Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2022/02601

 

 

 

 

2022 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2022/02601

Улаанбаатар хот

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

нэхэмжлэгч:  нэхэмжлэлтэй,

 

хариуцагч: нарт холбогдох, 

 

зээлийн гэрээний үүрэг, нотариатын зардалд нийт 14 966 622,93 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.*******, Ц.*******

хариуцагч Б.******* нар оролцож

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Х.******* хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК хариуцагч Б.*******, Б.******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг, нотариатын зардалд нийт 14 966 622,93 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... хариуцагч Б.******* , Б.******* нар нь ******* *******ны Хархорин тооцооны төвөөс 2018 оны 09-р сарын 11-ний өдрийн 101100470755 тоот гэрээгээр 14,600,000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй 50 сарын хугацаатай хэрэглээний зээлийг авсан. Зээлийн гэрээнд зээлдэгч Б.******* болон хамтран зээлдэгч Б.******* нар нь гарын үсгээ зурсан байдаг. Зээлийн гэрээний хэрэгжилтийн явцад зээлдэгч нь зээлийн төлбөрийг хугацаандаа төлөхгүй байх зөрчлийг удаа дараа гаргаж, зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй. Тухайлбал: Зээлдэгч Б.*******, хамтран зээлдэгч Б.******* нар нь дээрх 101100470755 тоот зээлийн гэрээ болон түүний хавсралт 1 дэх зээл буцаан төлөх хуваарийн дагуу үндсэн зээл болон үндсэн хүүгээ эргүүлэн төлөөгүй 839 хоног хугацаа хэтрүүлж өнөөдрийг хүртэл гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй байна. Банкны зүгээс зээлдэгчтэй тухай бүр утсаар ярих, биечлэн уулзах, мэдэгдэл хүргүүлэх зэргээр гэрээний үүрэг зөрчигдөж байгаа тухай сануулж, зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэхийг 2020 оны 05-р сарын 29-ний өдөр, 2020 оны 06-р сарын 02-ны өдөр, 2020 оны 07- р сарын 27-ны өдөр, 2020 оны 08-р сарын 13-ны өдөр, 2021 оны 09-р сарын 28-ны өдөр, 2021 оны 11-р сарын 02-ны өдөр тус тус урьдчилан мэдэгдсэн. Зээлдэгч Б.******* , Б.******* нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй, зээл төлөхөөс зайлсхийж байгаа тул 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар дараах зээлийн үндсэн төлбөр, хүү, төлбөрийг хариуцагч талаас нэхэмжилж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж хариуцагч нараас 14,966,622.93 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулж *******ийг хохиролгүй болгож өгнө үү.... гэв.

 

3. Хариуцагч Б.******* 2022 оны 6 сарын 30-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: ... миний бие 2018 оны 8 сард ******* *******ы Хархорин тооцооны төвөөс автомашины зээл авсан. Хуваарийн дагуу хугацаа хэтрүүлэлгүй төлж байгаад Ковидын улмаас 2020 оны 2 сараас төлж чадахгүйд хүрсэн. Ийм байсан боловч 4-5 сарын турш 200.000-250.000 төгрөгийг төлж байсан. Түүнээс хойш огт төлөөгүй. Миний ажил ковидын улмаас зогсонги байдалд орсон. Гэхдээ 2020 оны 2 сараас хойш бодогдсон нэмэлт хүүг төлж чадахгүй, боломжгүй байна. Иймээс нөхцөл байдлыг маань харгалзан үзэж шийдэж өгнө үү ... гэв.

 

4. Хариуцагч Б.******* 2022 оны 6 сарын 30-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: ...миний бие өөрийн төрсөн ах болох Б.*******ын 2018 оны 8 сард ******* *******наас автомашины зээл авсан авсан. Түүнд нь хамтран зээлдэгчээр орсон. Ах маань ковидын улмаас зээлээ төлж чадаагүй хугацаа хэтрэлтэд орсон. Уг зээлийг хариуцахгүй. Тухайн зээлийг дангаараа Б.******* хариуцах тул Б.******* надад холбогдолгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн миний бие шүүх хуралдаанд биечлэн оролцохгүй тул миний эзгүйд шийдэж өгнө үү...гэжээ.

