| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 195/2025/1133/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1328 |
| Огноо | 2025-05-15 |
| Зүйл хэсэг | 20.17.1., |
| Улсын яллагч | Г.Хурмандах |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1328
2025 05 15 2025/ШЦТ/1328
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Энхзул,
улсын яллагч Г.Хурмандах,
шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч С.Б, Г.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр явуулсан шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2210 00000 0000 дугаартай хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1980 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Төв аймагт төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дипломат харилцааны мэргэжилтэн мэргэжилтэй, Ойн газрын захиргаа удирдлагын хэлтсийн дарга ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо 00 дүгээр байр 0 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
Боржигон овогт Дагвын Г /РД:**0000000/.
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч ******* 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд Хан-Уул дүүргийн 0 дугаар хорооны 00 дүгээр байрны 0 тоот оршин суух гэртээ иргэдийн аз туршиж, ашиг орлого олох гэсэн хэрэгцээ шаардлагыг нь далимдуулан цахим сүлжээ ашиглан, "Zoom" нэртэй https://huluu.me/ гэх домэйн хаягтай цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 109 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, шинээр гаргаж өгсөн болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүгдэгч талаас *******ын “самсунг галакси эс 22” маркийн гар утсыг, түүний эхнэр Х.Түвшинжаргалын “айфонэ 14 про макс” маркийн гар утсыг тус тус хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл /1хх39-40/, мөрдөгчийн магадалгаа /1хх81-82/, “айпад про” таблетад хийсэн мөрдөгчийн магадалгаа /1хх83-86/, мөн *******ын “айфонэ 14 про макс” гар утсанд хийсэн мөрдөгчийн магадалгаа /1хх87-94/, эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /2хх153-154/-г тус тус нотлох баримтаас хасуулах буюу нотлох баримтаар тооцохгүй байх хүсэлтийг гаргасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчин цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцэж байгаа эсэхийг харгалзан бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг нь, тодорхой мөрдөн шалгах ажиллагаагаар цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтын заримыг нотлох баримтаар тооцохгүй байх тухай прокурорын санал, оролцогчийн хүсэлтийг шүүх хянан хэлэлцэж” ... санал, хүсэлтийг... хүлээн авах, татгалзах, хэсэгчлэн хүлээн авах шийдвэр гаргахаар заасан.
Тус хэргийн мөрдөн шалгах ажиллагааны үед прокурорын зөвшөөрлөөр шүүгдэгч *******ыг цахим мөрийтэй тоглоом зохион байгуулж байгаа гэх хэрэгт ач холбогдолтой нотлох баримт байгаа хангалттай үндэслэлтэй гэж “ажлын газар”, “гэр”, “тээврийн хэрэгсэл”-д тус тус /1хх18, 25, 33/ нэгжлэг хийх зөвшөөрлийг прокуророос олгон, улмаар нэгжлэг хийх, хураан авах, хураан авсан эд зүйлд үзлэг хийн магадалгаа гаргасныг шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцсэн, прокурорын зөвшөөрөлтэйгөөр хийсэн нэгжлэгийн үед хураан авсан ажиллагааг дахин прокуророор хүчинтэйд тооцуулах шаардлагагүй гэж үзсэн. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.4 дүгээр зүйлд прокурорын зөвшөөрөлгүйгээр мөрдөн шалгах ажиллагаа явуулах үндэслэлийг буюу хойшлуулшгүй тохиолдолд мөрдөн шалгах ажиллагааг цаг алдалгүй явуулан, холбогдох ажиллагаа дууссанаас хойш 24 цагийн дотор прокуророор ийнхүү явуулах болсон үндэслэлээ тайлбарлан хүчинтэйд тооцуулахаар хуульчилсан. Энэ хэргийн тухайд эхнээсээ прокурорын зөвшөөрөлтэйгөөр нэгжлэг хийж, цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан эсэхтэй холбоотой цахим хэрэгслүүдийг эд мөрийн баримтаар хураан авч, түүнд үзлэг хийсэн нь хуульд нийцсэн ажиллагаа гэж дүгнэсэн.
