Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 20 өдөр

Дугаар  2021/ДШМ/393

 

 

 

 

   

     2021           4             20                                         2021/ДШМ/393                              

 

 

Х.Гд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Мөнхцэцэг,

нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 2021/ШЦТ/143 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Х.Ггийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2005 03067 0119 дугаартай хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Х.Г нь 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “И-март” худалдааны төвийн урд байрлах засмал зам дээр ................. улсын дугаартай “Тоёота Королла” загварын автомашин жолоодон явахдаа “эгнээ байраа зөв эзэлсэнгүй, шахаж явлаа” гэх шалтгаанаар иргэн С.Бын жолоодон явсан ................. улсын дугаартай “Тоёота Королла Аксио” загварын автомашиныг шахаж зогсон шүлсээ хаях зэргээр зүй бус авир гарган улмаар С.Бын зүүн шанаа руу цохиж, хөл рүү өшиглөн, толгойгоороо хамран тус газар нь мөргөх зэргээр зодож эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дотор буланд цус хуралт, зүүн сарвуу, баруун бугуйд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

Баянгол дүүргийн прокурорын газраас: Х.Ггийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигин овогт Харцагын Гг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Гг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Г нь 240 цагийннийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ггаас 1.665.000 төгрөг гаргуулж хохирогч С.Б-д олгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Х.Г давж заалдах гомдолдоо: “...Миний биеийн дархлаа муу. Цар тахлын энэ хүнд үед халдвар авах эрсдэл өндөртэй байгаа тул анхан шатны шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өөрчлөн торгох ялаар сольж өгнө үү. Анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдэж, гэмт хэргээ үнэн зөвөөр хүлээн мэдүүлж, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан гэм хорын хохирлыг нөхөн төлсөн, биеийн эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзэж ялыг өөрчилж өгөхийг хүсье. Хэрэв ийм өөрчлөлт орвол торгуулийн ялыг шүүхээс тогтоосон хугацаанд бүрэн төлж барагдуулахаа илэрхийлж байна...” гэжээ.

Прокурор Н.Мөнхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокуророос шүүгдэгчийн гэм буруудаа гэмшсэн байдал, хохирол төлөөгүй байдал зэргийг харгалзан үзэж нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан. Анхан шатны шүүхээс уг нөхцөл байдлуудыг харгалзан үзээд ял шийтгэл оногдуулсан. Хохирлоо бүрэн төлж барагдуулсан талаар баримт байдаггүй. Хохирогчийн хувьд гомдол, саналтай байгаа. Шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Х.Ггийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Х.Г нь 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “И-март” худалдааны төвийн урд байрлах засмал зам дээр ............ улсын дугаартай “Тоёота Королла” загварын автомашин жолоодон явахдаа “эгнээ байраа зөв эзэлсэнгүй, шахаж явлаа” гэх шалтгаанаар иргэн С.Бын жолоодон явсан ............ улсын дугаартай “Тоёота Королла Аксио” загварын автомашиныг шахаж зогсон шүлсээ хаях зэргээр зүй бус авир гарган улмаар С.Бын зүүн шанаа руу цохиж, хөл рүү өшиглөн, толгойгоороо хамран тус газар нь мөргөх зэргээр зодож эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дотор буланд цус хуралт, зүүн сарвуу, баруун бугуйд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч С.Бын “...би буугаад машинаа харахад миний машин руу нулимсан байхаар нь машины жолооч болох 19-20 орчим насны залуу байхаар нь “чи яагаад миний машин руу нулимж байгаа юм бэ” гэхэд “эгнээ байраа зөв эзлээч” гэж хэлээд машинаасаа бууж ирээд намайг заамдахаар нь би гарыг нь буулгах гэхэд миний зүүн шанаа руу гараараа 2-3 удаа цохихоор нь бид хоёр зууралдсан. Ингээд эх нь гэх хүн машинаасаа бууж ирээд бид хоёрыг салгаад хүүгээ “боль” гэж хэлсэн боловч хүү нь намайг ална гээд дахиж хүрч ирээд эхийнхээ дээгүүр толгойгоороо миний хамар руу хүчтэй мөргөсөн. Тухайн үед миний толгой эргээд газар суусан. ...” /хх 10/,

шүүгдэгч Х.Ггийн “Би 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр ........... улсын дугаартай машинаа жолоодоод хорооллын эцсийн “И-март” худалдааны төвийн буцаж эргэдэг уулзвар дээр явж байх үед “Аксио” загварын машин миний баруун талаас гэнэт шахаж орж ирсэн. Тэгэхээр нь би цонхоо онгойлгоод жолоочид нь хандан “аятайхан яваач ээ” гэж хэлсэн. Тэгэхэд миний жолооч талын цонх онгорхой байсан намайг машинаасаа бууж ирээд миний машины жолооч талын цонхоор шууд миний баруун шанаа хэсэг рүү цохисон. Тэгэхээр нь би бууж очоод 2 удаа зүүн шанаа руу нь баруун гараараа цохисон. Манай ээж бууж ирээд бид хоёрыг салгах үед надтай маргалдаж муудалцсан хүн намайг заамдаад татаад байсан учир би тэр эрчиндээ хамар руу нь мөргөсөн. ...” /хх 27-28/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 12098 дугаартай “С.Бын биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дотор буланд цус хуралт, зүүн сарвуу, баруун бугуйд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн /хх 17-18/ шинжээчийн дүгнэлт,

хохирлын баримт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 42-50/ болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудаар гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, түүний сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ нотлогдсон байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Х.Гг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүх, шүүгдэгч Х.Г нь иргэн С.Бын жолоодон явсан .................. улсын дугаартай “Тоёота Королла Аксио” загварын автомашиныг шахаж зогсон шүлсээ хаях зэргээр зүй бус авир гарган улмаар С.Бын зүүн шанаа руу цохиж, хөл рүү өшиглөн, толгойгоороо хамран тус газар нь мөргөх зэргээр зодож эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дотор буланд цус хуралт, зүүн сарвуу, баруун бугуйд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага оногдуулсан нь үндэслэл бүхий болжээ.

Шүүгдэгч Х.Ггийн “...миний биеийн дархлаа муу, цар тахлын энэ хүнд үед халдвар авах эрсдэл өндөртэй байгаа тул анхан шатны шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өөрчлөн торгох ялаар сольж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ялаас гадна зорчих эрхийг хязгаарлах, нийтэд тустай ажил хийлгэх зэрэг ял шийтгэл оногдуулж болохоор хуульчилсан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Нийтэд тустай ажил хийлгэх ялыг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хүнд, биеийн эрүүл мэндэд шууд нөлөөлөхүйц нийтэд тустай ажил хийлгэх ялыг жирэмсэн эмэгтэй, тавин таваас дээш насны эмэгтэй, жараас дээш насны эрэгтэй хүнд оногдуулахгүй.” гэж заажээ.

Шүүгдэгч Х.Ггийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруу, учруулсан хор уршиг, хувийн байдал зэргийг харгалзан анхан шатны шүүхээс нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Мөн шүүгдэгч Х.Гг эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлэх боломжгүй гэх үндэслэл, шалтгаан хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсонгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Ггийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 2021/ШЦТ/143 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Ггийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.МӨНХӨӨ

 

                                ШҮҮГЧ                                                               Л.ДАРЬСҮРЭН

 

                                ШҮҮГЧ                                                               Б.АРИУНХИШИГ