| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2021/03116/И |
| Дугаар | 102/ШШ2022/02610 |
| Огноо | 2022-07-18 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 102/ШШ2022/02610
|
|
Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Б дүүрэг, 0 дүгээр хороо, х гудамж , 0 дүгээр байрны 0 а тоотод оршин суух, У овогт Р-ийн А /РД:0000000/,
Нэхэмжлэгч: Б дүүрэг, 0 дүгээр хороо,х гудамж , 0 дүгээр байрны 00 тоотод оршин суух, Ш овогт Б-ийн Н /РД:000000/,
Нэхэмжлэгч: Б дүүрэг, 0 дүгээр хороо,х гудамж , 0 дүгээр байрны 0 тоотод оршин суух, У овогт Р-ийн А /РД:000000000/,
Нэхэмжлэгч: Б дүүрэг, 0 дүгээр хороо,х гудамж , 0 дүгээр байрны 8 тоотод оршин суух, Боржигин овогт Лхагважавын Бямбаа /РД:ЧП61042019/,
Нэхэмжлэгч: Б дүүрэг, 0 дүгээр хороо,х гудамж , 0 дүгээр байрны 5 тоотод оршин суух, С овогт Д-ийн Н /РД:000000000/ нарын нэхэмжлэлтэй.
Хариуцагч: Х дүүрэг, 0 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, 00 гудамж, 00 тоотод бүртгэлтэй, Б дүүрэг, 0 дүгээр хороо, хасбаатар 0 дүгээр гудамж, өөрийн байранд байрлах, М ХХК /РД:0000000/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууцны хороолол дотор амьтан байршуулдаг үйлчилгээг буюу нохойны өдөр өнжүүлэх, нохой сургалтын үйлчилгээ явуулахгүй байхыг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.А ,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э
Шүүх хуралдааны нарын бичгийн дарга Т.Энхболор нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Бидний хэсэг айл нь 1995 оноос Б дүүргийн 0 дүгээр хороо Хасбаатарын гудамжинд амины орон сууцыг барьж, ашиглалтад оруулан улмаар үр хүүхдүүдийн хамт амар тайван амьдран сууж ирсэн билээ. Манай амьдран суудаг хэсэг нь зүүн талдаа 100 метрт 000-р сургуультай, урд талдаа 50 метрт 000-р цэцэрлэгтэй, цаашилбал эргэн тойрондоо хүн ам олноор оршин суудаг СОТ-ын гэж нэрлэгдсэн орон сууцны хорооллын дунд байрладаг бөгөөд өндөр настан болон бага насны хүүхдүүд олноороо оршин суудаг болно. Өнгөрсөн 2020 оны зун хөрш айл байшингаа худалдсанаар Propet house нэртэй газар шинээр нүүн ирж олон нохой цуглуулан үйл ажиллагаа явуулдаг болсноор 25 жил амьдарсан, цаашид үргэлжлүүлэн амьдрах гэр орондоо урьдын адил амгалан тайван амьдрах нөхцөл маань бүрмөсөн алдагдаад даруй нэг жил болоод байна. Тус газрын үйл ажиллагаанаас болж:
- Байнга олон нохой цуглуулж тэднийг ихэнх цагт гадаа байлгаж, улмаар ноход өдөржин улилдаж, хуцалдсанаар орчин тойронд маш их их чимээ шуугиан гаргаж цонх онгойлгох ч аргагүй байна. Энэхүү Ковид-19 цар тахлын үед гэрээсээ ажиллаж, ихэнх цагийг гэртээ өнгөрүүлэх болсон үед болон амралтын өдрүүдээр ч гэртээ тайван унтаж, амрах нөхцөлгүй маш их дарамттай боллоо.
- Гэрийн хашаатай зэргэлдээ байшингийнхаа баруун талд нохойны бие засах газрыг байршуулж, хашсанаар нохойн өтгөн шингэн ялгадас дагтаршиж /өтгөнийг авч байгаа гэх боловч түүний шингэн хэсэг болон шээс тухайн цементээр бүрхсэн газарт шингэж/ ялгадасны үнэр бидний амьсгалдаг ойр орчны агаарыг маш их бохирдуулж амьдрахад үнэхээр хэцүү болоод байна. Мөн түүнээс ялгарах бидэнд мэдэгдэхгүй хорт бодисоос болж цонхоо нээж гэрийнхээ агаарыг ч сэлгэж чадахаа болилоо.
