2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1408

 

2025            05             27                                         2025/ШЦТ/1408

 

 

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Энхзул,

улсын яллагч Б.Бат-Эрдэнэ /томилолтоор/,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр явуулсан шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2508 000000 0000 дугаартай хэргийг 2025 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1986 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо, Зээлийн 00 дугаар гудамжны 00 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

Боржигон овогт Бгийн Ө /РД:**00000000/

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2025 оны 02 дугаар сарын 14-өөс 15-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо, Хустайн 0-00 тоотод хохирогч Г.Гтай үл ялих зүйлийн улмаас маргалдан улмаар хохирогчийн нүүрэн тус газарт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 380 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, хохиролтой холбоотой баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч *******.

1. Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон.

2. Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлэг, гэм буруугийн талаарх дүгнэлт, мэтгэлцээнийг дүгнээд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг дараах үндэслэлээр хүлээн авав.

Хэргийн нөхцөл байдлыг сэргээн дүгнэхэд: Шүүгдэгч ******* нь 2025 оны 02 дугаар сарын 14-өөс 15-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо, Хустайн 0-00 тоотод хохирогч Г.Гтай үл ялих зүйлийн улмаас маргалдан улмаар хохирогчийн нүүрэн тус газарт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь тархи доргилт, эрүү ясны хоёрлосон далд хугарал, эрүү баруун хацрын зөөлөн эдийн няцрал буюу хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Г.Гын “...Би 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 09 дүгээр хороо, Тойргийн автобусны буудал дээр нутгийн зүс таних хүмүүстэй архи уусан юм. Тэгээд 22 цагийн үед манай хүү М намайг тойргийн автобусны буудлаас ирж аваад бид хоёр гэртээ очсон. Гэрт очиход манай нутгийн дүү Ө ирчихсэн байсан. Тэгээд бид хоёр хэсэг юм ярьж суусан санагдаж байна. Тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байсан. Юунаас болж маргалдсан юм мэдэхгүй. Миний санаж байгаагаар Ө гэнэт миний эрүү хэсэг рүү 1 удаа хүчтэй цохисон. Тэгээд миний ухаан балартаад амнаас их хэмжээний цус гарсан. Тэгээд ухаан ороод цагдаа дуудсан. Тухайн асуудал болсноос хойш би 1 удаа 5 цагийн урт хагалгаанд орсон..., ...Тухайн үед Ө яагаад миний биед халдсаныг мэдэхгүй байна. Уг нь бид хоёр бага байхаасаа ах дүү болж явсан. Өмнө нь ийм асуудал огт гаргаж байгаагүй. Тухайн үед бид хоёр юунаас болж маргалдсан юм санахгүй байна. Ямар ч байсан Ө гэнэт миний эрүү хэсэг рүү 1 удаа хүчтэй цохисон. Тэгээд миний ухаан балартаад амнаас их хэмжээний цус гарсан. Тэгээд ухаан ороод цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлэг /хх-8-9/,           “...би Өд цохиулсныхаа дараа сэргээд гэрээ тойруулаад харахад манай гэрт эхнэр Т, бага охин 6 настай М, эхнэрийн үеэл дүү Б нар байсан. Б тухайн үед манай гэрийн зүүн талын орон дээр сууж байсан. Б миний биед огт халдаж зодсон асуудал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-12/, “...Би 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө “С” ХХК-д жолоочоор ажилладаг байсан..., ...сарын цалин маань 3,500,000 төгрөг байсан. Би хэрэг гарсан өдрөөс хойш олон хоног эмнэлгийн байгууллагаар явснаас болж ажилдаа явж чадаагүй, мөн манай ажил хөдөө явах тохиолдол их байдаг тул би шингэн хоол хүнс хэрэглэхээс авхуулаад гам барих шаардлагатай байсан тул 2025 оны 04 дүгээр сарын эхээр өөрөө ажлаасаа гарах хүсэлтээ компанийн хариуцсан ахлахад утсаар мэдэгдсэн ба албан ёсоор бичгээр гарах хүсэлт өгөөгүй, мөн компаниас дахин холбогдоогүй. Би 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл ажил хийгээгүй тул тухайн хугацааны мөнгийг буюу нэг сарыг нь 3,500,000 төгрөгөөр тооцож, Өгээс ажилгүй байсан хугацааны 7,000,000 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн миний эрүү цохиулснаас болж үргэлж байдаг хиймэл шүд маань 7 хиймэл шүд нь унасан. Уг хиймэл шүднүүдийг би 2023 онд барагцаагаар 280,000 төгрөгөөр хийлгэж байсан бөгөөд уг мөнгийг нэхэмжилж байна..., ...Ө манай эхнэр Д овогтой Тийн данс руу 700,000 төгрөг хийсэн, бэлнээр 130,000 төгрөг өгсөн гэсэн. Өөр мөнгө өгөөгүй байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-14/,