Харин шүүгдэгч *******ын “самсунг галакси эс” маркийн гар утсыг хураан авч, үзлэг хийсэн, улмаар уг утсанд үзлэг хийсэн мөрдөгчийн магадалгаа нь /1хх39-40, 76-80/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх журмыг зөрчсөн байх тул нотлох баримтаар тооцохгүй байх өмгөөлөгч нарын хүсэлтийг хүлээн авч, тус баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгохгүйгээр шийдвэрлэсэн. Учир нь тус гар утсыг хураан авах ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 24.4, 22.4 дүгээр зүйлд зааснаар прокурорын зөвшөөрлөөр түр хураан авахаар, харин хойшлуулшгүй тохиолдолд уг ажиллагааг явуулсан бол дээр дурдсаны дагуу ийнхүү явуулах болсон үндэслэл, холбогдох баримтын хамтаар, хуульд заасан хугацаанд хүчинтэйд тооцуулах ёстой байсан. Мөн /1хх39-40/ тал дахь гар утсанд хийсэн үзлэгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлд зааснаар эзэмшигчийг байлцуулах, хөндлөнгийн гэрч оролцуулах, дуу дүрсний бичлэгээр бэхжүүлэх ажиллагаа хийгдээгүй байх тул нотлох баримтаар тооцохгүй байх үндэслэлтэй байна. Уг процесс зөрчсөн ажиллагааны дүнд хийгдсэн мөрдөгчийн магадалгааг мөн хуулийн 16.11 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцохгүй байх үндэслэлтэй гэж дүгнэсэн.
Түүнчлэн шүүгдэгчийн ажлын өрөөнд нэгжлэг хийн “dell-5” загварын процессорыг хураан авч, түүнийг үрэгдүүлсэн холбоотой асуудлыг хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа 3хх231 мөрдөгчийн тогтоол хэрэгт авагджээ. Энэхүү нөхцөл байдал нь хуульд зааснаар шалгагдаж байх бөгөөд тус хэргийг хэлэлцэн, гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд саад болохгүй, хэрэгт авагдсан баримтууд гэм бурууг хэлэлцэхэд хүрэлцээтэй гэж дүгнэсэн.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, нотлох баримтаар тооцохгүй гэж шүүхээс үзсэнээс бусад нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч *******:
1.1. Улсын яллагчаас шүүгдэгчийг цахим мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан бол,
1.2 Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдээгүй гэж, түүний өмгөөлөгч нараас цагаатгах байр сууринаас оролцон мэтгэлцсэн болно.
2. Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлэг, мэтгэлцээнээс дүгнэн үзэхэд шүүгдэгч *******ыг 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд Хан-Уул дүүргийн 0 дугаар хорооны 00 дүгээр байрны 0Төг тоот оршин суух гэртээ иргэдийн аз туршиж, ашиг орлого олох гэсэн хэрэгцээ шаардлагыг нь далимдуулан цахим сүлжээ ашиглан, "Zoom" нэртэй https://huluu.me/ гэх домэйн хаягтай цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан үйл баримт тогтоогдсон гэж дүгнэлээ.
Энэ нь иргэн Ж.Маас 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Цагдаагийн Ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанд гаргасан “...2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр гэртээ байж байтал Дагва овогтой Г залгаад “ахаа дүү нь Зүүм покер гээд онлайн покерын сайт шинээр нээчихсэн. Та таньдаг мэддэг хүн байвал манай сайтыг дэмжээд өгөөч. Дүү нь таныг гомдоохгүй, цэнэг хийж өгье. Хэрэв өөрөө цэнэг хийгээд алдвал дүү нь алдсан мөнгийг чинь гаргаад өгчихнө санаа зоволтгүй. Манай сайтыг хүнтэй болговол танд тусдаа урамшуулна гээд байхаар нь таньж мэддэг хүнээ уг сайт руу оруулж өгсөн. Уг сайтыг дэмжиж өөрийн орлого болох 3 сарын цалин, мөн өөрийн ойр дотнын хүмүүсээс бага багаар мөнгө зээлж, уг сайтад алдсан...Давга овогтой Гын зүүм покер сайтад алдсан миний мөнгө 10,956,000 төгрөгийг иргэн *******ас гаргаж өгнө үү...миний алдсан мөнгө 530358**** М.Бын данс болох 5-6 данс руу орсон. Уг сайтад ихэвчлэн М.Б гэдэг данс байдаг бөгөөд өнөөдрийн байдлаар М.Бын 5167498781 тоот дансаар цэнэг авч байсан...” гэсэн гэмт хэргийн талаарх гомдол /1хх13/,
Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Л.Тын 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 50, 51, 52 дугаартай нэгжлэг хийх зөвшөөрлөөр *******ын ажлын байр болох Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Төрийн өмчийн 2 дугаар байр, Ойн газрын 302Б тоот өрөө, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 49 дүгээр байрны 09 тоот орон сууц, мөн түүний эзэмшлийн 42-02 УЕЕ улсын дугаартай “Тоёота сай” маркийн тээврийн хэрэгсэлд тус тус нэгжлэг хийсэн, хураан авсан ажиллагааны тэмдэглэл /1хх18-37/,
Гэрч Ж.Мын “...Манай нутгийн дүү ******* гэх хүн над руу 2022 оны 05 дугаар сард холбогдож “zoom pоkеr” гэх нэртэй цахим мөрийтэй тоглоомын сайт нээсэн. Та дэмжээд хүн татахад туслаад хүмүүст хэлээд өгөөч. Би таныг тоглох юм бол алдсан мөнгийг нь чинь буцаагаад гаргаад өгье. Хүн олж тоглуулах юм бол бонус өгье гэж гуйсан. Би зөвшөөрөөд тухайн тоглоомд олон хүнийг оруулж тоглуулсан. Би өөрөө тоглож байгаад 10.956.000 төгрөг алдсан тэрийгээ тохиролцсоноороо авъя гэтэл өгч чадахгүй. Явдаг газраараа яваад аваарай гэж хэлсэн учир цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. ******* 88118085, 99994202 гэдэг дугаар барьдаг... “zoom poker” гэх нэртэй цахим мөрийтэй тоглоом анх нээгдсэн нэрээ өөрчлөөд “Play.mgl zoom.poker” гэх нэртэйгээр ажиллаж байгаа...” гэсэн мэдүүлэг /1хх43-44/, түүний дахин өгсөн: “...******* нь анх 2022 оны 05 дугаар сард “zoom poker” гэх цахим мөрийтэй тоглоомыг анх надад санал болгосон. Тухайн үед ******* нь zoom poker гэх цахим мөрийтэй тоглоомын сайт байгаа энэ сайтыг жаахан хөгжүүлээд өгөөч, хүмүүс татаад өгөөч гэж хэлсэн. Би өмнө нь ширээ тойроод Покер тоглодог байсан болохоор надаас гуйсан юм. ******* нь анх надад хэлэхдээ яг өөрөө “zoom poker” гэх цахим мөрийтэй тоглоомыг нээсэн гэж хэлээгүй. Ерөнхийдөө хүмүүс татаад өгчих, таны алдсан мөнгийг буцаагаад өгнө, хамаагүй, эхлээд гайгүй хүн татчихвал болох гээд л байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /1хх46-47/,
Гэрч Б.Сийн “...Би 516708****,530358***** гэх дансны дугааруудыг мэднэ. Уг данснууд нь zoom poker гэх нэртэй цахим мөрийтэй тоглоомын бооцооны мөнгөө авдаг данс байгаа. Би zoom poker гэх нэртэй тоглоомыг 2022 оны 04 дүгээр сараас эхлэн тоглож эхэлсэн... zoom poker гэх мөрийтэй тоглоомд нэг удаа тоглохдоо 50-150 мянган төгрөгийн бооцоо тавьж тоглодог байсан...” гэсэн мэдүүлэг /1хх51/,
Гэрч Т.Бийн “...энэ мөнгөний талаар манай найз Түвшинбат мэдэх байх. Би тухайн Хаан банкны дансаа өөрөө бараг ашигладаггүй болохоор түр ашиглуулчихсан юм...” гэсэн мэдүүлэг /1хх55- 56/,
Гэрч Ц.Түвшинбатын “...2022 оны 08 дугаар сард ажилдаа явахдаа найз Бийн интернэт банкийг нь ашиглахаар гуйж авсан юм. Тэгээд би zoom poker гэх нэртэй цахим тоглоомын сайтаар орж Техаs poker тоглодог байсан. 530358**** гэх данс нь zoom poker гэх цахим мөрийтэй тоглоомын данс байгаа юм...” гэсэн мэдүүлэг /1хх60/,
Гэрч А.Ганцоожийн “...Хаан банкны 568311****, 568311***** гэсэн дугаартай данснуудыг олон жил ашиглаж байгаа. Тэгээд сүүлд эхнэр Д.Эын төрсөн эгч Д.Эгийн охин Тын нөхөр *******д 2022 оны 02 дугаар сарын сүүлээр дансаа ашиглуулчих 500,000 төгрөг өгье гэхээр нь Хаан банкны 568311**** дугаартай данс болон интернэт банкны нэвтрэх нэр нууц үгээ өгсөн ба миний 568311**** дугаартай данс руу 500,000 төгрөг шилжүүлж өгсөн. Би банкин дээр очиж тухайн 500,000 төгрөгийг бэлнээр авсан. ******* нь миний интернэт банкны эрхээр орж миний нэр дээр 530313**** дугаартай данс нээж виза карт захиалсан байсан. Би тухайн дансыг *******д 1 сар гаруй ашиглуулж байгаад Хаан банкин дээр очиж бүх дансаа хаалгасан...” гэсэн мэдүүлэг /1хх70-71/,
Гэрч Т.Мийн “...Манай хүү Мийн Б нь 2 жилийн өмнө Турк улс руу ажил хийхээр явсан. Тэр үеэс хойш Монгол Улсад ирээгүй байгаа. Одоо Турк улсад ажиллаж амьдарч байгаа... Манай хүү М.Б нь надтай утсаар ярихдаа би хүнд дансаа өгчихсөн юм. Тэр асуудал нь надад хамаагүй, та санаа зоволтгүй гэж хэлж байсан. Өөр тодорхой зүйл яриагүй...” гэсэн мэдүүлэг /2хх158/,