- Амьтад хашаа руу сарьдаг бөгөөд нохойн ялгадастай шороо чулуу нь айлын хашаа руу байнга орсноор хүүхдүүдээ урин дулаан цагт гэрийнхээ гадаа тоглуулах нь байтугай томчууд бид ч хэсэг хугацаанд гэрийнхээ гадаа агаарлах нөхцөл бололцоог алдагдуулж өвчин тусах эрсдэл үүсгэж байна.
- Олон амьтныг нэг дор цуглуулж хязгаарлагдмал талбайд бөөнөөр байлгах нь аливаа мал амьтны гоц халдварт болон халдварт өвчин гарах эрсдэл үүсгэхээс гадна бидний эрүүл мэндэд ч маш аюултайгаар нөлөөлөх нөхцөл бүрдээд байна.
- Энэхүү амины орон сууцны хорооллын инженерийн шугам сүлжээний хэсэг нь зөвхөн 6 айлын хэрэгцээнд л зориулагдсан харьцангуй дээр байрлалтай хийгдсэнийг бид өөрсдөө хийсэн учир сайн мэддэг юм. Өнгөрсөн намар энэ байгууллага ирснээс хойш бохирын шугам бөглөрсөн бөгөөд слесарь дуудаж бөглөөсийг гаргахад их хэмжээний нохойн үс гарч байсан бөгөөд энэ тохиолдол дахин давтагдах магадлалтай ба ингэснээр орон сууцууд руу бохир ус хальж эрүүл мэндийн хувьд бид эрсдэлд ороход ойрхон байна.
- Байршуулж буй амьтадын эзэд болон ойр хавийн хүүхдүүд хашаа руу зөвшөөрөлгүй орж тав тухыг маань алдагдуулж байна. Тухайн амьтадыг сонирхох хүүхдүүд шавалдах, хашаан дээр авирснаар хүүхдүүд гэмтэх эрсдэл ихтэй байна. 50 нас гарч яваа бидний хувьд дээрхээс үүдсэн стрессээс болж мэдрэлийн, зүрхний хямралт өвчин тусах, эрүүл мэндээрээ хохирох магадлалтай болоод байна. Мөн дээрх нөхцөл байдал нь Монгол улсын доорх хууль. журмуудыг зөрчиж байна гэж үзэж байна. Үүнд:
1. Монгол улсын Үндсэн хуулийн 16-р зүйлийн 2-т заасан "Монгол улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй ,
2. Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 7-р зүйлийн 3.5-т заасан хот, суурин газрын нутаг дэвсгэрт мал, амьтан маллаж байгаа иргэн, хуулийн этгээд Эрүүл ахуйн тухай хуулийн 20.1.8-д заасан үүрэг хүлээх,
3. Эрүүл ахуйн тухай хуулийн 20-р зүйлийн 1.8-т заасан "нийтийн эзэмшлийн болон үйлчилгээний газар. орон сууцны орчныг нус, шүлс. цэр. тамхины иш. гэрийн тэжээвэр амьтны ялгадсаар бохирдуулах, зориулалтын бус газарт бие засах, хог хаягдлыг ил задгай хаях, шатаах
4. Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын Хот суурин газрын нутаг дэвсгэрт мал, амьтан, тэдгээрийн гаралтай хүнсний бус түүхий эдийн худалдаа эрхлэхэд тавигдах мал эмнэлэг, ариун цэврийн шаардлага нэр бүхий 2019 оны А/08 дугаар тушаалын хоёрдугаар хавсралт,
2.1. Хот суурин газрын нутаг дэвсгэрт хүн амын хүнсний хэрэгцээнд зориулан малыг худалдаалах түр цэгээр нийтэд зориулж худалдаална. Түр цэг нь дараахь шаардлагыг хангасан байна. Үүнд:
2.1.1. Усны эх булаг, хүн амын суурьшмал бүс болон томор зам, хот хоорондын чанартай авто замаас зайдуу, хорио цээрийн арга хэмжээ хэрэгжүүлэхэд тохиромжтой газарт байгуулна. 3.2. Нохой. муур болон бусад жижиг амьтан худалдаалах зориулалтын дэлгүүрийн байр нь худалдаа үйлчилгээний газар, сургууль, цэцэрлэг, албан байгууллага, нийтийн орон сууцнаас тусдаа байна. 3.8. Нохой, муур болон бусад жижиг амьтан худалдаалах зориулалтын дэлгүүр ажиллуулах иргэн, хуулийн этгээд нь мал эмнэлэг, ариун цэвэр, хорио цээрийн шаардлага хангасан эсэх талаар Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасан дүгнэлт гаргуулсан байна.