 

5. Нэхэмжлэгч ******* ******* ХХК-иас шүүхэд ирүүлсэн

Нэхэмжлэл /хэргийн 1 дүгээр тал/

Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2-3, 27, 28 дугаар тал/

******* ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 4 дүгээр тал/ Итгэмжлэл /хэргийн 5, 6 дугаар тал/

Зээлийн гэрээ, фидуцийн гэрээ /хэргийн 7-11 дүгээр тал/

Зээлийн дансны харилцагчийн хуулга /хэргийн 12-16 дугаар тал/

Хүү тооцооллын хүснэгт /хэргийн 17-18 дугаар тал/

Б.*******, Б.******* нарын иргэний үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хэргийн 19 дүгээр тал/

******* *******ны мэдэгдэл, баталгаа /хэргийн 20-26 дугаар тал/ зэрэг баримтууд

 

6. Хариуцагч Б.*******, Б.******* нарын шүүхэд ирүүлсэн

 2022.6.30-ны өдрийн Хариу тайлбар /хэргийн 34, 37 дугаар тал/ нотлох баримтуудыг тус тус шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ ...хариуцагч нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, гэрээний үүргээ зөрсөн тул нийт 14 966 622,93 төгрөг нэхэмжилнэ... гэж тайлбарласныг,

 

3. хариуцагч Б.******* ...миний ажил ковидын улмаас зогсонги байдалд орсон. Гэхдээ 2020 оны 2 сараас хойш бодогдсон нэмэлт хүүг төлж чадахгүй, боломжгүй байна... гэж,

 

4. хариуцагч Б.******* ...тухайн зээлийг дангаараа Б.******* хариуцах тул надад холбогдолгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэж тус тус маргажээ.

 

5. Хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтууд, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

6. Хариуцагч Б.*******, Б.******* нар 2018 оны 9 сарын 11-ний өдөр ГДугаар 101100470755 тоот Зээлийн гэрээг нэхэмжлэгч ******* ******* ХХК-тай байгуулан, 14 600 000 төгрөгийг сарын 1.80 хувийн хүүтэй, жилийн 21.60 хувийн хүүтэй, 50 сарын хугацаатай, хэрэглээний зээл зориулалтаар зээлжээ.

 

7. Үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож 2018 оны 9 сарын 11-ний өдөр ГДугаар № 101100470755 эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр хариуцагчийн өмчлөлийн тоёото приус-30 маркийн ******* УНБ дугаарын тээврийн хэрэгслийг нэхэмжлэгчийн өмчлөлд бүртгэлд бүртгүүлсэн байна.

 

8. Зээлдэгч гэрээний үүргийг сарын бүрийн 11-ны өдөр зээлийг ашигласан хоногоор хүү төлөх, зээлийн үндсэн төлбөрийг төлөхөөр зээлийн эргэн төлөлтийн хуваарь гарган тохиролцсон байна.

 

9. Энэ нь зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 235 дугаар зүйлийн 235.1 дэхь хэсэгт заасан зээлийн болон барьцааны гэрээний үүргийн харилцаа үүссэн байх бөгөөд гэрээнүүд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2 дахь хэсэгт заасан хэлбэрийн шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

10. Гэрээ байгуулагдсан, хүчин төгөлдөр эсэх талаар зохигчид маргаагүй.

 

11. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасны дагуу нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч мөнгөн хөрөнгө болох 14 600 000 төгрөгийг хариуцагч буюу зээлдэгчийн эзэмшил ашиглалтад шилжүүлэх, хариуцагч гэрээнд заасан хугацаанд уг мөнгийг тохирсон хүүгийн хамт буцаан төлөх үүрэгтэй.

