| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдингийн Батцэцэг |
| Хэргийн индекс | 101/2022/01571/И |
| Дугаар | 101/ШШ2022/02156 |
| Огноо | 2022-05-09 |
| Маргааны төрөл | Зуучлал, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 101/ШШ2022/02156
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: А-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б-д холбогдох,
34,787,115 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: ..........., нарийн бичгийн дарга Г.Жаргалболд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ........ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: .......... нь тээвэр зуучийн үйл ажиллагаа болон зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг этгээд юм. Хариуцагч ............нь 2019 оны 10 сарын 14-ний өдөр Төв азийн зам ХХК-тай Санхүүжилт, тээврийн 23/19 дугаартай гэрээ байгуулсан. Тус гэрээний дагуу Ч.Мөнхбаяр нь манай компаниар дамжуулан тээвэрлүүлсэн автомашиныхаа худалдан авалтын үлдэгдэл төлбөр болон гаалийн төлбөрийг манай компанийн зээлээр төлөх боломжтой болсон байдаг. Ингээд тус гэрээний дагуу .......... нь А2К10-2042011 арлын дугаартай Тоёота сай NKE165-7073615 арлын дугаартай тоёота королла филдер, №№10-6350537 арлын дугаартай тоёота акуа маркийн автомашиныг тус тус Япон улсын Жимекс /Jimex Co Ltd/ компаниас худалдан авч, автомашиныхаа 30 хувийг өөрөө хариуцан төлж, үлдэгдэл 70 хувийг Төв азийн зам ХХК-иар төлүүлсэн. Төв азийн зам ХХК нь Ч.Мөнхбаярын худалдан авсан автомашин болох Тоёота сай маркийн автомашины төлбөрт 289,200 иен, тоёота королла филдер маркийн машины төлбөрийг төлөхөд 224,400 иен, тоёота акуа маркийн автомашины төлбөрийг төлөхөд 163*800 иенийг тус тус .........ын өмнөөс Япон улсын Жимекс /Jimex Co Ltd/ компанид шилжүүлсэн байдаг. Улмаар дээрх автомашинууд Монгол Улс, Улаанбаатар хотын гаалийн бүсэд ирэхэд тоёота королла филдер маркийн машины гаалийн төлбөр төлөх зориулалтаар 2,241,624 төгрөг, тоёота акуа маркийн автомашины гаалийн төлбөр төлөх зориулалтаар 1,978,344 төгрөгийн зээлийг тус тус Ч.Мөнхбаярт олгож, зориулалтын дагуу гаалийн байгууллагад шилжүүлсэн байдаг. 2019 оны 10 сарын 14-ний өдөр байгуулсан 23/19 дугаартай Санхүүжилт, тээврийн гэрээний дагуу Ч.Мөнхбаяр нь манай байгууллагаас авсан зээлийн санхүүжилтэд сарын 2,8 хувийн хүү төлөхөөр заасан байдаг ба 12 сарын хугацааны дотор эргүүлэн төлөх үүрэгтэй боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй манай байгууллагыг хохироож байна. 2022 оны 2 сарын 23-ны байдлаар Ч.Мөнхбаяр нь манай байгууллагад дараах төлбөрийг төлөх тооцоо байна. Үүнд:
1. Тоёота акуа /Toyota aqua/ маркийн автомашины гаалийн төлбөр төлөх зориулалтаар олгосон зээлд 1,978,344 төгрөг, түүний хүү 1,368,222 төгрөг, Тоёота акуа /Toyota aqua/ маркийн автомашины үлдэгдэл төлбөрийг санхүүжүүлэх зориулалтаар олгосон зээл 163,800 иен, түүний хүү 113,437 иен буюу нийт 277,237 иен. Түүнийг төгрөгт шилжүүлэхэд 6,942,014.48 төгрөг.
2. Тоёота королла филдер маркийн автомашины гаалийн төлбөр төлөх зориулалтаар олгосон зээлд 2,241,624 төгрөг, түүний хүү 1,395,486 төгрөг;
Тоёота королла филдер маркийн автомашины үлдэгдэл төлбөрийг санхүүжүүлэх зориулалтаар олгосон зээл 224,400 иен, түүний хүү 139,487 иен буюу нийт 363,887 иен. Түүнийг төгрөгт шилжүүлэхэд 9,111,730.48 төгрөг.
