Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 335

 

 

Б.У-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШШ2018/02517 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.У-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “С” ХХК-д холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 8 523 877 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Х,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр С ХХК-д тэмцээн хариуцсан менежерийн ажилд орсон бөгөөд анх ажилд ороход надтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, ажилд томилсон тушаал гаргаагүй, мөн компанийн дотоод журамгүй болно. Хөдөлмөрийн гэрээ байгуулж, ажилд томилсон тушаал гаргах шаардлага тавьж байсан боловч эдгээр нь хийгдээгүй. Гэхдээ би сар бүр суутгалаа төлөөд цалингаа эхний саруудад бэлнээр, дараа сард нь банкаар авч байсан.

2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр захирал хурал хийгээд Хятдад ажлын гүйцэтгэлийн систем хэрэгжиж байгаа, энэ журам Монгол дахь компанид 8 дугаар сарын 01-нээс хэрэгжинэ. Энэ журмыг зөвшөөрч гарын үсэг зурахгүй бол шууд ажлаас хална гэсэн. Гэтэл энэхүү журам нь тухайн ажилтны цалингаас сар бүр 40 хувийг суутгаад улиралд ажилтны ажлын амжилт, захирлын үгэнд орж байгаа эсэх, захирал өглөө, орой амралтын өдөр хэдийд ч утсаар залгахад заавал авах, хувийн ажлаас шалтгаалан чөлөө авах, өвчний акт хэдэн удаа авсан зэргийг харгалзан суутгасан цалингаас нь дахин хасах байсан.

Миний бие С ХХК нь Монгол Улсын нутаг дэвсгэрт ашиг олохоор байгуулагдсан бол хууль тогтоомжийг мөрдөж дээдлэх ёстой учраас гарын үсэг зурахгүй гэдгээ илэрхийлсэн. Ингээд гарын үсэг зураагүй гэх үндэслэлээр ажлаасаа чөлөөлөгдсөн. Миний бие ажиллаж байх хугацаандаа нэг ч удаа ажил тасалж, зөрчил гаргаж байгаагүй, аливаа үүрэг даалгаврыг хариуцлагатай, цаг тухайд нь чанартай гүйцэтгэж, ажлын алдаа дутагдал гаргаж, сахилгын шийтгэл авч байгаагүй болно. Миний бие нь С ХХК-ийн ерөнхий захирлын 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр гаргасан №045 дугаар бүхий ажлаас чөлөөлөх тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас ажилд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалинд 8 523 877 төгрөгийг гаргуулж, Нийгмийн даатгалын болон Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...С ХХК нь Монгол Улсад зохион байгуулагдаж буй спорт уралдаан тэмцээнийг ивээн тэтгэх, хувцас хэрэглэлээр хангах зэргээр олон нийтийг хамарсан үйл ажиллагаанд идэвх санаачлагатай оролцдог, ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд дэмжлэг туслалцаа үзүүлж ажилладаг. Б.У-ыг энэ хүрээндээ Хятад улс дахь компанитайгаа харилцах, холбон зуучлах зорилгоор тэмцээн зохион байгуулах хэлтэст орчуулагчийн албан тушаалд 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр туршилтын журмаар ажилд аваад, 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрөөс үндсэн ажилтан болгосон байдаг.

С ХХК нь нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй бөгөөд манай компани нь үйл ажиллагаандаа гүйцэтгэлийн үнэлгээний менежментийн журам, ирцийн менежментийн журмуудыг мөрдөж ажилладаг. Эдгээр журмууд нь манай компанийн хөдөлмөрийн дотоод журмын агуулгыг илэрхийлдэг бөгөөд өөр журам болон хөдөлмөрийн дотоод журам гэж байдаггүй. Б.У нь тэтгэвэрт гарах ажилласан жилээ хангасан учраас нийгмийн даатгалын шимтгэл төлмөөргүй байна, хүн амын орлогын албан татвараа төлье гэж хүссэний дагуу түүний цалингаас нийгмийн даатгалын шимтгэлийг суутгалгүйгээр 1 620 000 төгрөгийн цалин өгч байсан.

С ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн гүйцэтгэлийн үнэлгээний менежментийн журмаар ажилчдын цалинг түүний хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнгээр тооцон олгох тухай зохицуулсан бөгөөд тус журамд заасан нөхцөлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зураагүй тохиолдолд ажлаас халагдсанд тооцох талаар тусгасан. Нэхэмжлэгч Б.У нь журмыг хүлээн зөвшөөрөөгүйгээс гадна түүний ажилладаг байсан тэмцээн зохион байгуулах хэлтэс татан буугдаж, ажлын байр нь байхгүй болсон учраас энэ талаарх мэдэгдлийг 2018 оны 7 дугаар сараас эхлэн цахим хэлбэрээр мэдэгдэж байсан. Байгууллагаас гаргасан дүрэм, журмыг ажилтан дагаж мөрдөх үүрэгтэй бөгөөд Б.У нь цалинг гүйцэтгэлээр тооцох талаарх журмыг дагаж мөрдөхгүй хэмээн гарын үсэг зураагүй учраас ажил олгогчийн санаачилгаар түүнийг ажлаас нь чөлөөлсөн. Мөн нэхэмжлэгч нь шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар С ХХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 8 523 877 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай Б.У-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.У нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Миний бие нь “С" ХХК-ийн ерөнхий захирлын 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 045 дугаартай тушаалаар ажлаас халагдаж 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 182/Ш32018/07776 дугаартай захирамжаар нэхэмжлэлийн үндэслэл шаардлага тодорхойгүй, бүрдүүлбэр дутуу, нэхэмжлэлийн шаардлага улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхгүй, нэхэмжлэлийн үнийг тодорхойлж улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан хэмжээгээр төлөх ёстой бөгөөд хариуцагчаас хэдэн төгрөгийг гаргуулахаар шаардаж байгаа нь тодорхойгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, хуульд заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийг төлсний эцэст шүүхэд нэхэмжлэлээ дахин гаргах эрхтэй болохыг дурдсугай гэх үндэслэлүүдээр "С" ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байдаг. Уг шүүгчийн захирамжийн захирамжлах хэсгийн 4-т "захирамжийн үндэслэх хэсэгт заасан шалтгаан арилбал шүүхэд дахин нэхэмжлэлээ гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарласугай" гэж заасан.

Дээрх шүүгчийн захирамжаас миний бие нь улсын тэмдэгтийн хураамж төлөх нэхэмжлэл гаргах ёстой юм байна гэж ойлгон мөнгө хайж, цаг алдсаны улмаас 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэлээ дахин гаргахад миний нэхэмжлэл шүүгч дээр дахиж хуваарилагдсан бөгөөд шүүгч хөөн хэлэлцэх хугацааны талаар ямар нэгэн асуудал хөндөлгүйгээр иргэний хэрэг үүсгэсэн. Гэтэл Х.Дашдэчмаа шүүгч нэхэмжлэгч хуульд тусгайлан заасан хугацааг хэтрүүлсэн гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Учир нь нэхэмжлэлийг буцаахдаа Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийп 65 дугаар зүйлийн 65.1.11-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тохиолдолд хөөн хэлэлцэх хугацааг хэрхэн сэргээх, эсвэл тасалдсан хөөн хэлэлцэх хугацаанд багтааж дахин нэхэмжлэлээ гаргах эрхтэйг тайлбарлаж өгөөгүйн улмаас миний бие өөрийн зөрчигдсөн эрхээ шүүхээр сэргээлгэх эрхээ алдсанд гомдолтой байна.

Түүнчлэн, анхан шатны шүүхийн хэргийг хэрэгсэхгүй болгосон 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШШ2018/02517 дугаартай шүүхийн шийдвэрт Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д "...гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэлийг тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө" гэж зааснаар Б.У нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай гэсэн нь өмнө нэхэмжлэлийг буцаасан шүүгчийн захирамжаасаа эсрэгээр шийдвэрлэсэн байх ба улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэн миний нэхэмжлэлийг 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 182/ШЗ2018/07776 дугаартай захирамжаар буцаасан нь үндэслэлгүй байсан байна. Иймд хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөнд миний буруу байхгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь  хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Б.У нь хариуцагч “С” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 8 523 877 төгрөг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Ажил олгогч нь ажилтныг ажлаас чөлөөлөх 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 045 тоот тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан компанийн хэрэгжүүлж байгаа “Гүйцэтгэлийн үнэлгээний удирдлагын журам”-ыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зураагүй, компанийн дотоод журмыг дагаж мөрдөөгүй гэх үндэслэлийг зааж хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна.

 

Нэхэмжлэгч Б.У нь шүүхэд хөөн хэлэлцэх хугацаа сэргээлгэх хүсэлт болон түүнтэй холбоотой нотлох баримт гаргаагүйгээс гадна Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 182/ШЗ2018/07776 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсанаас хойш 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан эрхээ зөрчигдсөнөө мэдсэн үеэс гомдлоо нэг сарын дотор шүүхэд гаргах хуулийн хугацааг хэтрүүлсэн гэж анхан шатны шүүх дүгнэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШШ2018/02517 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 151 332 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Э.ЗОЛЗАЯА

 

                ШҮҮГЧИД                                      Г.ДАВААДОРЖ

 

                                                                        Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