Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2022/02547

 

 

 

 

2022 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2022/02547

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

нэхэмжлэгч:  нэхэмжлэлтэй,

 

хариуцагч:  холбогдох,

 

2021 оны 10 сарын 15-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.*******

хариуцагч Т.******* нар оролцож,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Дүүриймаа хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ж.******* хариуцагч Т.*******д холбогдуулан 2021 оны 10 сарын 15-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... Нэхэмжлэгч болон хариуцагч нар өмнө нь зээлийн гэрээний харилцаатай байсан юм билээ. ******* *******д 100 гаруй сая төгрөгийг зээлийн гэрээгүйгээр хүү, алданги гээд өгчихсөн байдаг. 2021 оны 10 сарын 15-ны өдөр ******* болон ******* нарын хооронд 30,000,000 төгрөг зээлэх 5 хувийн хүүтэй, сар бүрийн 30-ны өдөр 6,000,000 төгрөг төлөхөөр зээлийн гэрээ байгуулсан. Гэвч ******* нь тухайн жил, сар, өдөр энэ 30,000,000 төгрөгийг огт шилжүүлж өгөөгүй. Зээлийн гэрээ нь мөнгө шилжүүлснээр хүчин төгөлдөр болдог учраас мөнгө шилжүүлээгүй учир энэхүү гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү... гэв.

 

3. Хариуцагч хариу тайлбартаа: ... энэ зээлийн гэрээ 2021 оны 10 сарын 15-ны өдөр байгуулагдсан. Үүнээс өмнө ******* манай гэрээс 10 сарын 01-ний өдөр бэлнээр авсан. Бэлнээр авсан нь дансны хуулгаар нотлогдоно. Хэрвээ би энэ хүнд мөнгө зээлээгүй байсан бол буцааж над руу мөнгө хийхгүй байх байсан. Энэ гэрээнээс хойш дахиад 21,22 сая төгрөгийн зээлийн гэрээ байгаа. Тэрийг би харъяа дүүргийн шүүхэд нь нэхэмжлэл гаргасан... гэв.

 

4.Нэхэмжлэгчийн ирүүлсэн

Нэхэмжлэл /хэргийн 1 дүгээр тал/

Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2 дугаар тал/

Ж.*******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 3 дугаар тал/

Сонгинохайрхан дүүргийн 19 хорооны тодорхойлолт /хэргийн 4 дүгээр тал/

Зээлийн гэрээ /хэргийн 5 дугаар тал/

Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хэргийн 32 дугаар тал/

Итгэмжлэл /хэргийн 42 дугаар тал/нотлох баримтууд

 

5. Хариуцагчийн ирүүлсэн

Итгэмжлэл /хэргийн 11 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...хариуцагч зээлийн гэрээний дагуу мөнгийг шилжүүлж өгөөгүй дүр үзүүлэн хийсэн тул гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү... гэж тайлбарласныг,

 

3. хариуцагч эс зөвшөөрч ...мөнгийг гэрээс 10 сарын 01-ний өдөр бэлнээр авсан... гэж тайлбарлав.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5. Нэхэмжлэгч буюу зээлдэгч Ж.******* 30 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй 2021 оны 10 сарын 15-ны өдөр хариуцагч буюу зээлдүүлэгч Т.*******ос зээлэх, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлөхөөр тус тус тохирч, зээлийн гэрээ бичгээр байгуулсан болох нь зээлийн гэрээ баримт, зохигч талуудын тайлбараар тогтоогдож байна. /хэргийн 5 дугаар тал/

 

6. Нэхэмжлэгч дээрх гэрээнд заасан мөнгийг хариуцагч шилжүүлээгүй тул дүр үзүүлэн хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

7. Хариуцагч мөнгийг нэхэмжлэгчид бэлнээр хүлээлгэн өгсөн буюу гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлснээ нотлоогүй болно.

 

8. Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 296.1, 196.1.1, 282 дугаар зүйлийн 282.4-т мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлснээр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэсэн хуулийн зохицуулалттай.

 

9. Талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар зээлдүүлэгч буюу хариуцагч мөнгө шилжүүлэх үүргээ биелүүлснээ нотлоогүй тул талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй, гэрээ байгуулагдаагүй гэж үзнэ.

 

10. Нэгэнт талуудын хооронд гэрээ байгуулагдаагүй тул байгуулагдаагүй гэрээг дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох хуулийн үндэслэлгүй. Мөн дүр үзүүлэн хийсэн хэлцэл нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тул хийгддэг тул ...зээлийн гэрээний дагуу зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлээгүй... үйлдлийг зээлийн гэрээг дүр үзүүлэн хийсэн гэж үзэх үндэслэл болохгүй.

 

11. Иймд Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1, 196.1.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.2-т зааснаар хариуцагч Т.*******д холбогдуулан гаргасан нэхэмжлэгч Ж.*******ийн 2021 оны 10 сарын 15-ны өдрийн Зээлийн гэрээг дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох хуулийн үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

 

12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 63 дугаар зүйлийн 63.1.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 237 750 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулахаар тогтоов.

 

13. Хэргийн 15-18 дугаар талд авагдсан хаан банкны дансны хуулга баримт нотлох баримтын шаардлага хангаагүй тул нотлох баримтаас хассан болно.

 

14. Хариуцагчийн төлөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулсан ба энэ хугацаанд өмгөөлөгч аваагүй итгэмжлэгдсэн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, хариуцагч өөрөө шүүх хуралдаанд ирсэн бөгөөд түүний хариуцагчийн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтийг хангах үндэслэлгүй тул хариуцагчийг оролцуулан хэргийг хянан шийдвэрлэснийг тайлбарлах нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 196 дугаар зүйлийн 196.1.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар хариуцагч Т.*******д холбогдуулан гаргасан 2021 оны 10 сарын 15-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэгч Ж.*******ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 63 дугаар зүйлийн 63.1.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэдгэтийн хураамжид дутуу төлсөн 237 750 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-т зааснаар хэргийн 15-18 дугаар талд авагдсан Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга баримтыг нотлох баримтаас хассаныг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ш.ОЮУНТУУЛ