Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2022/01978

 

 

 

 

 

2022 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2022/01978

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ... тоотод оршин суух, *** овогтой ***ын ***ийн /РД:***/ нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 хороо, өөрийн байр, ***т холбогдох,

***-ийн 2022.04.04-ний өдрийн *** дугаар үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, нарийн бичгийн дарга А.Урансайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгчөөс шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Тус шүүхийн шүүгчийн ***-ны өдрийн *** тоот захирамжаар надаас 54,087,627 төгрөгийг ***-д олгохоор шийдвэрлэсэн. Шүүгчийн захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж, үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан *** тоот хаягт байрлах улсын бүртгэлийн *** дугаартай, 290 м.кв талбай бүхий агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, 2022.03.04-ний өдрийн *** тогтоолоор хураасан. Түүний хүрээнд дээрх хөрөнгийн үнэлгээг төлбөр төлөгч, өмчлөгч би бичгээр өгсний дагуу хөрөнгийн үнэлгээний ***-иар үнэлгээ хийлгэн зах зээлийн ханшаас хэт доогуур буюу 127,545,485 төгрөгөөр үнэлэн албадан дуудлага худалдаанд оруулан худалдан борлуулах зорилго илэрхийлж байна. Хөрөнгийн үнэлгээ хийсэн *** нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7.1, 8.1 дэх заалтыг зөрчсөн хэрэглэх ёстой үнэлгээний арга, аргачлалыг хослуулан хэрэглээгүй зэрэг үйлдэл гаргасан тул Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу шинжээчийн үнэлсэн үнэлгээг би 2022.04.08ы өдөр хүлээн авсан ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.7-д заасны дагуу 2022.04.04-ний өдрийн ***-ийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Тус шүүхийн шүүгчийн *** дүгээр захирамжаар Д.***ээс 54,687,627 төгрөг гаргуулж, *** ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020.06.23-ны өдрийн *** дугаар тогтоолоор үүсгэн, 2020.08.19-ний өдрийн *** дугаар албан бичгээр үл хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн. Төлбөр төлөгчийн өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан *** тоотод байрлах эрхийн улсын *** дугаарт бүртгэлтэй 290 м.кв талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2020.09.30-ны өдрийн *** дугаар тогтоолоор битүүмжилж, 2022.03.04-ний өдрийн *** тоот тогтоолоор хураасан. Төлбөр төлөгч нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг 750,0 сая төгрөгөөр үнэлснийг төлбөр авагчид танилцуулахад шинжээч томилуулах хүсэлт ирүүлсэн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42, 55.2.2-т заасны дагуу 2022.03.22-ны өдрийн *** тоот тогтоолоор ***-ийг шинжээчээр томилон, барьцаа хөрөнгийн зах зээлийн үнийг 127.545.485 төгрөгөөр үнэлснийг 2022.04.04-ний өдрийн ***, 7133 тоот бичгээр талуудад мэдэгдэж тэмдэглэлээр баталгаажуулсан. 2022.04.06-ны өдөр баталгаат шуудангаар төлбөр төлөгчид үнэлгээний тайланг хүргүүлсэн боловч хуульд заасан хугацааг хэтрүүлэн гомдол гаргасан, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүхэд нэхэмжлэгчээс Эд хөрөнгө хураах тогтоол, Мэдэгдэл, хариуцагчаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн*** дугаар хувийн хэрэг, ***-ийн Хөрөнгө үнэлгээний *** дугаар тайланг ирүүлжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Д.*** нь ***т холбогдуулан ***-ийн 2022.04.04-ний өдрийн *** дугаар үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

 

Тус шүүхийн 2020.04.15-ны өдрийн ***дүгээр шүүгчийн захирамжаар Д.*** нь 54,160,000 төгрөгийг *** ХХК-д төлөх, нэхэмжлэгч нь 79,670,933 төгрөг болон Хан-Уул дүүрэг, 3 хороо, *** тоот гэрчилгээтэй газраас үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагаасаа татгалзаж, хугацаандаа төлбөрөө төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар эвлэрснийг баталсан байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь Хан-Уул дүүргийн 3 хороо, Үйлдвэрийн гудамж 109 тоотод байрлах эрхийн улсын *** дугаарт бүртгэлтэй 290 м.кв талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 750,000,000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч эс зөвшөөрч үнэлгээг тогтоолгох хүсэлтийг гаргажээ.

 

Хариуцагч нь 2022.03.22-ны өдрийн *** дугаар тогтоолоор ***-ийн шинжээч ***г томилж, шинжээч нь дээрх барьцаа хөрөнгийг 127,545,485 төгрөгөөр үнэлснийг мэдэгдэж, нэхэмжлэгч нь эс зөвшөөрч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хугацаанд нэхэмжлэлээ гаргасан байна.

 

Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ шинжээч хэрэглэх ёстой үнэлгээний арга, аргачлалыг хослуулан хэрэглэлгүй зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн гэж тайлбарлаж байгаа боловч хэргийн үйл баримтаар нотлогдохгүй байна.

 

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7.1 болон 8.1 заасныг шинжээч зөрчсөн гэж тайлбарлах ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох, нотлох баримтаа бүрдүүлэх, цуглуулах, шүүхэд гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар ***т холбогдох, ***-ийн 2022.04.04-ний өдрийн *** дугаар үнэлгээг хүчингүй болгуулах тухай *** овогтой ***ын ***ийн /РД:***/ нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй ба шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