Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2022/02550

 

 

 

 

2022 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2022/02550

Улаанбаатар хот

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

нэхэмжлэгч:  ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

хариуцагч:  холбогдох

 

орон сууц ашиглалтын төлбөр 4 992 543 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийг төлөөлж Б.*******

хариуцагч Д.******* нар оролцож

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Х.Хонгорзул хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК хариуцагч Б.Д.*******д холбогдуулан орон сууц ашиглалтын зардал 4 992 543 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ...манай байгууллага 2003 онд үүсгэн байгуулагдсан. Одоо 19 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд 3345 өрх, 115 аж ахуй нэгжид үйлчилгээ үзүүлдэг. Үүнээс гадна ус хангамж, ариутгал татуургын тусгай зөвшөөрөл болон эрчим хүчний дулаанаар хангах, түгээх тусгай зөвшөөрлийг эзэмшдэг. 2013 онд айл өрх болон эрх бүхий байгууллагаас хүсэлт тавьсны дагуу хамтарч түр гэрээ байгуулсан боловч шүүхээр маргалдсан. Хэдий маргаантай байгаа ч бид өөрсдийн хариуцдаг ус дулаан дамжуулах төвөөс иргэдийг хангаж байгаа тул тусгай зөвшөөрлийг хариуцахаас өөр аргагүйд хүрсэн. Тус тусгай зөвшөөрлийн үйлчлэх хүрээнд ******* дүгээр байр байдаг. Хариуцагч талаас 1,000,000 төгрөгийг төлнө эвлэрье гэх санал тавьсан. ХХК гэхээр хувийн байгууллага гэж ойлгоод байх шиг байна. Ийм байдлаар эвлэрэх боломжгүй. Учир нь бид гэрээний үндсэн дээр Засгийн газрын 2 агентлагын хяналтан доор үйл ажиллагаа явуулж, тусгай зөвшөөрөл эзэмшдэг буюу төрийн үйлчилгээг ард иргэдэд түгээдэг. Засгийн газрын агентлагын тогтоолоор баталсан үнэ тарифийг мөрддөг. Үүний хүрээнд хариуцагчаас төлбөр нэхэмжилсэн. Хариуцагч өмнө төлбөрөө төлөөгүй бөгөөд түүнийг шүүхэд өгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад өгсний дагуу төлбөрийг барагдуулсан. 5 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэл өгөхөд 5 дугаар сарын 11-ний өдөр 3 удаа 60,000 төгрөгийг, 27-ны өдөр 60,000 төгрөгийг 1 удаа өгсөн. Үүгээр хариуцагчийн орон сууцын төлбөрөө төлөх ёстой гэдгээ ухамсарласан гэдгийг батлах боломжтой. Манай зүгээс жил бүр зуны саруудад урсгал засвар буюу 200,000,000 төгрөгөөс 300,000,000 төгрөгийн засвар хийдэг. Энэ засварыг хийхийн тулд хөрөнгө хэрэгтэйгээс гадна бид 33 ажилтандаа цалинг нь өгөх болон бусад газруудад өгөх ёстой өглөг байдаг. Хариуцагчаас байрны мөнгө нэхэхээр шүүхээр яваад аваарай гэж хариулдаг. Үүний дагуу шүүхэд хандсан. Үнэхээр хандхаас өөр арга байгаагүй. Бид ******* дүгээр байрны гадна шугамыг бүхэлд нь сольсон бөгөөд үүнийг батлах гэрэл зураг зэрэг бий. Бидний зүгээс үүргээ тасралтгүй биелүүлж байгаа. Иймд хариуцагч Иргэний хуулийн дагуу төлбөрөө төлөх ёстой. Бидний зүгээс алданги нэхэмжлээгүй. Хэрэв нэхэмжилсэн бол 2,000,000 гаруй төгрөг болох байсан. Хариуцагчийн зүгээс зусландаа байсан гэж маргадаг. Тийм байсан ч суурь хураамжыг төлөх ёстой. Бид тоолуурын заалтыг үндэслэж нэхэмжлэлийн үнийн дүнгээ нэхэмжилж байгаа. Иймд цэвэр бохир ус, халаалтын төлбөр болон ус халаасны төлбөр, усны суурь хураамж, дулааны суурь хураамжийг шаардаж байна. Цэвэр бохир ус, ус халаасны төлбөрийг тоолуурын заалтаар шаардаж байгаа. Иймд 2017 оны 01 дүгээр сараас 2022 оны 4 дүгээр сарыг хүртэлх төлбөр болох 4,466,320 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. 13 сарын турш улс хөнгөлсөн төлбөрийг шаардаагүй... гэв.

