Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 40

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 Улсын яллагч Д.Нямдэлэг

 Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амартүвшин

 Нарийн бичгийн дарга Б.Урангоо  нар оролцов.

Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар Н.Алтанцоожид холбогдуулан яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201718000007  дугаартай  хэргийг хянан хэлэлцэв.

                 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

           Монгол улсын иргэн, Дархан-Уул аймгийн  Дархан суманд 1988 оны 07 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, Ам бүл 6 эцэг эх 2 дүү хүүхдийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сумын 5 дугаар баг Цагааннуурын 1-1 тоотод оршин суух, Эрхэлсэн тодорхой ажилгүй, Улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, Хаан боржигон овогт Зоригтын Алтанцоож ТИ88070719        

      

Холбогдсон хэргийн талаар:

            Шүүгдэгч З.Алтанцоож нь 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 1-р багт байрлах “Буян Арвижих” ХХК-ны хашаанд иргэн О.Баатархүүгийн зүүн дал тус газар хутгалж биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

 

Тодорхойлох нь:

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт доорх нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд

      Шүүгдэгч З.Алтанцоожийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “….2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Ерөө сумын 1 дүгээр багт байрлах халуун усны газарт Баатархүүтэй таарсан. Баатархүү надаас тамхи асуугаад би байхгүй гээд бид хоёр хамт дэлгүүр орж тамхи аваад баяр болж байгаа юм чинь гээд нэг шил архи авч голын эрэг дээр очиж уусан. Ингээд эргэж сумын төвд ирээд дахин архи уух зорилгоор манай захирлаас мөнгө гуйхад өгөөгүй, гэлэ Баатархүү захирал руу уурлаад мөнгө төгрөг өгсөнгүй гээд байхаар нь би чи яах гээд байгаа юм бэ боль гэсэн. Тэгтэл над руу чи өчнөөн сар ажилчихаад 20.000 төгрөг авчихаж чадахгүй гэж уурлаад гэдэс рүү цохиж хавирч унагаад дээр гарч хоолой шахаж боогоод байхаар нь халаасанд байсан үзүүртэй төмрөөр зүүн дал баруун суга руу нь хатгатал дээшээ өндийхөөр нь 2 дахин хатгасан. Ингэтэл босоод зугтаагаад явсан......” гэх мэдүүлэг

     Хохирогч О.Баатархүүгийн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 16 цагийн орчимд Ерөө сумын халуун ус ороход очёртой байсан ба халуун усны гадна хашаанд зогсож байхад Алтанцоож ирээд би тамхи асуухад тамхи байхгүй гээд тамхи авахаар дэлгүүр явсан юм. Дэлгүүр явах замд Алтанцоож надад хандан шинэ онд уулзаж байгаа юм байна ганц юм хуваагаад уучих уу, би дэлгүүрээс авъя гэхээр нь тэгье гэж хэлээд Алтанцоож дэлгүүрээс 0.75 гр Ерөөл архи авч гарч ирсэн ба урагшаа гол руу алхаад голын эрэг дээр сууж байгаад архиа хувааж уусан. Ууж дуусаад дахин ганц юм уух санаатай Дагвадорж дээр очоод би чи хүнийг цалингүй яахаараа 3 сар ажиллуулдаг юм бэ гэж хэлэхэд Алтанцоож Дагвадоржийг өмөөрөөд намайг бариад авахаар нь Алтанцоожийг цохиход намайг зөрүүлж цохиод бид 2 зууралдаж газарт унахад Алтанцоож намайг хатгасан юм. Миний доор орсон байхдаа доороос нэг зүйлээр хатгаад байсан. Би хатгуулаад зүүн бөөр хэсгээс цус гараад халуу дүүгэхээр нь Алтанцоожийн дээрээс босоход дахин хатгаад хатгах гээд дайраад байхаар нь тэр чигээрээ зугтсан юм. Хойноос Дагвадорж Алтанцоож нар хөөгөөд байсан ба тэр чигтээ гүйсээр байгаад Одгэрэл гэдэг эмчид биеэ үзүүлээд оёдол төвиулад эмнэлэг дээр хоноод өдөр нь аймаг руу явж эмнэлэгт үзүүлсэн. Эмч үзээд зураг авахад зүүн бөөр хэсэгт хатгуулсан шарх дотогшоо нэвтэрсэн шинжтэй байна гэсэн. Ингээд эмчилгээ бичиж өгөөд Ерөө сумын эмнэлэг рүү явуулсан ба одоо би хэвтэж эмчлүүлж байна. Тухайн үед ийм л зүйл болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-19 дүгээр тал/