5.Тус М ХХК нь үндсэн эрхлэх үйл ажиллагааны чиглэл дээр байхгүй үйл ажиллагааг эрхэлж байгаа нь Монгол улсын компанийн тухай хуулийн 8-р зүйлийг зөрчиж байна.
Бидний зүгээс тус байгууллагыг ажиллуулагчдад шаардлага тавихад амьтан салхилуулж байна гэсэн тайлбар тавьдаг бөгөөд энэхүү тохиолдолд хүний амьдралыг амьтнаас илүүд үзэх ёстой л гэж бодож байна. Мөн Б дүүргийн Мэргэжлийн хяналт, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газруудад хандсан боловч манай асуудал шийдэгдэхээр хэмжээний хариу гарахгүй байна.
Түүнчлэн хэрвээ амгалан тайван байдлыг чинь алдагдуулж байгаа бол цагдаад ханд гэсэн зааврыг утсаар өгсөн бөгөөд тэр дагуу 102-т дуудлага өгөхөд цагдаагийн албан хаагч ирж шалгасан боловч нохойны дуу чимээг намсгах арга хэмжээ авах арга байхгүй, бидний ажлын үүрэг хариуцлагын хүрээнд багтахгүй, цагдаагийн шийдэх асуудал биш байна гэсэн хариу өгсөн болно. Иймд бид Эрүүл ахуйн тухай хуулийн 21-р зүйлийн 1-т заасан "Эрүүл ахуйн тухай хууль тогтоомж зөрчигдсөний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учирсан гэж үзвэл иргэн, хуулийн этгээд гомдлоо холбогдох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд гаргаж болно гэж заасны дагуу энэхүү гомдлыг гаргаж байгааг минь хүлээн авч тухайн М ХХК-ний үйл ажиллагааны чиглэлд нь байхгүй амьтан байршуулах үйл ажиллагааг хүн ам олноор оршин суудаг орон сууцны хороолол дотор эрхэлж байгааг зогсоон иргэд бидний эрүүл энх, амгалан тайван амьдрах эрхийг хангуулах тал дээрх асуудлыг шийдэж өгнө үү гэв.
2.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
М ХХК 2020 оны 04 дүгээр сараас эхлэн Орон сууцны хороолол дотор амьтан байршуулдаг үйлчилгээг буюу нохойны өдөр өнжүүлэх, нохой сургалтын үйлчилгээг явуулж байгаа бөгөөд энэхүү үйл ажиллагаанд мэргэжлийн хяналтын байгууллага ирж үзлэг шалгалтыг хийсэн. Манай байгууллага нь тус үйл ажиллагааг өглөө 9 цагаас эхлэн явуулдаг бөгөөд өдөрт нохойнуудаа 3 удаа гаргаж салхилуулдаг. Нэхэмжлэгчийн ярьж байгаа шиг их дуу чимээ гаргадаггүй ба нохойны ялгадсыг тусгай зориулалтын газарт гаргуулан, хогны болон мал эмнэлгийн байгууллагатай хамтран ажиллаж, ариутгал цэвэрлэгээг байнга хийдэг. Манай байгууллагын энэхүү үйл ажиллагаа нь тусгай зөвшөөрөл шаардах үйл ажиллагааны төрөлд хамаардаггүй бөгөөд өөрийн өмчлөлийн үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг тусгайлан бэлтгэж үйл ажиллагаагаа явуулж байна. Манай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн талаар хэрэгт ямар нэгэн баримт байхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
4. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-5/, иргэний үнэмлэхийн нотариатаар батлуулсан хуулбар /хх-6/, гэрэл зураг /хх-7-10/, тодорхойлолт /хх-11/, өргөдлийн шийдвэрлэлт /хх-12-16/, Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж /хх-17-18/, гэрэл зураг /хх-34-35/, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа /хх-139/,Нийслэлийн Б дүүргийн 0 дүгээр хорооны засаг даргын тодорхойлолт /хх-140-142/, Хот суурин газрын нутаг дэвсгэрт мал, амьтан, тэдгээрийн гаралтай хүнсний бус түүхий эдийн худалдаа эрхлэхэд тавигдах мал эмнэлэг, ариун цэврийн шаардлага /хх-212-216/, Монгол улсын үндсэн хууль /217-220/, Б дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хариу албан бичиг /2хх-1/ зэргийг нотлох баримтаар өгсөн байна.