Гэрч *******ийн “...******* нь миний төрсөн эгч Ганчимэгийн том хүү нь байгаа юм... 9911**** гэсэн дугаар нь миний дугаар байгаа юм... *******ын төрсөн дүү М.Билэгсайханд заруулахаар түр өгч бариулсан... М.Билэгсайхан миний 9911**** гэсэн дугаарыг ерөнхийдөө ашиглаж байсан...” гэсэн мэдүүлэг /2хх175/,
Гэрч Л.Бийн “...Манай хүү Б.Г нь 9420**** гэсэн дугаарыг ашигладаг...8840*****, 8830**** гэсэн дугааруудыг ашигладаггүй... харин надтай хамт ажилладаг Жгийн Бт гээд дугаарын наймаа хийдэг. Тэр Бтэд манай эхнэр Д.О нь Б.Гын төрсний гэрчилгээгээр 8840****, 8830**** гэсэн дугаарыг 1 жилийн өмнө Гын нэр дээр авч өгсөн юм...тухайн үед нь хөдөөгийн танихгүй малчин хүмүүст зарчихсан...” гэсэн мэдүүлэг /2хх172/,
Гэрч Ж.Бийн 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн “...би дугаарын наймаа хийдэг байсан болохоор өөрийнхөө нэр дээр 3,000 гаруй дугаар авч худалдан борлуулдаг байсан. Тэр дугааруудын нэг нь байх гэж бодож байна. Уг дугаарыг хэн ашиглаж байгааг мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /2хх169/,
Гэрч Д.Эын 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр өгсөн: “...Би Д.Л гэх хүнийг танина учир нь миний төрсөн ах байгаа юм... Л ах өөрөө 2020 онд харвалт өгөөд одоо ярьж чадахгүй хүн байдаг. Архины хамааралтай болоод ээжийнд байхаасаа байхгүй нь их хааяа ээжийнд ирж хоночхоод "Б" гэх газрын орчим архи уудаг хүмүүстэй нийлээд явж байдаг гэсэн... Манай ах Д.Л нь үүдэн шүд байдаггүй болохоор хүнтэй сайн ярьж чаддаггүй юм гэхдээ удаанаар бага зэрэг ярьж чадна гэхдээ архи уусаар байгаад архины хамааралтай болчихсон хүн байгаа...” гэсэн мэдүүлэг /3хх178/,
Мөрдөгчийн 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн “...2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр иргэн Х.Таас түр хураан авсан “352192205278921” IМЕI дугаартай “IPhone 14 Рго Мах” маркийн гар утсан дахь фото зураг, дуу дүрсний бичлэг, захидал харилцаа дуудлагын түүх бүхий мэдээлэл...Иргэн Х.Тын эзэмшлийн “352192205278921” IМЕI дугаартай “IPhone 14 Рго Мах” маркийн гар утсанд үзлэг шинжилгээг хийж магадалгааг гаргалаа... Гар утсаны вайбер хэсэг дээр bbbbb гэх нэртэй 9911**** гэх утасны дугаарын хэрэглэгчтэй мөрийтэй тоглоомоос олсон мөнгө олон дансанд хуваан хийж таталт хийх зөвлөгөө бүхий харилцсан чат байна...” гэсэн магадалгаа /1хх81-82/,
Мөн 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн: “...2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр иргэн *******ас түр хураан авсан “А2378” серийн дугаартай “Ipad Рго” маркийн гар утсан дахь фото зураг, дүрс, дууны бичлэг, захидал харилцаа, дуудлагын түүх бүхий мэдээлэл...үзлэг шинжилгээ хийж магадалгааг гаргалаа...тус утсанд аккаунт хэсэг дээр цахим мөрийтэй тоглоомын 4 өөр эх сурвалжаас нэвтэрсэн 1 хаяг бүртгэлтэй байна. 1. [email protected], 2. Inner ID:20938945090 Email: [email protected], 3. Com.apple.accountsd Email: [email protected], 4. Com.apple.accountsd Email: [email protected] ...гар утасны Notes дээр ил үзлэгээр 0 байсан ба устсан 8 файл сэргэсэн...гар утасны Safari хайлтын хэрэгсэл дээр zoom poker нэртэй https://play.zpoker.bid/ URL-руу 19 удаагийн нэвтрэлтийг 2023.04.17 23:17:29-өөс 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 07:59:04-ний хүртэл нэвтрэлт хийсэн байна. Тус нэвтрэлтийг Alialach нэрээр 80854202loved гэх нууц үгээр админ эрхээр нэвтэрсэн байна...” гэсэн магадалгаа /1хх83-86/,
Мөн 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн: “...2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр иргэн *******ас түр хураан авсан “352301455133017” дугаартай IPhone 14 Рго Мах” маркийн гар утсан дахь фото зураг, дүрс, дууны бичлэг, захидал харилцаа, дуудлагын түүх бүхий мэдээлэл... үзлэг шинжилгээ хийж магадалгааг гаргалаа... 5821166143488953900 хэрэглэгчтэй бичсэн чат... Ganaa G1 5821166143488953900 хэрэглэгчтэй бичсэн чат тус зургийг явуулсан: мөнгө хуваарилсан зураг. Taniig buh garaas hj bga tsengiig shalga gseen tsenger deerees tsagiig ni utgatai ni bichij hiigeeree gsn tsenegnii asuudaltai bsn herneesee umnu ni garaas hiideg bsnas 20-oor baga tseneg garaar hiisen bna...