     Гэрч Б.Дагвадоржийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр байсан юм.Би өөрийн ажил дээрээ мод зүсээд байж байхад оройны 17 цаг өнгөрч байх үед манай ажилчин Алтанцоож иргэн Баатархүүгийн хамт ажил дээр ирээд надтай уулзсан юм. Тухайн үед Алтанцоож надад хандаж 20.000 төгрөг өгөөч гэж асуухаар нь надад бэлэн мөнгө алга байна гэж хэлэхэд тамхины мөнгө байна уу 2000 төгрөг өгчих гэхээр нь надад ямар ч мөнгө алга байна гэж хэлэхэд за за гээд яваад өгсөн юм. Гэтэл Баатархүү над руу хүрч ирээд чи өчигдөр Отгоотой унтсан гэл үү гэж уурлангуй хэлэхээр нь чи юу яриад байгаа юм бэ хэл амаа бодож яриарай гэж хэлсэн. Ингээд би ажил руу орж мужаан Отог гэх ахын хамтаар мод зүсээд байж байхад Баатархүү орж ирээд чи муу яахаараа Алтанцоожийг хөөдөг юм бэ гэж над руу хашгирч чанга дуугаар хэлэхэд чамайг хөөсөн гэж Алтанцоож надад хэллээ гэхээр нь одоо Алтанцоож хаана байгаа юм гэж асуухад гадаа байна гэж хэлэхээр нь ажлын байрнаас гадагш Баатархүүтэй хамт гарахад гадаа Алтанцоож зогсож байсан. Би гараад Алтанцоожид хандаж би чамайг хөөгөөгүй шүү дээ чи юу яриад байгаа юм бэ гэж хэлэхэд Алтанцоож би тэгэж хэлээгүй шүү дээ гэж хэлэхэд Баатархүү Алтанцоожид хандан чи надад тэгэж хэлээ биздээ яагаад худлаа яриад байгаа юм бэ гэж уурлангуй хэлж байсан.....Алтанцоожийг зогсож байхад Баатархүү цээж рүү нь гараараа 4-5 удаа цохисон ба өөдөөс нь Алтанцоож хариу үйлдэл хийлгүй зогсож байхад заамдаж аваад хавираад Алтанцоожийг унагаасан ба Баатархүү дээр нь гараад багалзуурдаад байсан ба Алтанцоож доор нь орсон өөдөөс нь ноцолдоод байсан гадаа харанхуй болсон байсан учир сайтар харагдахгүй байсан. Би больцгоо хүүхнээс болж зодолдлоо гэж Баатархүүг татахад дийлдэхгүй байсан. Ингэж хоорондоо зодолдож байгаад Баатархүү Алтанцоожийн дээрээс нь босох үед Алтанцоож дагаж босч ирээд Баатархүүгийн мөр цээж хэсэгрүү гараа цохиж харагдсан ба Баатархүү цохиулаад тэр чигтээ зугтаад яваад өгсөн... Миний хувьд харанхуй байсан тул хутгаар хатгаж байгааг нь хараагүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 23-26 дугаар тал/

