Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 2024/ШЦТ/135

 

2025            05             05                                             2024/ШЦТ/135                      

     

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ ,

Улсын яллагч Х.Ууганбат

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Эрдэнэбат

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ууганбатаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******од  холбогдох эрүүгийн 2430003430094 дугаартай  хэргийг  2025 оны 04 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1963 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар аймгийн Асгат суманд төрсөн, 62 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Холбооны инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар баг, ******* тоотод оршин суух хаягтай боловч одоогоор Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар баг, Боловсрол хорооллын ******* тоотод оршин суух, урьд өмнө нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, регистрийн дугаар *******, ******* овогт *******.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Яллагдагч ******* нь Иргэний агаарын тээврийн Миат компанийн ерөнхий захирлын 1993 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/57 дугаартай тушаалаар Сүхбаатар аймгийн агаарын тээврийн газрын даргаар буюу нийтийн албан тушаалтнаар томилогдон, ажиллаж байхдаа буюу 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,

Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.3 дахь заалтад заасан "албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах", мөн хуулийн 7.1.6 дахь заалтад заасан "албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх" гэснийг,

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт заасан "албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна" гэснийг мөн хуулийн 6.4 дэх хэсэгт заасан "албан тушаалтан иргэний болон хуулийн этгээдийн зүгээс тавьсан албан үүрэгтэй нь зөрчилдөх хувийн ашиг сонирхлын асуудал болон зан байдлыг тэвчиж, албан үүргээ гүйцэтгэхдээ нийтийн ашиг сонирхлыг хувийн болон тусгай ашиг сонирхлоос илүүд үзнэ", 6.5 дахь хэсэгт заасан "албан тушаалтан ашиг сонирхлын зөрчилд орж болох нөхцөл байдлыг мэдэгдэх, түүнээс татгалзах замаар урьдчилан сэргийлнэ" гэснийг тус тус зөрчиж,

Иргэний нисэхийн үндэсний төвийн харьяа Сүхбаатар аймаг дахь "Баруун-Урт" нисэх буудлын даргаар ажиллаж байх хугацаандаа Иргэний нисэхийн ерөнхий газрын Өмч хамгаалах комисс нь тус газрын даргын 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн А/241 дугаар тушаалаар батлагдсан "Өмч хамгаалах байнгын зөвлөлийн ажиллах журам"-ын 4.5-т заасан "Байнгын зөвлөл нь эрх бүхий байгууллагаac шилжүүлэхээр шийдвэр гарсан хөрөнгийг байгууллагын даргын тушаалаар комисс томилон хүлээлцүүлэхэд дүгнэлт гаргах ба актлахаар шийдвэр гарсан эд хөрөнгийг ашиглах байдлаас шалтгаалан үнэ тогтоон худалдах, задалж сэлбэг, материал болгон ашиглах, худалдах болон задлах боломжгүй хөрөнгийг устгахаар шийдвэр гаргах ба худалдах, ашиглах хөрөнгүүдийн үнийг тогтоон, устгах хөрөнгийг комисс томилон устгуулах ажлыг зохион байгуулна" гэх заалт, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 65 дугаар тогтоолоор баталсан "Өмч хамгаалах байнгын зөвлөлийн үйл ажиллагааны журмын 5.11-т "Эрх бүхий байгууллагын шийдвэрээр шилжүүлэхээр шийдвэрлэсэн хөрөнгийг актаар хүлээлцэх, акталж данснаас хасах хөрөнгийг ангилж үнэ тогтоон хоёрдогч түүхий эдийн зориулалтаар худалдах, сэлбэг, материал болгон ашиглах, устгах хөрөнгийг устгалын акт үйлдэн данснаас хасах ажлыг зохион байгуулна" гэснийг,