3.Тоёота сай маркийн автомашины үлдэгдэл төлбөрийг санхүүжүүлэх зориулалтаар олгосон зээл 289,200 иен, түүний хүү 180,037 иен буюу нийт 469,237 иен. Түүнийг төгрөгт шилжүүлэхэд 11,749,694.48 төгрөг, Өөрөөр хэлбэл дээрх төлбөрийг нэгтгэн тооцвол : ......... нь тоёота сай маркийн автомашин, Тоёота акуа /Toyota aqua/ маркийн автомашин, Тоёота королла филдер маркийн автомашинуудын үлдэгдэл төлбөрийг төлөх зориулалтаар олгосон зээлд нийт 677,400 иен (16,962,096 төгрөг), түүний хүүд 432,961 иен (10,841,343.44 төгрөг) буюу нийт 1,110,361 иен (27,803,439.44 төгрөг), Дээрх автомашинуудын гаалийн төлбөр төлөх зориулалтаар олгосон зээлд нийт 4,219,968 төгрөг, түүний хүүд 2,763,708 төгрөг, буюу нийт 6,983,676 төгрөг тус төлөх тооцоо байна.
Нэхэмжлэгч Төв азийн зам ХХК нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар олгосон зээл, түүнийг хүү нийт 34,787,115.44 төгрөгийг Ч.Мөнхбаяраас шаардах эрхтэй тул гаргуулж өгнө үү... гэв.
Хариуцагч Ч.Мөнхбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ....Миний бие 2016 оноос хойш Япон улсаас автомашин импортолж зардаг ажил хийж эхэлснээс хойш өөрийн нэр дээр 560 орчим машин ажилчид болон дүүгийн нэр дээр 300 орчим автомашин импортолж зарсан байдаг юм. 2019 оноос Хэрлэнбуян ХХК-ийн Баянгол дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 900 м.кв дулаан гараашийг түрээсэлж хороолол авто худалдааны төв-ыг нээж өргөжиж байсан 2019 оны 10 сард Төв азийн зам ХХК нь надад хамтарч ажиллаж санал тавьж Япон улсаас худалдаж авсан автомашиныг тээвэрлэж Японд худалдаж авсан автомашин монгол ирэхэд төлдөг үнийн дүнгийн 70 хувийг болон гаалийн татварыг зээлээр санхүүжүүлэхээр тохиролцож санхүүжилт тээврийн гэрээ байгуулж хамтарч ажилласан. Миний бие Япон улсын Автоком жапан /autocom japan Ltd/ компани, Эс би ти жапан (SBT Japan Ltd) компаниудаар дамжуулж дуудлага худалдаанд орж Эс би ложистик XXК, Эс эйл эйм ХХК-иар Глобал ворлд вайд ХХК тээвэрлүүлдэг байсан Төв азийн зам ХХК нь энэ 2 компаниас авсан машиныг манай компаниар тээвэрлүүлэхгүй том компаниудаа Жимекс (Jimex co Ltd) компаниар дамжуулж дуудлага худалдаанд оролцох дуудлага худалдаанд оролцон нөхцөл болон тээвэрлэх хугацаа яг адилхан гэж санал тавьсны дагуу 2 сая төгрөгийн барьцаа байршуулж хамтарч ажиллах гэрээ байгуулсан гэтэл дээрх 2 компаниар дамжуулж авсан машин 30-45 хоногт Монголд ирдэг байсан гэтэл Жимекс компани, Төв азийн зам ХХК-ууд 100-120 хоногт авчирсан Япон улсад 10, 11, 12 саруудад дуудлага худалдаанд өдөрт 50,000-60,000 автомашин оролцож машин үнэтэй байдаг. Он гараад 1,2,3 саруудад өдөрт дуудлага худалдаанд 150,000-200,000 машин оролцож машин хямдардаг миний бие Жимекс компаниар дамжуулж 12 ширхэг автомашин үнэтэй байхад худалдаж авсан боловч хугацаандаа ирээгүй бусад компаниудын хямдарсан үеийн машинуудтай цуг ирсэн Монголд цагаан сарын өмнө автомашин борлуулалтын хамгийн гол сар байдаг бөгөөд цагаан сарын дараа 2 сар орчим автомашины борлуулалт зогсдог. Төв азийн зам ХХК болон Жимекс компаниар дамжуулж дуудлага худалдаанаас 2019/10/15-наас эхэлж 12 сард монгол орж ирэхээр тооцоолж 12 автомашин авч Автоком жапан компаниас авах байсан машинаа 12-р багасгасан гэтэл дээрх 12 автомашин Монголд ирэх хугацаа өнгөрсөн байхад Япон улсаас ачигдаагүй байсан дахиад 1 сард оруулж ирэх машинаа давхардаад ороод ирэх байх гэж бодоод автоком компаниас авах автомашинаа дахиад багасгаж 2019 оны 12 сар, 