мөнгө хуваарилсан зураг.. zoom poker https://play.zpoker.bid/ URL-руу бүхий хаяг руу 90 удаагийн хандалтыг 03/26/2023 20:32:24-04/30/2023 23:19:48 нэвтэрсэн байна... OLZPlayPoker https://olzondoo.shop/ URL бүхий хаяг руу 8 удаагийн хандалтыг 04/19/2023 20:35:51 04/19/2023 20:35:51 нэвтэрсэн байна... StarPoker https:// odmaa.co/ URL бүхий хаяг руу 7 удаагийн хандалтыг 04/19/2023 20:28:39 04/19/2023 20:31:41 нэвтэрсэн байна... 88406765 гэх симийн үүр... Skype Zoom гэх тэмдэглэлтэй... Zoom Mongolia админ болон тоглогч нарын нэр нууц үг бүхий тэмдэглэл... Хаан банкны интернэт банкны нэвтэрсэн хэсгийн зураг. 5064420287 Erdenetuya chinbat гэх нэртэй...” гэсэн магадалгаа /1хх87-94/,
Хэрэг бүртгэлтийн 221002780 дугаартай хэрэгт Хаан банкнаас 2022.11.07-ны өдөр 29/8437 дугаартай албан бичгээр ирүүлсэн М.Бын 530358**** тоот дансанд үзлэг хийсэн тухай 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “...М овогтой Бын 530358**** дугаарын дансанд үзлэг хийх ажиллагааг Эрүүгийн цагдаагийн албаны 401 тоот албан өрөөнд 10 цаг 20 минутад эхлүүлэв. Үзлэг хийж буй дансны хуулга нь 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл СД-ээр 32КВ файлд 5,416,293,773 төгрөгийн орлого орж 5,416,049,386 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн байна. Үзлэгээр илэрсэн нөхцөл байдал: Тус данснаас Дугарын Лгийн 530286**** тоот данс руу 1053 удаагийн гүйлгээгээр 1,095,489,051 төгрөгийн зарлага гарсан байна /хавсралт 1/...Мийн Бын 5006163951 тоот данс руу 11 удаагийн гүйлгээгээр 19,308,000 төгрөгийн зарлага гарч, 6,057,118 төгрөгийн орлого орсон байна...Мийн Бын 530358**** тоот данс руу 62 удаагийн гүйлгээгээр 69,888,550 төгрөгийн зарлага гарсан байна. /хавсралт 2/, Гын Анужингийн 575606**** тоот данс руу 3182 удаагийн гүйлгээгээр 2,120,601,051 төгрөгийн зарлага гарч, 2 удаагийн гүйлгээгээр 1,823,000 төгрөгийн орлого орсон байна. /Хавсралт 3/...Ц овогтой Лийн 530422**** тоот данс руу 2049 удаагийн гүйлгээгээр 1,475,256,722 төгрөгийн зарлага гарсан байна /хавсралт 4/...” гэсэн мөрдөгчийн тэмдэглэл, хавсралт 1-4, /1хх105-209/,
Ж.Мын эзэмшлийн Хаан банкны 5400517494 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /2хх34-50/, Хаан банкны 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 29/2764 дугаартай албан бичиг /2хх64/, Хаан банкны 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 29/288 дугаартай албан бичиг /2хх74/, Хаан банкны 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 29/8491 дугаартай албан бичиг /2хх77/, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн мөрдөгчийн “Г.Атай 7223**** дугаарын утсаар холбогдоход би бүгд Найрамдах Солонгос улсад хараар амьдарч байгаа, Монголд очих болоогүй” гэх тэмдэглэл, /3хх194/,
Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан дансны хуулганд шинжилгээ хийж, орлого ашгийн тооцоолол хийсэн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 47240060 дугаартай мөрдөгчийн магадалгаанд ...А.Гийн дансыг ашиглан 4,200,000 төгрөг, М.Бын дансыг ашиглан 341,206,500 төгрөг, 14,759,667 төгрөгийг АТМ, ПОС төхөөрөмж ашиглан бэлнээр зарлагадсан тухай /3хх199-205/, мөн хавтас хэрэгт цугларсан баримтуудад, 47240060 дугаартай мөрдөгчийн магадалгаанд үндэслэн эдийн засагт мэргэжилтэй, санхүүгийн шинжээч мөрдөгч шүүгдэгчийг 360,166,167 төгрөгийн ашиг олсон мөнгөн дүнг тогтоосон талаар мөрдөгчийн тэмдэглэл, /3хх222-223/ шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдон тогтоогдож байна.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Олон нийтийн газар, эсхүл мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан” бол гэмт хэрэгт тооцохоор харин Зөрчлийн тухай хуулийн 5.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Олон нийтийн газар ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом тоглосон бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж тус тус заасан.
