаа сунгах тухай албан бичгийг ажлын алба хэзээ, хэрхэн хүлээн авсан талаарх бүртгэлийг нотлох баримтаар гаргуулахаар шийдвэрлэсэн боловч уг баримтууд хариуцагчид байхгүй талаар бичгээр шүүхэд тайлбар өгчээ. Мөн хариуцагчийн хүсэлтээр Б.Быг гэрчээр асуух, үзлэг хийх ажиллагааг гүйцэтгэсэн болно.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч Б.Ц нь хариуцагч Хнд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журамд заасан ноцтой зөрчлийг удаа дараа гаргасан нь ёс зүйн хорооны шийдвэрээр тогтоогдсон тул ажилтныг ажлаас халсан тушаал хуульд нийцсэн, үндэслэлтэй гэж маргасан.

 

3. Ажил олгогч Х нь ажилтан Б.Цтай 2020 оны 10 сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан улмаар 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хөдөлмөрийн гэрээг дахин шинэчлэн байгуулсан байна. Уг гэрээгээр Б.Ц нь захиргаа, үйлчилгээний газарт хүний нөөцийн мэргэжилтнээр сарын цалин хөлс 1 025 000 төгрөг байхаар харилцан тохиролцож, талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн байна. Энэ талаар зохигчид маргаагүй. /хх-6-9, 27-32/

 

4. Хны захирлын 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 0009 дүгээр Б.Цтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах тухай тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Хөдөө аж ахуйг дэмжих сангийн дүрмийн 2.3.1.12, Хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.16.3, 3.16.5, 3.16.16, 3.16.22, 12 дугаар зүйлийн 12.2, 12.3, 12.5, 13 дугаар зүйлийн 13.1, 13.2.1, 13.2.2, 13.7, 13.7.3, Ёс зүйн дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.6, Хөдөлмөрийн гэрээний 6.5, 7.2, 7.3, 8.1, 8.1.1, 8.1.8, Ёс зүйн хорооны 2021 оны 1 дүгээр хурлын шийдвэрийг тус тус үндэслэн Захиргаа, үйлчилгээний газрын хүний нөөцийн мэргэжилтэн Б.Ц нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журамд заасан ноцтой зөрчлийг удаа дараа гаргасан гэх үндэслэлээр 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлөхөөр шийдвэрлэжээ. /хх-10/

 

5. Ажил олгогч нь батлагдсан бүтэц, ажилчдын орон тооны дагуу ажилтнаа өөрөө сонгож, хөдөлмөрийн гэрээ байгуулах эрхтэй ч ажилтны хөдөлмөрийн харилцааг цуцалж, дуусгавар болгосон үндэслэл, эрхийн акт нь хуульд нийцсэн байх ёстой. Хэрэв ажилтан ажлаас буруу халагдсан гэж үзвэл ажил олгогчийн шийдвэрийг гардаж авсан, эсхүл ажил хүлээлцсэн сүүлийн өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гомдлоо гаргах эрхтэй болохыг Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан. Нэхэмжлэгч Б.Ц нь Хны захирлын 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 0009 дүгээр тушаалд 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр тус шүүхэд гомдол гаргасан нь хуулийн хугацааг хэтрүүлээгүй байна.

 

6. Хариуцагч байгууллага тушаалын үндэслэлээ ...Б.Ц нь ажилтан Н.Отэй хувийн таарамжгүй харилцааны улмаас тухайн ажилтын нэг өдрийн цалинтай чөлөөг цалингийн цагийн тооцоололд оруулаагүйгээс цалин дутуу олгогдсон. Ажилтан С.Д, Ч.Ио, Д.Д нарын ажилласан цагийн бүртгэлийг үнэн зөв бүртгээгүйгээс ажилтнуудын цалин илүү, дутуу зөрүүтэй олгогдсон. Ажилтан С.Мийн Ковид-9 халдварын улаан бүсэд ажилласан хугацааны илүү цагийн хөлсийг олгоогүй. Захирлын зөвлөлийн хуралд Хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн газрын мэргэжилтэн С.Бийн чөлөө авах өргөдөлтэй холбоотой асуудлыг харьяа газрынхаа даргад танилцуулалгүй хэлэлцүүлсэн. Эдгээр зөрчил нь ажлын албаны ёс зүйн хорооны шийдвэрээр тогтоогдсон...гэх тайлбарыг гаргаж, хөдөлмөрийн гэрээ, дотоод журам болон холбогдох баримтуудын хамт ирүүлжээ.