Гэрч Д.Тийн “...Ө, Г 2 хоорондоо юм ярилцаад байж байсан ба нэг мэдсэн чинь хоёулынх нь дуу чангараад маргалдаад босоод ирсэн. Тэгснээ Ө нь манай нөхөр Гын зүүн талын эрүү рүү гараараа нэг удаа цохисон бөгөөд Гын эрүү дуугарсан..., ... нөхөр маань Өд цохиулснаасаа болж юм ярьж чадахаа больсон бөгөөд Гэмтэл согог судлалын үндэсний төвд үзүүлэхэд эрүү нь хугарсан байна гэж хэлсэн..., ...Ө Гыг цохих үед 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 01 цаг өнгөрч байсан...” гэсэн мэдүүлэг /хх-16/, түүний дахин мэдүүлсэн “...Би 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр ажлаа тараад...гэртээ 18 цаг 30 минутын үед үед очсон ба намайг гэрт очих үед манай гэрт манай 6 настай охин М, миний үеэл дүү Б, танил дүү Ө 3 байсан. Б, Ө хоёр хоёулаа нэлээн согтуу сууцгааж байсан. Тэгтэл Б надаас ганц архи аваад өгөөч гээд гуйгаад байхаар нь би Бд мөнгө өгөөд тэр 2 хамт дэлгүүр явж 0,5 литрийн Хараа нэртэй архи авчирсан байсан ба уг архийг Б, Ө 2 хувааж уусан. Архи нь дууссаны дараа Г ирсэн..., ...Миний үеэл дүү Б 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөрт шилжих шөнө...манай нөхөр Гын биед гэмтэл учруулаагүй, хэрэгт огт холбоогүй хүн тул би өмнө өгсөн мэдүүлэгтээ Бын талаар дурдаагүй юм. Б 2025 оны 15-ны өдөр Гтай маргалдаж, муудалцсан, хоорондоо зодолдсон асуудал огт байхгүй. Г Ө 2 муудалцаж байх үед Б манай зүүн талын орон дээр унтах гээд согтуу хэвтэж байсан. 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр манай нөхөр Гын биед учирсан гэмтлийг нутгийн танил дүү Ө гараараа нэг удаа нүүрэн хэсэгт нь цохиж учруулсан. Ө Гыг нэг удаа цохисны дараа Гын амнаас хиймэл шүд нь унаад цус гараад эхэлсэн бөгөөд би Өг гэрээсээ хөөгөөд гаргасан. Тэгтэл Өд цохиулснаас болж манай нөхөр Гын эрүү хугарсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-18/,