4. Хариуцагч талаас улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар /хх-23/, П хаус нохойн өдөр өнжүүлэх, сургалтын төвийн үйл ажиллагааны танилцуулга /хх-39/, гэрэл зураг /40-88/, Б дүүргийн газар зохион байгуулалтын албаны газрын зураг /хх-89/, улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар /хх-90/, Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар /хх-91/, иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ /хх-92/, иргэний үнэмлэхийн нотариатаар батлуулсан хуулбар /хх-93/, Хог хаягдал тээвэрлэх, хураамж төлүүлэх гэрээ /хх-94-97/, хамтран ажиллах гэрээ /хх-98-99/, Хортог шавьж, мэргэгч устгал, халдаргүйжүүлэлтийн үйлчилгээ үзүүлэх гэрээ /хх-100-103/, шалгалт хийсэн тухай тэмдэглэл /хх-104/, ажил үйлчилгээний гүйцэтгэлийн акт /хх-105-107/, зээлийн гэрээ /хх-108-110/, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх-111/, Батлан даалтын гэрээ /хх-112-113/, барьцааны гэрээ /хх-114-115/, гэрэл зураг /хх-150-158/, П хаус төвийн ойр орчимд оршин суугчдаас авах судалгаа /хх-159-207/, улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар /хх-250/, Хамтран ажиллах гэрээ /2хх-2-4/, шалгалт хийсэн тухай тэмдэглэл /хх-5/ зэргийг нотлох баримтаар өгсөн байна.
5. Шүүх хариуцагчийн хүсэлтээр Нийслэлийн мал эмнэлгийн газрыг шинжээчээр томилж гаргуулсан шинжээчийн дүгнэлт /хх-241-244/-ийг нотлох баримтаар цуглуулсан байна.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Р.А нар нь хариуцагч М ХХК-д холбогдуулан Орон сууцны хороолол дотор амьтан байршуулдаг үйлчилгээг буюу нохойны өдөр өнжүүлэх, нохой сургалтын үйлчилгээ явуулахгүй байхыг даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... хариуцагч М ХХК нь Б дүүргийн 0 дүгээр хороо Хасбаатарын гудамжинд нэхэмжлэгч нарын амьдардаг амины орон сууцны дэргэд нохойны өдөр өнжүүлэх, нохой сургалтын үйлчилгээг эрхлэн явуулж байгаа бөгөөд нохойны өдөр тутмын дуу чимээ их, орчны бохирдол их болсноос нэхэмжлэгч нарын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, Монгол улсын Үндсэн хуульд заасан эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх, өөрийн өмчлөлийн орон сууцандаа тав тухай байх эрх зөрчигдөж байна гэж тайлбарлаж байна.
3. Хариуцагч М ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байх ба үндэслэлээ ...2020 оны 02 дугаар сараас эхлэн тус үйл ажиллагааг явуулж байгаа бөгөөд өглөөний 9 цагаас буюу өдрийн цагаар үйл ажиллагаа явуулдаг, өдөрт 3 удаа бүх нохойнуудаа салхилуулдаг бөгөөд нохойны ялгадас хашаанаас гадагшаа гардаггүй, нохойны дуу чимээ их биш байдаг. Нохойн өдөр өнжүүлэх, нохой сургалтын үйлчилгээг хуулиар хориглоогүй бөгөөд өөрийн эзэмшлийн, үйлчилгээний зориулалттай газарт үйл ажиллагаа явуулдаг, нэхэмжлэгч нарын эрх зөрчигдсөн гэх байдал тогтоогдоогүй гэх агуулгаар тайлбарлаж байна.
4. Хэрэгт авагдсан бичгийн баримт болон зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд.