 

7. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болно гэж заасан. Тодруулбал, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гэдэгт ажлын байр, гүйцэтгэх ажлын онцлогт тохируулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг ажилтан, ажил олгогч нар харилцан тохиролцож, тухайн зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд тусгасан байхыг ойлгох бөгөөд талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйл, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 3.16 дахь заалтуудаар ноцтой зөрчлийн үндэслэлийг тохирсон байна.

 

Зохигчдын тайлбараар ажилтан С.М Төрийн бодлого зохицуулалтын газрын 2021.07.02-ны өдрийн А/0000 дугаартай Автомашиныг дайчлан ажиллуулах, хугацаа сунгах тухай албан бичгийг үндэслэн халдварын улаан бүсэд ажилласан гэх ба ажил олгогчоос тухайн албан бичгийг хүний нөөцийн мэргэжилтэн Б.Цд танилцуулсан, мэдээлсэн гэх үндэслэл баримтаар тогтоогдоогүй тул ажилтан С.Мийн улаан бүсэд ажилласан илүү цагийн тооцоог гаргаагүйд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй байна.

 

Хэрэгт нотлох баримтаар авагдсан Хөдөө аж ахуйг дэмжих сангийн захирлын зөвлөлийн 2021 оны 09 сарын 21-ны өдрийн 18 дугаар хуралдааны тэмдэглэлээс үзэхэд Хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн газрын мэргэжилтэн С.Бийн чөлөө авах өргөдөлтэй холбоотой асуудлыг тус хуралдаанд оролцсон 7 албан тушаалтын хамтын шийдвэрээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахаар шийдвэрлэсэн байна. Дээрх хамтын шийдвэрт нэхэмжлэгчийг буруутгасан нь зохисгүй юм.

 

Харин ажилтан Н.Отэй, С.Дуламсүрэн, Ч.Ио, Д.Д нарын ажилласан цагийн бүртгэлтэй холбоотой зөрчил, дутагдал гаргасан болох нь цагийн тооцоо, цалингийн хүснэгт, үзлэгийн тэмдэглэл, Х санхүү бүртгэл хөрөнгө оруулалтын газрын 2022.02.21-ны өдрийн цалин суутгасан талаарх тодорхойлолт зэргээр тогтоогдож байх боловч тухайн зөрчил нь талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйл, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 3.16-д заасан ноцтой зөрчилд хамаарахгүй байна.

 

Түүнчлэн сахилгын шийтгэлийг ногдуулахдаа ажилтны гэм буруу, сахилгын зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон байх зарчимд ажил олгогч Хны захирлын 2021 оны 12 сарын 22-ны өдрийн 0009 дүгээр Б.Цтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах тухай тушаал нийцээгүй байх тул ажилтан буюу нэхэмжлэгч Б.Цыг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2021 оны 12 сарын 22-ны өдрөөс 2022 оны 06 сарын 13-ны өдөр хүртэлх нийт 118 хоногийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг ажил олгогч буюу хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасантай нийцнэ.

 

Нэхэмжлэгч Б.Цын цалинг нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоос Монгол Улсын Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 тоот тушаалын 7 дугаар зүйлийн а-д заасны дагуу тооцоход сард 1 204 666 төгрөг, хоногийн /1 204 666 : 21,5=56 031 төгрөгийн /сүүлийн 3 сард авч байсан цалингийн дунджаар/ цалин авсан байх ба ажилгүй байсан хугацаа буюу 118 хоногийн цалинтай тэнцэх олговорт 6 611 658 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй, ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй гэж заасан тул нэхэмжлэгч Б.Цын ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид үүрэг болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Тухайн нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх маргааны төрөл тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 99 350 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгон, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 120 737 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулахыг даалгах нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар Б.Цыг Хны Захиргаа, үйлчилгээний газрын хүний нөөцийн мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

 

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Хнаас 6 611 658 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Цд олгосугай.

 

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Цын ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг шимтгэлийг төлж, нөхөн бичилт хийхийг Хнд даалгасугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 99 350 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 120 737 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