Гэрч Ц.Бын “...2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Т эгч над руу залгаад "Шөнө Ө Г ахыг чинь цохиод бид нар Гэмтэл согог судлалын үндэсний төв явсан" гэж ярьж байсан. Мөн тэр өдөр Ө над руу залгаад "Би цагдаа дээр байна, эрүүлжүүлэхэд хоносон би Г ахыг нэг л цохисон" гэж ярьж байсан. Би өөр зүйл мэдэхгүй байна. 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөрт шилжих шөнө би хэн нэгнийг зодож цохиогүй мөн намайг хэн нэгэн зодож цохисон асуудал байхгүй. Би Ө Г ахыг цохисныг хараагүй бөгөөд тэр үед тасраад унтаж байсан. Намайг тасраад унтах үед Г ахын гэрт Т эгч, Ө бид гурав л байсан бөгөөд би Г ах гэртээ хэзээ ирснийг нь ч мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-23/,

Гэрч Г.Мийн “...миний төрсөн дүү М над руу залгаад “Ө ах аавыг зодчихоод гараад явчихлаа” гэж надад хэлсэн..., ...аавын гэрт очиход аавын эрүү хавдаад хөдлөхгүй ам нь битүү цус болоод мөн гэрийн шалан дээр их цус дуссан байсан. Намайг аавын гэрт буцаад очиход гэрт ээж Т, дүү М, Б ах 3 байсан. Б ах гэрийн ертөнцийн зүгээр зүүн талын орон дээр унтчихсан байсан..., ...Би Ө ахын гэрийг мэддэг тул шууд гэр рүү нь яваад очиход Ө ах гэртээ байсан ба дагуулаад аавын гэрт очсон Ө ах замдаа ахын дүү аавыгаа өмөөрөх нь зөв гэж надад хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-25/,

Гэрч Б.Жгийн “...М надад “Ө ах аавыг зодчихсон байна” гэхэд Ө.Мд “Аав чинь ээжид чинь агсам тавиад байхаар нь би аавыг чинь боль гэхэд аав чинь эргээд над руу дайраад байхаар нь би аавыг чинь нэг удаа цохисон” гэж хэлсэн..., ...гаднаас Б ороод ирсэн бөгөөд баруун шанаа нь урагдаад хамраас нь цус гарчихсан ууртай орж ирсэн бөгөөд “Энийг ална, намайг зодлоо” гээд Г ах руу заагаад ороод ирсэн. Тэгэхээр нь би энэ бас яасан юм бэ гэхэд Төө эгч надад “Өг гарсны дараа Г, Б 2 бас маргалдаад зодолдсон” гэж ярьсан...., ...Тэгээд цагдаа орж ирэхэд Ө цагдаад “Би Г ахыг нэг л цохисон” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлгээр /хх-27/ тус тус нотлогдож байна.

3. Хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн ЕГ0725/3373  дугаартай дүгнэлтэд “...Г.Гын биед тархи доргилт, эрүү ясны хоёрлосон далд хугарал, эрүү, баруун хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсгэгдсэн, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо...” гэжээ. /хх-30-31/,

Тус дүгнэлттэй холбоотойгоор шинжээч эмч С.Ч “...Дээрх гэмтлийг авсан үед идэвхтэй үйлдэл хөдөлгөөн хийх, хүнтэй ярих, утсаар ярих зэрэг зэрэг үйлдэл хийж болно. Гэмтэл авсан үеийн согтолтын байдал нөлөөлнө. Согтолтын зэрэг их байх тусам өвдөлт бага мэдэрнэ. Эрүү ясны хугарал үүсээд хэсэг хугацааны дараа хаван хавдар нэмэгдэж, ам ангайлт хязгаарлагдаж хэвийн ярих чадваргүй болно. Тэр хүртэлх хугацаанд чөлөөтэй ярьж болно. Хаван хавдар үүсэх, ам ангайлт хязгаарлагдах хугацаа нь хүн бүрд харилцан адилгүй илэрнэ...” гэж мэдүүлсэн. /хх-35/

4. Хохирогчийн биед учирсан дээрх хүндэвтэр хохирол нь шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэрээр хохирогчийг цохих үед үүссэн, идэвхтэй хүчний үйлчлэлээр үүсгэгдсэн нөхцөл байдал тогтоогдож байна. Хэрэгт авагдсан баримт, хохирогч, гэрчийн мэдүүлгээс тухайн цаг хугацаанд хохирогч Г.Г нь шүүгдэгч *******гээс өөр хүнтэй маргаж муудсан зүйл болоогүй, шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн байна.