 

12. Гэрээний дагуу 14 600 000 төгрөгийг нэхэмжлэгч 2018 оны 09 сарын 11-ны өдөр хариуцагчийн эзэмшлийн ******* *******ны 101100470755 дугаарын данс руу шилжүүлэн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн байна. /хэргийн 12 дугаар тал/

 

13. Зохигч талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2022 оны 10 сарын 11-ны өдөр дуусгавар болох хэдий ч хариуцагч мөнгийг хүүгийн хамт гэрээгээр тохирсон хугацаанд хуваарийн дагуу төлөөгүй, 2022 оны 05 сарын 20-ний өдрийн байдлаар үндсэн зээл 11 085 342,86 төгрөг, хүү 3 514 657,14 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 359 581,43 төгрөг нийт 14 958 522,93 төгрөг төлөгдөөгүй хуримтлагдсныг нэхэмжилнэ гэжээ. /хэргийн 12-18 дугаар тал/

 

14. Нэхэмжлэгч хариуцагч нарыг гэрээнд заасан хугацаанд үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлээгүй гэрээний үүргээ зөрчсөн гэж үзэж, зээлийн гэрээний үүргийг хариуцагч нараас шаардсан байна.

 

15. Хариуцагч Б.******* ... нэмэлт хүүг төлж чадахгүй, боломжгүй байна... гэх тайлбар татгалзалтай холбоотой ямар нэг баримтыг гаргаж ирүүлээгүй хуульд заасан үүргээ биелүүлээгүй.

 

16. Мөн хариуцагч Б.******* ...тухайн зээл надад холбогдолгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү.... гэх боловч хамтран зээлдэгчээр зээлийн гэрээ байгуулж үүрэг хүлээсэн гэрээ баримтаар тогтоогдож байх тул түүнийг гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэлгүй.

 

18. Нэхэмжлэгчийн шаардах эрх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэхь хэсэгт заасан үндэслэлтэй тул, хариуцагчаас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд нийт 13 108 291 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэлээ.

 

19. Нэхэмжлэгч хариуцагч нарт гэрээний үүргээ биелүүлэхийг нэмэлт хугацаа тогтоон удаа дараа бичгээр мэдэгдэж байсан хамгийн сүүлд 2021 оны 09 сарын 28-ны өдөр мэдэгдэл хүргүүлж 2021 оны 10 сарын 10-ны дотор үндсэн зээл 5 898 174,28 төгрөг, хүү 1 904 304,89 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 118 643,85 төгрөг нийт 7 921 123,02 төгрөгийг дээрх хугацаанд төлөөгүй тохиолдолд гэрээ цуцлахыг мэдэгдсэн байна. /хэргийн 20-24 дүгээр тал/

 

20. Дээрх баримтаар талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ 2021 оны 10 сарын 10-ны өдөр цуцлагдсан тул гэрээ цуцалснаас хойшхи хугацааны үүргийг хариуцагч нараас нэхэмжлэгч шаардахгүй тул 2021 оны 10 сарын байдлаар үндсэн зээл 11 085 342,86 төгрөг, хүү 1 904 304,89 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 118 643,85 төгрөг нийт 13 108 291 төгрөг гаргуулахаар тогтоов.

 

21. Нэхэмжлэгч фидуцийн гэрээний үүрэг буюу эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний үүргийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болно.

 

22. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 232 742.61, 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 223 491 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар тогтоов.

 

23. 2022 оны 5 сарын 05-ны өдөр нэхэмжлэгчээс О.*******, Ц.******* нарт олгосон итгэмжлэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх үүрэг олгогдсон байна. /хэргийн 6 дугаар тал/

 

24. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т зааснаар хариуцагч Б.*******гийн хүсэлтээр хэргийг түүний эзгүйд, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно. /хэргийн 37 дугаар тал/

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.*******, Б.******* нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 13 108 291 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 858 331 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн хариуцагч Б.*******, Б.******* нарт холбогдуулан гаргасан Улсын ******* УНТ улсын дугаартай, 2007 онд үйлдвэрлэгдсэн ******* маркийн автомашин хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 232 742.61, 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 223 491 гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоов.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ш.ОЮУНТУУЛ