Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 183/ШШ2022/02166

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 07 сарын 05 өдөр Дугаар 183/ШШ2022/02166 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 0 дүгээр хороо, 0-00 мянгат, 0-00 тоот хаягт байрлах, Х ХХК /РД:000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, 0 хэсэг, Ривер гарден 000 байр, 000 тоот хаягт оршин суух, Б овогт С-ийн З /РД:00000000/,

 

Хариуцагч: Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 00 хороолол, 000 байр, 0 тоот хаягт оршин суух, М ХХК /РД:000000/ нарт холбогдох

           

Зээлийн гэрээний үүрэгт 976 009 581 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, Б.Ц, хариуцагч М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г, хариуцагч С.З-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.С, нарийн бичгийн дарга Б.С нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлээ дэмжин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ....2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 000000000тоог зээл болон барьцааны гэрээг тус тус байгуулж зээлдэгч 3.З болон хамтран үүрэг гүйцэтгэгч М ХХК-д 1 000 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай М ХХК-ийн зэс молибдены төслийн санхүүжилтэд зарцуулах зориулалтаар хамтран үүрэг гүйцэтгэгч М ХХК-д 1 000 000 000 төгрөгийг олгосон бөгөөд барьцаанд Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Арын нуур-0 0000000000, 0000000000000 дугаар бүхий 000 ректар талбайтай Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн лиценз, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, 19 байр 5 тоот хаягт байрлах 00000000000 000000000 дугаартай 280 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалсан. Улмаар зээлдэгч нарын хүсэлтийн дагуу зээлийн төлөлтийн хугацааг хойшлуулсаар ирсэн бөгөөд зээлдэгч С.Згийн хүсэлтүүдээр барьцаа болон зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, талууд харилцан тохиролцсон. Зээлдэгч нь 2020 оны 8 дугаар сарын 31-нийг хүртэл үндсэн зээлийн төлбөрт 450 000 000 төгрөг, хүүд 376 027 571.55 төгрөг төлснөөс хойш өнөөдрийг хүртэл ямар нэгэн зээлийн эргэн төлөлт хийгээгүй бөгөөд бидний ажилд хүндрэл учруулж байна. Иймд 976 009 581 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

Хариуцагч С.Згийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Уг зээлийн гэрээний 1.1.7-д гэрээ хүчин төгөлдөр болох талаар зохицуулсан. Гэтэл С.З нь бэлэн болон бэлэн бусаар зээлийг авсан зүйл байхгүй. Аваагүй учраас Иргэний хуулийн 281.1-т заасны дагуу С.З нь зээлийн гэрээний үүргийг биелүүлэх үүрэг үүсэхгүй. Зээлийн гэрээнд заасан нэг тэрбум төгрөгийг С.Зд бус 2018.11.29-ний өдөр 500 сая төгрөгийг М ХХК-ийн Хаан банкны 0000000000 тоот дансанд, 2018.11.30-ны өдөр 500 сая төгрөгийг М ХХК-ийн Голомт банкны 0000000000 тоот дансанд тус тус шилжүүлсэн. Тиймээс С.З нь Х-аас зээл авсан гэж үзэхгүй бөгөөд Х-тай байгуулсан 2018.11.22-ны өдрийн 0000000 дугаар зээлийн гэрээний С.Зд холбогдох хэсэг хүчингүй, хүчин төгөлдөр бус бөгөөд барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцлийг үндэслэн хийсэн хүчин төгөлдөр бус гэрээ болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй... гэв.

 

Хариуцагч М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2018.11.22-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, зээлийн гэрээний гол нөхцөл 1 тэрбум төгрөгийг 5 хувийн хүүтэй зээлсэн. Зээлийн гэрээний үүрэг хэрэгжих явцад зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт орсон талаар М ХХК мэдээгүй. Гэрээний нөхцөлд өөрчлөлт орж байгаа тохиолдолд бүх талууд байлцах ёстой. Гэтэл М ХХК-г оролцуулахгүйгээр хийсний үр дагаварт 300 сая төгрөгийг илүү төлсөн байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ тодорхойлох үүргийн хүрээнд аль хүүгээр бодоод мөнгө шаардаад байгаа нь ойлгомжгүй, мэтгэлцэх боломжгүй байна. Мөн 2020.03.23-ны өдрийн нэмэлт өөрчлөлт оруулах зээлийн гэрээнд хугацааг 2022.06.30-ны өдөр төлөхөөр өөрчлөлт орсон байдаг. Гэтэл шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргахад гэрээний үүргийн гүйцэтгэл дуусаагүй байсан. Иргэний хуулийн 208.4-т зааснаар хугацаанаас нь өмнө үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхгүй гэж зааснаар хуулийг зөрчиж нэхэмжлэл гаргасан учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

 

Хариуцагч С.Згийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...С.З нь Х-тай 2018.11.22-ны өдрийн 0000000 дугаар зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр орохоор М ХХК-ийн хамт гэрээ байгуулсан бөгөөд тус зээлийн гэрээний үндсэн зээлдэгч нь М ХХК болно. Гэтэл зээлийн гэрээнд С.Зг үндсэн зээлдэгч гэж үзэж гэрээ байгуулсныг нэхэмжлэл гаргах үед л мэдсэн. Тухайн үед хамтран зээлдэгчээр гэрээнд оруулж байгаа зээлийг М ХХК авсан бөгөөд хөрөнгөө барьцаалуулахыг хүлээн зөвшөөрөөд орсон, харин үндсэн зээлдэгчээр орох сонирхолгүй байсан. Тус зээлийн гэрээний зүйлийг С.Зд бэлэн болон бусаар шилжүүлсэн зүйл байхгүй. М ХХК-ийн дансанд 2 удаагийн орлогоор орсон, үндсэн зээлдэгч нь М ХХК. Иймд С.Зг зээл авсан гэж үзэхгүй ба Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 59.3-д заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байгаа, хүчин төгөлдөр бус хэлцлийг үндэслэж хийсэн барьцааны гэрээ ч хүчин төгөлдөр бус байх үндэстэй байна. Иймд Х болон С.З, М ХХК нарын хооронд байгуулагдсан 2018.11.22-ны өдрийн 0000000 дугаар зээлийн гэрээний С.Зд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулж, Х болон С.З нарын хооронд байгуулагдсан 2020.01.15-ны өдрийн 0000000-1 дугаар барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж өгнө үү... гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд ирүүлсэн сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар ноцтой төөрөгдөлд орсны улмаас гэрээ байгуулсан гэж тайлбарлаж сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй. Учир нь С.З нь манай байгууллагаас 2018.11.22-ны өдөр 0000000 тоот зээлийн гэрээ байгуулан 1 тэрбум төгрөгийн зээл авахад анхнаасаа зээлийн гэрээний үндсэн зээлдэгч гэдгээ мэдэж байсан бөгөөд зээлийн гэрээнд гарын үсэг зурж, зээлийн гэрээний төлөлтүүдийг төлж, барьцаа хөрөнгийг солих болон гэрээний хүү, хугацаа өөрчлөх хүсэлтүүдийг гаргаж ирсэн. Тухайн үед зээл авахдаа хамтран зээлдэгчийн данс руу шилжүүлж авъя, учир нь би зэс молибдены төслийн санхүүжилтэд зориулж авч байгаа гээд зээлийг авсан учир сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

 

Хариуцагч М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: ...Сөрөг нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 2 гэрээ нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40, 42, 43-т заасан хуулийн заалтуудыг хангасан гэж үзэж байна. Иргэний хуулийн 242 дугаар зүйлд заасан хамтран үүрэг гүйцэтгэгчийн талаар зохицуулсан үүрэг гүйцэтгэгчийн хувиар оролцсон. Иргэний хуулийн 56.1-т зааснаар төөрөгдөлд орсон гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. 2018.11.29-ний өдөр С.З нь өөрөө хүсэлт өгсний дагуу зээлийн гэрээний хүүд өөрчлөлт оруулсан байдлыг харахад 56-д заасан хуулийн нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иймд зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах хууль зүйн үндэслэлгүй байна... гэв.