2020 оны 1 сард ашиг багатай зээлийн хүү түрээсийн төлбөр цалин бусад зардлын алдагдалтай ажилласан. Би сард 25-30 машин зардаг цагаан сарын баяр, үндэсний их баяр наадмын өмнө 70-80 машин зардаг байсан. Төв азийн замаар авсан 12 машин цагаан сарын баярын өмнө автомашинуудтай давхцаж болон баярын дараа орж ирсний улмаас Төв азийн зам ХХК-ны нэхэмжилсэн 3 автомашиныг зараад тус компанид төлөх байсан төлбөрийг олон машин давхцаж буухаар нь гаалийн татварт төлөөд машин зарагдахаар өгье гэж бодсон боловч Ковид 19 цар тахалтай холбоотой цагаан сарын баярыг хориглож машины борлуулалт бага байсан 2020 оны 03-р сарын 10-нд Ковид 19-ын анхны тохиолдол бүртгэгдэж бух банк болон банк бус санхүүгийн байгууллагууд автомашины лизингийн зээлээ хааснаас болж автомашины борлуулалт бүрэн зогссон. Ковид 19 онц тахлын онц байдлаас шалтгаалж автомашины борлуулалт үед зээлийн хүү, гараашийн түрээс, цахилгаан дулааны төлбөр, ажилчдын цалин бусад зардал гарсаар байгаад алдагдал ороод 600 орчим сая төгрөгийн өр төлбөртэй болсон байсан машинуудаа зарж дуусгаад өөрт байсан зарж болох эд хөрөнгүүдээ зараад ч хүрээгүй Монгол улсад автомашины борлуулалт буурсан, тээврийн үнэ гурав дахин өссөн, япон улсаас импортлоход тээврийн гацаа үүсэж ажил зогссон тул миний бие өр төлбөрөө барагдуулахын тул 2021 оны 6 сараас 9 сар хүртэл Налайхад блокийн үйлдвэр, явган замын хавтангийн үйлдвэр, 2021 оны 9 сараас махны бөөний худалдаа, 2021 оны 12 сараас 2022 оны 2 сар хүртэл цагаан идээний худалдаа эрхэлж өр төлбөрөө барагдуулсаар дуусаж байгаа. Төв азийн зам ХХК нь маш өндөр хүү алданги нэхсэн мөнгө боломжоороо хийвэл үндсэн төлбөр төлөгдөхгүй алдангид бодох гээд байсан болохоор хийх боломжгүй байсан бусад тээвэр зуучлалын Эс би ложистик ХХК, Эс эл эйм ХХК-ууд хүү алданги тооцоогүй үндсэн төлбөрөө л нэхэж байсан тул тухайн компаниудын төлбөр, банк болон банк бус санхүүгийн байгууллагуудын төлбөрийг түрүүлж төлж дуусгасан. Төв азийн зам ХХК нь миний Жимекс компаниар дамжуулж дуудлага худалдаанаас авсан автомашинуудыг тээвэрлэж монгол улсад ирэхэд төлөх төлбөр болох автомашины худалдаж авсан үнийн дүнгийн 70 хувийн төлбөр, гаалийн татварыг санхүүжилт тээврийн гэрээний дагуу төлөхдөө барьцаа болгож автомашины гаалийн бүрдүүлэлтийн Төв азийн зам ХХК-н нэр дээр бүрдүүлэлт хийдэг байсан Гэтэл Төв азийн зам ХХК нь Ч. Мөнхбаярт худалдаж борлуулахаар хүлээлгэж өтсөн Тоёота сай, Тоёота королла филдер, Тоёота акуа автомашинуудыг зарж компанийн хөрөнгийг хувьдаа завшсан, залилсан гэж Баянгол дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст гомдол гаргаж анхан шат болон хяналтын шатны прокурорт гомдол гаргаж эрүүгийн гэмт хэрэгт гүтгэсэн. Төв азийн зам ХХК нь хугацаандаа машинууд авчирч өгөөгүйн улмаас 12 машиныг ашиггүй зарсан машин дээр алдагдалтай зарсан Төв азийн зам ХХК-д итгэж найдаж бусад компаниас авах машинаа багасгаж 2019 оны 12 сар, 2020 оны 1 сард зарах машингүй байж түрээс, цалин, зээлийн хүү бусад зардал гарч алдагдалтай ажилласан мөн төлбөрөө бага багаар төлөх боломжгүй өндөр алданги тооцож нэхсэн мөн Эрүүгийн гэмт хэрэгт гүтгэж эрүү хэрэг үүсгүүлэх гэж Баянгол дүүргийн цагдаагийн газар, прокуророор явахдаа үндсэн төлбөрөө залилуулсан гэж гомдол гаргаж эрүүгийн гэмт хэрэгт гүтгэж байсан гэх шалтгаануудын улмаас хүү алданги төлөх боломжгүй үндсэн төлбөрөө аль болох богино хугацаанд төлж барагдуулахаар шийдвэрлэж өгнө үү... гэв.
Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: Төв азийн зам ХХК-ийн төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой үйл ажиллагаа эрхлэх гэрчилгээний хуулбар 1 хуудас, Санхүүжилт-Тээвэр гэрээний 23/19 дугаартай баримт 1 хуудас, Хаан банкны шилжүүлгийн баримт 15 хуудас, зээл төлөлтийн хүснэгт Ч.Мөнхбаяр нэртэй баримт 1 хуудас, харилцагчийн мэдээллийн хуудас нэртэй баримт 1 хуудас, Ч.Мөнхбаярын иргэний үнэмлэхийн хуулбар 1 хуудас, Англи хэлнээс Монгол хэл рүү орчуулсан нэхэмжлэх 7 хуудас, олон улсын мөнгөн гуйвуулгын мэдээлэл нэртэй баримт 4 хуудас.
Хариуцагч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: зээл төлөлтийн хуудас нэртэй баримт 4 хуудас, түрээсийн гэрээ 1 хуудас, гаалийн мэдүүлгийн баримт 9 хуудас, зээл төлөлтийн хүснэгт 3 хуудас.
Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт байхгүй.
Шүүхэд болон шүүх хуралдааны үед зохигчдын гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Төв азийн зам ХХК хариуцагч Ч.Мөнхбаярт холбогдуулан үндсэн зээлд 21,182,064 төгрөг, хүүд 13,605,051 төгрөг, нийт 34,787,115 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч тал үндсэн төлбөрийг төлнө, зээлийн гэрээ биш, ачааг удааж ирүүлсэн, өндөр хүү нэхсэн гэх үндэслэлээр хүү 13,605,051 төгрөгийг зөвшөөрөхгүй маргаж байна.
Төв азийн зам ХХК төмөр замын тээвэр зуучлалын үйл ажиллагаа эрхлэх, барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулахаар улсын бүртгэлд бүртгүүлсэн, төмөр замын аюулгүй байдалтай холбоотой үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй болох нь улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, үйл ажиллагаа эрхлэх гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байна. /хх-7-8/
Зохигчдын хооронд санхүүжилт, тээврийн гэрээ гэх нэртэй гэрээ байгуулагдсан байх ба Төв азийн зам ХХК Ч.Мөнхбаярын Япон улсаас худалдан авсан авто машиныг Монгол Улсад тээвэрлэн ирж, хүлээлгэн өгөх, 50,000,000 хүртэлх хэмжээтэй зээл олгох, Ч.Мөнхбаяр авто машиныг хүлээн авах, гаалийн болон бусад зардлыг төлөх, зээлийг буцаан төлөхтэй холбогдсон харилцаа үүссэн байна. /хх-9/
Дээрх гэрээний дагуу 2020.04.27-нд Ч.Мөнхбаярын 8 авто машиныг Төв азийн зам ХХК Монгол Улсад тээвэрлэн ирсэн, үүнээс Тоёотай сай маркийн AZK10-2042011 арлын дугаартай автомашины үнэд 289,200 иен, Тоёотай королла филдер маркийн NPH10-7073615 арлын дугаартай автомашины үнэд 224,400 иен, Тоёотай акуа маркийн NPH10-6350537 арлын дугаартай автомашины үнэд 163,800 иен, нийт 677,400 иенийг Ч.Мөнхбаярын авто машины төлбөрийг төлж, зээлсэн болох нь зохигчийн тайлбар, нэхэмжлэх зэрэг баримтаар тогтоогдож байх ба хариуцагч 677,400 иенийг шилжүүлсэнтэй маргаагүй. /хх-78-80/
Зохигчдын хооронд байгуулсан тээвэрлэлтийн болон зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.1, 282.4, 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байна.
Хариуцагч ....зээлийн гэрээ биш... гэж тайлбарлаж байх боловч зээлийн гэрээ байгуулсан, Ч.Мөнхбаярын авто машины төлбөрийг төлөх зориулалтаар Төв азийн зам ХХК мөнгийг бодитоор шилжүүлсэн байна.
2020.04.27-нд Ч.Мөнхбаярын 8 авто машиныг Төв азийн зам ХХК Япон улсаас Монгол Улсад тээвэрлэн ирсэн талаар хариуцагч маргаагүй.
Хариуцагч ...авто машин 120 хонож ирсэн, авто машинаас ашиг олоогүй, сар бүр үнэтэй гарааш түрээсэлдэг... гэж тайлбарлаж байх боловч уг тайлбараар хариуцагчийг зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэлгүй.
Гаалийн байгууллагын дансанд Төв азийн зам ХХК-иас 2020.02.13-нд 1,933,343.61 төгрөг, 2020.04.27-нд 4,483,487.57 төгрөг, 2020.04.28-нд 2,196,624.37 төгрөг, нийт 8,613,455.55 төгрөгийг шилжүүлсэн баримтыг нэхэмжлэгч тал хэрэгт өгч, үүнээс Ч.Мөнхбаярын Япон улсаас тээвэрлүүлэн ирсэн авто машинуудын татварт 4,219,968 төгрөгийг төлсөн гэж нэхэмжилснийг хариуцагч маргаагүй тул гаалийн татварт төлсөн 4,219,968 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй. /хх-12,18, 24/
Талууд гэрээгээр гаалийн төлбөрийг санхүүжүүлэх, улмаар хүү тооцох талаар тохироогүй байх тул 4,219,968 төгрөгөөс хүү шаардах эрхгүй гэж үзэж, 4,219,968 төгрөгийн хүүд нэхэмжилсэн 2,763,708 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй.
Талууд гэрээгээр эхний сар хүүгүй, 2 дахь сараас сарын 2.8 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлэхээр тохирсон байх тул үндсэн төлбөрөөс хүү шаардах эрхтэй ба дараах байдлаар тооцов.
Тоёотай сай маркийн AZK10-2042011 арлын дугаартай автомашины үнэ 289,200 иенийн хүү: 289,200*2.8%*12сар=97,171 иен
Тоёотай королла филдер маркийн NPH10-7073615 арлын дугаартай автомашины үнэ 224,400 иенийн хүү: 224,400*2.8%*12сар=75,398 иен
Тоёотай акуа маркийн NPH10-6350537 арлын дугаартай автомашины үнэ 163,800 иенийн хүү: 163,800*2.8%*12сар=55,037 иен, нийт 227,606 төгрөгийн иенийг хүүд гаргуулах үндэслэлтэй.
Гэрээгээр хүүг 12 сарын хугацаанд тооцохоор тохиролцсон байх тул 13 дахь сараас 2022 оны 2 сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд хүү гаргуулах үндэслэлгүй.
Иенийн ханшийг 25.04 төгрөгөөр тооцож нэхэмжилсэнтэй хариуцагч маргаагүй тул хариуцагч Ч.Мөнхбаяр үндсэн зээлд 677,400 иен, хүүд 227,606 иен, нийт 905,006 иенийг буюу иенийн ханш 25.04 төгрөгөөр тооцоход 22,661,135 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үндэслэлтэй.
Иймд хариуцагч Ч.Мөнхбаяраас үндсэн зээлд 21,182,064 төгрөг, хүүд 5,699,254 төгрөг, нийт 26,881,318 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Төв азийн зам ХХК-д олгож, нэхэмжлэлээс хүүд нэхэмжилсэн 7,905,797 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ч.Мөнхбаяраас 26,881,318 /хорин зургаан сая найман зуун наян нэгэн мянга гурван зуун арван найм/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Төв азийн зам ХХК-д олгож, нэхэмжлэлээс 7,905,797 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 331,886 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Мөнхбаяраас улсын тэмдэгтийн хураамжид 292,357 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Төв азийн зам ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