 

3. Хариуцагч хариу тайлбартаа: ...өмнөх шүүх хуралын шийдвэрээр гарсан 2017 оны 3 дугаар сарыг хүртэлх надаас авсан мөнгөө давхардуулж авах гээд байна. Үүнээс гадна надтай гэрээ хийгээгүй, тоолуурын дүн гэж өгөөгүй. Өмнө нэхэмжлэлээ утасны дугаараар явуулж байгаагүй. Өмнөх шүүхийн шийдвэрийг Давж заалдах гэсэн боловч нэгэнт хэргэлсэн юм чинь гээд иргэний үүргээ биелүүлж төлсөн. 2015 оны 8 дугаар сард 831,000 төгргийг шаардсан атлаа 6 дугаар сард нь 27,000 төгрөгийг нэхсэн. Би ганцаараа амьдардаг бөгөөд төлбөр 20,000 төгрөг л гарна. Би зөвхөн хэрэглэсэн зүйлийнхээ тооцоог л төлнө. Б.******* анх оршин суугчидтай уулзахад би өөрийн биеээр уулзаж байсан. 2 Хятадын дунд Монголчууд ороод төлбөрөө төлсөн хүмүүс хохирч төлбөрөө төлөөгүй хүмүүс ингэж ашиглаад байна. Би 100 хувь орон сууцын төлбөрөө төлж гэрчилгээ авсан. н.******* 6,000 ам.доллар төлсөн атлаа ээж, дүү, н.*******, 2 ах зэрэг 10 гаруй айл орон сууцын төлбөр төлж, гэрээ хийгээгүй. Харин гэрээ хийсэн буюу 100 хувь төлбөрөө төлсөн бид тэдний төлбөрийг хийж байсан байна лээ. Миний хувьд нэхэмжлэгч байгууллагын 5 жилийн төлбөрийг төлсөн гэж үзэж байгаа. Учир нь гэрээ, байрны гэрчилгээ байхгүй луйвардаж орж ирж суусан ах дүү, хамаатан садангаа орон сууцад суулгасан байсан. Тэдний тоолуурын заалтыг байрны мөнгийг төлсөн бидэн дээр бичдэг байсан байна лээ. Тэгэхээр ямар ч хүний дургүй хүрнэ. Тэдгээр луйварчид одоог хүртэл тус орон сууцад амьдарч байгаа. Тэгэхэд би 100 хувийг төлсөн атлаа тус орон сууцыг луйвардсан 31 гэрээтэй айлын төлөө 6 жил шүүх, цагдаагийн байгууллагаар явж байна. Нэхэмжлэгч байгууллагад би мөнгө зээлж байсан бөгөөд шүүхийн шийдвэр байгаа. Яагаад ингэж намайг хохироож байна вэ? Ийм учраас би төлбөрийг төлөхгүй. Би Б.*******д энэ байдлыг тайлбарлаж байсан. Би ч өөрөө инженер хүн бөгөөд 20 жил орон сууцад амьдарсан. Төлбөрөө төлж байсан. Би мөнгийг компани төлнө гэж үзэж байгаа. Учир нь би 6 жилийн турш хуулийн хүчин төгөлдөр гэрээ байгуулсан оршин суугчдын төлөө шүүх, цагдаагийн байгууллага, хүний эрхийн байгууллага зэргээр явж байсан. Одоо би 70 нас хүрэх гэж байна. Би луйварчин байсан бол надад оршин суугчид итгэж итгэмжлэл өгөхгүй. 31 орон сууцыг иргэдэд мэдэгдэлгүйгээр хураасан байсан. Компани надад та олон жил иргэдийн болон манай байгууллагын төлөө явсан учраас маргаан дуустал урсгал зардал, ажлын хөлсийг гомдоохгүй төлнө гэж хэлсэн. Энэ хэрэг одоог хүртэл шийдэгдээгүй бөгөөд Б.*******д компаниас нэхэмжил гэж хэлсэн. Байр хураагдах болсон гэдгийг Дээд шүүхээр явах хүртэл нь мэдээгүй. Үүнийг надад борлуулалтын менежер нь хэлэхгүй бол болохгүй нь гээд хэлсэн. Ингээд би 30 гаруй гэрээгээ авч очиж, Дээд шүүх рүү очиж, Дээд шүүх залруулга хийсэн. 800,000 төгрөг гарсан нь үндэслэлгүй. Хүн 100 удаа нойл орж, ус татлаа ч ийм хэмжээний мөнгө гарахгүй шүү дээ. Нэхэмжлэгч байгууллагыг ингэж хэтрүүлж авдаг тул өгөхгүй гэж хүсэж байна. Надад лагертаа ургуулсан ургамлын бичлэг, зурагтай СД байгаа. Гэрч дуудахгүйгээр үүгээр зусландаа байдаг гэдгээ нотлох гэсэн юм. Би 2007 онд тэтгэвэрт гарсан бөгөөд 2008 онд тус орон сууцыг худалдаж авсан. Нэг байранд орж, тус байгууллагыг дэмжиж байсны төлөө ингэж хохирмооргүй байна. Гэтэл орон сууцад огт хөрөнгө оруулаагүй Хятад байгууллага хөрөнгө оруулсан байгууллагаа луйвардах гэж байсан нь биднийг хохироосон. Иймд тус компани төлбөрийг төлөх ёстой. Нэхэмжлэгч байгууллага ус, дулаан үйлдвэрлэдэг байгууллага биш. Хүний мөнгийг төлж байгуулсан зүйлд гоожуур тавьсныхаа төлөө хүнийг дарамталж мөнгө нэхдэг байгууллага. Яагаад гэртээ байхгүй надаас ийм их мөнгө нэхэмжлээд байна вэ? Иймд би нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй... гэв.

 

4. Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн

Нэхэмжлэл /хэргийн 1 дүгээр тал/

Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2 дугаар тал/

************** ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 3 дугаар тал/

Итгэмжлэл /хэргийн 4 дүгээр тал/

Төлбөрийн тооцоолол /хэргийн 5-6,19-20 дугаар тал/

Тайлбар /хэргийн 17 дугаар тал/

Харилцагчийн гүйлгээ /хэргийн 18 дугаар тал/

Үйлчилгээний үнийн тариф /хэргийн 21 дүгээр тал/

Тариф батлах тухай тогтоол /хэргийн 22 дугаар тал/

УБ хотын хэрэглэгчдэд борлуулах дулааны тариф /хэргийн 23 дугаар тал/

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн албан бичиг /хэргийн 24 дүгээр тал/

УБ хотын цэвэр бохир усны үйлчилгээний тариф батлах тухай тогтоол, хавсралт /хэргийн 25-28 дугаар тал/

УБ хотын усны үйлчилгээний суурь хураамж батлах тухай, хавсралт /хэргийн 36-48, 52-58 дугаар тал/

Цэвэр, бохир усны үйлчилгээний тариф батлах тухай /хэргийн 49-51 дүгээр тал/

Төрийн банкны гүйлгээний баримт /хэргийн 59-60 дугаар тал/

Эрчим хүчний зохицуулах хорооны албан бичиг /хэргийн 1 дүгээр тал/

Тариф батлах тухай тогтоол, хавсралт /хэргийн 62-67 дугаар тал/

УБ хотын хэрэглэгчдэд борлуулах дулааны тариф /хэргийн

Д.*******гийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 69 дүгээр тал/

******* ******* ХХК-ийн дансны хуулга /хэргийн 70-71 дүгээр тал/

Төрийн банкны нэхэмжлэх /хэргийн 76-80 дугаар тал/

Тус шүүхийн 2017.11.01-ний өдрийн шийдвэр /хэргийн 81-82 дугар тал/ нотлох баримтууд

 

5. Хариуцагчийн шүүхэд ирүүлсэн

Хариу тайлбар /хэргийн 11-12 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ ...******* байрны ******* тоотыг эзэмшигч иргэн н.******* нь орон сууц ашиглалтын төлбөр цэвэр бохир ус, халаалтын төлбөр болон ус халаасны төлбөр, усны суурь хураамж, дулааны суурь хураамжийг 2017 оны 01 дүгээр сараас 2022 оны 4 дүгээр сарыг хүртэл төлөөгүй 4,466,320 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү... гэж тайлбарласныг,

3. хариуцагч эс зөвшөөрч ... 2017 оны 3 дугаар сарыг хүртэлх надаас авсан мөнгөө давхардуулж авах гээд байна. Үүнээс гадна надтай гэрээ хийгээгүй, тоолуурын дүн гэж өгөөгүй. Өмнө нэхэмжлэлээ утасны дугаараар явуулж байгаагүй. Би зөвхөн хэрэглэсэн зүйлийнхээ тооцоог л төлнө. Яагаад гэртээ байхгүй надаас ийм их мөнгө нэхэмжлээд байна вэ? Иймд би нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй... гэж маргаж байна.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5. Баянгол дүүрэг, 6 хороо, ******* байр, ******* тоот орон сууц үл хөдлөх хөрөнгийг өмчлөгч хариуцагч Д.******* болох нь өмчлөх эрхийн гэрчилгээ баримтаар, тухайн орон сууцны барилгын ашиглалт, засвар үйлчилгээ хэрэглээний ус дулаанаар хангах үйлчилгээг хариуцан ажилладаг болох нь хариуцагчийн тайлбар, гэрчилгээ баримтаар тогтоогдож байна. /хэргийн 3, 69 дүгээр тал/

 

6. Дээрх үйл баримтын талаар маргаагүй.

 

7. Нэхэмжлэгч хариуцагчаас 2017 оны 01 сараас 2022 оны 3 сар дуусталх хугацааны хэрэглээний ус дулааны төлбөрт нийт 4 466 324 төгрөг нэхэмжилсэн бөгөөд эрх бүхий хуулийн этгээдийн тогтоосон үнэ тарифийн дагуу хэрэглээний ус дулааны төлбөрийг тооцсон нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 36-58, 59-60, 62-67, 76-80 дугаар тал/

 

8. Хариуцагч ...надтай гэрээ хийгээгүй, тоолуурын дүн гэж өгөөгүй, гэртээ байхгүй байхад ийм их мөнгө нэхэмжлээд байгаа нь ойлгомжгүй, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй... гэж маргаж байгаа боловч өөрийн тайлбар татгалзлаа нотлоогүй хариуцагчийн татгалзал үндэслэлгүй гэж үзнэ.

 

9. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар орон сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, цэвэр бохир ус, ариутгал ... зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад ...төлөх үүрэгтэй.

 

10. Хариуцагч ус дулаанаар хангагдаж байсан тухайд маргаагүй ба дээрх хуульд заасан үүргээс чөлөөлөгдөх ямар нэг хууль зүйн үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

11. Иймд нэхэмжлэгчийн шаардах эрх үндэслэлтэй тул Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар хариуцагч Д.*******гоос өөрийнх нь өмчлөлийн орон сууцны хэрэглээний ус дулааны төлбөрт нийт 2 587 815 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 371 291 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох хуулийн үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэлээ.