 

Нэхэмжлэгчээс 2018.11.22-ны өдрийн 0000000 дугаартай зээлийн болон барьцааны гэрээ, түүний хүүг буцаан төлөх хуваарь, барьцаа хөрөнгийн жагсаалт, Хаан банк, Худалдаа хөгжлийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт, 2020.01.15-ны өдрийн 0000000-1 дугаартай барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, 2020.01.15-ны өдөр С.Згоос Х-д гаргасан хүсэлт, 2018.11.29-ны өдрийн 0000000-1 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, буцаан төлөх хуваарь, 2018.12.04-ны өдөр С.Згийн гаргасан хүсэлт, 2019.11.23-ны өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, зээл хүү буцаан төлөх хуваарь, 2019.11.23-ны өдрийн 01/42 дугаар албан бичгээр М ХХК-иас Х гаргасан хүсэлт, 2019.11.18-ны өдөр С.Згоос гаргасан хүсэлт, 2020.03.23-ны өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, М ХХК-иас 2020.08.31-ны өдөр 01/36 тоот, 2021.10.29, 2020.04.10-ны өдрийн албан тоотоор гаргасан хүсэлт, 2021.03.23-ны өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, зээл хүү буцаан төлөх хуваарь, С.Згоос зээлийн гэрээний хугацаа сунгуулах тухай 2021.11.23-ны өдөр гаргасан хүсэлт, М ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, Т.Галбадрах, С.З нараас Ю.Батбаярт 2020.01.14-ний өдөр олгосон итгэмжлэл, Эрхийн улсын бүртгэлийн Ү-000000000дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11-р хороо, Ривер гарден хотхон Их монгол гудамж 307 байр, 701 тоот, 395,5 м.кв талбай бүхий орон сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийн 10889А дугаар гэрчилгээ, хавсралтын хамт, 2021.11.19-ний өдрийн 01/46 дугаар М ХХК-ийн хүсэлт, Ашигт малтмал, газрын тосны газрын 2018.11.28-ны өдрийн 7/7998 дугаар албан бичиг, нэхэмжлэгч хуулийн этгээдийн улсын бүртгэлийн болон тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, компанийн дүрэм, Голомт банк, Хаан банкны дансны хуулга, эдгээр баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

Хариуцагч М ХХК-иас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг баримтаар өгсөн бөгөөд хариуцагч С.Згоос шүүхэд баримт гаргаагүй байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...зээлдэгч С.З болон М ХХК нараас зээлийн гэрээний үүрэг үндсэн зээл 550 000 000 төгрөг, зээлийн хүү 359 169 651 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 70 818 264 төгрөг, нийт 979 987 915 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна... гэж тайлбарлав.

 

3. Хариуцагч М ХХК нь ...зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулахдаа гэрээний нэг талд мэдэгдээгүй. Гэрээний хугацаа дуусаагүй байхад шүүхэд нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй... гэж, хариуцагч С.З ...зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг хүлээн аваагүй тул зээл төлөх үүрэг үүсэхгүй... гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргав.

 

4. Хариуцагч С.З ...зээлийн гэрээ байгуулах хүсэл зоригийн хувьд төөрөгдөж байгуулсан тул зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус, хүчин төгөлдөр бус хэлцийн үндсэн дээр байгуулсан барьцааны гэрээ мөн хүчин төгөлдөр бус тул зээлийн гэрээний өөрт холбогдох хэсэг болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулна... гэж сөрөг нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэгч болох хариуцагч М ХХК эс зөвшөөрч маргасан.

 

5. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдов. Үүнд:

 

5.1. Зээлдүүлэгч Х ХХК нь зээлдэгч С.З, хамтран зээлдэгч М ХХК нартай 2018 оны 11 сарын 22-ны өдөр 0000000 дугаар зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 1 000 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлийн хүү, үндсэн зээлийг хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлөөр шилжүүлэх, зээлдэгч С.З, М ХХК нар нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, хүүг төлөхөөр харилцан тохиролцсон байна. /хх-9-10/

 

Улмаар дээрх зээлийн гэрээний нөхцөлд 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр өөрчлөлт оруулан зээлийн хүүг сарын 2,5 хувь болгон, 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр зээлийн гэрээний хугацааг 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүртэл сунгаж, зээлийн хүүг сарын 3,5 хувь болгон, 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр гэрээний хугацааг 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүртэл сунган, зээлийн хүүг сарын 3 хувь болгон, 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдөр гэрээний хугацааг 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл сунган, сарын хүүг 3 хувь гэж тус тус өөрчлөлт оруулжээ. /хх-17, 20, 24, 26/

 

5.2. Талууд зээлийн гэрээний үүрэгт Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Арын нуур-1 0000000000, 0000000000000 дугаар бүхий 227 ректар талбайтай Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн лиценз, Эрхий улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, 19 байр 5 тоот хаягт байрлах 280 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус зээлийн барьцаанд бариулжээ. Улмаар 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр барьцааны гэрээнд өөрчлөлт оруулан Эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, 00 байр 0 тоот хаягт байрлах 280 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлж, Эрхийн улсын бүртгэлийн Ү-000000000 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11-р хороо, Ривер гарден хотхон Их монгол гудамж 000 байр, 000 тоот, 395,5 м.кв талбай бүхий орон сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн гэрээний үүрэгт барьцаалжээ. /хх-11, 15/

 

5.3. Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 41 дүгээр зүйлийн 41.2-т ...Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйг хэлцэл гэнэ. Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болдог. Хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл бусад нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана. гэж заасан.

 

Хэрэгт хариуцагч С.Згоос нэхэмжлэгч Х ХХК-д 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр ...зээлийн хүүг сарын 2,5 хувь болгон өөрчлөн нэмэлт гэрээ хийж өгнө үү... гэх 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ...зээлийн гэрээ байгуулсан болохоо дурдан, барьцааны гэрээнд өөрчлөлт оруулж өгөхийг..., 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр ...гэрээ байгуулсан, үндсэн зээлийн 40 хувийг төлсөн байгаа болохоо дурдан, зээлийн гэрээний хугацааг 6 сараар сунгах хүсэлтийг..., 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр ...гэрээний хугацааг 2022 оны 07 сарын 01-ний хүртэл сунгаж өгөхийг... тус тус хүсч, хүсэл зоригоо илэрхийлсэн байгаагаас үзэхэд хариуцагчийг хэлцэл хийхдээ хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрөн хийсэн буюу ноцтой төөрөгдсөн гэх тайлбар үгүйсгэгдэж байна. /хх-ийн 16, 19, 23, 29/

 

Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.2.1-т зааснаар хэлцэл хийгч этгээд хэлцэл хийхдээ хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрөн хийсэн тохиолдолд ноцтой төөрөгдсөн гэж үзэх бөгөөд ноцтой төөрөгдлийн үндсэн дээр хүсэл зоригоо илэрхийлэн хийсэн хэлцлийг шүүх хүчин төгөлдөр бус гэж тооцож болдог. Түүнчлэн мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар аливаа хэлцэл нь хуульд заасан хэлбэрээр хийгдсэн байхыг шаардах бөгөөд талуудын байгуулсан гэрээнд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-56.1.10 дахь хэсэгт заасан нөхцөл байдлууд тогтоогдож байвал аливаа хэлцэл хүчин төгөлдөр бус байдаг.

 

Иргэний хуулийн 189 дугаар зүйлийн 189.1-д гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулж, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасан бөгөөд талуудын хооронд байгуулагдсан зээл болон барьцааны гэрээ, тэдгээрийн өөрчлөлтүүд нь талуудын зарчимд нийцсэн, хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч С.Згийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

5.4. Зээлийн болон барьцааны гэрээг талууд бичгээр байгуулж, гарын үсэг зурж, улсын бүртгэлд бүртгүүлсэн тул шүүх эдгээр гэрээг Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 156 дугаар зүйлийн 156.1, 451 дүгээр зүйлийн 451.2-т заасан шаардлага хангасан, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т нийцсэн хүчин төгөлдөр гэрээнүүд гэж дүгнэв.