Төрийн өмчийн хорооны 2015 оны 707 дугаар тогтоолын дагуу тус нисэх буудлын худгийг Өмч хамгаалах зөвлөлөөс шийдвэрлээгүй байхад 2016 онд дур мэдэн засварлаж, "" ТББ (Байгаль орчныг хамгаалах нөхөрлөлийн Сүхбаатар аймгийн зөвлөл) нэрийн дор өөрийн хамаарал бүхий этгээд болох төрсөн ах ******* болон "Баруун-Урт" нисэх буудлын галч, харуул ажилтай *******, нартай худгаас "Ус ханган нийлүүлэх гэрээ" байгуулж худгийг актлах шийдвэрийг хэрэгжүүлэлгүй өөрт ашиг олох санаа зорилгоор "Баруун-Урт" нисэх буудлын төсвөөс "" ТББ-н Төрийн банкны дугаарын дансаар нийт 8,195,093 төгрөг шилжүүлэн авсан мөн тус худгаас "Эм Эл Цахиурт Овоо" ХХК-д ус ашиглуулан өөртөө ашиг олох санаа зорилгоор тухайн компаниас 6,318,000 төгрөг, нийт 14,513,093 төгрөгийг "" ТББ-н Төрийн банкны дугаарын дансаар авч өөрийн Хаан банкны дугаарын данс руу 7,189,000 төгрөгийг шилжүүлэн авч хувьдаа зарцуулж үлдэгдэл мөнгийг Төрийн банкны дугаарын дансаар зарцуулж өөртөө давуу байдал бий болгосон буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн  22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би 1993 оны 3 сарын 16-ны өдрөөс Иргэний Нисэхийн Ерөнхий газрын харьяа Баруун-Урт нисэх буудлын даргаар ажиллаж эхэлсэн. Миний бие улсад 41 жил ажилласан, Үүний 33 жилд нь Сүхбаатар аймгийн Нисэхэд ажилласан юм. 3 жил инженерийн ажил хийгээд тэгээд үргэлжлүүлэн 33 жил тасралтгүйгээр 2023 оны 10 сарын 12-ны өдрийг хүртэл Нисэх буудлын даргаар ажилласан. Худгийн талаар товч мэдээллүүдийг хийе гэж бодож байна. 2015 оны 11 сарын 26-ны өдрийн Төрийн өмчийн хорооны 707 тоот тушаалаар Баруун-Урт Нисэх буудлын дөрвөн объектыг акталсан байдаг юм. Нийт өртөг нь 73,000,000 төгрөгийн үнэтэй. Үүний нэг нь гүний худаг. 2015 оны 11 сарын 26-ны өдрийн тогтоолоор жилийн эцсийн актаар Иргэний Нисэхийн Ерөнхий газар Сүхбаатар аймгийн Баруун-Урт дахь Нисэх буудлын салбараасаа үндсэн хөрөнгөө хассан байдаг. Ерөнхий газрын даргын зөвшөөрлөөр хассан. Надад үндсэн хөрөнгийг захиран зарцуулах эрх байгаагүй. Иргэний нисэхийн ерөнхий газрын үндсэн хөрөнгийн өмч хамгаалах зөвлөлд нь 2016 оны 4 дүгээр сарын 19-ний 2/42 тоот, нийт 3 албан бичиг явуулсан. Олон удаа явуулсан байдаг ч хэрэгт хавсаргах гээд Иргэний  нисэхийн ерөнхий газарт хүсэлт явуулахад миний бие тэтгэвэрт гарсан учраас албан байгууллагын мэдээллийг гаргаж өгөхөөс цааргалсан учраас нотлох баримтыг авч чадаагүй. Иргэний нисэхийн худагтай холбоотой үзлэг шалгалт хийсэн Иргэний нисэхийн газрын дотоод аудитор Мөнх-Эрдэнэ Баруун-Урт Нисэх буудлын 4 объектыг актад оруулсан байна. Энэ актад оруулахдаа Иргэний нисэх газрын өмч хамгаалах зөвлөл, иргэний нисэхийн дээд байгууллагууддаа хандаагүй, бичиг тоот явуулаагүй гэсэн зүйлийг оруулсан байсан. Үүнийг үндэслээд намайг энэ хэрэгт холбогдуулж шалгаад мөн акталсан худгаас ус авч хэрэглэсэн гэж намайг шалгаж байгаа. Би энэ худгийг ашигласнаар хувьдаа ашиг сонирхлын зөрчил үүсгэе, ус авч амны зардал гаргаад мөнгө олъё гэсэн бодол надад огт байгаагүй. Яагаад гэвэл 33 жил Сүхбаатар аймгийн Баруун-Урт Нисэх буудлынхаа төлөө хоёргүй сэтгэлээр ажиллаж ирж, залуу нас, бүх зүйлээ зориулж ажиллаж ирсэн юм.  Би Сүхбаатар аймаг дахь Баруун-Урт Нисэх буудлын салбарын төсвийн хөрөнгийг хэмнэж, олон санаачилга, саналтай үр бүтээлтэй ажлуудыг хийж байсан. Яагаад энэ худгийг засварлах болсон бэ гэхээр Баруун-Урт Нисэх буудал албидроны бэлэн байдлыг хангаж ёстой. Үүний ганц чухал объект нь худаг мөн. Хөөрт бут шороон зурвас гэж байдаг. Сүхбаатар аймаг шороон зурвастай энэ шороон зурвасыг засаж ажиллахад индүүдлэг хийх, мэрэгч оготно устгалын ажилд хийдэг. Хорыг улирлын чанартай цацдаг бусад улиралд хулгана устгах ажлыг усаар хийдэг. Манай байгууллага төвлөрсөн халаалтад байдаггүй учраас халаалт бусад ахуй хэрэглээний халаалтуудаа зөөврийн усаар хэрэглэдэг. Ингээд бүтэн жилийн дараа бид Ойжуулалт болон Дөрвөлж компаниас усаа авч байсан боловч зардал мөнгө  хүрэхгүй байсан тул бид Дөрвөлж компанийн усыг авах боломжгүй байсан. Сүүлдээ Ойжуулалт бусад компаниас ус гуйж авдаг байсан. Сүүлдээ хүмүүс нь дургүйцээд байсан.  Нисэх буудал байнгын бэлэн байдалд байдаг. Яагаад гэвэл онцгой болон тусгай үүрэг бүхий түргэний болон түймэр  гэх мэт янз бүрийн яаралтай үед бэлэн байдалд байлгахын тулд энэ зурвасыг бэлэн байлгадаг. Үүнийг хангахын тулд манайх шороон зурвас дээр анхаарах ёстой. Номер нэг асуудал бол оготныг устгах,  огтоны үүрийг нь устгаж тэгшлэх байдаг. Огтоно устгаагүй тохиолдолд онгоцны дугуй цөмөрч осол аваар гарах нөхцөл үүсдэг. Энэ ажлыг бид 4 сараас 11 сар хүртэл хийдэг. 2016 оны сүүлчээр тус худгийг шалгаж үзсэн боловч бүтэн жил ажиллаагүй учраас лаг, шаврандаа дарагдаад ажиллах боломжгүй, ус нь гарахгүй  байсан. Энэ асуудлаар санал тавьсан боловч шийдэгдэхгүй болохоор нь 2018 оны сүүлчээс эхэлж энэ худгийг засвар үйлчилгээ эхэлсэн, ингээд 2018 оны сүүл 2019 оны эхээр засвар хийж дуусгаад зөвхөн Нисэх буудлын хэрэгцээнд ашиглахаар хийсэн. Ингээд худгийг засварлахад тодорхой хэмжээний зардал гарсан учраас зардлыг минь тодорхой хэмжээнд зохицуулалт хийж өгөх байх гэж бодтол хийж өгөөгүй учир би зардлаа гаргаж авах үүднээс Нисэх буудлынхаа усыг нийлүүлсэн. Ингээд усыг нийлүүлэхэд хохирол үүсээгүй, харин ч хэмнэсэн буюу 4,118,000 төгрөгийн хэмнэлт гаргаж ажилласан.  Төсвийн зардлыг 500 гаруй сая төгрөгөөр, усных нь зардлыг 4 сая гаруй төгрөгөөр хэмнэсэн. Миний бармиталдаг зарчмын хувьд хэзээ ч албан байгууллагын үйл ажиллагааг доголдуулах болон бэлэн байдлыг нь алдагдуулахгүй байх юм.  Ийм учраас худгийг сэтгэл гаргаж зассан нь асуудал үүсэх нөхцөл бүрдсэн гэж ингэж үзэж байгаа. Энэ худгийг акталснаас нь хойш хариуцах эзэнгүй болсон тул би хариуцаж ажиллагаанд оруулсан гэв...”   

    

Гэрч “...Тухайн худаг болон бусад хөрөнгүүд байх газрыг 2015 онд Сүхбаатар аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор газар чөлөөлөлт хийгдэж тухайн газарт боловсрол хороолол баригдсан ингээд манай байгууллага гарааш, мотор, лабораторийн өрөө бүхий барилгыг шинээр байгууллагын хашаанд барьсан харин худгийг зөөвөрлөх дахин худаг гаргах боломжгүй байсан. Ингээд газар чөлөөлөлт хийгдэх үед буюу 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Төрийн өмчийн хорооноос тухайн хөрөнгүүдийг актлах шийдвэр ирсэний дагуу 2015 оны жилийн эцсийн тайлангаар тухайн худгийг байгууллагын данснаас хасалт хийсэн гэхдээ тухайн худгийг өөр иргэн болон аж ахуй нэгжид эзэмшүүлээгүй манай Баруун-Урт нисэх буудлын нэр дээр байдаг. Иргэний ерөнхий газраас 2024 оны 04 дүгээр сард санхүүгийн хяналт шалгалт хийгдсэн тэр үед худгийг төрийн бус байгууллагад эзэмшүүлэн байгууллагын төсвөөс 8.3 сая төгрөг зарцуулсан нь хууль бус гэж үзсэн. Энэ ямар учиртай юм бэ гэхээр ус ханган нийлүүлэх гэрээг 2019 оноос хойш Сүхбаатар аймаг дахь төрийн бус байгууллагын дарга *******тай байгуулж тухайн худгийг *******ыг худгийг эзэмшиж ашиглах болж гэрээнд заасны дагуу Баруун-Урт нисэх буудлын ахуйн хэрэгцээний усны хэрэгцээг хангахаар болсон ингээд манай байгууллагаас тухайн худгаас ус авах болгондоо бүртгэлийн хуудас хөтлөөд ус авах болгондоо ус авсан хүмүүс гарын үсэг зурж баримтжуулан сар болгоны төгсгөлд тухайн байгууллаас ирсэн нэхэмжлэлийг үндэслэн төлбөрийг шилжүүлдэг байсан.

Тухайн худгийг бусдад эзэмшүүлэх шилжүүлэх шийдвэр гараагүй. Энэ гэрээний хувьд тухайн үед даргаар ажиллаж байсан нь худгаас авч ашиглахдаа төрийн бус байгууллагатай гэрээ байгуулж авахаар болсон энэ талаар иргэний нисэхийн ерөнхий газарт хүсэлт гаргасан гэж хэлсэн бусдаар албан бичиг тоотыг нь хараагүй ингээд 2019 оноос хойш гэрээ байгуулах болсон миний бие мен гэрээнд гарын үсэг зурдаг байсан. Ер нь бол даргын хэлсний дагуу л гэрээ байгуулсан.