 

12. Мөнгөн төлбөрийн үүргийг дараах байдлаар тооцов.

 

13. Нэхэмжлэгч 2017 оны 01 сараас 2022 оны 04 сар хүртэл хугацааны төлбөрт 4 466 324 төгрөг нэхэмжилсэн.

 

14. 2017 оны 11 сарын 01-ний өдрийн дугаар 102/ШШ2021/02913 Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр хариуцагч Д.*******гоос 2017 оны 03 сарыг дуусталх хугацааны хэрэглээний ус дулааны төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн байхад нэхэмжлэгч 2017 оны 1-3 сар дуусталх хугацааны төлбөрийг давхардуулан нэхэмжилсэн байх тул энэ хугацааны төлбөр 277 0******* төгрөгийг шаардах эрхгүй тул 277 0******* төгрөгийг, /хэргийн 81-82 дугаар тал/

 

15. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-т зааснаар тогтмол хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдсон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж хуульд заасан.

 

16. Нэхэмжлэгч хариуцагчийн 2017 оны 04 сараас 12 сар хүртэлх хугацааны төлбөртэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2021 оны 01 сарын 31-ны өдөр, 2018 оны 01 сараас 12 сар хүртэлх хугацааны төлбөртэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2022 оны 01 сарын 31-ний өдөр тус тус дуусгавар болсон бөгөөд тухайн хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан талаар ямар нэг тайлбар баримт гаргаагүй тул энэ хугацааны төлбөрийг шаардах эрхгүй гэж үзнэ.

 

17. Иймд 2017 оны 04 сараас 12 сар хүрэлт хугацааны төлбөр 642 240 төгрөг, 2018 оны 1 сараас 12 сар хүртэлх хугацааны төлбөр 992 6******* төгрөгийг,

 

18. 2022 оны 05 сарын 11, 6 сарын 27-ны өдөр хариуцагч ус дулааны төлбөрт нийт 492 800 төгрөг төлсөн нь түүний Хаан банкны дансны хуулга баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 492 800 төгрөгийг тус тус хасах үндэслэлтэй гэж тогоосныг тайлбарлах нь зүйтэй.

 

19. Тодруулбал:

2017.01-2017.03 сар хүртэл хугацааны төлбөр 277 0*******

2017.04-12 сар хүртэлх хугацааны 642 240 төгрөг

2018.01-12 сар хүртэлх хугацааны төлбөр 992 6*******

2022.05.11-ны өдөр банкны дансны хуулга баримтаар төлөгдсөн 492 800 төгрөг нийт 2 404 728 төгрөг нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцсон.

 

2019.01-12 сарын төлбөр 1 067 476 төгрөг

2020.01-11 сарын төлбөр 933 530 төгрөг

2021.11-12 сарын төлбөр 51 992 төгрөг

2022.01-4 сарын төлбөр 534 817 төгрөг нийт 2 587 815 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн болно.

 

20. Нэхэмжлэгч 2017 оны 01 сараас 2022 оны 04 сар хүртэлх хугацааны төлбөрт нийт 4 466 324 төгрөг гэж нэхэмжилсэн боловч хэрэгт авагдсан баримтаар энэ хугацааны төлбөр 4 992 543 төгрөг болж байгаа бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг энэ хэмжээгээр тооцож, зөрүү 526 219 төгрөгт холбогдох улсын тэмдэгтийн хураамж 8 419 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй.

 

21. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 86 411 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, дутуу төлсөн 8 419 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулан, хариуцагчаас 56 355 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоов.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3, 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар хариуцагч Д.*******гоос хэрэглээний ус дулааны төлбөрт нийт 2 587 815 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ************** ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 2 404 728 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 81 411 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 56 355 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ш.ОЮУНТУУЛ