 

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээнд заасан үүргээ зээлдэгч, зээлдүүлэгч, барьцаалагч, барьцаалуулагч биелүүлэх үүрэгтэй. Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь гэрээний зүйлийг зээлдэгчид шилжүүлэн өгөх, зээлдэгч нь хүлээн авсан үндсэн зээл, түүний хүүг гэрээнд заасан хугацаанд төлөх, хэрэв гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг тус тус хүлээнэ.

 

5.5. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг зээлдэгч М ХХК-ийн дансанд шилжүүлсэн нь Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-т үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээнд заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө гэж заасантай нийцэх тул нэхэмжлэгчийг гэрээнд заасан үүргээ биелүүлсэн гэж үзнэ.

 

Хариуцагч С.З ...зээлийн гэрээнд заасан нэг тэрбум төгрөгийг надад бус М ХХК-д шилжүүлсэн тул төлөх үүрэг хүлээхгүй... гэх татгалзал үндэслэлгүй, тэрээр зээлийн гэрээний үүргээс зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлж гэрээний үүргээ биелүүлж байсан нь нэхэмжлэгчийн дансны хуулгаар тогтоогдож байна.

 

5.6. Нэхэмжлэгч Х ХХК, хариуцагч С.З, М ХХК нарын байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр дуусахаар байсан хэдий ч зээлдэгч нар нь зээл, түүний хүүг сар бүр буцаан төлөх үүргээ зөрчсөн буюу гэрээний хугацаанд үндсэн зээлд 450 000 000 төгрөг, зээлийн хүүд 376 027 571 төгрөгийг төлсөн. 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс хойш огт төлөлт хийгээгүй нь гэрээний 4.1.1-д зааснаар зээлдүүлэгч өөрийн санаачилгаар тухайн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэл болох бөгөөд энэ нь гэрээний үүргийн гүйцэтгэлийг ч шаардах эрхийн үндэслэл болох тул хариуцагч М ХХК-ийн ...гэрээний хугацаа дуусаагүй байхад нэхэмжлэгч шүүхэд хандаж, хугацаанаас өмнө үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхгүй... гэх тайлбар үндэслэлгүй байна.

 

5.7. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т ...Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх, 452 дугаар зүйлийн 452.2-т Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэж заасан. Нэхэмжлэгч талуудын хүүгийн хэмжээнд өөрчлөлт оруулсан тохиролцооны дагуу хүүг тооцсон тооцоолол үндэслэлтэй байна. Төлөөгүй хугацааны хүүд нэмэгдүүлсэн хүү тооцож нэхэмжилснийг буруутгах боломжгүй юм. Түүнчлэн нэхэмжлэгч нэг сарын хүүний 30 хувь болох 3 978 333 төгрөгийн хөнгөлөлтийг үзүүлжээ.

 

Хариуцагч нар нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзэх тул зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 550 000 000 төгрөг, зээлийн хүү 359 169 651 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 70 818 264 төгрөг, нийт 979 987 915 төгрөгөөс хүүгийн хөнгөлөлт гэх 3 978 333 төгрөгийг хасч үлдэх 976 009 581 төгрөгийг хариуцагч М ХХК болон С.З нараас гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д олгох нь зүйтэй.

 

5.8. Иргэний хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1-д Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах хугацаа болсон, эсхүл үүрэг гүйцэтгэгч үүргийг гүйцэтгэх эрхтэй болсон үеэс буюу хуульд заасан бусад тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах үүрэгтэй, 175 дугаар зүйлийн 175.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж тус тус заасан тул хариуцагч М ХХК болон С.З нар шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах зүйтэй.

 

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч М ХХК болон С.З нараас 976 009 581 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-д тус тус зааснаар хариуцагч М ХХК болон С.З нар шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Арын нуур-1 0000000000, 0000000000000 дугаар бүхий 227 ректар талбайтай Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн лиценз, Эрхий улсын бүртгэлийн Ү-000000000дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11-р хороо, Ривер гарден хотхон Их монгол гудамж 000 байр, 000 тоот, 395,5 м.кв талбай бүхий орон сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэл хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5 108 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М ХХК болон С.З нараас улсын тэмдэгтийн хураамж 5 108 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