Гэрч Б.Зоригтын 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний хүү даруу төлөв зантай их дуугай томоотой хүүхэддээ яагаад ийм хэрэгт холбогдчихов гэж их гайхаж байна архи дарс уугаад байдаггүй юм гэтэл архи уугаад хэрэгт холбогдсон байна. Би хүүгээ их томоотой зөв хүмүүжилтэй өсгөсөн. Миний хүү Ерөө суманд монгол гэрийн мужаан цехид туслах ажилтнаар ажиллаад 1 жил орчим болж байна. Ерөө суманд ажиллаад ажлын байрандаа амьдарч байсан. Эхнэр бид хэд Дархан-Уул аймагт амьдраад хүүгээсээ хол байсан юм. Хэрэгт холбогдсоныг нь мэдээгүй одоо ингээд цагдаад байцаагдаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар тал/

      Гэрч Б.Энхжаргалын 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Алтанцоож нь миний төрсөн хүүхэд байгаа юм. Миний хүү зөөлөн сэтгэлтэй огцом хурц ааш байхгүй гэр бүл, найз нөхөд, төрөл садангийнхаа дунд нэр хүндтэй сайхан сэтгэлтэй юм. Манай хүүхэд 2012 онд хүнтэй сууж нэг хүүхэдтэй болсон юм. Тэгээд манай хүүгийн эхнэр нь 2016 оны 01 сард салаад гадаад яваад өгсөн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар тал/

            Гэрч Н.Отгонлхагвын 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр байсан юм. Би Сэлэнгэ аймгийн Ерөө сумын төвд халуун усны газар ажиллуулдаг юм. Манай ажлын байрны хажууханд гэрийн мод хийдэг Дагвадорж гэх хүний ажлын байр байдаг юм. Би халуун усны газартаа байх үед орой 18 цагийн үед гадагш гарах үед Дагвадорж, Алтанцоож нар манай руу ирж байгаа харагдсан ба над руу хүрч ирээд сая зодоон болоод Баатархүү зугтаад явчихлаа гэж гэж Дагвадорж надад хэлсэн ба Алтанцоож нилээн согтуу байсан Дагвадорж хэлэхдээ Баатархүү бид хоёрт томорч зодолдоод зугтаачихлаа гэж хэлсэн. Хэнтэй зодоон хийсэн талаар нь яриагүй. Ингээд Дагвадорж ажлын байрлуугаа явсан ба Алтанцоож надтай хамт халуун усны газарлуу орсон. Надад хэлэхдээ би сая Баатархүүг хатгачихлаа, надад хатгуулчихаад зугтчихлаа гэхээр нь хаашаа нь хатгасан юм гэсэн чинь гуя руу нь байхаа сайн мэдэхгүй байна гээд байсан нилээн согтолттой байсан. Надад ингэж хэлэхээр нь би худлаа яриад бай гэсэн чинь би худлаа яриагүй хатгачихсан гайгүй байгаа гээд санаа нь зовсон янзтай яриад байсан ба тухайн үед над руу сумын хэсгийн төлөөлөгч Эрдэнэбаяр залгаад танай наана чинь зодоон болсон юм уу Баатархүү хутгалуулчихсан эмнэлэг дээр ирсэн байна. Алтанцоож наана чинь байна уу гэж асуухаар нь байна аа гэж хэлэхэд одоо яваад очьё гэж хэлээд утсаа салгасан. Ингээд удалгүй ирээд Алтанцоожийг аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр тал/

            Гэрч Д.Отгонбаатарын 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 01 дүгээр сарын 01-ний оройны 18 цагийн үед байсан шиг санагдаж байна. Гадаа харанхуй болоод ажлын байрны гэрлийг асаасан шиг санагдаж байна. Ажлын байранд мод зүсээд харуулдаад байж байхад гаднаас Баатархүү гэх залуу ганцаараа архи уусан байдалтай орж ирээд чанга дуугаар орилж хашгираад байсан. Би тухайн үед мод хөрөөгөөр зүсээд чимээтэй байсан учир яг юу гэж хашгирсан, хэлсэн нь сонсогдоогүй ба Дагвадорж Баатархүү рүү явж очоод 2-лаа ажлын байрнаас гараад явсан. Гадаа гараад юу болсныг мэдэхгүй байна би гадагшаа ерөөсөө гараагүй шүү дээ дотор юм хийгээд байж байхад нь Баатархүү орж ирээд хашгираад байсан согтуу байдалтай харагдсан би ч нээх тоолгүй модоо хөрөөдөж байж байхад Дагвадорж ах очиж уулзаад гадагшаа гарсан юм. Удалгүй 5-10 минут орчмын дараагаар Дагвадорж ажлын байрлуу орж ирсэн ба гадна Баатархүү, Алтанцоож нар зодолдоод би салгалаа гэж ярьж байсан. Тухайн үед ийм л зүйл болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр тал/