*******, ******* нар нь төрсөн ах дүү нар байгаа юм би бол энэ хоёр хүнтэй төрөл садангийн холбоо хамаарал байхгүй. ******* нь 2020 онд тэтгэвэрт гарсан. 2019, 2020 онд ус ханган нийлүүлэх гэрээ байгуулахад ******* нь Баруун-Урт нисэх буудалд харуул талын журам сахиулагчийн ажлыг хийж байсан. 2021 оноос хойш ус ханган нийлүүлэх гэрээг *******тай байгуулсан ******* нь Баруун-Урт нисэх буудалд уурын зуухны галч хийдэг байсан 2023 онд ажлаас чөлөөлөгдөж байсан." гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 112-114-р хуудас),

 

Гэрч *******ын “...Би гэрээ харлаа би гарын үсэг зураагүй байна би энэ гэрээний талаар огт мэдэхгүй байна.... Би энэ зөвлөлийг байгуулж байгаагүй энэ зөвлөлийн дарга биш ямар учиртай юм гэдгийг мэдэхгүй байгаа учраас ойлгохгүй байна. .... Би худгийг мэднэ тухайн худгийг би ажил хийдэг байхдаа тухайн худгаас ус авах үед нь очиж ус өгдөг байсан. Хэн хэнд ус өгч байгаагаа би бол бүртгэж тэмдэглэл өгдөггүй байсан. .... Байгаль орчныг хамгаалах нөхөрлөлийн Сүхбаатар аймгийн зөвлөл гэж байгуулагдаж байгаа гэж хэлж байсан гэхдээ ямар учиртай яах гэж  байгуулж байгаа гэдгийг хэлээгүй. Миний бие бол энэ талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 117-118 хуудас),

 

Гэрч *******ын “...2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр, 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрүүдэд Ус ханган нийлүүлэх гэрээ байгуулаагүй ямар учиртай гэрээ гэдгийг нь мэдэхгүй байна. Миний бие -ийн талаар огт мэдэхгүй яагаад дарга гэсэн юм бол мэдэхгүй байна. Миний бие гэрээ байгуулаагүй тухайн хоёр гэрээг харлаа гэрээнд зурсан гарын үсэг миний гарын үсэг биш байна миний бие гарын үсэг зурахдаа өөрийн нэрийг бүтнээр нь бичдэг юм хэн гарын үсэг зурсан талаар мэдэхгүй байна. Харин намайг ажиллаж байх хугацаанд нисэх буудлын дарга ******* нь чи худаг хариуцан ажиллах ёстой шүү гэж нэг удаа л хэлж байсан өөр юм ярьж байгаагүй миний бие дээрх гэрээний талаар огт мэдэхгүй байна." гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 126-127-р хуудас),

 

Гэрч "... Тухайн 2 гарын үсэг зурсан гэрээг харлаа миний гарын үсэг мөн байна тухайн гэрээнд яг хэзээ зурж байсан талаараа мэдэхгүй байна. Ямар ч байсан гарын үсэг зурсан байна ажилд ороод удаагүй байсан учраас ямар гэрээнд гарын үсэг зурснаа мэдэхгүй байна. Тус гэрээнд нягтлан бодогч надаар гарын үсэг зуруулсан гэж санаж байна..... Надад тухайн үед худгаас ус авах гэрээ байгаа юм гэж танилцуулж байсан тэгээд л би гарын үсэг зурсан байна." гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 130-131-р хуудас),

 

Гэрч ".. Төрийн өмчийн хорооны 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 707 дугаартай тогтоолоор Иргэний нисэхийн ерөнхий газрын өмчлөлд бүртгэлтэй 321,5 сая төгрөгийн өртөгтэй хавсралтад дурдсан хөрөнгүүдийг актлах шийдвэр гарсан. Хавсралтад заасан хөрөнгөд гүний худгийг актлахаар заасан. Тухайн үеийнхээр тус газрын харьяа байгууллага болох Баруун-Урт нисэх буудал нь тогтоолын дагуу хөрөнгүүдийг акталсан. Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын зөвлөлийн 2016 оны 6 сарын 22-ны өдрийн 13 дугаартай хурлын шийдвэр байдаг ба хурлын шийдвэрийн 18 дэс дугаарт Баруун-Урт нисэх буудлын моторын байр, гражийн барилга байгууламж нь газар чөлөөлөлтийн байршилд байгаа тул нүүлгэн шилжүүлэхийг шийдвэрлүүлэхийг холбогдох албан тушаалтнуудад даалгасан. Миний ажиллах албанаас 2024 онд хяналт шалгалт хийхэд тус нисэх буудал нь 2022 онд өөр байршилд моторын байр, гражийн барилга шинээр барьж ашигласан. Бид нарыг газар дээр нь ажиллах үеийн байдлаар хуучин гражийн барилга, моторын байр байхгүй, тэр газар дээр нь Сүхбаатар аймгаас орон сууцны барилга байгууламж барьсан буюу актлагдаж чөлөөлөгдөж байсан.

Харин моторын байр, гүний худаг нь актлагдсан байж биетээрээ газраас чөлөөлөгддөгүй байсан. Уг нь тухайн үеийн Төрийн өмчийн хорооны тогтоолоор тухайн хөрөнгүүдийг акталсан, акталсан шийдвэрийн дагуу болон саяны хэлсэн даргын зөвлөлийн шийдвэрийн дагуу моторын байрыг нүүлгэн шилжүүлж газрыг чөлөөлөх байсан. Гүний худгийг акталсан учраас байгууллагынхаа өмч хамгаалах зөвлөлөөр шийдвэрлүүлж акталж данснаас хасах ёстой. Данснаас хасах гэдэг нь нэг бол устгах, нэг бол тухайн үеийн үнэлгээгээр нь бусдад худалдаад үнийг нь төсвийн дансанд байршуулах, эсхүл аймаг, орон нутагт нь хүлээлгэн өгч акт үйлдсэн байх ёстой. Бид нар аудит хийхдээ тухайн худаг хэний өмч вэ гэдгийг тогтоохоор үзэхэд 2001 онд манай байгууллагаас төсвийн хөрөнгөөр гаргасан худаг, 2016 онд актлах шийдвэр гарсан байдаг. Гэтэл актлах шийдвэрийг хэрэгжүүлээгүй байсан. Улмаар тухайн худгийг актлах шийдвэрийг хэрэгжүүлээгүй байж акталсан гэдэг шалтгаанаар тухайн худгаасаа 2020-2024 онд 8,3 сая төгрөгөөр ус худалдаж авсан байдаг. Тэгэхээр одоо энэ худаг хэний өмчлөл вэ гэхээр манай данснаас бол тогтоолын дагуу хасагдсан, устгасан, шилжүүлсэн, борлуулсан акт бид нар олоогүй. Ус нийлүүлэх 4 гэрээ байгуулагдсан байдаг ба худгийг эзэмшигчийг төлөөлж "Сүхбаатар аймаг дах " гэсэн байгууллага байдаг. Миний хувьд хэний өмч вэ гэдэг дээр хэлж мэдэхгүй, мөрдөх байгууллага эзэмшлийг нь тогтоох нь зүйтэй байх.