4.1 Хариуцагч М ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох Ц.Цэнгэл нь эрхийн улсын бүртгэлийн Ү-2205019164 дугаарт бүртгэлтэй, Б дүүргийн 0 дүгээр хороо, Хасбаатарын гудамж 01 хаягт байршилтай 617 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийг өмчилдөг байх бөгөөд уг газарт хариуцагч нь 2020 оны 02 дугаар сараас эхлэн, нохойны өдөр өнжүүлэх, нохой сургалтын үйлчилгээг эрхлэн явуулсан байна.
4.2 Хариуцагч байгууллага нь 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр тэжээвэр амьтны сэлбэг хэрэгсэл, хоол тэжээлийн худалдаа, амьтны дэлгүүр эрхлэх үйл ажиллагааны чиглэлийг, 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр тэжээвэр амьтныг тэжээх, үс арьсыг арчлах, эзнийг нь эзгүйд асрах, сургах үйл ажиллагааны чиглэлийг тус тус улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.
4.3 Хариуцагч байгууллага нь байгаа нохойны өдөр өнжүүлэх, нохой сургалтын үйлчилгээг эрхлэн явуулахдаа Б шинэ өргөө ОНӨААТҮГ-тай Хог хаягдад тээвэрлэх, хураамж төвлөрүүлэх гэрээг, ОООО Н ХХК-ийн Ж мал эмнэлэгтэй хамтран ажиллах гэрээ тус тус байгуулан ажиллаж байх бөгөөд тус газар 2021 оны 00 дүгээр сарын 20-ны өдөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийж, 00000000 дугаартай тэмдэглэлийг үйлджээ.
4.4 Нэхэмжлэгч Р.А нь хариуцагч байгууллагын дээрх үйл ажиллагаатай холбогдуулан Б дүүргийн Засаг дарга болон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт өргөдөл гомдол гаргаж байсан байх бөгөөд түүний дагуу холбогдох байгууллага шалгалт хийж, цэвэрлэгээ ариутгалыг сайн хийх хугацаатай үүрэг даалгавар өгч ажиллажээ.
5. Хариуцагч байгууллагын эрхэлж байгаа энэхүү үйл ажиллагаа нь тусгай зөвшөөрөл шаардах үйл ажиллагааны төрөлд хамаарахгүй байх бөгөөд тус үйл ажиллагаанд хяналт тавих үүрэг бүхий төрийн байгууллага байхгүй байна.
Шүүхээс Мэргэжлийн хяналтын байгууллага, Мал эмнэлгийн газар, Хүний эрхийн үндэсний комисс зэрэг байгууллагыг шинжээчээр томилсон боловч нохойны өдөр өнжүүлэх, нохой сургалтын үйлчилгээний чиглэлээр дүгнэлт гаргах эрхгүй гэх хариуг ирүүлсэн.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь өөрийн шаардлага болон татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй тул нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй.
Нэхэмжлэгч нар нь ...хариуцагч байгууллагын үйл ажиллагааны улмаас Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байна гэх үндэслэлээ хэрэгт авагдсан фото зургууд, үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг баримтаар нотлогдоно гэж тайлбарлаж байна.
Иргэний хуулийн 0 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт зааснаар Иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой байдаг.
Хэрэгт авагдсан фото зураг, үзлэг хийсэн тэмдэглэл болон зохигчийн тайлбар болон бусад баримтаар хариуцагч байгууллагыг нэхэмжлэгч нарын амьдарч байгаа орон сууцны хөрш зэргэлдээ газарт нохойны өдөр өнжүүлэх, нохой сургалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, тус газар олон тооны нохой байдаг болох нь нотлогдож байх бөгөөд харин хариуцагчийн уг үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч нарын эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөн болох нь нотлогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй буюу хариуцагч байгууллагын үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч нарын эрх зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй байна гэж үзэв.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нарын хариуцагчид холбогдуулан гаргасан орон сууцны хороолол дотор амьтан байршуулдаг үйлчилгээг буюу нохойны өдөр өнжүүлэх, нохой сургалтын үйлчилгээ явуулахгүй байхыг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон:
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 0 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М ХХК-д холбогдох орон сууцны хороолол дотор амьтан байршуулдаг үйлчилгээг буюу нохойны өдөр өнжүүлэх, нохой сургалтын үйлчилгээ явуулахгүй байхыг даалгах тухай нэхэмжлэгч Р.А нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА