| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нэргүй Баярбаатар |
| Хэргийн индекс | 315/2025/0120/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/142 |
| Огноо | 2025-05-12 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Б.Цэгмэд |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 2025/ШЦТ/142
2025 05 12 2025/ШЦТ/142
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,
Улсын яллагч Б.Цэгмэд,
Хохирогчийн өмгөөлөгч Т.Хүдэр
Хохирогч *******
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Зулаа
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Цэгмэдээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******ид холбогдох 2530000410106 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1988 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар аймгийн Халзан суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, битон армартурчин мэргэжилтэй, Зэвсэгт хүчний 338 дугаар ангид ******* ажилтай, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг “Боловсрол”-ын 419 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд өмнө нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Яллагдагч ******* нь 2024 оны 12 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эрхэс” караокены гадна ******* тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, улмаар хөлөөрөө хэвлий хэсэг рүү нь өшиглөж түүний эрүүл мэндэд нарийн гэдэсний ханын язрал, нарийн гэдэсний наалдац, хэвлийн хөндийн идээт үрэвсэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2024 оны 12 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эрхэс” караокены гадна ******* тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, улмаар хөлөөрөө хэвлий хэсэг рүү нь өшиглөж түүний эрүүл мэндэд нарийн гэдэсний ханын язрал, нарийн гэдэсний наалдац, хэвлийн хөндийн идээт үрэвсэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн, мэдүүлгээс гадна 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 04 х), хохирогч *******ын мэдүүлэг (хх-ийн 09-11, 16 х), гэрч мэдүүлэг (хх-ийн 25-27 х), гэрч мэдүүлэг (хх-ийн 20-22), Гэрч мэдүүлэг (хавтаст хэргийн 30-31-р х), гэрч мэдүүлэг (хавтаст хэргийн 25-27-р х), гэрч мэдүүлэг (хх-ийн 20-22-р х), гэрч мэдүүлэг (хх-ийн 30-31-р х), гэрч мэдүүлэг (хх-ийн 35-36-р х), гэрч мэдүүлэг (хх-ийн 39-40-р х), Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 51 дугаартай дүгнэлт (хх-ийн 79-80-р х), Шинжээч эмч Ш.Оюунтунгалагийн мэдүүлэг (хх-ийн 85-р х), Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын Шүүх сэтгэцийн шинжилгээний тасгийн шинжээч, сэтгэцийн эмчийн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 499 дугаартай дүгнэлт (хх-ийн 90-91-р х) зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүгдэгч ******* хохирогч *******ыг хөлөөрөө хэвлий хэсэг рүү нь өшиглөж түүний эрүүл мэндэд нарийн гэдэсний ханын язрал, нарийн гэдэсний наалдац, хэвлийн хөндийн идээт үрэвсэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогүй болно.
Энэ хэргийн улмаас хохирогч *******ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан ба эмчилгээний зардалд 800,000 төгрөг төлсөн. ******* нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгаа нэхэмжилнэ гэжээ.
Монгол улсын Дээд шүүхийн Нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор 11 уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 2 дугаар хавсралтад авагдсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-д зааснаар хохирогч *******ын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг “хоёрдугаар зэрэг” гэж тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрч, маргаагүй ба дээрх хүснэгтээр хор уршгийн зэрэглэлийг тогтоосон нь хуульд нийцсэн гэж шүүх үзлээ.
Тус аргачлалын “хоёрдугаар зэрэглэл”-д “Хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтлийн улмаас хохирогчид сэтгэцийн эмгэг” хор уршиг учирсан бол Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээс 12,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл нөхөн төлбөр олгохоор тогтоожээ.
Иймд Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ.”, 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана.” гэж зааснаар шүүгдэгч *******аас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 8 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 5,280,000 /таван сая хоёр зуун наян мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч *******д олгохоор шийдвэрлэлээ.
Ингэхдээ тухайн хэрэг гарсан цаг хугацаанд буюу 2024 оны 07 дугаар сард мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр буюу 660.000 төгрөгөөр тооцож хохирогчид олгох нь зүйтэй байна.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилжээ.
Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь энэ хэрэгт прокурорыг тус хэлтсийг төлөөлж оролцуулахаар хүсэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй ба дээрх хуулийн зохицуулалтаар гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын байгууллагад учирсан хохирлыг буруутай этгээд хариуцан нөхөн төлөх үүрэгтэй юм.
Хохирогч ******* нь дээрх гэмтлийн улмаас тус аймгийн эмнэлгийн анхны тусламж үйлчилгээ авч эмчилгээний зардалд эрүүл мэндийн даатгалын сангаас 8,978,128 төгрөгийг зарцуулсан болох нь ЭМДЕГазрын Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл, иргэний нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн хэлтсийн нэхэмжлэл зэргээр нотлогдох тул шүүгдэгч *******аас 8,978,128 төгрөгийг гаргуулж Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 100900020080 тоот дансанд төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокуророос санал болгож, шүүгдэгч *******ийн хүлээн зөвшөөрсөн 5500 (таван мянга таван зуу ) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,500,000 (таван сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд *******ид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч *******ийг 5,500 (таван мянга таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,500,000 (таван сая таван зуун мянга) төгрөгийн торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******ид оногдуулсан торгох ялыг 8 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Бусад асуудлын талаар:
Тэрээр энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон иргэний хувийн бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүгдэгч *******ид шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Зээрднүүд овогт *******ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч *******ийг 5,500 (таван мянга таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,500,000 (таван сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******ид оногдуулсан торгох ялыг 8 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүхийн шатанд шүүгдэгч *******ид таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 5,280,128 /таван сая хоёр зуун наян мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч, *******д олгосугай.
8. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас хохирогч *******ын эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсний төлбөр 8,978,128 төгрөг гаргуулж Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 100900020080 тоот дансанд төлүүлсүгэй
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар хэргийн талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай6
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрт энэ зүйлийн 7 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг дурдсугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР