Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 183/ШШ2022/02073

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 06 сарын 27 өдөр Дугаар 183/ШШ2022/02073 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 00 дугаар хороо, Бэлхийн 00 гудамж, 000 тоот хаягт оршин суух, О овогт Д-ын А /РД:00000000/-ы нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, Хийморь хотхон 000 байр, 0 тоот хаягт оршин суух, Х овогт Ж-ийн Г /РД:00000000/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 55 703 250 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, нарийн бичгийн дарга Б.С нар оролцов. Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаад гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч Д.А болон Ж.Г нарын хооронд 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 0008 бүртгэлийн дугаартай зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээ Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатч Б.Д-гээр баталгаажуулсан байдаг. Уг зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч Д.А нь 44 175 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, 1 сарын 13 хувийн хүү тооцохоор тохиролцсоны үндсэн дээр хариуцагч Ж.Гэд зээлдүүлсэн. Зээлийн гэрээний дагуу Ж.Г нь зээлийн сар бүрийн хүү болох 5 742 750 төгрөгийг сар бүрийн 05-ны өдөр төлж, үндсэн зээлийн төлбөр болох 44 175 000 төгрөгийг 202 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр бүрэн төлж барагдуулах ёстой байсан. Гэвч Ж.Г нь 2021 оны 02 сард 1 сарын хүүгийн төлбөрт 5 700 000 төгрөг төлсөн бөгөөд түүнээс хойшлуулж ахин зээлийн үндсэн төлбөр болон зээлийн хүүг огт төлөөгүй. Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч хариуцагч нь байнга худал шалтгаан хэлэх, утсаа авахгүй зугтаах зэргээр төлбөр төлөхөөс санаатайгаар зайлсхийж байгаа. Ж.Г нь зээлийн үндсэн төлбөр 44 175 000 төгрөг, 2 сарын зээлийн хүү 11 485 500 төгрөг, 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр төлөх байсан хүүгийн төлбөрөөс дутуу төлсөн 72 750 төгрөг, нийт 55 703 250 төгрөгийг нэхэмжилж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү... гэв.

 

Нэхэмжлэгчээс 2021.01.11-ны өдрийн зээлийн гэрээ, Хаан банкны дансны хуулга 2 хуудас, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.07.06-ны өдрийн 183/ШЗ2021/00000 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.08.19-ний өдрийн 181/ШШ2021/00000 дугаар шүүхийн шийдвэр, Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 2022.02.10-ны өдрийн хариуцагчийн хаягийг тогтоосон талаарх албан тоот, эдгээр баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Хариуцагчаас шүүхэд хариу тайлбар, баримт гаргаж өгөөгүй байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.   Нэхэмжлэгч Д.А хариуцагч Ж.Гэд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 55 703 250 төгрөг гаргуулахаар шаардсаныг хангах үндэслэлтэй байна.

 

2.   Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ Г нь 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 44 175 000 төгрөг, зээлийн хүү 11 528 250 төгрөг, нийт 55 703 250 төгрөг гаргуулахаар шаардах эрхтэй гэж тодорхойлж байна.

 

3.   Хариуцагч Ж.Г нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан тухай ямар нэг тайлбарыг шүүхэд ирүүлээгүй болно.

 

4.   Хэрэгт авагдсан баримтаар, зохигч 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч Д.А нь 44 175 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 13 хувийн хүүтэй зээлдэгч Ж.Гэд зээлүүлэхээр тохирсон байна.

 

5.   Дээрх гэрээнд талууд хүсэл зоригоо гарын үсгээрээ баталгаажуулсан, эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаанд хамаарах ба гэрээ хүчин төгөлдөр байна. Зээлийн хүүг сарын 13 хувиар тогтоосныг шүүх гэрээний талуудын чөлөөт байдлын зарчимд нийцсэн гэж үзэв.

 

6.   Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг.

 

7.   Зээлийн гэрээнд талууд мөнгө хүлээлцсэн талаар баримт үйлдэн гарын үсэг зурсан байх тул нэхэмжлэгч мөнгөн хөрөнгийг хариуцагчид шилжүүлэх үүргээ биелүүлсэн гэж үзнэ.

 

8.   Нэхэмжлэгч нь хариуцагчийн зээлийн хүүд 5 700 000 төгрөг төлснөөс өөрөөр огт төлөлт хийгээгүй гэж тайлбарлаж байх бөгөөд хариуцагч уг тайлбарыг үгүйсгэн, няцаасан тайлбар, баримтыг ирүүлээгүй тул нэхэмжлэгчийн тайлбарыг шүүх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хариуцагч Ж.Г үндсэн зээл 44 175 000 төгрөг, гэрээгээр тохирсон хугацааны хүү 17 228 250 /нэг сарын хүү 5 742 750 х 3 сар/, нийт 61 403 250 төгрөг төлөхөөс түүний төлсөн гэх 5 700 0000 төгрөгийг хасч, 55 703 250 төгрөгийг гаргуулахаар шаардсан нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлтэй байна.

 

Иймд хариуцагч Ж.Гээс зээлийн гэрээний үүрэгт 55 703 250 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Ад олгож, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилан шийдвэрлэв.

 

Шүүх, хариуцагчид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчийн эдлэх эрх хүлээх үүргийг тайлбарласан боловч хариуцагч шүүхэд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй, зээлийн тооцоололтой маргаагүй. Мөн өдрийн шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т заасныг үндэслэн 2022.06.16-ны өдөр хариуцагчийн 99998478 дугаарын утсаар мэдэгдэж, шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүйгээс гарах үр дагаврыг тайлбарласан хэдий ч тэрээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, хүндэтгэн үзэх шалтгаан дурдсан баримт, хүсэлт ирүүлээгүй учир шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хэрэгт авагдсан баримтын хүрээнд хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

                                                ТОГТООХ нь:

 

1.   Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Ж.Гээс 55 703 250 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Ад олгосугай.

 

2.   Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 436 467 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Гээс улсын тэмдэгтийн хураамж 436 467 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