            Гэрч Б.Одгэрэлийн 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Ерөө сумын эрүүл мэндийн төвд жижүүр эмчээр үүрэг гүйцэтгэж байсан. Ажлын байран дээрээ байхад оройны 19 цаг 20 минутын үед байх над руу эмнэлэгээс хутгалуулсан хүн цус алдсан байдалтай ирлээ гэсэн дуудлага ирсэн юм. Ингээд шууд эмнэлэг дээр яваад очиход Баатархүү гэх хүний зүүн хажуу хэсэгт буюу 9-10 дугаар хавирганы орчим нэвтэрсэн хавагдсан шархтай цус алдсан, зүүн дал хэсэгт буюу 3 см орчим хатгагдсан шархтай, баруун сугандаа 1 см хатгагдсан шархтай, баруун сугандаа 1 см орчим хатгагдсан шархтай , баруун 9-10 дугаар хавирганы хавьцаа 10-12 см орчим хөндлөн зүсэгдсэн өнгөц шархтай биедээ гэмтэл авсан ирсэн байсан. Уг хүний биед үзлэг хийгээд дээрх хатгагдсан нэвтэрсэн шархнуудад оёо тавьсан цэвэрлэгээ хийж өвчин намдаах тариа хийсэн, амин үзүүлэлтүүдийг нь үзсэн ингээд эмнэлэг дээр хонуулаад маргааш өглөө нь нэгдсэн эмнэлэг рүү үзүүл гэж бичиг хийж өгөөд явуулсан ба нэгдсэн эмнэлэгээс манайх руу буцаж явуулсан байсан ба одоогоор эмнэлэгт эмчилгээ хийлгэж хэвтэж байна. Биеийн байдал нь одоогоор сайжирсан хэвийн байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар тал/

Гэрч М.Бямбацогтын 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр үдээс хойш ирсэн санагдаад байна. Сэлэнгэ аймгийн Ерөө сумаас хутгалуулсан биедээ гэмтэлтэй гэсэн  О.Баатархүү гэх залуу, эмч Одгэрэлийн хамтаар ирсэн. Хүлээн авах яаралтай тусламжийн тасагт ирээд тухайн өдөр би жижүүр эмчээр үүрэг гүйцэтгэж байсан учир хүлээн авах яаралтай тусламжийн тасагт дуудагдаж тухайн хүний биед үзлэг хийхэд шархыг Ерөө сумын эмч нар оёсон, үзлэгээр амин үзүүлэлтүүд тогтвортой шарх цэвэр байсан. Цээжин тус газар болон хэвлий хэсэгт оёогдсон шархтай байсан учир рентгений Цогоо эмчийг дуудаж О.Баатархүүг рентгенд харуулахад цээжний зүүн талд синус хаалттай илт мэдэгдэх шингэн байгаагүй. Цогоо эмч үзээд дүгнэлтээ бичиж тэмдэглэсэн миний хувьд шарх оёогдсон өвчтөний биеийн байдал тогтвортой цээжний хөндийд хурсан шингэнгүй хэвлий тайван гялтан цочирлын шинж үгүй байсан тул эмчлэгч Одгэрэл гэх эмчид нь хүлээлгэн өгөөд явуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 37 дугаар тал/

Гэрч Д.Золжаргалын 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр байсан санагдаж байна. Энэ өдөр Ерөө сумын эмнэлэгт дуудлагын эмчээр ажиллаж байсан Одгэрэл О.Баатархүү гэгч биедээ гэмтэл авсан байдалтай эмнэлэгт ирснийг хүлээн авч хатгагдсан шархыг нь үзэж цэвэрлэгээ хийгээд оёдол тавьсан байсан. Баруун суга хэсэгт 2 оёдол тавьсан, зүүн талын хавирга цээжний түвшинд суганы урд шугамаар оёдол тавьсан байсан ба намайг дуудаж О.Баатархүүгийн шархыг харуулсан би харахад цус гарсан зүйлгүй оёдол тавигдаад боолт хийгдсэн байсан учир эмчдээ хандаж аймаг руу уг хүнийг авч яваарай гэж хэлээд явсан. Ингээд маргааш өдөр нь буюу 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр аймаг руу уг хүнийг үзүүлэхээр албаны машинтай явсан ба аймагт үзүүлэхэд эмч нар гайгүй байна гэж хэлээд Одгэрэл эмчид хүлээлгэн өгөөд буцаасан байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 38 дугаар тал/

      Шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн №18 дугаартай шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн актанд

1.О.Баатархүүгийн биед цээжний зүүн хэсэгт цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, хүзүүний зүүн хэсэг, цээжний баруун хэсэг, хэвлийн баруун хэсэг, зүүн дал, баруун бугуйнд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй....” гэх дүгнэлт /хх-ийн 43 дугаар тал/

Шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн №25 дугаартай шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн актанд:

1.Б.Дагвадоржийн биед гэмтэл тогтоогдсонгүй...гэх дүгнэлт /хх-ийн 47 дугаар тал/

Шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн №24 дугаартай шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн актанд:

1.З.Алтанцоожийн биед гэмтэл тогтоогдсонгүй... гэх дүгнэлт /хх-ийн 49 дүгээр тал/

            Шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн №27 дугаартай шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн актанд:

            1.О.Баатархүүгийн биед учирсан цээжний зүүн хэсгийн цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

            2.О.Баатархүүгийн биед учирсан хүзүүний зүүн хэсэг, цээжний баруун хэсэг, хэвлийн баруун доод хэсэг, зүүн дал, баруун бугуйд үүссэн шарх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            3.О.Баатархүүгийн биед үүссэн дээрх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

            4.О.Баатархүүгийн биед үүссэн дээрх гэмтлүүд ир үзүүртэй зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ.

            5.Асуултанд дурьдагдсан гар аргаар тусгайлан бэлтгэсэн 8.7 см урттай үзүүртэй төмрөөр үүсгэгдсэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 55 дугаар тал/

            Шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн №27 дугаартай шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн актанд:

            Шинжээчийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн №306 дугаартай хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлэгийн бүрэлдэхүүнтэй шинжээч нарын шинжилгээ:

            1.Урьд гаргасан шүүх эмнэлэгийн үзлэгийн №18, нэмэлт шинжилгээний №27 дугаартай дүгнэлт үндэслэлгүй байна.

            2.О.Баатархүүгийн биед хүзүү, цээжний баруун, зүүн хэсэг, зүүн дал, хэвлийн баруун хэсэг, баруун бугуйд шар, толгойн орой болон дагз, зүүн хацар шанаа хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ. Эдгээр гэмтэл нь тус тусдаа эрүүл мэндийг тү хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            3.Дээрх гэмтлүүдээс хүзүү, цээжний баруун, зүүн хэсэг, зүүн дал, хэвлийн баруун хэсэг, баруун бугуйн дахь шархнууд нь ир үзүүр бүхий зүйлийн, толгойн орой болон дагз, зүүн хацар шанаа хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ.

            4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

            5.2017-01-12-ны цээжний рентген гэрлийн шинжилгээний хариунд “...зүүн уушгины доод дэлбэнд наалдац бага зэрэг, шингэн үгүй” гэсэн байх ба наалдац нь уушги, гялтан хальсны өвчин эмгэг, гэмтлийн дараа үүсдэг хүндрэл бөгөөд архаг удаан явцтай учир нэг хоногийн хугацаанд цээжний хөндий рүү нэвтэрсэн шархны улмаас наалдац үүсэхгүй.

            6.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 1.11-д шинжилгээ хийх явцад нэмэлт шинжилгээ хийлгэх шаардлагатай бол төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг, төвөөр оношлогоо, шинжилгээ хийлгэж болох ба уг үзлэг, шинжилгээний тэмдэглэл, оношийг шинжилгээний бичиг баримтанд тусгана гэж заасан байна.

            7.Арьс, өөхөн эд, булчин, гялтан хальс гэмтэж цээжний хөндий гадаад орчинтой харьцахыг цээжний хөндий рүү нэвтэрсэн гэж үзнэ.

            8.О.Баатархүүгийн биед учирсан цээжний зүүн хэсгийн шарх нь цээжний хөндийд нэвтэрсэн гэсэн нь тогтоогдохгүй байна.

            9.О.Баатархүүгийн биед учирсан шархнууд нь ир үзүүртэй төмрөөр үүсгэгдэх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 107-108 дугаар тал/

            Шинжээчийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн №1081 дугаартай дүгнэлтэнд:

            1.Шинжилгээнд ирүүлсэн улаан өнгийн цамцанд 11мм, 65мм, 17мм, 11х20мм, 11мм ир үзүүртэй зүйлийн үйлчиллээр гарсан шинэ зүсэлтүүд гарсан байна.

            -богино ханцуйтай хар өнгийн цамцанд 9мм, 90мм, 9мм, 19мм, 20х14мм ир үзүүртэй зүйлийн үйлчиллээр гарсан шинэ зүсэлтүүд 25мм, 14мм, 20мм, 16мм татах чангаах хүчний үйлчиллийн улмаас гарсан шинэ ханзралтууд гарсан байна.

            2.Цамцнуудад гарсан зүсэлтүүд нь таван удаагийн үйлчиллээр гарсан байна.

            -Богино ханцуйтай хар өнгийн цамцанд гарсан ханзралтуудыг хэдэн удаагийн үйлчиллээр гаргсан болохыг тогтоох боломжгүй.

            3.Цамцнуудад гарсан зүсэлтүүд нь гар аргаар тусгайлан бэлтгэсэн гэх 8,7см-ийн ир үзүүртэй төмрөөр үүссэн эсэхийг тогтоох боломжгүй байна.

            4.Зүсэлтүүдийн ир мөр тодорхойгүй тул чиглэлийг тогтоох боломжгүй...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 111-114 дүгээр тал/

            Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 04-06 дугаар тал/

            Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 7-8 дугаар тал/

            Хохирогч О.Баатархүүгийн эмчилгээний зардалд гарсан баримт /хх-ийн 10-13 дугаар тал/

            Хохирогч О.Баатархүүгийн өвчний түүх /хх-ийн 59-68 дугаар тал/

            Сэлэнгэ аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газрын цаг агаарын тодорхойлолт /хх-ийн 84 дүгээр тал/

            Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 85 дугаар тал/

            Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 86 дугаар тал/

            Дархан-Уул аймгийн ерөнхий боловсролын гадаад хэл матметикийн гүнзгийрүүлсэн сургалттай 24-р сургуулийн тодорхойлолт /хх-ийн 88-89 дүгээр тал/

            Хохирогчийн дахин байцаасан тэмдэглэл /хх-ийн 123 дугаар тал/

            Шүүгдэгч З.Алтанцоожийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 74-78 дугаар тал/

            Шүүгдэгч З.Алтанцоожийн 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 80-82 дугаар тал/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи нотлох баримтуудыг дүгнэхэд

 

            Шүүгдэгч З.Алтанцоож нь 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 1-р багт байрлах “Буян Арвижих” ХХК-ны хашаанд иргэн О.Баатархүүгийн зүүн дал тус газар хутгалж биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдлоо.

             Үүнд Хохирогч О.Баатархүүгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд, гэрч Б.Дагвадоржийн /хх23-26/, Н.Отгонлхагвын /хх29/, Д.Отгонбаатарын /хх30-31/, Б.Одгэрэлийн /хх32-33/, М.Бямбацогтын /хх37/, Д.Золжаргалын /хх38/ мэдүүлгүүд болон шинжээчийн 27 тоот дүгнэлт /хх107-108/,  шинжээчийн 1081 тоот дүгнэлт /хх111-114/ зэрэг болно.               

             Шүүх дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлгийг үнэн зөв гэж үзэв.

            Учир нь уг хэрэгт хохирогчоор тогтоогдсон О.Баатархүүгийн мэдүүлэг нь тухайн үед байсан болон үзлэг хийсэн эмч нарын мэдүүлэг болон шинжээч эмч нарын дүгнэлтүүдээр нотлогдож байх ба энэ нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэгтэй тохирч байна.

            Иймд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

            Хохирогч О.Баатархүү нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн түүнээс нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй гэсэн мэдүүлэгт үндэслэн түүнийг бусдад төлөх төлбөргүйд тооцсон болно. 

             Шүүгдэгч З.Алтанцоож нь анх удаа хөнгөн төрлийн гэмт хэрэг үйлдсэн, уг хэргийн хохирогч О.Баатархүү нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн болох нь түүний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээр нотлогдож байна.

           Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 71-р зүйлийн 71.1-д  ...хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн гэм буруутай этгээд хохирогчтой сайн дураар эвлэрсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан бол түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно гэж заасныг журамлан шүүгдэгч З.Алтанцоожийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

          Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч согтуугаар гэмт хэрэг үйлдсэн учраас Эрүүгийн хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхгүй гэсэн тайлбар өгч байгаа боловч шүүгдэгч З.Алтанцоожийн согтуурлын хувь хэмжээг тогтоож ирүүлээгүй байна.

          Мөн Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлд эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх тухай заасан байх ба согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөлд чөлөөлөхгүй гэсэн хуулийн нарийвчилсан заалт байхгүй тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13-р зүйлийн 13.2-д заасныг баримтлан шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.  

          Шүүгдэгч З.Алтанцоож нь бусдад төлөх төлбөргүй,  цагдан хоригдсон хоноггүй, энэ хэргийн улмаас битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдав.

          Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 8,7 см урттай 0,9 см өргөнтэй, 03 см ажлын хэсгийн урттай хутга мэт зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар тогтов.

 

          Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248-р зүйлийн 248.1, 283, 284, 286, 290-р зүйлийн 290.3,  297,  298-р зүйлүүдэд заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь

 

1.Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4-р зүйлийн 4.1 д зааснаар Хаан боржигон овогт Зоригтын Алтанцоожийг мөн хуулийн тусгай ангийн 99-р зүйлийн 99.1-д заасан “бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт  гэм буруутайд  тооцсугай.

.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248-р зүйлийн 248.1.2-д зааснаар Хаан боржигон овогт Зоригтын Алтанцоожийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99-р зүйлийн 99.1-д заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, эрүүгийн 201718000007 тоот хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Шүүгдэгч З.Алтанцоож нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ гэмт хэргийн улмаас битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 8,7 см урттай 0,9 см өргөнтэй, 03 см ажлын хэсгийн урттай хутга мэт зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай. 

5.Шүүгдэгч З.Алтанцоожид урд авсан бусдын батлан даалтанд өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299-р зүйлийн 299.3-д зааснаар  шийтгэх тогтоол  танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 302-р зүйлийн 302.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бүрэн эхээр бичгээр үйлдэж шүүх хуралдааны оролцогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303-р зүйлийн 303.1, 304-р зүйлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл  тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар анхан шатны шүүхийн тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн, гомдол, эсэргүүцлийг хэргийн материалын хамт гомдлыг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх ба тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд авсан бусдын батлан даалтанд өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

 

                             ДАРГАЛАГЧ                                 Б.ЭРДЭНЭХИШИГ