“Хуулиар хориглосон мөрийтэй тоглоом” гэдэгт ашиг хонжоо олох зорилготой үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог бүхий л тоглоом хамаардаг ба тус гэмт хэргийн обьектив тал нь хориглосон мөрийтэй тоглоомыг зохион байгуулсан шинжтэй байдаг. Өөрөөр хэлбэл үйл ажиллагаанаас тодорхой хэмжээний ашиг, хувь олж буй байдал нь хуульд заасан гэмт хэргийн субьектив талын шинж болдог.
Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуульд заасан дээрх гэмт хэрэг болон зөрчлийн шинжийг авч үзвэл олон нийтийн газарт ашиг олох зорилгоор мөрийтэй тоглоом тоглох нь зөрчил, харин олон нийтийн газарт ашиг олох зорилгоор мөрийтэй тоглоом тоглуулах буюу зохион байгуулах нь гэмт хэрэгт хамаарахаар ялгаатай хуульчилсан.
Дээр дурдсанаар гэрч Ж.М нь шүүгдэгч *******ыг цахим мөрийтэй тоглоом зохион байгуулдаг болохыг эх сурвалжаа тодорхой заан мэдүүлсэн, мөн гэрч А.Г нь шүүгдэгчид банкны дансаа ашиглуулж байсан талаар тодорхой мэдүүлсэн, мөн бусад гэрч нар “zoom poker” нэртэй цахим мөрийтэй тоглоом тоглож байсан талаар мэдүүлж, шүүгдэгчийн гэрээс хураан авсан гар утас, таблет, шүүгдэгчийн эхнэрийн гар утсанд үзлэг хийж, мөрдөгчийн магадалгаагаар цахим мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан нь хангалттай нотлогдон тогтоогджээ. Түүнчлэн прокуророос мөрдөн шалгах ажиллагаагаар шүүгдэгч нь М.Б, Д.Л, Г.А, Ц.Л, А.Г зэрэг хүний нэр дээрх дансыг ашиглах байдлаар буюу Монгол улсад оршин суудаггүй, эсвэл архины хамааралтай зэрэг шалтгаанаар дансаа ашигладаггүй /3хх187, 195/ хүмүүсийн дансыг мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг үйлдэхдээ ашиглаж байсан гэж дүгнэснийг үндэслэлтэй гэж үзлээ.
Нөгөөтэйгөөр шүүгдэгч ******* нь өөрийн төрсөн дүүд туслах зорилгоор хүнээс данс олж өгч байсан, дүүгээ Солонгос байхад мөрийтэй тоглоом тоглуулахгүй гэж гар утас, таблетыг нь авч ирсэн гэснийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзсэн. Учир нь дээр дурдсан баримтууд, гэрч Ж.М, А.Г нарын мэдүүлгээр шүүгдэгч өөрөө уг цахим мөрийтэй тоглоом зохион байгуулах үйл ажиллагааг явуулж байсан нь нотлогдсон. Улмаар шүүгдэгч нь өмгөөлөгчийн хамтаар сэжигтнээр анх мэдүүлэг өгөхдөө /1хх99-100/ “zoom poker” нэртэй мөрийтэй тоглоом зохион байгуулснаа зөвшөөрсөн мэдүүлэг нь бусад байдлаар тогтоогдсон, харин түүний шүүхийн хэлэлцүүлэгт бусад хүнд туслах зорилгоор данс олж өгч байсан, энэ тоглоомыг зохион байгуулаагүй гэсэн нь холбогдох баримтуудаар няцаагдсан гэж үзсэн.
4. Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын нотлох баримтаар тооцуулахгүйтэй холбоотой хүсэлтийг дээр хэрхэн шийдвэрлэснийг дурдаад, шүүгдэгч ******* нь төрийн албанд ажилладаг тул тус цахим мөрийтэй тоглоомыг зохион байгуулах цаг хугацааны боломжгүй, хамтран оролцооны байдлыг тогтоож чадаагүй, мөрдөгчийн магадалгаа нь гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг бодитой тогтоогоогүй гэснийг хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь өмгөөлөгч нарын дүгнэлт нь хэрэгт авагдсан нотлох баримтыг няцаан үгүйсгээгүй, түүнчлэн холбогдох дансны хуулгануудад эдийн засгийн мэргэжилтэй мөрдөгч нар магадалгаа гаргасныг өмгөөлөгч нар хэрхэн үгүйсгэж байгаагаа нь тодорхойгүй, үүнтэй холбоотой хүсэлт, гомдол мөрдөн байцаалтын шатанд гаргаж байгаагүйг дурдах нь зүйтэй.
5. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цахим хэрэгсэл ашиглан, ашиг олох зорилгоор, үр дүнг нь төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог “zoom poker” нэртэй мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
6. Гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол, төлбөр байхгүйг дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
7.1. Улсын яллагчаас шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5000 нэгжээр торгох ял оногдуулах, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлүүдийг шүүгдэгчид буцаан олгуулах, хураагдсан бэлэн мөнгийг улсын орлого болгуулах, гэмт хэрэг үйлдэж олсон 360,166,167 төгрөгийг улсын орлого болгуулах дүгнэлт, санал гаргасан.
7.2. Өмгөөлөгч нараас “улсын яллагчаас гаргасан торгох ялын саналыг дэмжиж байна, 600 нэгжээр торгож өгнө үү, дансны шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
8. Хэрэгт авагдсан нотлох баримтаас шүүгдэгч *******ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна”, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэснийг тус тус харгалзан шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзлээ.
10. Шүүхээс гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхэлдэг нөхцөл байдал, хөнгөн гэмт хэрэгт анх удаа холбогдсон байдлыг харгалзан торгох ялыг сонгон оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5000 нэгж буюу 5,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ. Улмаар мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор хугацаа тогтоов.
11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж заасан.
Хэрэгт авагдсан 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 47240060 дугаартай мөрдөгчийн магадалгаанд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан дансны хуулганд шинжилгээ хийж, орлого ашгийн тооцоолол хийж, уг магадалгаанд эдийн засагт мэргэжилтэй, санхүүгийн шинжээч мөрдөгч дахин шинжилгээ хийж шүүгдэгчийг 360,166,167 төгрөгийн ашиг олсон гэж тодорхойлсныг үндэслэлтэй гэж дүгнэсэн.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “Хавтаст хэргийн материал, хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, эд мөрийн баримтыг ... улсын орлого болгох болон энэ зүйлийн 1.1, 1.2, 1.3, 1.4-т заасан ажиллагааны журмыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор хамтран батална. Прокурор хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан, хэргийг хэрэгсэхгүй болгосон бол хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, эд мөрийн баримт, гэмт үйлдлийн замаар олсон орлого, түүнтэй адилтган үзэх бусад эд зүйлийг хууль ёсны эзэмшигчид нь олгох, эсхүл улсын орлого болгуулахаар шүүхэд санал гаргаж шийдвэрлүүлнэ...” гэж заасан. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1, 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нийт 3,680,000 төгрөгийг улсын төсөвт шилжүүлэхээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна. Шүүгдэгчээс хураагдсан 3,680,000 төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн тул түүний гэмт хэрэг үйлдэж олсон орлого 360,166,167 төгрөгөөс хасаж тооцон нийт 356,486,167 төгрөгийг гаргуулан улсын орлого болгохоор шийдвэрлэв.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
12.1. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар ирсэн 13 ширхэг дискийг хэрэгт хадгалж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.