5. Иймд шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар үйлийн 1, 2 дахь хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас  хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө... зэрэгт шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцох,  гэмт хэрэг үйлдэж  хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор  уршигт тооцохоор, шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно гэж заасан.

Мөн Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй”, мөн зүйлийн 505.2 дахь хэсэгт “Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй” гэж заасан.

7.1. Хохирогч Г.Г нь эрүүл мэндэд учирсан хор уршигтай холбоотой 879,950 төгрөгийн баримт гаргаж өгсөн. Шүүгдэгч ******* нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчид 1,330,000 төгрөг шилжүүлэн өгсөн байна.

Хохирогч нь гэмтлийн улмаас 2 сарын хугацаанд ажлаа хийгээгүй, ажилгүй байсан хугацааны дутуу авсан цалинд 7,000,000 төгрөг нэхэмжилсэн. Хэрэгт авагдсан хохирогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтоос үзэхэд сарын цалин 1,000,000 төгрөгөөр тооцон шимтгэл төлж байжээ. Улмаар хохирогч 2025 оны 4 дүгээр сарын эхээр ажлаа сольсон талаар мэдүүлсэн байх тул 1 сарын хугацаанд цалингүй байсны хохирлыг гаргуулах нь зөв гэж дүгнэн шүүгдэгч *******гээс 1,000,000 төгрөг гаргуулж хохирогч Г.Гд олгуулахаар шийдвэрлэв.

7.2. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад” нөхөн төлүүлнэ гэж заасан. Иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын мэргэжилтэн С.С даатгалын сангаас 3,092,522 төгрөгийн зардал гарсныг нэхэмжилжээ. /хх89/

Тиймээс даатгалын санд нөхөн төлүүлэх зардлыг хариуцан төлбөл зохих шүүгдэгч *******гээс гаргуулан 3,092,522 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сангийн 1000000000** дугаарын дансанд төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

9.1. Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгийн торгох ял оногдуулах дүгнэлтийг,

9.2. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “гэм буруу дээрээ маргаагүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлсөн нөхцөл байдлыг харгалзан торгуулийн ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг гаргасан бол, шүүгдэгчээс “хийсэн хэрэгтээ харамсаж байна” гэжээ.

10. Хэрэгт авагдсан нотлох баримтаас шүүгдэгч нь урьдаас төлөвлөөгүй тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдож байна. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтайд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

11. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд үл ялих зүйлээр шалтгаалан бусдын эрүүл мэндэд халдсан, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлын хувьд урьд ял шийтгэгдэж байгаагүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалтайг харгалзан үзлээ.

12. Шүүгдэгчийн үйлдэлд хуульд зааснаар “450 нэгжээс 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240 цагаас 720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 1 сараас 1 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял” шийтгэнэ гэж заасан.

13. Иймд шүүхээс гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн хувийн байдал, хохирлыг баримтын хүрээнд төлсөн, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан торгох ялыг сонгон оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600,000 төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

14. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бгийн Өг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 600 нэгж буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497.1, 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гээс 1,000,000 /нэг сая/ төгрөг гаргуулж хохирогч Г.Гд олгуулж, хохирогч нь ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүү болон хор уршигтай холбоотой хохирлыг иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрх нээлттэйг дурдсугай.

5. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч *******гээс 3,092,522 /гурван сая, ерэн хоёр мянга, таван зуун хорин хоёр/ төгрөг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сангийн 1009000000** дугаар дансанд төлүүлсүгэй.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүйг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МӨНХБААТАР