....Байгууллагын харилцах дансны хуулгаар тогтоогдсон. Тухайн худгийг актлах шийдвэр гарсны дараа устгах, шилжүүлэх, худалдах шийдвэрийг нь гаргуулаад шинэ байршилд хэрэглээндээ зориулж шинээр худаг гаргуулах эсэх асуудлыг шийдвэрлэх ёстой байсан. Тухайн байгууллагын өмч хамгаалах шийдвэрээр ийм шийдвэр олдоогүй. Ус бол зайлшгүй шаардлагатай байдаг учраас анх гүний худаг байгуулж байсан. Аймгуудын нисэх буудлууд бүгд өөрийн хэрэглээний гүний худагтай байдаг, зарим нь аймгийн төвийн усны системд холбогдсон бол төлбөртэй ус хэрэглэж байгаа.

Өмч хамгаалах зөвлөлөөр шийдвэрлүүлэх ёстой байсан. Тухайн үед шийдвэрлэсэн баримт олдоогүй. Процессын хувьд өмч хамгаалах байнгын зөвлөл гэж байдаг ба харьяа нэгжүүд нь актлах хөрөнгийнхөө жагсаалтыг жил бүр ирүүлдэг ба түүнийг нь тус зөвлөлөөс Төрийн өмчийн хороонд шилжүүлж шийдвэр гаргуулсны дараа Иргэний нисэхийн ерөнхий газар дээр устгалын комисс гардаг. Энэ устгалын комиссоос энэ худгийг хэрхэн шийдвэрлэх тухай шийдвэрийг гаргах байсан. Энэ устгах комисст "Баруун-Урт нисэх буудал"-аас энэ хөрөнгүүд дээр ийм шийдвэр гарсан тул шийдвэр гаргуулъя гэж саналаа ирүүлэх ёстой, мөн уг комисст тус нисэх буудлаас албан тушаалтан оролцох ёстой. Манай албанаас хийсэн шалгалтаар шийдвэр олдоогүй. Тус нисэх буудлаас санал ирүүлэхгүй бол Иргэний нисэхийн ерөнхий газар нь олон нэгжтэй учраас аль байгууллага дээр юу актлагдаагүй үлдсэн байна гэдгийг тухай бүр хянах боломжгүй байдаг." гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 138-140-р хуудас),

 

Гэрч "...Би ямар нэгэн харилцаа хамаарал байхгүй. Би 2009 онд Улаанбаатар хотод байгаль орчныг хамгаалан нөхөн үржүүлэх иргэдийн нөхөрлөл бүлгүүдийн холбооны сургалтад суусан тэр үед надад нь Байгаль орчныг хамгаалах нөхөн үржүүлэх иргэдийн нөхөрлөл бүлгүүдийн холбооны Сүхбаатар аймгийн зөвлөл байгуулагдсан тул гэрчилгээ олгов гэж № дугаар бүхий гэрчилгээ олгосон ингээд уг гэрчилгээ манай нөхөр аваад Төрийн банкин дээр очиж данс нээлгэсэн. Сүхбаатар аймагт үйл ажиллагаа огт явуулаагүй. Би энэ талаар мэдэх зүйл алга надад манай нөхөр данс нээлгэх талаар хэлээгүй би бол тухайн данс нээлгэсэн гэж мэдээгүй Авлигатай тэмцэх газар дээр мэдүүлэг өгөх үедээ тухайн байгууллага дээр данс нээлгэсэн талаар мэдлээ." гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 148-149-р хуудас),

 

Гэрч "...2021, 2022 онд бол гэрээ байгуулсан зүйл байхгүй. Өмнө нь иргэний нисэхийн ерөнхий газартай 2015 онд гэрээ байгуулж ус авдаг байсан. Манай компаниас мөнгө шилжүүлэхдээ нэхэмжлэхийг үндэслэн мөнгө шилжүүлдэг нэхэмжлэлийг ******* гэх хүн фейсбүүк чатаар миний чат руу явуулдаг байсан. ******* гэх иргэнээс ирүүлсэн нэхэмжлэлүүдийг хэрэгт хавсаргуулахаар гарган хүргүүлье. Дээрх дурдсан мөнгөн дүнг нэхэмжлэлийн дагуу шилжүүлсэн байх, өөр мэдэх зүйл байхгүй байна. Иргэний нисэхийн ерөнхий газраас 2015 онд хэрэглээний ус авч төлбөр төлдөг байсан тэр цагаас хойш л тухайн худгаас ус авч хэрэглэж байгаа харин 2021, 2022 онд гэрээ байгуулалгүй манай компаниас ус авч тухайн авсан усны нэхэмжлэх ирж төлбөрийг төлдөг байсан юм" гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 152-153-р хуудас),

 

Иргэний нэхэмжлэгч “... 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Иргэний нисэхийн ерөнхий газрын өмч хамгаалах байнгын зөвлөлийн 2 дугаартай дүгнэлтээр 2015 оны 707 тоот акталсан баримтын дагуу Моторын байр. гүнийн худгийн барилга, цэвэр усны шугам, автомашины грашийг буулгаж газар чөлөөлөх буулгах ажлыг гэрээ байгуулан баталгаажуулж хийх, тус гэрээндээ аюулгүй байдлын хангах хог цэвэрлэн газрыг чөлөөлөх, гарсан материалыг авах хүсэлтэй хүмүүст үнэлэн борлуулан мөнгийг дансанд тушаан тайланг ирүүлэхийг даалгаж байна гэсэн дүгнэлтийг ирүүлсэн байсан. Уг дүгнэлтийн дагуу үлдэх өртөгтэй актлагдсан хөрөнгүүд бусдад худалдан борлуулж худгийн гэрчилгээг худалдан авсан хүнд шилжүүлэх албан ёстой байсан. Гэтэл ******* нь тухайн үлдэх өртөгтэй худгийг бусдад худалдан борлуулалгүй 2020 оноос хойш ТББ-Н нэр дээр өөрийн хамаарал бүхий этгээдүүдтэй гэрээ байгуулж төсвөөс 8.292.000 төгрөгийг усны төлбөрт шилжүүлэн Баруун-Урт нисэх буудлын нэр дээр гэрчилгээ нь бүртгэлтэй худгийг бусдад худалдан борлуулж шийдвэр гаргалгүй өөрийн хамаарал бүхий ТББ-ийн нэр дээр гэрээ байгуулж төсөвт хохирол учруулсан гэж үзэж Иргэний нисэхийн ерөнхий газраас аудитын хяналтын үеэр тогтоогдсон. Миний хувьд Эм Эл Цахиурт овоо ХХК нь худгаас ус авсан асуудлыг мэдэхгүй байна хэрвээ тухайн компани худгаас ус авсан юм бол тухайн ус авсан мөнгийг Баруун-Урт нисэх буудлын төрийн санд төлбөрийг тушаах ёстой байсан тэгэхээр дээрх асуудлын хүрээнд ******* нь өөртөө давуу байдал бий болгож олсон мөнгийг буцаан төлүүлэх шаардлагатай гэж үзэж байна

Нийт манай нягтлан бологч ын санхүүгийн баримтад бол 8.292.000 төгрөг гэж гарсан тухайн мөнгийг 8.3 сая төгрөг гэж аудитын дүгнэлтэд тусгасан байх мөн 8,292,000 төгрөгт Баруун-Урт нисэх буудлын худаг ашигласан цахилгааны төлбөр болох 96,899 төгрөг давхар бодогдож 8,292,000 төгрөгөөр бодогдсон байсан тэгэхээр яг ус ашигласны төлбөрт бол 8,195,093 төгрөг болсон манай нисэх буудлын цахилгааны төлбөр дээр худгийг төлбөр цуг бодогддог учраас зөрүү гарсан байна тэгэхээр манай зүгээс цахилгаантай холбоотой нэхэмжлэх зүйл байхгүй. Дотоод аудит хийгдсэнээс хойш тухайн өөрийн худгаас асуудал шийдэгдэж дуустал ус авч болохгүй гэдэг чиглэл ирсэн. Миний бие 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Баруун-Урт нисэх буудлын захирлаар томилогдсон, 2023 оны 10 дугаар сараас 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Баруун Урт нисэх буудлын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан. Аудитын шалгалт 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр ирж хяналт шалгалт явуулж худгийг акталж данснаас хассан боловч тогтоолд заасны дагуу байгууллагын өмч хамгаалах байнгын зөвлөл худгийг цаашид буулгах, нүүлгэн шилжүүлэх гэх мэт холбогдох шийдвэр гаргаагүйгээс хэрэглээний ус худаггүй болж өөрийн эзэмшилд байсан буюу Иргэний нисэхийн ерөнхий газрын хөрөнгө оруулалтаар хийгдэж байсан худгаас гэрээ байгуулж 8,3 сая төгрөг зарцуулж ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн гэж үзсэн. Ингээд тэр цагаас хойш манай нисэх буудал Сүхбаатар ойжуулалт ОНӨАТҮГ-аас гэрээ байгуулан ус авч байгаа

Манай нисэх буудал нь 5 хүний бүрэлдэхүүнтэй өмч хамгаалах зөвлөл ажилладаг гэхдээ манай өмч хамгаалах зөвлөл нь үндсэн хөрөнгөд бүртгэлтэй бага үнэтэй түргэн элэгдэх хөрөнгийг актлах саналыг дээд шатны байгууллагад уламжилдаг ингээд дээд шатны байгууллагаас актлах шийдвэр ирж үлдэх өртөгтэй бол бусдад худалдан борлуулах шийдвэрийг өгдөг Тухайн худгийн хувьд өмч хамгаалах зөвлөл нь хэдэн төгрөгөөр хэрхэн ямар хүн худалдан борлуулах болсон талаараа санал гаргаж Иргэний нисэхийн ерөнхий газрын өмч хамгаалах байнгын зөвлөлд саналыг хүргүүлэн бусдад худалдан борлуулах байсан юм гэхэд дээрх ажиллагаа хийгдээгүй. Мөн иргэний нисэхийн ерөнхий газраас 2016 оны 06 дугааp сарын 10-ны өдөр Иргэний нисэхийн ерөнхий газрын өмч хамгаалах байнгын зөвлөлийн 2 дугаартай дүгнэлтээс өөр ИНЕГ-н өмч хамгаалах зөвлөлөөс 2017 онд гэж санаж байна Баруун-Урт нисэх буудлын төрийн өмчийн хорооноос актлагдсан 6 төрлийн хөрөнгийг буулгах буюу үлдэгдэл хөрөнгөөр нь худалдан борлуулах санал ирүүл гэсэн байсан уг актлагдсан хөрөнгөд тухайн худаг мөн орсон байсан гэтэл тухайн худгийг өмч хамгаалах зөвлөлеес ирүүлсэн шийдвэрийн дагуу шийдвэрлэлгүй дур мэдэн засвар хийн ашиглаж өөртөө ашиг олсон байна." гэх мэдүүлэг (3-р хавтаст хэргийн 67-69-р хуудас),

 

"" ТББ (Байгаль орчныг хамгаалах нөхөрлөлийн Сүхбаатар аймгийн зөвлөл) Төрийн банкны дугаарын дансны хуулга (1-р хавтаст хэргийн 178-185-р хуудас),

*******ын Хаан банкны дугаарын дансны хуулганууд болон дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 187-228-p хуудас),

Төрийн өмчийн хорооны 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 707 дугаартай "Үндсэн хөрөнгө акталж, данснаас хасах зөвшөөрөл олгох тухай" тогтоолын хуулбар, хавсралт (1-р хавтаст хэргийн 230-231-р хуудас),

Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Сүхбаатар аймаг дахь нисэх буудлын 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 28 дугаартай "барилга байгууламж нүүлгэн шилжүүлэх тухай" албан бичгийн хуулбар болон шинээр барих байгууламжийн жагсаалтын хуулбар (1-р хавтаст хэргийн 232-233-р хуудас),

Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Сүхбаатар аймаг дахь нисэх буудлын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 79 дугаартай "нүүлгэн шилжүүлэх ажлын талаар санал хүргүүлэх тухай" албан бичгийн хуулбар (1-р хавтаст хэргийн 234-р хуудас),

Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Сүхбаатар аймаг дахь нисэх буудлын 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 89 дугаартай "нүүлгэн шилжүүлэх ажлын талаар санал хүргүүлэх тухай албан бичгийн хуулбар (1-р хавтаст хэргийн 235-р хуудас),

Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Сүхбаатар аймаг дахь "Баруун-Урт Нисэх буудлын 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 12, 13, 14, 15 дугаартай "Өмч хамгаалах байнгын комиссын акт"-ын хуулбарууд болон хавсралтын хуулбарууд (1-р хавтаст хэргийн 236-243-р хуудас),

Иргэний нисэхийн үндэсний төвийн харьяа Сүхбаатар аймаг дахь "Баруун-Урт" нисэх буудлын "Дотоод аудитын тайлан"-ийн хуулбар (1-р хавтаст хэргийн 11-15-р хуудас),

2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн "Ус ханган нийлүүлэх" гэрээний хуулбар (1-р хавтаст хэргийн 28-р хуудас).

2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн "Ус ханган нийлүүлэх" гэрээний хуулбар (1-р хавтаст хэргийн 27-р хуудас).

2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн "Ус ханган нийлүүлэх" гэрээний хуулбар (1-р хавтаст хэргийн 26-р хуудас).

2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн НБ23/01 дугаартай "Ус ханган нийлүүлэх гэрээний хуулбар (1-р хавтаст хэргийн 25-р хуудас),

2001 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн "Уст цэг ашиглалтад хүлээн авсан акт"-ийн хуулбар, Сүхбаатар аймгийн нисэх буудлын гүн өрмийн худгийн барилгыг барьж ашиглалтад оруулсан ажлын гүйцэтгэлийн товчооны хуулбар (1-р хавтаст хэргийн 29-30-р хуудас),

Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн А/241 дугаартай "Өмч хамгаалах байнгын зөвлөлийн ажиллах журмыг батлах тухай" тушаалын хуулбар болон өмч хамгаалах байнгын зөвлөлийн ажиллах журмын хуулбар (1-р хавтаст хэргийн 41-44-р хуудас),

Иргэний агаарын тээврийн Миат компанийн ерөнхий захирлын 1993 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/57 дугаартай "Томилох тухай тушаалын хуулбар (3-р хавтаст хэргийн 17-р хуудас),

Сүхбаатар аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2025.05.5-ны өдрийн 01/178 тоот албан бичиг (1 хуудас),

Нисэх буудлын үндсэн хөрөнгийн дансны ангиллын жагсаалтын “барилга байгууламж”-ийн 2014-2023 оны тооллогын бүртгэл (12 хуудас),

Төрийн болон орон нутгийн өмчийн тооллогын хяналтын хуудас (4 хуудас),

Баруун-Урт Нисэх буудлын 2019 оны орлого, зарлагын төлөвлөгөөний гүйцэтгэл (3 хуудас),

Баруун-Урт нисэх буудлын 2020 оны орлого, зарлагын төлөвлөгөөний гүйцэтгэл (6 хуудас),

Баруун-Урт Нисэх буудлын хязгаарлагдмал аэродромын ерөнхий заавар (2 хуудас),

Сүхбаатар аймгийн Дөрвөлж ОНӨААТҮГазрын 2025 оны 05 сарын 01-ний өдрийн 95 тоот албан бичиг (1 хуудас),

Дотоод аудит, хяналт шалгалтын 2020 оны ажлын тайлан (16 хуудас),

Дотоод аудит, хяналт шалгалтын 2020 оны ажлын тайлан (17 хуудас),

Сүхбаатар аймаг дахь Нисэх буудалын 2016.04.19-ний өдрийн “Хүсэлт гаргах тухай” 42 тоот албан бичиг (2 хуудас),

Сүхбаатар аймгийн 4 дүгээр багийн  нутагт байрлах актлагдсан худгийг сэргээн зассан зардал (1 хуудас),

Сүхбаатар аймгийн Засаг даргын  “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан “авах зарим арга хэмжээний тухай” 2020.11.12-ны өдрийн А/544 дугаар захирамж (2 хуудас),

Сүхбаатар аймгийн Засаг даргын 2020.02.03-ны өдрийн “Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, ажил эрчимжүүлэх тухай” 01 дугаартай албан даалгавар (1 хуудас),

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Засаг даргын 2021.02.10-ны өдрийн “Хөдөлгөөн хязгаарлах тухай” А/32 дугаартай захирамж, хавсралт (3 хуудас) зэрэг нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

 Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч ******* нь Иргэний агаарын тээврийн МИАТ компанийн ерөнхий захирлын 1993 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/57 дугаартай тушаалаар Сүхбаатар аймгийн агаарын тээврийн газрын даргаар буюу нийтийн албан тушаалтнаар томилогдон ажиллаж байхдаа буюу 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,

Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.3 дахь заалтад заасан "албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах", мөн хуулийн 7.1.6 дахь заалтад заасан "албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх" гэснийг,

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт заасан "албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна" гэснийг мөн хуулийн 6.4 дэх хэсэгт заасан "албан тушаалтан иргэний болон хуулийн этгээдийн зүгээс тавьсан албан үүрэгтэй нь зөрчилдөх хувийн ашиг сонирхлын асуудал болон зан байдлыг тэвчиж, албан үүргээ гүйцэтгэхдээ нийтийн ашиг сонирхлыг хувийн болон тусгай ашиг сонирхлоос илүүд үзнэ", 6.5 дахь хэсэгт заасан "албан тушаалтан ашиг сонирхлын зөрчилд орж болох нөхцөл байдлыг мэдэгдэх, түүнээс татгалзах замаар урьдчилан сэргийлнэ" гэснийг тус тус зөрчиж, буюу албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж

Иргэний нисэхийн ерөнхий газрын Өмч хамгаалах комисс нь тус газрын даргын 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн А/241 дугаар тушаалаар батлагдсан "Өмч хамгаалах байнгын зөвлөлийн ажиллах журам"-ын 4.5-т заасан "Байнгын зөвлөл нь эрх бүхий байгууллагаac шилжүүлэхээр шийдвэр гарсан хөрөнгийг байгууллагын даргын тушаалаар комисс томилон хүлээлцүүлэхэд дүгнэлт гаргах ба актлахаар шийдвэр гарсан эд хөрөнгийг ашиглах байдлаас шалтгаалан үнэ тогтоон худалдах, задалж сэлбэг, материал болгон ашиглах, худалдах болон задлах боломжгүй хөрөнгийг устгахаар шийдвэр гаргах ба худалдах, ашиглах хөрөнгүүдийн үнийг тогтоон, устгах хөрөнгийг комисс томилон устгуулах ажлыг зохион байгуулна" гэх заалт, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 65 дугаар тогтоолоор баталсан "Өмч хамгаалах байнгын зөвлөлийн үйл ажиллагааны журмын 5.11-т "Эрх бүхий байгууллагын шийдвэрээр шилжүүлэхээр шийдвэрлэсэн хөрөнгийг актаар хүлээлцэх, акталж данснаас хасах хөрөнгийг ангилж үнэ тогтоон хоёрдогч түүхий эдийн зориулалтаар худалдах, сэлбэг, материал болгон ашиглах, устгах хөрөнгийг устгалын акт үйлдэн данснаас хасах ажлыг зохион байгуулна" гэснийг зөрчиж,

Төрийн өмчийн хорооны 2015 оны 707 дугаар тогтоолын дагуу тус нисэх буудлын худгийг Өмч хамгаалах зөвлөлөөс шийдвэрлээгүй байхад 2016 онд дур мэдэн засварлаж, "" ТББ (Байгаль орчныг хамгаалах нөхөрлөлийн Сүхбаатар аймгийн зөвлөл) нэрийн дор өөрийн хамаарал бүхий этгээд болох төрсөн ах ******* болон "Баруун-Урт" нисэх буудлын галч, харуул ажилтай *******, нартай худгаас "Ус ханган нийлүүлэх гэрээ" байгуулж худгийг актлах шийдвэрийг хэрэгжүүлэлгүй өөрт ашиг олох санаа зорилгоор "Баруун-Урт" нисэх буудлын төсвөөс "" ТББ-н Төрийн банкны дугаарын дансаар нийт 8,195,093 төгрөг шилжүүлэн авсан мөн тус худгаас "Эм Эл Цахиурт Овоо" ХХК-д ус ашиглуулан өөртөө ашиг олох санаа зорилгоор тухайн компаниас 6,318,000 төгрөг, нийт 14,513,093 төгрөгийг "" ТББ-н Төрийн банкны дугаарын дансаар авч өөрийн Хаан банкны дугаарын данс руу 7,189,000 төгрөгийг шилжүүлэн авч хувьдаа зарцуулж үлдэгдэл мөнгийг Төрийн банкны дугаарын дансаар зарцуулж өөртөө давуу байдал бий болгосон үйл баримт нь

Гэрч Ү.Эрдэнбаяр, *******, А.Жамсранжав, А.Мөнх-Эрдэнэ, Т.Долгормаа, Б.Эрдэнэцэцэг, иргэний нэхэмжлэгч Х.Наранбаатар нарын мэдүүлгүүд,

"" ТББ (Байгаль орчныг хамгаалах нөхөрлөлийн Сүхбаатар аймгийн зөвлөл) Төрийн банкны дугаарын дансны хуулга,

 *******ын Хаан банкны дугаарын дансны хуулганууд болон дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл,

төрийн өмчийн хорооны 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 707 дугаартай "Үндсэн хөрөнгө акталж, данснаас хасах зөвшөөрөл олгох тухай" тогтоолын хуулбар,

Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Сүхбаатар аймаг дахь нисэх буудлын 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 28 дугаартай "барилга байгууламж нүүлгэн шилжүүлэх тухай" албан бичгийн хуулбар болон шинээр барих байгууламжийн жагсаалтын хуулбар ,

2001 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн "Уст цэг ашиглалтад хүлээн авсан акт"-ийн хуулбар, Сүхбаатар аймгийн нисэх буудлын гүн өрмийн худгийн барилгыг барьж ашиглалтад оруулсан ажлын гүйцэтгэлийн товчооны хуулбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

    1.2. Талуудын гаргасан дүгнэлт

 

Улсын яллагчаас: “...шүүгдэгч нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан гэрч нарын мэдүүлэг зэрэг болон бусад бичгийн нотлох баримтууд, өнөөдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: ...энэ худаг нь 2014 онд Төрийн өмчийн хорооны 707 тоот тогтоолоор актлагдсан байдаг. Актлагдсаны дараа Иргэний Нисэхийн Ерөнхий газрын өмч хамгаалах зөвлөлд ******* 3 удаагийн албан бичгээр акталсан хөрөнгийг үлдэгдэл хөрөнгөгүйгээр устгалд оруулъя гэсэн саналаа хэлсэн байдаг. Уг саналын хариуг Иргэний Нисэхийн Ерөнхий газрын өмч хамгаалах байнгын зөвлөлөөс одоог хүртэл хариу ирүүлээгүй байгаа. 2014 оноос хойш 2019 он хүртэл 4 жил ******* байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулахын тулд Сүхбаатар ойжуулах компаниас 4 жил ус авсан байдаг.

2019 онд Ковид халдварт өвчин гарч хөл хөдөлгөөнийг хязгаарласныг бүгд мэдэж байгаа. Үүний улмаас ******* өөрөө санаачилга гаргаж, хуучин ашиглахгүй байсан худгаа сэргээн засаж ажилласан. Худгийг сэргээн засахдаа өөрийнхөө зардлаар засварласан боловч нотолж чадахгүй байгаа. 

Худаг засварласан талаар байгууллагаас хэдэн төгрөгийн зардал гарсан гэсэн баримт хавтаст хэрэгт байхгүй байгаа. Энэ худгийг сэргээн зассаны хүчинд өнөөдрийг хүртэл Нисэх онгоцны буудал хэвийн үйл ажиллагаа явуулж байна.

Уг худаг нь 2015 оны тогтоолоор хасагдаад, 2016 онд төрийн өмчийн тооллогоор Баруун-Урт Нисэх буудлын эзэмшлийн худаг биш болсон нь хэрэгт авагдсан нотлох баримтууд, гэрч нарын мэдүүлгүүдээр нотлогдож байна. Тухайн худаг нь Баруун-Урт Нисэх буудлын өмч биш байхад тухайн байгууллагын ажиллагааг хэвийн явуулахын тулд ******* нь өөрийн хөрөнгөөр 17,160,000 төгрөгөөр худгийг засаж сэлбэсэн байдаг. Хүн өөрийн зардлыг гаргасан юм чинь  өөрийн зардлаа гаргаж авах ёстой. Дөрвөлж компанийн ус нийлүүлэх тариф 5,800  төгрөг байхад 3,500 төгрөгөөр ус өгч байсан. Мөн 8,000 төгрөг байхад нь 5,000 төгрөгөөр өгч байсан. Үүнээс харахад өөрт давуу байдал бий болгоогүй гэдэг нь харагдана.

Мөн  ******* нь 2019-2023 оны хугацаанд 560 гаруй сая төгрөгийн төсвийн хэмнэлт гаргасан байгаа юм. Энэ хүн төсвийн хэмнэлт гаргахдаа худгийнхаа засварын 17,000,000 төгрөгийг авахад амархан байсан. Гэтэл тэгээгүй байгууллагынхаа үйл ажиллагааг дэмжиж 5 жил явуулсан байгаа.

Иймд дүгнэлттэй бид санал нийлэхгүй байна. Иймд *******ыг гэм буруугүйд тооцож хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэв.

 

    1.3. Хууль зүйн дүгнэлт

 

Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг”, мөн зүйлийн 3.1.4-т “давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг”, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “хувийн ашиг сонирхол гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг” ойлгоно, мөн хуулийн 4 дүгээр зүйлд нийтийн албан тушаалтан буюу хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг тус тус хуульчилжээ.

 

Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан нь уг хуулийн үйлчлэлд хамаарахыг тодорхойлжээ.

Шүүгдэгч ******* нь Иргэний нисэхийн үндэсний төвийн харьяа Сүхбаатар аймаг дахь "Баруун-Урт" нисэх буудлын даргаар ажиллаж байсан бөгөөд тухайн хэрэгт холбогдох үедээ нийтийн албан тушаалтан байжээ.  

 

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2003 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 58/4 тоот тогтоолоор баталсан Авлигын эсрэг НҮБ-ын Конвенцэд нийцүүлэн Монгол Улсын Их хурлаас 2006 оны 07 дугаар сарын 06-ны өдөр баталсан Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлд төрийн албан хаагч албан тушаалынхаа бүрэн эрхийн дагуу асуудал боловсруулж шийдвэрлэхдээ хууль бусаар аль нэг хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, албан тушаалынхаа байдлыг ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх, хууль бусаар ашиг хонжоо олох, бусдад давуу байдал олгох зорилготой бусад үйлдэл хийх зэргээр ашиг сонирхлын зөрчилтэй үйл ажиллагаа явуулахыг хориглосон байна.

 

Нийтийн албанд ажиллаж буй албан тушаалтан нь хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрээр олгогдсон бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд өөрийн үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэх бөгөөд тэдгээрийн албаны эрх мэдэл нь дээр дурдсан эрх зүйн актын хэмжээгээр хязгаарлагддаг билээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба хохирол, хор уршиг арилсан эсэхээс үл хамааран нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэл хийснээр гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах бөгөөд өөрөөр хэлбэл, гэм буруутай хүний зүгээс албаны бүрэн эрхэд хамаарч байгаа үйлдлийг албаны эрх ашигт харш байдлаар үйлдэх, эсвэл хийх ёстой зүйлийг албаны эрх ашигт харш байдлаар хийхгүй байх эс үйлдэхүйн хэлбэртэй байдаг.

 

 Шүүгдэгч ******* нь нийтийн албан тушаал хашиж байх үедээ албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Төрийн өмчийн хорооны 2015 оны 707 дугаар тогтоолын дагуу тус нисэх буудлын худгийг Өмч хамгаалах зөвлөлөөс шийдвэрлээгүй байхад 2016 онд дур мэдэн засварлаж, "" ТББ (Байгаль орчныг хамгаалах нөхөрлөлийн Сүхбаатар аймгийн зөвлөл) нэрийн дор өөрийн хамаарал бүхий этгээд болох төрсөн ах ******* болон "Баруун-Урт" нисэх буудлын галч, харуул ажилтай *******, нартай худгаас "Ус ханган нийлүүлэх гэрээ" байгуулж худгийг актлах шийдвэрийг хэрэгжүүлэлгүй өөрт ашиг олох санаа зорилгоор 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Иргэний нисэхийн ерөнхий газрын Өмч хамгаалах комисс нь тус газрын даргын 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн А/241 дугаар тушаалаар батлагдсан "Өмч хамгаалах байнгын зөвлөлийн ажиллах журам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 65 дугаар тогтоолоор баталсан "Өмч хамгаалах байнгын зөвлөлийн үйл ажиллагааны журмын холбогдох заалтуудыг тус тус зөрчиж, нийт 14,513,093 төгрөгийг "" ТББ-н Төрийн банкны дугаарын дансаар авч өөрийн Хаан банкны дугаарын данс руу 7,189,000 төгрөгийг шилжүүлэн авч хувьдаа зарцуулж үлдэгдэл мөнгийг Төрийн банкны дугаарын дансаар зарцуулж өөртөө давуу байдал бий болгон эрх мэдлээ хэтрүүлсэн дээрх үйлдэл нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн объектив болон субъектив талын шинжийг бүрэн хангах бөгөөд төрийн албаны нэр хүндэд харшаар нөлөөлөх үйлдэл гэж үзэх үндэслэлтэй юм.

 

Иймд шүүгдэгч *******од холбогдох дээрх үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Г.Эрдэнэбат нар гэм буруугийн талаар “...гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй үндэслэлээр гэм буруугүйд тооцож, цагаатгах шийдвэр гаргаж өгнө үү гэх дүгнэлт, саналыг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

Учир нь ******* нь нийтийн албан тушаал хашиж байх үедээ албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж  Төрийн өмчийн хорооны 2015 оны 707 дугаар тогтоолын дагуу тус нисэх буудлын худгийг Өмч хамгаалах зөвлөлөөс шийдвэрлээгүй байхад 2016 онд дур мэдэн засварлаж, "" ТББ (Байгаль орчныг хамгаалах нөхөрлөлийн Сүхбаатар аймгийн зөвлөл) нэрийн дор өөрийн хамаарал бүхий этгээд болох төрсөн ах ******* болон "Баруун-Урт" нисэх буудлын галч, харуул ажилтай *******, нартай худгаас "Ус ханган нийлүүлэх гэрээ" байгуулж худгийг актлах шийдвэрийг хэрэгжүүлэлгүй өөрт ашиг олох санаа зорилгоор 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Иргэний нисэхийн ерөнхий газрын Өмч хамгаалах комисс нь тус газрын даргын 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн А/241 дугаар тушаалаар батлагдсан "Өмч хамгаалах байнгын зөвлөлийн ажиллах журам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 65 дугаар тогтоолоор баталсан "Өмч хамгаалах байнгын зөвлөлийн үйл ажиллагааны журмын холбогдох заалтуудыг тус тус зөрчиж, нийт 14,513,093 төгрөгийг "" ТББ-н Төрийн банкны дугаарын дансаар авч өөрийн Хаан банкны дугаарын данс руу 7,189,000 төгрөгийг шилжүүлэн авч хувьдаа зарцуулж үлдэгдэл мөнгийг Төрийн банкны дугаарын дансаар зарцуулж өөртөө давуу байдал бий болгон дээрх үйл баримт нь дээр дурдсан нотлох баримтуудаар нотлогдсон хийгээд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан санал, дүгнэлт нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд дээрх нотлох баримтуудаар үгүйсгэгдэн няцаагдаж байна.

 

  Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

    2.1. Эрүүгийн хариуцлага

 

  Гэмт хэрэг үйлдсэн үеэс хойш гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан оногдуулж болох ялын төрөл, хэмжээнээс хамааруулан ялгамжтайгаар тогтоосон, тухайн этгээдэд эрүүгийн хариуцлагын хөөн хүлээлгэх хугацааг эрүүгийн хариуцлагад татаж болох хугацаа гэж тодорхойлдог билээ.

Эрүүгийн хариуцлагад татаж болох хугацааг Эрүүгийн хуульд тусгайлан хуульчилсан нь гэмт хэрэг үйлдсэн үеэс хойш гэмт этгээдийг илрүүлэн тогтоож, хуульд заасан үндэслэл журмын дагуу яллагдагчаар татахгүй тодорхой хугацаа өнгөрсөн бөгөөд тэрээр энэ хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй бол түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлдөгтэй холбоотой юм.

 

Шүүгдэгч *******ыг нийтийн албан тушаалтнаар томилогдон, ажиллаж байхдаа буюу 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр өөртөө давуу байдал бий болгосон албан тушаалын гэмт хэрэг үйлдсэнтэй нь холбогдуулан прокурор 2025 оны 03 дугаар сарын 27-нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн  22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол үйлджээ.(хэргийн 3 дахь хавтас, 47-57 х)

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулж болох ялын төрөл, хэмжээг нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй” гэж,

мөн зүйлийн  1.2-т “ энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг нэг жилээс дээш, дээд хэмжээг найман жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээг нэг жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн гэж, мөн зүйлийн 2-т “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно.” гэж тус тус хуульчилжээ.

 

Прокуророос шүүгдэгч *******ыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэж үзэн яллагдагчаар татсан байх бөгөөд яллагдагчаар татаж болохгүй хуулийн хугацаа өнгөрсөн байжээ.

Өөрөөр хэлбэл түүний гэмт хэрэг үйлдсэн өдрөөс яллагдагчаар татсан өдөр хүртэлх хугацааг тоолоход 6 жил 2 сар 23 хоног өнгөрсөн байх тул Эрүүгийн хуулийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан” үндэслэлээр шүүх *******од холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

 

2.2  Хохирол, хор уршгийн талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заажээ.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 9-д заасан “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссанаас үл хамааран шүүхийн шийдвэрээр хурааж улсын орлого болгоно” гэж шүүхэд үүрэг болгосон, заавал хэрэглэх хэм хэмжээг *******од хэрэглэх нь зүйтэй гэж үзнэ.

 

Эрүүгийн хуулийн дээрх заалтыг Улсын Их Хурал 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд уг хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн ба энэ заалт нь ямар нэгэн урьдчилсан нөхцөл, сонголтгүйгээр шууд хэрэглэгдэх, заавал биелэгдэх буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зохицуулалтын шинжтэй тул энэхүү хэм хэмжээг шүүх заавал хэрэгжүүлэх үүрэгтэй болно.

 

Шүүгдэгч ******* нь Төрийн өмчийн хорооны 2015 оны 707 дугаар тогтоолын дагуу тус нисэх буудлын худгийг Өмч хамгаалах зөвлөлөөс шийдвэрлээгүй байхад 2016 онд дур мэдэн засварлаж, "" ТББ (Байгаль орчныг хамгаалах нөхөрлөлийн Сүхбаатар аймгийн зөвлөл) нэрийн дор өөрийн хамаарал бүхий этгээд болох төрсөн ах ******* болон "Баруун-Урт" нисэх буудлын галч, харуул ажилтай *******, нартай худгаас "Ус ханган нийлүүлэх гэрээ" байгуулж худгийг актлах шийдвэрийг хэрэгжүүлэлгүй өөрт ашиг олох санаа зорилгоор "Баруун-Урт" нисэх буудлын төсвөөс "" ТББ-н Төрийн банкны дугаарын дансаар нийт 8,195,093 төгрөг шилжүүлэн авсан мөн тус худгаас "Эм Эл Цахиурт Овоо" ХХК-д ус ашиглуулан өөртөө ашиг олох санаа зорилгоор тухайн компаниас 6,318,000 төгрөг, нийт 14,513,093 төгрөгийг "" ТББ-н Төрийн банкны дугаарын дансаар авч өөрийн Хаан банкны дугаарын данс руу 7,189,000 төгрөгийг шилжүүлэн авч хувьдаа зарцуулж үлдэгдэл мөнгийг Төрийн банкны дугаарын дансаар авсан нь тогтоогдож байх тул уг 14,513,093 төгрөгийг *******оос гаргуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 9-д заасны дагуу хурааж улсын орлого болгохоор тогтоов.

 

             2.4. Бусад асуудлаар

 

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримт хавсаргагдаагүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхийн шатанд түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт *******ыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгох буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан” үндэслэлээр *******од холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасны дагуу *******оос гэмт хэрэг үйлдэхдээ олсон орлого 14,513,093 төгрөгийг гаргуулж Иргэний нисэхийн үндэсний төвийн харьяа Сүхбаатар аймаг дахь "Баруун-Урт" нисэх буудалд олгосугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******од шүүхийн шатанд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

5. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт иргэний баримт бичгээр хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Н.БАЯРБААТАР