12.2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1, 6 дахь хэсэгт зааснаар хар өнгийн айпад-IM-QD62366D0Y 1 ширхэг, Айпон 14 про макс маркийн нил ягаан /purple/, шаргал /gold/ өнгийн гар утас тус 1 ширхэг, хар өнгийн Самсунг Эс-22 маркийн IM351393981068921_01, 354275391068921_01 кодтой гар утас, хар өнгийн ТП-линк хүлээн авагч 1 ширхэг, хар өнгийн хэтэвч 1 ширхэг, ногоон өнгийн 9496188191236897, 9496282804065411 дугаартай Хаан банкны карт 2 ширхэг, нил ягаан өнгийн 4380545170118331 дугаартай Хаан банкны карт 1 ширхэг, улаан шар өнгийн 6234140718428252 дугаартай Хас банкны карт 1 ширхэг, хөх өнгийн 9496230030907567 дугаартай төрийн банкны карт 1 ширхэг, ногоон өнгийн 32246232, 32289276 сирийн дугаартай Ю үүрэн холбооны симний үүр 2 ширхэг, цагаан өнгийн 89976060899011983142 сирийн дугаартай Жи мобайл үүрэн холбооны симтэй үүр 1 ширхэг, цагаан өнгийн 89976060899011983167 сирийн дугаартай Жи мобайл үүрэн холбооны симтэй үүр 1 ширхэг, 1610000032206849 дугаартай автобусны карт 1 ширхэг, Тэди худалдааны төвөөс 14 про макс загварын гар утас, айпад про 12.9 худалдан авсан баталгааны хуудас 2 ширхэг, цээж зураг 9 ширхэг, Мобиком үүрэн холбооны сим 1 ширхэг тус бүрийг тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигчид нь буцаан олгохоор шийдвэрлэв.
12.3. Мөн эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ногоон өнгийн 20,000 төгрөгийн дэвсгэрт 184 ширхэг буюу 3,680,000 төгрөгийг улсын төсөвт шилжүүлэхээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэв.
12.4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 1 хоногийг торгох ялд шилжүүлэн 15 нэгжийг оногдуулсан торгох ялаас хасаж тооцох нь зөв байна.
12.5. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд *******, М.Б, Х.Т нарын арилжааны банкнууд дахь дансанд байгаа мөнгөн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан Хан-Уул дүүргийн прокурорын газрын 2023.11.15-ны өдрийн 186 дугаар прокурорын зөвшөөрлийг хүчингүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Дын Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй аз туршин тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 5000 нэгж буюу 5,000,000 /таван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг 10 /арав/ сарын хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 13 ширхэг дискийг хэрэгт хавсарган үлдээж,
Хар өнгийн айпад-IM-QD62366D0Y 1 ширхэг, Айпон 14 про макс маркийн нил ягаан /purple/, шаргал /gold/ өнгийн гар утас тус 1 ширхэг, хар өнгийн Самсунг Эс-22 маркийн IM351393981068921_01, 354275391068921_01 кодтой гар утас, хар өнгийн ТП-линк хүлээн авагч 1 ширхэг, хар өнгийн хэтэвч 1 ширхэг, ногоон өнгийн 9496188191236897, 9496282804065411 дугаартай Хаан банкны карт 2 ширхэг, нил ягаан өнгийн 4380545170118331 дугаартай Хаан банкны карт 1 ширхэг, улаан шар өнгийн 6234140718428252 дугаартай Хас банкны карт 1 ширхэг, хөн өнгийн 9496230030907567 дугаартай төрийн банкны карт 1 ширхэг, ногоон өнгийн 32246232, 32289276 сирийн дугаартай Ю үүрэн холбооны симний үүр 2 ширхэг, цагаан өнгийн 89976060899011983142 сирийн дугаартай Жи мобайл үүрэн холбооны симтэй үүр 1 ширхэг, цагаан өнгийн 89976060899011983167 сирийн дугаартай Жи мобайл үүрэн холбооны симтэй үүр 1 ширхэг, 1610000032206849 дугаартай автобусны карт 1 ширхэг, Тэди худалдааны төвөөс 14 про макс загварын гар утас, айпад про 12.9 худалдан авсан баталгааны хуудас 2 ширхэг, цээж зураг 9 ширхэг, Мобиком үүрэн холбооны сим 1 ширхэг тус бүрийг тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигчид нь буцаан олгосугай.
5. Эд мөрийн баримтаар хураагдсан нийт 3,680,000 төгрөгийг улсын орлого болгон улсын төсөвт шилжүүлэхээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 1 хоногийг торгох ялд шилжүүлэн 15 нэгжийг түүнд оногдуулсан торгох ялаас хасаж тооцсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого 360,166,167 төгрөг, үүнээс бэлэн хураагдаж ирсэн 3,680,000 төгрөгийг хасаж нийт 356,486,167 /гурван зуун тавин зургаан сая, дөрвөн зуун наян зургаа, нэг зуун жаран долоо/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэсүгэй.
8. Мөрдөн байцаалтын шатанд дансны шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан Хан-Уул дүүргийн прокурорын газрын 2023.11.15-ны өдрийн 186 дугаар прокурорын зөвшөөрлийг хүчингүй болгосугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
10. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
11. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР